| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00203/И |
| Дугаар | 302/ШШ2025/00245 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00245
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ***********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Б аймгийн Н газар /дарга М.А/
Хариуцагч: ***************-т үйл ажиллагаа явуулах, регистрийн ******* дугаартай, Ө ХХК /захирал К.К/
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,934,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ө ХХК нь 2022 оны 10 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 2,934,000 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
1.2.Иймд Ө ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 2,934,000 төгрөгийг төлүүлж аймгийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.
2.Хариуцагч Ө ХХК-ийн захирал З.Комсомолын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:
2.1. Миний бие хариуцагч Ө ХХК-ийн захирал З.Комсомол нэхэмжлэгч Б аймгийн Н газрын манай байгууллагад холбогдуулан гаргасан дутуу төлсөн шимтгэл болох 2,934,000 /хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компани энэхүү дутуу төлсөн шимтгэл болох 2,934,000 /хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг Б аймгийн Н газарт төлж өгөх болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,934,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 61,894 төгрөгийн тал нь болох 30,947 төгрөгийг хариуцагч Ө ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ө ХХК нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,934,000 / хоёр сая есөн зуун гучин дөрвөн мянган / төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 61,894 төгрөгийн тал нь болох 30,947 /гучин мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийг хариуцагч Ө ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК