Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/95

 

Ө.Бат-Оргилд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид

 Прокурор                                Э.Гантулга

Шүүгдэгч                              Ө.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч      Ж.Энхжаргал         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2019/ШЦТ/152 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улхи Боржигон овогт Өлзийбадрахын Бат-Оргилд холбогдох эрүүгийн 1932000880169 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, хувиараа ногоо тарьдаг гэх. Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг, Баянхангайн 127 тоотод оршин суух хаягтай, урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанаар хойшлуулж байсан, Боржигон овогт Өлзийбадрахын Бат-Оргил, /РД:ФМ86070219/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.Бат-Оргил нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Бороогийн гүүрний орчим 48-35 УНС улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэлээр 132 боодол прусс мод гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.Bottom of Form

Анхан шатны шүүх Ө.Бат-Оргилд холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 152 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улхи Боржигон овогт Өлзийбадрахын Бат-Оргилд холбогдох 1932000880169 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.Бат-Оргилийг цагаатгаж,

-Энэ хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгө болох Ө.Бат-Оргилын эзэмшлийн 48-35 УНС улсын дугаартай “М.Кантер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №21 дугаар тогтоол, 132 боодол прусс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №22 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 48-35 УНС улсын дугаартай “М.Кантер” маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 127 тоотод оршин суух хаягтай, Улхи Боржигон овогт Өлзийбадрахын Бат-Оргил /РД:ФМ86070219/-д, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн журмын хашаанд байгаа 4x6 см хэмжээтэй 130 боодол /боодолдоо 6 ширхэг/ нойтон хар модон прусс мод, 4x4 см хэмжээтэй 2 боодол /боодолдоо 9 ширхэг/ нойтон хар модон прусс модыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн 50а тоотод оршин суух Малчин ургийн овогт Лувсангомбын Саруулцэцэг /РД:МЭ73011067/-т тус тус буцаан олгож,

-Ө.Бат-Оргилийн 580838 дугаартай жолоочийн үнэмлэх, 199153 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож,

-Ө.Бат-Оргил нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдан,

-Ө.Бат-Оргилд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх .1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан ба шүүгдэгч Ө.Бат-Оргил нь 132 боодол модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол, хор уршиг учраагүй, нийгэмд аюулгүй байна гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсан байна” гэсэн хуулийн заалтыг хангаж үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаагүй хуулийг нэг мөр ойлгож хэрэглээгүй нь эргэлзээ төрөхүйц байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг буюу мод модон материалыг тээвэрлэсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцож, материаллаг хор уршгийг шаардахгүй гэж үзэхээр байна.

Мөн яллагдагч Ө.Бат-Оргилын дээрх үйлдэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны едрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 6 дахь хэсгийн 6.6 -д /Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ/ гэж заасан, мөн 4 дэх хэсгийн 4.3 Гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно”, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно/ гэж тус тус хуульчилсан байгааг зөрчин 132 ширхэг брус буюу модон материалд гарал үүслийн гэрчилгээ огт авалгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас тээвэрлэлт хийж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу Бороо голын гүүр орчимд тухайн үед хяналт шалгалтын ажлаар явж байсан Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдтэй таарч хяналт шалгалт явуулахад гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг эрс өөр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлалгүй дүгнэлт хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/152 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд

давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ ...энэ гэмт хэрэгт Ө.Бат-Оргилд мод ачуулдаг, хөлсөлдөг Саруулцэцэг гэдэг иргэн байдаг. Саруулцэцэгийг энэ хэрэгт огт татаж, шалгаагүй. Саруулцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд зааснаар хатгагчаар татах бүрэн үндэслэлтэй. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй тул хэргийг анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.  

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саруулцэцэг гэдэг хүнийг би танихгүй, миний утасны дугаарыг олоод над руу яриад “ачаанд яваад өгөөч” гэж хэлж, хөлсөө тохироод би явсан. Би “модны бичиг баримт нь байгаа юм уу” гэхэд Саруулцэцэг “байгаа, би хойноос чинь аваачиж өгнө” гээд намайг хуурч ачуулсан. Ингэж хэлж ачуулсан хүн нь өөрөө энэ хэрэгт ямар ч хамааралгүй яваад би яллагдагч болсон байгаад гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа. Энэ талаар анхан шатны шүүхэд саналаа хэлсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ... энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй, хэрэв гэмт хэрэг гэж үзэх бол Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 –т заасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн аюулын хор хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашиг, бодит хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Бат-Оргил нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Бороогийн гүүрний орчим 48-35 УНС улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэлээр 132 боодол прусс мод гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Бат-Оргилыг гэм буруугүйд тооцож цагаатгаж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийн дагуу Ө.Бат-Оргилд холбогдох эрүүгийн 1932000880169 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гарсан бол хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Бат-Оргил болон хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Ө.Бат-Оргил нь хэрэг учрал болсон гэх тухайн үед бусадтай тээвэрлэлтийн аман гэрээ хийсний үндсэн дээр 132 боодол прусс тээвэрлэсэн байдал харагддаг бөгөөд энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд уг прусс модыг зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн эсэх, хэн бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг шалган тогтоох, прусс мод тээвэрлүүлсэн гэх гэрч Л.Саруулцэцэг болон модыг анх бэлтгэсэн хуулийн этгээдүүд нь уг хэрэгт хамааралтай эсэхийг шалгах нь хэргийг эцэслэн шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд өөрчилж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байх тул прокурорт буцааж өгнө үү гэх санал гаргасныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                        Д.БУЯНЖАРГАЛ