| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00098/И |
| Дугаар | 302/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00179
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **********-т оршин суудаг, утас *********, К.Ж,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **************-д оршин суух хаягтай, Еыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.
(Хүсэлт гаргагч К.Жт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд, тэрээр Улаанбаатар хотод ажлаар явах болсон тул тус шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К.Ж иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Еыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч О.Еаас зээлээр худалдаж авсан барааны үнэ 2,437,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Гэтэл тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 130/ШЗ2025/00043 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч О.Е байхгүй, түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.2.Хариуцагч О.Е нь надаас буюу миний Мянган барааны дэлгүүр-ээс 2,437,000 төгрөгийн барааг зээлээр авч мөнгийг төлж өгөхгүй байгаа ба амьдарч байгаа хаягт байхгүй байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Еыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагч Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШЗ2022/00043 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/160 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгосон №***** дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа тус тус хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Е.Жийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Еыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч К.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч О.Ед холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 130/ШЗ2025/00043 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч О.Е байхгүй, түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд холбогдох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Еыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч К.Ж нь хариуцагч О.Ед холбогдуулан Зээлээр худалдаж авсан барааны үнэ 2,437,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь, мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Е нь оршин суудаг хаягт амьдардаггүй, байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2025/00043 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.
6.2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Е **************-д оршин суух хаягтай болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгосон №***** дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байна.
6.3.Гэхдээ иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Е нь оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй боловч одоогоор тухайн хаягт байхгүй, амьдардаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2025/00043 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч К.Жийн хүсэлтийг хангаж, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Е (РД:*******)-ыг эрэн сурвалжлан, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг явуулахыг мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-ийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-ийг тус тус баримтлан хүсэлт гаргагч К.Жийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **************-д оршин суух хаягтай, Е (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **************-д оршин суух хаягтай, Е (РД:*******)-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч К.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК