Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00525

 

 

 

 

 

 

2025 04 09 307/ШШ2025/00525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00086/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, ******** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***************** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ид холбогдох

"Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.*******,

Хариуцагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.*******ид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Анх 2017 онд танилцаж, 2019 онд хүү Б.*******, 2021 онд охин Б.******* нар төрсөн. Хүүхдүүдийг минь ээж маань хардаг байдаг. Одоогоор хүүхдүүд маань Төмөр замын цэцэрлэгт явдаг. Бид 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ аавтай уулзуулдаг байсан. Уулзах үедээ нэг хоног өөр дээрээ авч охиноо ирж ав гэж хэлдэг. Хүү маань зургаан настай. Хүүгийн хэлж байгаагаар Аавтай уулзахад гадуур салхинд авч гаргадаггүй талаар хэлдэг. Охин Б.*******гийн хувьд бага насны хүүхэд учраас аавтайгаа илүү холбоотой байдаг. Энэ хүний хувьд хоёр хүүхэдтэйгээ уулзахдаа хамт байх нөхцөлийг бүрдүүлж, цаг зав гаргадаггүй. Энэ хүний өөрийнх нь ээж болох хүн хүүхдүүдэд хоол унд хийж өгч хардаг байсан талаар хүүхдүүд маань хэлдэг. Саяхан хүүгийн минь төрсөн өдөр болсон. Хүүдээ мэнд хүргэж, мөнгө төгрөг явуулахгүй юм уу? гэхэд явуулаагүй. Энэ мэтчилэн эцгийн үүргээ биелүүлэхгүй байна. Манай хүү гэдэсний булчирхайн томролттой. Эмнэлгийн хараа хяналтад байдаг. Цэцэрлэгтээ явж байх хугацаандаа хүүгийн минь ходоод гэдэс нь өвдөж, идээ татсан байсан. Тэгэхэд энэ хүнтэй холбоо барихад тэгж байгаад мөнгө өгье гэх мэтчилэн хайнга байдлаар хүүхдүүддээ ханддаг. Ийм учир хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулна. Өмнөх шүүх хуралдааны дараа миний амьдарч байгаа байранд согтуу ирж амгалан тайван байдал алдагдуулсан... гэв.

 

2. Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анх 2017 онд танилцсан. 2019 онд том хүү Б.*******, 2021 онд охин ******* нар төрсөн. Бид хамт амьдраад 7 жил болсон. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусдаа амьдарч эхэлснээс хойш хүүтэйгээ хоёр удаа, охинтойгоо гурван удаа уулзсан. Хүүхдүүдээ ирж ав гэдэг шалтгаан нь хэн хэн нь ажилтай. Хоёр хүүхдээсээ зугтаагаад яваад байдаг эцэг эх байхгүй. Энэ хүний хувьд анх гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргаад хоёр хүүхдээ авч явсныхаа дараа чи ийм, тийм гэсэн байдал гаргаж байгаа нь зохимжгүй гэж бодож байна. Том хүүгийнхээ гэдэсний асуудалтай гэдгийг мэднэ. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр холбоо барьж, цэцэрлэгийнх нь мөнгө төгрөг гэх мэтчилэн зүйлсийг өгөөгүй нь миний буруу. Энэ нь байнга өгөхгүй гэсэн үг биш. Тухайн нөхцөл байдалд ингэж таарсан. Манай ажилд боловсон хүчин хомс байгаа учраас ажил ихтэй байдаг. Үүнээс болж хүүхдүүддээ цаг зав гаргахгүй байгаа нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт гаргаж байгаа юм байна. Миний хувьд хоёр хүүхдээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Энэ хүнтэй хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй. 2025 он гарснаас хойш гурван сарын хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх гэж удаа дараа оролдлого хийсэн. Тэгэхэд энэ хүний хувьд үгүй гэсэн. Бага охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.*******гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Б.*******гийн эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, Б.*******гийн эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

4. Шүүхээс тус шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.*******ид холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.*******той 2017 онд танилцсан. Бидний дундаас 2019 онд хүү Б.*******, 2021 онд охин Б.******* нар төрсөн. Хүүхдүүдийг минь ээж маань хардаг. Одоогоор хүүхдүүд Төмөр замын цэцэрлэгт явж байгаа бөгөөд бид 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Иймд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бага охин Б.*******г өөрийн асрамжид авна гэж маргадаг болно.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, 2019 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******, 2021 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.******* нар төрсөн болох нь хэрэг авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

5. Хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ дээр эцгийн нэр ******* овогт *******ын ******* гэж бичилт хийгдсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүү Б.*******, охин Б.******* нарын төрсөн эцэг М.******* мөн болохыг захиргааны журмаар тогтоожээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар охин хүү Б.*******, охин Б.******* нарыг эх Ө.*******ын асрамжид үлдээж, эцэг М.*******оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 107,686 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ********нарыг эх Ө.*******ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.*******оос тэтгэлэг гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 107,686 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ