Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.С .

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” нэртэй караокед хамт ажилладаг Б.С-тай үл ялих зүйлээс болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.С мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөөний 10 цагт байран дээрээ буюу Замын цагдаагийн зүүн талд байрлах Повер Плас ХХК-ийн байрны 1205 номерын өрөөнд сургалттай байсан. 13 цагийн үед сургалтаас тараад 2 давхарт байрлах ресторанд хоолонд ороод, 14 цагаас 17 цагийн хооронд өөрийн машинаараа таксинд явсан. 17 цагаас компанийн 2 давхарт байрлах ресторанд шагнал гардуулах хүлээн авалттай байсан. Хүлээн авалтаас тараад модны хоёрт байрлах караокед орсон. 19 цагийн үед караокед орсон, караокеноос 23 цагийн үед гарсан. Караокед байхдаа бүгдээрээ дуулсан юм ярилцсан. Би нилээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. ...Б.С-тай маргалдсан, намайг архи уугаад согтсон байна, одоо бос гэж хэлэн нэг удаа нүүр рүү алгадсан. Б.С маргалдсаны улмаас нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...” гэжээ. /хх 10/

 

Гэрч Б.С мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 21 цагийн үед манай караоке-д 14 хүн орж ирж үйлчлүүлсэн. 14 хүнээс 3-н эмэгтэй хүн байсан. 2 шил 0,75 граммтай шар чингис авсан. Шөнийн 00 цагийн үед тус 02 тоот өрөөнд үйлчлүүлсэн эдгээр хүмүүс гарч явж эхэлсэн. Удалгүй зодоон болох чимээ гарсан текин дээрээ тус үйлчлүүлж байсан хүмүүсээс 3-н хүн нь тооцоо хийж байсан. Тэгээд хүмүүстэй хамт 02 тоот тус өрөөнд нэг хүн хамараа цохиулсан байдалтай байсан, нэг хүн нь цохисон байсан. Хоорондоо барьцалдсан байдалтай байсан. Ажлын хүмүүс нь салгаж байсан. Сайнзаяа гэх залуу Гүррагчааг хамар руу нь цохиод өрөөнөөс гаргаад явсан байх гэж би бодож байна. Тухайн үед хамарнаас нь цус гарч байсан. Хамараа цохиулсан Б.С улаан өнгийн куртик өмссөн, хар булган малгайтай хүнтэй үлдээд хамараа цохиулсан, Б.С ганцаараа үлдсэн. Удалгүй хувцасгүй гараад явахаар нь манай зөөгч Нямдорж бид хоёр хувцасыг нь хүргэж өгсөн. Гадаа хувцсаа өмсөх гэж байхад нь Б.С гэх хүн дахин зодох гэж ирсэн. Гэтэл нөгөө хамараа цохиулсан хүн зугтаасан, араас нь Б.С гэх хүн араас нь хөөсөн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Хамараа цохиулсан Б.С ийн мөнгөн гинж нь гадаа тасараад унасан байсан. Тэгээд би буцаж ороод камер шүүхэд ямар бичлэг байхгүй, бичлэг хийдэггүй горим дээр тавьсан байсан. 03 цагийн үед эхнэртэйгээ ирэх үед нь өгсөн. ..тухайн 02 тоот өрөөнд 2 хүн маргалдаад байхаар нь орсон чинь Б.С гэх өндөр нуруутай хүн нь Б.С нүүр рүү цохиж байсан. баруун талын гараараа цохисон....” гэжээ. /хх 17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2423 дугаартай дүгнэлт: 1.Б.С биед эрүү ясанд хугарал, зүүн ухархайн дотор хананд хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна./хх 23/

Хохирлын баримтууд /хх 27-30/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 41, 42/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/

Хохирогч Б.С-ийн гомдол саналгүй гэх баримт /хх 58/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” нэртэй караокед хамт ажилладаг Б.С-тай үл ялих зүйлээс болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Б.С /хх 10/, гэрч Б.С /хх 17/  нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2423 дугаартай дүгнэлт /хх 23/, хохирлын баримтууд /хх 27-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 41, 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, хохирогч Б.С-ийн гомдол саналгүй гэх баримт /хх 58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Б.Сг торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосон ба торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхаарууллаа.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ