Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/00237

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: ************т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Н газар /дарга М.А/

Хариуцагч: ***********-т үйл ажиллагаа явуулах, регистрийн 1,808,340 дугаартай, У ХХК /захирал ************/

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,808,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч У ХХК-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,808,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.У ХХК нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 1,808,340 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй гэсэн байна.

1.2.Иймд У ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 1,808,340 төгрөгийг төлүүлж аймгийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд:

2.1.У ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,808,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч У ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 1,808,340 /нэг сая найман зуун найман мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК