Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А,Б.Анарт холбогдох .....дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилга технологийн коллежийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 6, 2 ах, 1 эгч, 2 дүүгийн хамт  урьд ял шийтгэлгүй, Б.А

 

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 16-нд Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмсний ачигч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт  урьд ял шийтгэлгүй, Б.А

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А Б.А бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны орчимд явж байсан иргэн Б.Аг гудамжинд явж байхад нь хүч хэрэглэж, халааснаас нь нүдний шил, гар утас, бэлэн 60,000 төгрөгийг дээрэмдэн авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.АБ.А бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны орчимд явж байсан иргэн Б.А гудамжинд явж байхад нь хүч хэрэглэж, нүдний шил, гар утас, бэлэн 60,000 төгрөгийг дээрэмдэн авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.А мэдүүлэхдээ: “...цагдаа дээр баригдахын өмнө нэрийг нь мэдэж авсан өөрийгөө Б.А гэх хүүхэд бас өөрийгөө Б.А гэх намхан банди 2 шууд надруу дайраад Б.А нь намайг боогоод хавсарч унагаасан тэр үед нь нөгөө банди нь миний халаасыг ухаад халааснаас нүдний шил, утас 2-ыг гарган ирж авсан бас энгэрийн халааснаас миний түрийвчийг авсан тэгээд нөгөө Б.А бас намайг нүүрлүү нэг удаа бас биерүү 1-2 удаа өшиглөсөн би та нар болиочээ хүн аллаа цаад талаас тэр байрны бололтой нэг хүн хүүе та нар болиоч наад хүн аллаа гээд удалгүй цагдаа ирж тэр 2-г барьж авсан манай эхнэр бас гараад ирчихсэн миний хажууд зогсож байсан. тухайн үед миний уруул хавдаад зүүн нүдний дээр шалбарсан, бас хүзүү урагдаж шалбарсан байсан намайг боох үед л тийм болсон цагдаа ирхийг өмнө миний утас нүдний шил түрийвч 3-г эхнэрт өгсөн байна лээ харин түрийвчэнд байсан 60,000 төгрөгийг авчихаад эргүүлж өгөөгүй одоо миний биед учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй харин 60,000 төгрөгөө олж авмаар байна тэр 2 хүүхдээ намайг зодож миний эд зүйлийг авсан нь үнэн болно...” /хх 23/

 

Гэрч Б.А мэдүүлэхдээ: “...би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед өөрийн ажил дээрээ буюу БГД 8 дугаар хороо 6-р байрны оёдлын цех дээрээ байж байтал нэг хүн орж ирээд эгчээ танай нөхрийг 2 хүн зодоод аллаа гэхээр нь би сандараад гартал нэг 2 эрэгтэй хүүхэд манай нөхрийн хажууд зогсчихсон мөн нэг эрэгтэй хүн тэр 2 хүүхдийг бариад зогсож байсан тэгээд хажууд нь яваад очтол манай нөхрийн зүүн нүдний дээд талаас цус гарчихсан зогсож байсан тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн тухай үед манай нөхөр энэ 2 хүүхэд намайг зодож дээрэмдэж гэмтээлээ гэж байсан тэгээд удалгүй манай нөхрийн нүдний шил түрийвч утас 3-г жижиг биетэй банди нь надад өгсөн тэгээд би нөхрөө цагдааруу аваад явсан тухайн үед миний нөхөр 60,000 төгрөг байсан буцааж өгсөнгүй гэж байсан тэгээд би тэр 2 хүүхдээс асуусан эргүүлж өгөөгүй манай нөхрийг тэр 2 хүүхэд зодож дээрэмдсэн байсан би тэр гадаа тэр 2 хүүхдийг барьсан хүнийг огт танихгүй...” /хх 25/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4, 5, 6-7/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх 42, 43/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44, 45/

Оршин суух хаягын тодорхойлолт, Барилга, технологийн коллеж /хх 50,51/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.А бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны орчимд явж байсан иргэн Б.Аг гудамжинд явж байхад нь хүч хэрэглэж, халааснаас нь нүдний шил, гар утас, бэлэн 60,000 төгрөгийг дээрэмдэн авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А Б.Атай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны орчимд явж байсан иргэн Х.Баатарсүрэнг гудамжинд явж байхад нь хүч хэрэглэж, нүдний шил, гар утас, бэлэн 60,000 төгрөгийг дээрэмдэн авч 60,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А/хх 23/, гэрч Б.А нарын мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4, 5, 6-7/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх 42, 43/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44, 45/,

Оршин суух хаягын тодорхойлолт, Барилга, технологийн коллеж /хх 50,51/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.А Б.А нар нь хохирогч Б.Аг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Б.АБ.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийн гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            .

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.А Б.А нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.А г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А Б.А нарын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.А, Б.А нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А,Б.А нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ