Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00225

 


 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суудаг, утас ********, Б.О,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Х (эрхлэгч Х.А, утас 95727333),

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О хариуцагч Б аймгийн Б сумын Хт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Б.О нь Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн хоол зүйчийн орон тоонд мөн өдрөөс эхлэн томилогдон, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл тус цэцэрлэгчийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай тушаалаар Б.Оыг хоол зүйчийн ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь, ажил олгогчоос Б.Од ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдээгүй, Б.О нь тус цэцэрлэгт хоол зүйчээр ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл, Б.О нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан юм.

1.2.Энэхүү цэцэрлэгийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны биш гэж үзэж, тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Б.О Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хооронд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Тус гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Уг гурван талт хорооны тэмдэглэлийг Б.О нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гардан аваад хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Оыг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгч Х.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Тус цэцэрлэгийн хоол зүйчийн орон тоо нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн бий болсон. Тухайн үед Б аймгийн Б суманд хоол зүйчийн мэргэжлээр төгссөн иргэн байхгүй учраас иргэн Б.Оаас ирүүлсэн өргөдлийг харгалзан түүнийг уг албан тушаалд томилж, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.О нь уг албан тушаалд авахдаа түүний англи хэлний мэргэжил эзэмшсэн, бакалаврын диплом, Олон улсын магадлан итгэмжлэгдсэн Идэр их сургуулийн хоол зүйч шим судлал (072102)-ын 4 дүгээр дамжаанд суралцаж байгаа байдал, маш хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа нөхцөл байдлуудыг харгалзсан юм. Б.О нь хоол зүйчийн мэргэжлийг 3 жил гаруй эзэмшсэн учраас цэцэрлэгийн хоол зүйчийн ажлын шаардлагын хэмжээнд гүйцэтгэж байсан.

2.2.Гэтэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн албан шаардлагад дурдсан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа ажилтан Б.Оыг ажлаас чөлөөлөхийг надад үүрэг болгосон юм. Ингээд цэцэрлэгийн эрхлэгч Х.А би *********-ны өдөр Б.Оыг тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажлаас чөлөөлж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн жижүүрийн ажилд томилсон юм.

Иймд нэхэмжлэгч Б.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай Б.Оыг хоол зүйчээр томилох тухай тушаал, Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б.Оы 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Монгол Улсын Боловсролын их сургуулийн гадаад хэлний сургуулийн ******* дугаартай Бакалаврын диплом, Монгол Улсын Боловсролын их сургуулийн гадаад хэлний сургуулийн ******* дугаартай бакалаврын дипломын хавсралт, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Идэр их сургуулийн сургалтын албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24/102 дугаартай Тодорхойлолт, мөн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн үйлчилгээний нэгсэн системээр дамжуулан олгосон Боловсролын яамны Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/989 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамж, аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/989 дугаартай захирамжийн хавсралт Б сумын Хийн бүтэц, орон тоо зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Б.О дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.О нь Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн тушаалаар тус цэцэрлэгийн хоол зүйчийн орон тоонд томилогдон, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай тушаалаар Б.Оыг хоол зүйчийн ажлаас гэнэт чөлөөлсөн. Ажил олгогчоос Б.Од ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдээгүй, Б.О нь тус цэцэрлэгт хоол зүйчээр ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл, Б.О нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан юм. Иймд хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Оыг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

7.Хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус цэцэрлэгийн хоол зүйчийн орон тоо нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн бий болсон. Тухайн үед Б аймгийн Б суманд хоол зүйчийн мэргэжлээр төгссөн иргэн байхгүй учраас иргэн Б.Оаас ирүүлсэн өргөдлийг харгалзан түүнийг уг албан тушаалд томилж, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн албан шаардлагад дурдсан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа ажилтан Б.Оыг ажлаас чөлөөлөхийг надад үүрэг болгосон юм. Ингээд Б.Оыг тус цэцэрлэгийн хоол зүйчийн ажлаас чөлөөлж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн жижүүрийн ажилд томилсон юм. Иймд нэхэмжлэгч Б.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/989 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамжаар Б сумын Хийн бүтэц, орон тоог 36 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн хавсралтаар баталсан ба батлагдсан бүтэц, орон тоог баримтлан төсөвт багтаан үйл ажиллагаа явуулахыг цэцэрлэгчийн эрхлэгч (Х.Ад)-д үүрэг болгосон байна.

Энэхүү аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/989 дугаартай захирамжийн хавсралт Б сумын Хийн бүтэц, орон тоо-ны албан тушаалын жагсаалтын 8-д хоол зүйчийн орон тоо 1 батлагдсан байна.

8.2.Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай Б.Оыг хоол зүйчээр томилох тухай тушаалаар тус цэцэрлэгийн хоол зүйчийн орон тоонд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Болатханы Оыг авч ажиллуулсан ба мөн өдөр ажил олгогчтой хугацаагүй №34 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

8.3.Нэхэмжлэгч Б.О нь англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгссөн нь 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Гадаад хэлний сургуулийн ******* дугаартай Бакалаврын диплом болон энэхүү ******* дугаартай бакалаврын дипломын хавсралтаар нотлогдож байна.

8.4.Мөн нэхэмжлэгч Б.О Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Идэр их сургуулийн хоол зүй, шим судлалын ангийн 4-р дамжаанд суралцаж байгаа нь тус сургуулийн сургалтын албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24/102 дугаартай Тодорхойлолт-оор, мөн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Боловсролын яамны Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт-оор тус тус тогтоогдож байна.

8.5.Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэн хоол зүйч Болатхан овогтой Оыг *********-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

8.6.Нэхэмжлэгч Б.О ажлаас чөлөөлсөн Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэлд:... Гишүүдийн олонхын саналаар Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б сумын Хийн хоол зүйчээр эргүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.

8.7.Энэхүү Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлийг нэхэмжлэгч Б.О 2024 оны 01 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

9.Хариуцагч Б сумын Хийн эрхлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагыг үндэслэн Б.Оыг хоол зүйчийн мэргэжилгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Харин хариуцагч Б сумын Хийн эрхлэгч Боловсролын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн Б.Оыг ажлаас чөлөөлсөн *********-ны өдрийн *** дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.О Б сумын Хийн хоол зүйчээр ажиллах хугацаанд ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон нотолсон нотлох баримт байхгүй байна.

Мөн хариуцагч Б сумын Хийн эрхлэгч мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа нэхэмжлэгч Б.Од олгосон эсэхийг нотлох баримт байхгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.О хоол зүйчийн мэргэжил эзэмших зорилгоор 2024-2025 оны хичээлийн жилд Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Идэр их сургуулийн хоол зүй, шим судлалын ангийн 4-р дамжаанд суралцаж байгаа нь тус сургуулийн сургалтын албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24/102 дугаартай Тодорхойлолт-оор нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан байна.

Хариуцагч Б сумын Хийн эрхлэгч нэхэмжлэгч Б.Од Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухайгаа 30-аас доошгүй өмнө мэдэгдээгүй хууль зөрчсөн байна.

11.Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Оыг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг үндэслэн хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оыг урьд эрхэлж байсан Б сумын Хийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын Хээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын Хийн эрхлэгчийн *********-ны өдрийн *** дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оыг урьд эрхэлж байсан Б сумын Хийн хоол зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын Хээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК