Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/96

 

 

*******д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Прокурор                             Т.Дэлгэрсайхан

Яллагдагч                              *******

Яллагдагчийн өмгөөлөгч    Д.Оюун-Эрдэнэ /онлайн/

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2019/ШЗ/146 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* аймгийн “******* ” төрийн өмчит ХК-д ******* ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, ******* аймгийн сум, баг, дугаар хороолол, тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* РД//

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 10 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар:                 

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч *******д холбогдох ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэргийн хамт  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн бичлэг бүхий, хэргийн газарт
хийсэн бичлэг бүхий, хэргийн газрын  үзлэгийн үеийн гэрл зураг бүхий нийт 3 ширхэг СД, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1ш, 64817 дугаартай жолоочийн үнэмлэх 1ш, 021219 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1ш, дугаартай жолоочийн үнэмлэх 1ш зэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Б/07 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд: Шүүх яллах дүгнэлтийг зохих ёсоор гардуулаагүй, шинээр нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн үеийн гэрэл зураг бүхий Си Ди-г танилцуулж яллагдагчийн эрхийг хангасны дараа хэргийг прокурор шийдвэрлэх боломжтой гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32. дугаар зүйлд “...1.Прокурор дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: 1.1. гэмт хэргийн шинжгүй, 1.2. тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, 1.3. тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа, 1.4. сэжигтэн, яллагдагч нас барсан, 1.. гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 1.6. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй...” гэж хуульчилсан бөгөөд *******д холбогдох хэрэгт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарсан үйлдэлд тус сум дундын прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийг хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч ******* нь энэ хэрэгт 3 удаа өмгөөлөгч авсан, бөгөөд өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нь шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа болно. Яллагдагч нь өөрийн өмгөөлөгч болох Я.Эрдэнэчимэгтэй 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус прокурорын газрын хэрэг материал танилцах, уулзалтын өрөөнд хэргийн материалтай бүхэлд нь танилцсан болно. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материал танилцах, өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангаж ажилласан бөгөөд яллагдагч нь өмгөөлөгчийн хамтаар хэргийн материалтай танилцсан талаар тэмдэглэл хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 137 дугаар хуудсанд авагдсан. Хэдийгээр яллагдагчийн хэдэн ч өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах эрх нь байгаа ч удаа дараа өмгөөлөгчөө сольж, өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урдны өмгөөлөгч болон яллагдагчийн эрхийг хангаж хийсэн ажиллагааг үгүйсгэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулж, хэргийг шалгах хугацааг удаашруулж байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.8 дугаар зүйлд шүүх яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдлыг урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцүүлэхээр заасан бөгөөд хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 14 дугаар хуудсанд яллагдагч яллах дүгнэлтийг гардан авч гарын үсэг зурсан байна. Яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулаагүй нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болгохгүй юм. Хэрэгт *******, нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэхийг 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг болон *******гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2, 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй, эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодруулах асуудлыг /Камаз маркийн тээврийн хэрэгсэл осол болсны дараа өөрийн явж байснаас эсрэг урсгал руу орж замаас гарсан байдал г.м/ шинжээч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулан тодруулах бүрэн боломжтой энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш байна. Эрүүгийн хэрэг хянан 36.2 дугаар зүйлийн 3-т заахдаа “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн бөгөөд 2019/ШЗ/146 дугаартай шүүгчийн захирамж нь ойлгомжгүй хэрэгт ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь тодорхойгүй байна. Иймд *******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/146 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Мөрдөн байцаалалтын явцад хэргийн материалыг яагаад эрх тэгш бүрдүүлж хуулийн дагуу шалгаж, анхан шатны шүүхэд эргэлзээгүй тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоож эцсийн баримт, мэдүүлэг бүрэн хангаж ажиллаж чадаагүй. Хүсэлтэнд орхигдсон ажиллагааг дахин хийлгэх хүсэлтээ удаа дараа Прокурор Т.Дэлгэрсайханд гаргаж байсан. Эргэлзээтэй асуулт үлдсээр байхад миний эрх ашгийг хааж хангахаас татгалзаж улмаар Ерөнхий прокурор Н.Эрдэнэбилэгт эргэлзээтэй үлдсэн асуудлыг шийдвэрлэж шинжээчийн бүрэлдэхүүн томилж өгөх хүсэлт гаргасан. Мөн л дүгнэлтийг үндэслэл болгож татгалзсан хариуг 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 33 дугаар мэдэгдэх хуудасыг 09 сарын 19-ны өдөр хүлээн авч дараачийн дээд шатандаа Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлтээ 2019 оны 09 сарын 23-ны өдөр гаргасан. Гэвч Улсын ерөнхий прокурорт гомдол өргөдлийн хариу ирээгүй байхад Т.Дэлгэрсайхан нь 2019 оны 10 сарын 01-нд яллах дүгнэлт гаргасан байсан. Улсын ерөнхий прокурорын хариу 2019 оны 10 сарын 04-ны өдөр гарсан. Үүнийг 2019 оны 10 сарын 10-нд гардан авсан. Миний бие Прокурорын байгууллага бие биеийнхээ ажлыг хаацаалж, хэргийн материалтай бодитой нухацтай хандаж шийдвэрлэдэггүй, гаргасан дүгнэлтийг барьж нэг нэгнийхээ ажлыг хамгаалан хяналтгүй ажиллаж байгааг нь ил тод тодорхой харагдаж байна. Үүнээс болж гэмгүй иргэд буруутан хохирогч болж иргэний эрхээ хамгаалах эрх зүй алдагдаж, зүй зохисгүй харилцаа, ажиллагааг хийлгэх нөхцөл хаагдмал, ашиг сонирхол, үзэл суртал, хэм хэмжээгээ хэтрүүлэн ажиллаж байгааг би өөрийн биеэр мэдлээ. Жишээ нь: Прокурор Т.Дэлгэрсайхан би, чиний хүсэлтийг хангаж байгаа шүү.... Хурал дээр өмгөөлөгчтэйгөө олон юм ярьдаг шүү, байцаагч утсаар мэдэгдсэнээ сайн тэмдэглэж ав. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгааг танай өмгөөлөгч мэдэж байгаа байх анхаарна биз, би удаашруулмааргүй байна хэлээрэй...... / миний эрх ашиг маш их зөрчигдөж өөрсдөө ажлыг цаг хугацааг албаар гэмээр тулгаж шахаж байсан...../. Нөхөн үзлэгийн явцад асуултаа хүсэлтээр прокурорт гаргачихаад байхад юу тодруулахаа өгөөгүй гэдэг. Ажиллагааг харин хугацаа алдаж сунжруулсан нь Шижирбаатарт ашигтайгаар байлгах гэсэн санаа байна уу гэж би хардлага төрж байна. Иймд хэрэгт ослын эргэлзээтэй олон асуудлыг мэргэжлийн шинжээчид томилж, хуулийн дагуу үндэслэлтэй бодитой дүгнэлт гаргуулж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт шүүгчийн захирамж гарсан шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт яллагдагчийн шүүхэд гаргасан тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн /0Б яллах дүгнэлтийг хавсралтын хамт гардуулаагүй гэдгийг улсын яллагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Процессын алдаа гарсан үүнийг заавал гардуулах шаардлагагүй гэж үзэж байгаа нь хуулийг хэрэгжүүлэгчдийн хувьд хуулийг гажуудуулж байна. ... Хичнээн гарын үсэг зурсан баримт байлаа ч гэсэн Улсын яллагч хавсралтыг гардуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм. ... Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллах дүгнэлт гардуулаад байгаа гол зорилго нь тухайн этгээдийн ямар хэрэгт яллаад байгаа эрхийг нь хангах зорилгоор гардуулж байгаа. Энэ эрхийг хангасны дараа ямар нотлох баримтуудыг үндэслэж, яллах дүгнэлт гардуулснаар  яллагдагчийн эрх хангагдсан. Яллах дүгнэлтийн хавсралт гардуулаагүй гэдэг нь процессын асуудал. ...Энэ хэрэг бүрэн шуурхай илрүүлэх, зөрчигдсөн хэргийг илрүүлэх, гэм буруутай хүнд ял шийтгэл оногдуулах зарчмууд алдагдаад  өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэм буруугийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ярих нь зүйтэй. Анхан шатны шүүхийн 146 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт юу гэж дурддаг вэ гэхээр “хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм” гэснээрээ прокурорт чиглэл өгч байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, прокурор хэргийг хаах боломжтой гэсэн чиглэл өгч прокурорын шатанд хаах зорилготой байгаа нь харагдаж байна. Иймд шүүх шударгаар шийдвэрлэх зарчмаасаа гажсан. Ийм нөхцөл байдал харагдаад байгаа юм гэв

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэм буруугийн шүүх хуралдаан хийхээр заавал ял шийтгэл оногдуулах ёстой биш цагаатгаж болно, гэм буруутайд тооцож болно. Тэгэхээр гэм буруугийн шүүх хуралдааныг хийж иргэний нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй зөв алхам болно гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 1.1-а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.        

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Б/07 дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

*******д холбогдох хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлтийн хувийг 2019 оны 10 дугаар сарын 01 ний өдөр яллагдагч *******д гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, ******* нь 2019 оны .10 дугаар сарын 08 ны өдөр хүлээж аван танилцаж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Гэхдээ прокурорын газраас яллагдагч *******д зөвхөн тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдсэн яллах дүгнэлтийн хувийг яллах дүгнэлтийн хавсралтгүйгээр гардуулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн

1.Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

   2.Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ...

   6.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч энэ зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 10 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 10 дугаар сарын 31-ний өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Г.ДАВААРЕНЧИН

                       Д.БУЯНЖАРГАЛ