Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/00234

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********т оршин суудаг, утас:********, Д.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ************-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Н газар (дарга М.А)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н (цахимаар)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.А анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдал, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан тодорхойлон Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гарагч Д.А нь Ц сумын 2 дугаар баг Хөх хөтөлийн Ямаат гэдэг газар 1968 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Дандугийн 2 дахь хүүхэд болж төрсөн. Одоо 57 настай, бага боловсролтой, малчин айлд төрж өсөж 15 насандаа Бугыбайн Серикгүлтэй гэр бүл болж 1983 оны 01 дүгээр сараас эхлэн Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар орж, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цэрэгт татагдах хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсаны дараа Ц сумын Х нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Хувьчлалын дараагаар үргэлжлүүлээд мал маллаж одоо хүртэл амьдарч байгаа.

1.2.Хүсэлт гаргагч Х.Аийн малчин байсан үеийн буюу Ц сумын Х нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь байхгүй, архиваас олдоогүй тул нийгэм даатгалын байгууллага шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн. Урьд нь Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шалгах салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор малчнаар ажиллах хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Аийн Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1.Нийгмийн даатгалын газраас 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ааас хүсэлтийг хэлэлцэж, 06 дугаартай маргаан шийдвэрлэх тогтоолоор Д.Аийг мал маллаж, малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэжээ. Д.А нь 1968 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд 1983 онд 15 настай байсан тул хөдөлмөрийн насанд хүрээгүй гэж үзсэн байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтээс үзэхэд 1983 оны 5 дугаар сард 67 төгрөгийн, 6 дугаар сард 490 төгрөгийн цалинтай ажилласан, 1985 онд 1-7 дугаар сар хүртэл ажилласан, 1987 онд 6, 10, 11, 12 дугаар саруудад ажилласан, 1988 онд 1-7 дугаар сар хүртэл ажилласан тэмдэглэлтэй байжээ. Журамд зааснаар тухайн жилд 250 хоног хүрэхгүй хугацаанд ажилласан тохиолдолд бүтэн 1 жил ажилласан гэж тооцохгүй гэж заасан байдаг. Мөн Алтай хөгжил нэгдэл нь 1991 оны сүүлээр татан буугдсан бөгөөд 1992 онд хүсэлт гаргагч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул уг хугацаанд ажилласан гэж тооцох үндэслэлгүй. Түүнчлэн 1996 онд төрсөн Аийн Сулушаш хүүхдийн ХААТР маягтын эцгийн мэдээлэл хэсэгт "ажилладаг байгууллага байхгүй" гэж бичигдсэн нь мөн малчнаар ажиллаж байсан гэдгийг нотлох баримтгүй тул хүсэлт гаргагчийг малчин байсан гэж үзэх боломжгүй гэв.

3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай Хадлан, тариалангийн талбай бэлчээр хамгаалах цагдаа нарыг батлах тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Мэнд сүрэгтний 12 таван хошууны төлөө уралдааны болзлыг дүгнэх тухай хурлын тэмдэглэл, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, Ц сумын Х нэгдлийн 1986 оны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөний биелэлт, 1987 оны зорилтын тухай нэгдлийн дарга Ж.Болтайн илтгэл, Д.Аийн 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр 1980 он, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол хавсралтын хамт, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээлгэсэн НДД№А0984808 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, №0206001043 дугаартай Баталгаажилтын хуудас, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын мал тооллогын Адансны 1999 оны, 2000 оны баримтууд, Х нэгдлийн Хар ямаат хэсгийн 1984 оны, 1985 оны ажилчдын нэрс, Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны баримтаас 1984, 1985 оны ажилласан жилийн хөлсний баримт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 он 02 дугаар сарын 09-ний өдрийн 08/545 дугаартай лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шалгах салбар зөвлөлд өргөдөл гаргах тухай, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай тогтоол, Б аймгийн Ц сумын 11-р Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Ц сумын 11-р багийн иргэн Ш.Асхарын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 77-ны өдрийн 60 дугаартай Архивын лавлагаа-г шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №12/214 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Д.А болон түүний эхнэр хүүхдийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан болно.

Мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Архивын лавлагаа хэрэгт авагдсан болно.

Мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 244 дугаартай албан бичгийн дагуу хүргүүлсэн Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

Мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 38, 1985 оны 38, 1986 оны 51, 64, 70 тоот тогтоолууд болон 1983-1986 онуудын цалин хөлсний баримтууд, 1986 оны Тэргүүлэгчдийн хурлын протокол болон Ц сумын 2 дугаар багийн мал тооллогын А дансны 2000-2003, 2005-2007, 2009-2018 онуудын баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагч Д.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.А нь Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан боловч ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь байхгүй, архиваас олдоогүй тул нийгэм даатгалын байгууллага шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн. Урьд нь Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шалгах салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор малчнаар ажиллах хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд Д.Аийн Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хүсэлтийн шаардлагын талаар гаргасан тайлбарт. Үүнд: Д.А нь 1983 онд 15 настай байсан тул хөдөлмөрийн насанд хүрээгүй гэж үзсэн байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтээс үзэхэд 1983 оны 5 дугаар сард 67 төгрөгийн, 6 дугаар сард 490 төгрөгийн цалинтай ажилласан, 1985 онд 1-7 дугаар сар хүртэл ажилласан, 1987 онд 6, 10, 11, 12 дугаар саруудад ажилласан, 1988 онд 1-7 дугаар сар хүртэл ажилласан тэмдэглэлтэй байжээ. Журамд зааснаар тухайн жилд 250 хоног хүрэхгүй хугацаанд ажилласан тохиолдолд бүтэн 1 жил ажилласан гэж тооцохгүй гэж заасан байдаг. Мөн Алтай хөгжил нэгдэл нь 1991 оны сүүлээр татан буугдсан бөгөөд 1992 онд хүсэлт гаргагч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул уг хугацаанд ажилласан гэж тооцох үндэслэлгүй гэсэн байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 38, 1985 оны 38, 1986 оны 51, 64, 70 тоот тогтоолууд болон 1983-1986 онуудын цалин хөлсний баримтууд, 1986 оны Тэргүүлэгчдийн хурлын протокол тус тус хуулбарлан хүргүүлсэн байна.

Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор хадланчдын дунд зарласан 8 дугаар сарын 2-р 10 хоногийн болзлыг ханган биелүүлсэн 11 хэсгийг бүгд 710 төгрөгөөр шагнасан ба энэхүү тогтоолын хавсралтын нэрсийн жагсаалтын хэсэг гэдэг нэрсийн жагсаалтын 5-д А, хүний тоо-6, хадсан өвс 21, эзэлсэн байр 1, олгох шагнал-70 гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-01, Х№-89);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор хадланчдын дунд зарласан 8 дугаар сарын 3-р 10 хоногийн болзлыг ханган биелүүлсэн Цагаан дэнж, Монгол голын хадлангийн салаа тус бүрийг 100 төгрөгөөр, бүгд 200 төгрөг, 14 хэсгийг тус бүр 70 төгрөгөөр шагнасан ба энэхүү тогтоолын хавсралтын нэрсийн жагсаалтын хэсэг гэдэг нэрсийн жагсаалтын 15-д А, хүний тоо-6, хадсан өвс 24, нэг хүний бүтээл 4, олгох шагнал-70 гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-01, Х№-89);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай Хадлан, тариалангийн талбай бэлчээр хамгаалах цагдаа нарыг батлах тухай тогтоолоор хадлан, тариалангийн талбай өвөлжөө, хаваржааг хамгаалах цагдаа нарын нэрс, ажиллах хугацаа олгох хөлсний хэмжээг хавсралтаар баталсан ба хавсралтад газрын нэр: Хар ямаат; цагдаагийн нэр:Д.А; ажиллах сар: 6,7,8; сар бүр олгох хөлс: 90 гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-01, Х№-99);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Мэнд сүрэгтний 12 таван хошууны төлөө уралдааны болзлыг дүгнэх тухай хурлын тэмдэглэлд шийдвэрлэсэн гэдэгт: Согоог хэсэгт А 10 төг гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-02, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор малаа онд мэнд оруулж байгаа 89 суурь малчдыг 2280 төгрөгөөр шагнаж урамшуулсан ба энэхүү тогтоолын хавсралт Мэнд сүрэгтний 4-р сарын болзол биелүүлсэн малчдын нэрс-ийн жагсаалтын Согоог хэсэгт А 30 төгрөг гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-01, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Мэнд сүрэгтний 6-р сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хүртэлх болзлыг танилцуулсан тэмдэглэлд: ...мал сүрэгтний 6-р сарын болзлыг биелүүлсэн бүгд 68 суурийг 1785 төгрөгөөр шагнахаар тогтоов гэж шийдвэрлэсэн ба Согоог хэсэгт А 10 төг,... гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-02, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 10-ны хүртэл 3 удаагийн арав хоногийг болзлыг биелүүлсэн 18 төлчнийг 1320 төгрөгөөр, 6 дугаар сард мэнд сүрэгтнийг болзлыг биелүүлсэн 68 суурийн малчдыг 1785 төгрөгөөр тус тус шагнасан ба энэхүү тогтоолын хавсралтад Согоог хэсэгт: А 30 төгрөг гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-02, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор төлчдийн дунд зарласан 17 таван хушууны төлөө болзлыг 7-8 сард биелүүлсэн 17 суурийн малчдыг 670 төгрөгөөр, мэнд сүрэгтэний болзлыг 7-8 сард биелүүлсэн 58 малчныг 4150 төгрөгөөр урамшуулан шагнасан ба энэхүү тогтоолын 2-р хавсралтад Согоог хэсэгт А 80 төг гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-02, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоолоор мэнд сүрэгтний 12 таван хушууны төлөө уралдааны болзлыг 1986 оны 9,10,11-р сард биелүүлсэн бүгд 56 суурт малчдын болзол ёсоор 7410 төгрөгөөр шагнасан ба энэхүү тогтоолын хавсралтад Согоог хэсгийн малчдын нэрсийн жагсаалтын 29-д А 140 төг гэж бичигдсэн байна. (хн-41, Д№-02, Х№-02);

Мөн Ц сумын Х нэгдлийн 1986 оны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөний биелэлт, 1987 оны зорилтын тухай нэгдлийн дарга Ж.Болтайн илтгэл-д ...А нь 45 ямааг 24,5 кг жинтэй тушааснаар 11 толгой ямааны алдагдалтай гаргаж их хэмжээний нөөц алдлаа... гэсэн байна. (хн-41, Д№-02, Х№-06);

9.2.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны 1983 оны цалин хөлсний баримтаар А 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны 1983 оны цалин хөлсний баримтаар А 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны 1984 оны цалин хөлсний баримтаар А 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны 1985 оны цалин хөлсний баримтаар А 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Ц сумын Х нэгдлийн 70 дугаар дансны 1986 оны цалин хөлсний баримтаар А цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

9.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12/2143 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Д.Аийн 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн Иргэний хаягийн хуудас №7-ны 10-д хаана, ямар ажилтай гэдэгт: Ц сумын нэгдэлд төлчин гэж бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Д.Аийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №079 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Х нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1985 он; эрхэлдэг ажил гэдэгт: хоньчин; оршин суудаг сум: Ц гэж бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Д.Аийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Оралганы Төрсний бүртгэлийн анкет №133 буюу ХААТР-11 (А) маягтын 11-д эцгийн овог нэр Данду А, ажилладаг байгууллага гэдэгт: Аж ахуйтан ; Эрхэлсэн ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

Харин 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин А.Сулушашийн Төрснийг бүртгэх анкет №68 11-д эцгийн овог нэр Данду Аын ажилладаг байгууллага , эрхэлдэг ажлын талаарх мэдээлэлд бичилт хийгдээгүй байна.

9.4.Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичигт: Үндэсний Статистикийн Хорооноос Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг үндэслэн уг мэдээллийн сангийн малчин хүний жагсаалтаас малчдын мэдээллийг татан авч, хэвлэх буюу аймгийн Статистикийн хэлтсээс харах боломжгүй болгосон тул Ц сумын 2-р багт оршин суух Д.Аийн 1995-2024 оны жилийн эцсээр тоолуулсан малын мэдээллийг гаргаж өгөх боломжгүй. Иймд дээрх мэдээллийг тухайн сумын багийн Засаг даргаас эсхүл архивын тасгаас авахыг уламжилж байна гэсэн байна.

9.5.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай албан бичигт Ц сумын Ц сумын 2 дугаар багийн мал тооллогын А дансны 2000-2003, 2005-2007, 2009-2018 онуудын баримтуудыг тус тус хуулбарлан хүргүүлэв. Ц сумын 2 дугаар багийн мал тооллогын А дансны 1995-1999 оны баримтуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.

Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын мал тооллогын Адансны баримтын 2000 оны нэрсийн жагсаалтын 24-д Д.А хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 6; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 6; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс эр 35-59, эм 35-54 насны гэдэгт: 2 хүн гэж бүртгэгдсэн байна.

Харин Ц сумын 2 дугаар багийн мал тооллогын А дансны 2001-2003, 2005-2007, 2009-2018 онуудын баримтууд нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

9.6.Хүсэлт гаргагч Д.А 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээлгэсэн НДД№А0984808 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т хавсаргасан №0206001043 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

9.7.Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 242 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Ц сумын Х нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

9.8.Хүсэлт гаргагч Д.А нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 он 02 дугаар сарын 09-ний өдрийн 08/545 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.

9.9.Хүсэлт гаргагч Д.А нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шалгах салбар зөвлөлд 1992 оноос мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай өргөдөл гаргасан ба Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор Ц сумын оршин суугч Дандугийн Аын мал маллаж малчнаар ажилласныг тогтоох хүсэлтийг тус салбар зөвлөлд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн судалж үзэж, малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

9.10.Б аймгийн Ц сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтод тус багийн иргэн Данду овогтой А 57 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.А нь 1992 оноос одоо хүртэл мал маллаж байгаа нь үнэн. Тухайн жилд мал маллаж байгаа байдлыг ах нар болон тухайг үед багийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс асууж бичив гэсэн байна.

10.Хүсэлт гаргагч Д.Ааас гаргаж өгсөн 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудсанд нэгдлийн тамга дарагдаагүй баталгаажаагүй тул, мөн Ц сумын 11-р багийн иргэн Ш.Асхарын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бичсэн гэх Тодорхойлолт нь нотариатаар гэрчлүүлээгүй тул, 2000 оны нэрсийн мал тооллогын А баримтад сум, багийн нэр бичигдээгүй тул эдгээр баримтууд нь тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 77-ны өдрийн 60 дугаартай Архивын лавлагаа-нд Д.А нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөлгүй гэсэн ба энэ нь огноо цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

11.Хүсэлт гаргагч Д.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.А Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Д.А Б аймгийн Ц сумын Х нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг, мөн Б аймгийн Ц сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд шүүх хуралдаанд оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК