| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00300/И |
| Дугаар | 307/ШШ2025/00560 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00560
2025 04 14 307/ШШ2025/00560
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 750,807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Б нь М ББСБ-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...............12065 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9.............4 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ж.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 450,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, хаягаар мэдэгдэх хуудас илгээн, утсаар холбоо тогтоох гэж оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна.
Ж.Бийн зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 450,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 532 зээлийн хүү 254,579 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,228 төгрөг, нийт 750,807 төгрөг байна.
Ж.Б нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар төлж барагдуулахгүй байх тул 750,807 төгрөгийг гаргулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ж.Б миний бие нь М ББСБ-иас нэхэмжилсэн 750,807 төгрөг төлөх нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 750,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 750,807 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ж.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 750,807 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, Ж.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,569 төгрөгөөс 11,284.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 11,284.5 төгрөгийг, хариуцагч Ж.Бгээс 11,284.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ