Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 57

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А. Э холбогдох 1812000160039 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А. Э 

 

       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Отгон даваа” гэх газар иргэн С.Б зүүн гарыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Эрүүгийн 171200280001 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 * Хохирогч С. өгсөн:

 "...Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Овоондаваа гэх газар байрлах гэртээ нөхөр О, охин Ж, хадам ах С, хадам дүү Б, баз Б нарын хамт шинэ жил тэмдэглээд байж байсан чинь А.Э манайд халамцуу орж ирээд гэрийн баруун талын орон дээр суусан би тавагтай идээ авч өгөх гэж байсан чинь гутлын түрүүнээс бор иштэй хутга гаргаж ирээд та нарыг ална гэсэн. Тухайн үед манай нөхөр О унтаж байсан. Бадам Э орж ирэхээс өмнө гэртээ ороод ирье гээд гараад явсан байсан. А.Э-г хутга гаргаж ирэх үед нь хамт явж байсан Д гэх залуу араас нь манайд орж ирж таарсан. А.Э хутгаа гаргаж ирээд манай хойд талын орон дээр С ахын хоолойд хутгаа тулгасан чинь А.Э хамт явж байсан Д гэх залуу Э-ыг боль гээд барьж авсан. Би А.Э-ыг чи чинь яаж байгаа юм бэ? болиоч гээд очтол яваад очтол та нарыг ална гээд миний толгой руу зүүн талын гараараа хоёр удаа цохьсон,  хутгаараа миний зүүн гарлуу хатгасан, тэгээд А.Э-ыг Б, З хоёр чирээд гэрээс аваад гарсан. Тэгтэл удалгүй А.Э мотоциклио унаад яваад өгсөн. ...Би А.Э-ыг хутга гаргаад ирэхээр нь чи яаж байна аа болиоч гэж хэлсэн чинь та нар намайг адууны хулгайд шаасан, би та нарын адууг хулгай хийгээгүй, би хулгайч биш шүү гээд дайраад байсан. Манай тэр хавиас 12 сарын 20-ны үеэр С гэх айлын адуу алга болсон гэж яригдаж байсан тэрийг А.Э яриад байх шиг байсан, яг ямар адууны талаар ярьсаныг ойлгоогүй. Манайхаас адуу мал алга болсон зүйл байхгүй. А.Э адууны хулгайд гүтгэсэн зүйл огт байхгүй. А.Э миний шилэн хүзүү рүү гараараа 2 удаа цохьсон, зүүн талын гарын ядам хурууг хутгаар зүссэн. 2017 оны 09 сард манай охин Ж Э нийлээд 1  хоног алга болчихсон юм. Тухайн үед би А.Э-ыг чи насанд хүрээгүй байгаа хүүхдийг авч явлаа гэж аашилж байсан. Тэрнээс хойш би охиноо А.Э дахиж уулзуулаагүй юм тэрнээс болоод манайхныг занаад байдаг болсон. Намар 2017 оны 09 сарын сүүлээр надруу утсаар яриад танайхныг буудаж ална гээд заналхийлээд байсан. А.Э надаас өөр хүнд гар хүрсэн эсэхийг би мэдэхгүй байна. А.Э-ыг хүн зодож цохисныг би хараагүй. Би гомдолтой байна, энэ хүнийг олж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дугаар тал/,

 

* Гэрч С.Б өгсөн:

 “...Би 2018 оны 01 сарын 01-ний шөнө 01 цагийн үед эхнэр Б-ын хамт хотны айл О-нд шинэ жилээ тэмдэглээд байж байсан чинь манай нутгийн А.Э гэх залуу орж ирсэн. А.Э орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууснаа С ахын хоолойд хутга тулгасан З гаднаас орж ирсэн. З бид хоёр хамт А.Э-ыг барьж аваад салгасан тэгтэл А.Э бид хоёрыг эсэргүүцээд байсан. Манай эхнэр Б, бэр эгч Б хоёр бас А.Э-ыг гаргах гээд хажууд зогсож байсан. З бид хоёр А.Э-ыг гадаа гаргаад хутгыг нь булааж авсан тэгтэл А. мотоциклоо асаагаад яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Ямар учраас хутга гаргаж ирж заналхийлснийг ойлгоогүй. Гэрт байсан хүмүүсийг бүгдийг нь ална гээд заналхийлээд байсан, тэгсэнээ С ахын хоолойд хутга тулгасан. С ахын хоолойд хутга тулгахаар нь гэрт байсан хүмүүс сандраад А.Э-ыг салгах гээд очсон. Б эгч бас А.Э-ын хажууд очсон байсан, тэр үед л А.Э Б эгчийн гарруу нь хутгалсан юм шиг байна лээ, би хутгалахыг нь хараагүй ямар ч байсан А.Э Б эгчийг ална шүү гээд бас дайраад байсан. З бид хоёр А.Э-ыг барьчихсан байсан болохоор хөдлөж чадахгүй байсан. А.Э Б эгчийн толгой руу цохьсон эсэхийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

 

* Гэрч Х.Д-ын өгсөн:

 “...2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Сандаг гэх газар гэртээ байж байсан чинь А.Э манайхруу утсаар яриад намайг гэртээ хүрээд ирээч гээд байхаар нь би мотоциклтой яваад очтол А.Э намайг хамт айлд очъё гэхээр нь би хамт явсан. А.Э бид хоёр Овоондаваа гэх газар байдаг О гэх айлд очсон. Бид хоёр О ахын гадаа очиж зогсоод А.Э түрүүлээд гэрт орсон. Би бие засчихаад араас нь яваад ортол А.Э гэрийн баруун талын орон дээр сууж байснаа гутлын түрүүнээсээ бор иштэй хутга гаргаж ирээд хоймор сууж байсан С гэх ахын хоолойд нь хутга тулгасан тэгэхээр нь би А.Э-ыг очиж барьж аваад хутгыг нь авах гэж ноцолдсон тэгээд А.Э-ыг гэрээс гаргаад Б ахын эхнэр Б эгч Э-ын хутгыг нь авсан байсан. Бид нарыг гадаа гараад ирсэн байсан чинь С ахын хүү Б лоом барьчихсан бид нар дээр ирэхээр нь би Б ахыг барьж аваад лоомыг нь авсан. Тэгээд гэрт нь орсон чинь А.Э гэрт оролгүй мотоциклио асаагаад унаад яваад өгсөн. Гэрт орж ирээд харсан чинь Б эгч, Б ах хоёрын гарнаас цус гарсан байсан. Ямар учраас хутга гаргасныг нь мэдэхгүй байна. С ахын хоолойд хутга тулгасан өөр хүнд хутга далайж хутгалсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

 

* Гэрч Г.Б-ын өгсөн: 

“... Би 2018 оны 01 сарын 01-ний шөнө 01 цагийн үед О ахынд шинэ жил тэмдэглээд байж байсан чинь манай нутгийн Борбандиа гэх хочтой А.Э гэдэг залуу Д хамт манай хотонд мотоцикльтой ирсэн. Би гэрээс гараад хартал тэр хоёр мотоциклоосоо бууж байсан би өөрийнхөө гэрлүү яваад гэрт унтаж байсан хүүхдээ харчихаад галдаа мод хийчхээд эргээд гараад ирсэн чинь О ахын гэрийн үүд онгойсон гадаа нь хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очтол А.Э Д бариад авсан гарт нь байсан хутгыг нь авах гээд байсан. Б эгч хол байгаарай наад А.Э чинь хутгатай байгаа шүү миний гарыг зүсчихлээ гээд гараас нь цус гарсан зогсож байсан. Тэгтэл Б хүрч ирээд А.Э хутгатай гарлуу модоор цохиод хутгыг нь унахаар нь би хутгыг авсан. Тэгтэл А.Э мотоциклоо асаагаад хөдлөөд явсан. Ямар учраас хутга барьсаныг мэдээгүй. Б эгчийн зүүн талын гарын хуруунуудыг зүссэн байсан. С ахын хоолойд хутга тулгасан байсан. А.Э Б, С нартай өс хонзонгийн асуудал байхгүй байх. Б эгчийн охинтой уулзах гээд байдаг юм шиг байсан.  Б эгч уулзуулахгүй гэдэг тэрэнд л өс санасан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

 

* Гэрч Д.О-ийн өгсөн: 

“...2018 оны 01 сарын 01-ний шөнө 01 цагийн үед би гэртээ унтаж байсан чинь манай гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь сэрсэн чинь гэрт байсан хүмүүс бүгд гараад явсан байсан. Би юу болсон юм бол гээд гарсан чинь манай нутгийн “Борбанди” гэх хочтой А.Э гэх залуу манайд хутга барьж орж ирээд хэрүүл үүсгээд тэгээд манайд байсан хүмүүс А.Эрдэнэбаярын хутгыг нь булааж аваад гэрээс гаргасан байсан. Намайг гарахад манай хотны Б Э хутгыг нь авсан байсан. А.Э мотоциклоо асаагаад хөдлөөд яваад өгсөн хамт явж байсан Д гэх залуу нь үлдсэн байсан. А.Э манай эхнэр Б гарыг нь зүссэн байсан. Б гараас нь цус гараад байсан тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Ямар учраас хутга барьж манайд орж ирснийг мэдэхгүй байна. Манайд яг юу болсоныг би мэдэхгүй. Би тухайн үед унтаж байсан. А.Э өмнө нь 2017 оны 09 сард манай охин Ж дагуулаад Архангай аймгийн төв яваад алга болсон юм. Тухайн үед нь манай эхнэр бид хоёр А.Э аашлаад дахиж манай охинтой уулзуулахгүй шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш манай охинтой уулзах гэж утсаар ярих гээд залгахад нь охиноо яриулаагүй, уулзуулаагүй юм. Тэрэнд л А.Э өс санаж манайд хутга барьж ирсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

* Гэрч Д.С өгсөн: 

“...Би 2018 оны 01 сарын 01-ний шөнө 01 цагийн үед О Б, Б, Б, Ж бид хэд байсан. О унтаж байсан. Тэгтэл “Борбанди” хочтой А.Э гэх залуу орж ирээд гэрийн баруун талд сууснаа гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирсэнээ намайг ална гээд хутгаараа миний хоолойд тулгасан. Тэгтэл хамт явж байсан Д гэх залуу араас нь орж ирээд А.Э бариад авсан. Гэтэл гэрт байсан Б, Б хоёр хүрч ирээд А.Э бариад авсан. Тэгээд А.Э хутгыг нь булааж авах гээд ноцолдож байхад Б гараас нь цус гараад эхэлсэн Б, Д, Б нар А.Э гэрээс аваад гарсан. Би араас нь дагаад гарсан чинь Б хутгыг нь авчихсан байсан. А.Э зугтаагаад мотоциклоо асаагаад хөдлөөд явсан. Хамт явж байсан Д нь үлдсэн. Ямар учраас тэгсэнийг мэдэхгүй байна. Надад А.Э өс хонзон, өр авлагын зүйл огт байхгүй. 2017 оны намар 09 сард О охин Ж авч тэнээд алга болсноосоо хойш манайхныг ална гээд заналхийлээд байдаг болсон. А.Э Б гарлуу хутгалсан эсэхийг би хараагүй ямарч байсан Б А.Э надаас салгаад холдуулж хутгыг нь авах гээд ноцолдож байсан чинь л гараас нь цус гарсан. Өөр хүний биед гэмтэл учруулаагүй. А.Э эрүүл байсан байх. Харахад эрүүл юм шиг байсан. Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/

 

* Гэрч С.Б өгсөн: 

“...Би 2018 оны 01 сарын 01-ний шөнө гэртээ унтаж байсан чинь О ахын гадаа хүмүүс шуугилдаад хутга шөвөг гээд байхаар нь гараад яваад очсон чинь А.Э хутга барьчихсан Д А.Э барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би мод аваад А.Э хутгатай гар руу нь цохисон чинь хутга нь унасан. Тэгтэл Б эгч хутгыг нь авсан. Тэгээд удалгүй А.Э  мотоциклоо унаад яваад өгсөн. Манай аав С хоолойд нь хутга тулгасан, Б эгчийн гарыг зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

 

* Гэрч Г.Г өгсөн:

“...С.Б манай эмнэлэгт ирж үзүүлэхэд зүүн талын гарын 3 хурууны өндөг нь зүсэгдсэн шархтай байсан. Өөр ямар нэгэн нэг гэмтэл шарах байхгүй байсан. Толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан. С.Б толгойд ямар нэг гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

 

* Гэрч Б.Б өгсөн: 

“...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Дараа нь болсон зүйлийн талаар сонсоход А.Э О ахын эхнэр ах дүүс нь янз бүрээр хэлээд тэгээд тийм зүйл болсон юм шиг байна лээ. Би А.Э нэг голд хар багаасаа айл саахалт байсан багын найз нөхөд. А.Э даруухан зан ааштай, хүнтэй найрсаг харьцаатай, хүний үгнээс гардаггүй, элдэв буруу зуршил байхгүй, хүмүүжил сайтай хүн байгаа юм. Нутаг усны хүмүүст тусалдаг тусч зантай. А.Э архи дарс хэрэглэдэггүй, тийм зан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

* Насанд хүрээгүй гэрч О.Ж өгсөн: 

“...2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед манай гэрт манай аав, ээж, тэгээд Б, С, Б эгч бид нар байж байсан манай аав О унтаж байсан. Тэгтэл гадаа мотоцикль дууграад нохой хуцсан чинь Б эгч гэртээ унтаж байгаа 2 хүүхдээ үзээд ирье гээд гарсан. Б эгчийг гарсаны дараа манай нутгийн А.Э гэх залуу ганцаараа орж ирсэн. А.Э манай гэрт орж ирээд баруун талын орон дээр сууснаа гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирээд хоймор сууж байсан С ахын хоолойд хутга тулгасан. Тэгтэл Д гэх залуу араас нь гэрт орж ирсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс сандраад Б ах А.Э бариад авсан. Манай ээж бас А.Э салгах гээд хажууд нь очсон байсан. Би айгаад гэрээс гараад хажуу талд байдаг эзэнгүй байсан Г гэх айлруу явж орсон тэрнээс хойш яг юу болсоныг нь мэдээгүй. А.Э орж ирэхэд манайд байсан хүмүүс А.Э хэрүүл хийгээгүй. А.Э манайд орж ирээд хутга гаргаж ирсэнээ би хүн алж чадна шүү гээд С ахын хоолойд хутга тулгасан. Намайг гэрт байхад А.Э хүн хутгалаагүй. С ахын биед нь гэмтэл учраагүй. Манай ээжийн гар яагаад зүсэгдсэнийг мэдэхгүй байна. Би гэрээс гараад явсан байсан болохоор яагаад зүсэгдсэнийг хараагүй. А.Э манай ээжийн гар руу хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. А.Э бид хоёр үерхэж байгаад 2017 оны хавар 5 сард салсан. Бид хоёрыг манай аав, ээж хоёр боль гээд зөвшөөрөхгүй байсан учраас би А.Э салсан тэр явдлаас хойш А.Э манай аав, ээж хоёрт өс санасан юм шиг байна лээ тэгээд л хутга гаргасан байх гэж би бодож байна. Энэ хэрэг гарахаас өмнө А.Э манай утасруу залгаад байдаг манайх утсаа авдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ 

 * Яллагдагч А.Э өгсөн: 

“...Би 2018 оны 01 сарын 01-ний шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Модтолгой гэх газраас саахалт айлын Д гэх залуутай хамт Овоондаваа гэх газарлуу айл хэсэхээр өөрийнхөө мотоцикольтой явсан. Тэгээд Овоондаваа гэх газар байрлах О гадаа мотоциколтойгоо очиж зогсоод би түрүүлээд О гэрлүү орсон. Д шээгээд гадаа үлдсэн. Би О гэрт орох үед О ах, Б эгч, С, Б, Ж нар байсан. О ах нь гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. Би гэрт ороод баруун талын орон дээр суусан чинь С ах намайг Мангарын шээс хаа хүрч яваа юм бэ, адууны хулгайч минь гээд мэндийн зөрөөгүй, надруу агсараад байхаар нь миний уур хүрээд гутлын түрүүнд байсан хутгаа гаргаж ирээд С ахыг айлгах гээд хоолойд нь тулгаад ална шүү та нарыг гэж хэлсэн. Би С ахын хоолойд хутгаа тулгачхаад буцаагаад авсан юм тэгтэл Б ах босож ирээд намайг бариад авсан, Б эгч надруу дайраад чи яаж байгаа юм бэ гээд байсан. Намайг Б, Д хоёр чирээд гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад намайг тал талаас цохиод байсан хэн яаж цохисныг би сайн хараагүй, тэгээд би тэд нараас салаад Дыг үлдээчихээд мотоциклоо асааж унаад явсан. Шинэ жилийн баяр болж байсан учраас би айл хэсэх гэж явсан. Би гэртээ гал асаах зомгол цуулж байгаад хутгаа түрүүндээ хийгээд мартсан байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би Бийн гарлуу нь хутгаар хатгаагүй, Б эгч өөрөө хутган дээрээс бариад авахаар нь би хутгаа шувтраад татсан тэгээд гар нь зүсэгдсэн. Би Б эгчийн толгойруу цохиогүй, намайг Б ахтай зууралдаж байх үед бид хоёрт л цохиулсан байх, би хэн нэг хүнийг санаатайгаар гараараа цохиогүй. Б ах миний зүүн шанааруу 2 удаа цохисон. Б миний зүүн гарлуу модоор 2 удаа цохисон. Цохиулсаны дараа миний шанаа, гар халуун оргиод өвдөөд байсан өөр ямар нэг гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэнд: 

“...С.Бийн биед зүүн гарын ядам, дунд хурууны өндгөнд зүсэгдсэн шарх, эрхий хурууны алган талд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн зүсэх, зүсэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ. /хх-ийн 31 дүгээр тал/

* Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Отгондаваа” гэх газар А.Э нь иргэн С.Бийн эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.Э нь үйлдсэн болох нь  хохирогч С.Бийн “...А.Э хутгаа гаргаж ирээд манай хойд талын орон дээр Соджанцан ахын хоолойд хутгаа тулгасан чинь А.Этай хамт явж байсан Д гэх залуу Эыг боль гээд барьж авсан. Би А.Эыг чи чинь яаж байгаа юм бэ? Болиоч гээд очтол та нарыг ална гээд миний толгойруу зүүн талын гараараа хоёр удаа цохисон,  хутгаараа миний зүүн гарлуу хатгасан, тэгээд А.Эыг Б, З хоёр чирээд гэрээс аваад гарсан. Тэгтэл удалгүй А.Э мотоциклоо унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн “...А.Э  орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууснаа С ахын хоолойд хутга тулгасан З гаднаас орж ирсэн. З бид хоёр хамт А.Эыг барьж аваад салгасан тэгтэл А.Э бид хоёрыг эсэргүүцээд байсан. Манай эхнэр Б, бэр эгч Б хоёр бас А.Эыг гаргах гээд хажууд зогсож байсан. З бид хоёр А.Эыг гадаа гаргаад хутгыг нь булааж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Дын “...Би бие засчихаад араас нь яваад ортол А.Э гэрийн баруун талын орон дээр сууж байснаа гутлын түрүүнээсээ бор иштэй хутга гаргаж ирээд хоймор сууж байсан С гэх ахын хоолойд нь хутга тулгасан.Тэгэхээр нь би А.Эыг очиж барьж аваад хутгыг нь авах гэж ноцолдсон тэгээд А.Эыг гэрээс гаргаад Б ахын эхнэр Б эгч А.Эын хутгыг нь авсан байсан...” гэх мэдүүлэг гэрч Д.ийн “...“Борбанди” хочтой А.Э гэх залуу орж ирээд гэрийн баруун талд сууснаа гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирсэнээ намайг ална гээд хутгаараа миний хоолойд тулгасан. Тэгтэл хамт явж байсан Д гэх залуу араас нь орж ирээд А.Эыг бариад авсан. Гэтэл гэрт байсан Б, Б хоёр хүрч ирээд А.Эыг бариад авсан. Тэгээд А.Эын хутгыг нь булааж авах гээд ноцолдож байхад Бийн гарнаас нь цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын “...Тэгтэл Б эгч хутгыг нь авсан. Тэгээд удалгүй А.Э мотоциклоо унаад яваад өгсөн. Манай аав Сийн хоолойд нь хутга тулгасан, Б эгчийн гарыг зүссэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн “...С.Б манай эмнэлэгт ирж үзүүлэхэд зүүн талын гарын 3 хурууны өндөг нь зүсэгдсэн шархтай байсан. Өөр ямар нэгэн нэг гэмтэл шарах байхгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч С.Б нь  хохирол төлбөрөө бүрэн авсан,  гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

           Шүүгдэгч А.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч А. Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутга/1 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ГАНДОЛГОР