2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01818

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11

 

 

 

 

 

 

192/ШШ2025/01818

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах, ************* овогт ********ийн *********** /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***************** тоот хаягт оршин суух, ********** овогт *************н ********* /РД:*************/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 95,214,787 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, түүний өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*********** нэхэмжлэлдээ: ...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 212,190,000 төгрөгийн арматурыг худалдсан, төлбөрийг 6 дугаар сарын 5-ны өдрийн дотор барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийг шаардаагүй, 2023 оны 6 дугаар сарын 9-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт 90,364,500 төгрөгийн үнэ бүхий арматурыг худалдсан, төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон, улмаар З.*********гийн байрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. З.********* бүтэн 1 жилийн хугацаанд төлбөрөө барагдуулаагүй. Энэ хугацааны гүйцэтгээгүй үүргийн алдангийг, үлдэгдэл төлбөрийн хамт нэхэмжилж байна. 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 10-ны өдрүүдэд нийтдээ 203,000,000 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн байдаг. Эхний гэрээний үүрэгт алдангитай нь тооцоод 165,425,155 төгрөгийг шилжүүлсэн 203,000,000 төгрөгөөс хасч тооцоод үлдэх 37,575,845 төгрөгийг 2 дахь гэрээний үүрэгт З.*********гийн арматурын төлбөрөөс төлсөн гэж үзээд 52,708,655 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж тооцсон. Нэхэмжилж байгаа 42,000,000 төгрөгийн алданги бол 90,364,500 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ний өдрийг хүртэлх гүйцэтгээгүй хугацаагаар үнийн дүнгийн 0,14 хувиар тооцон нэхэмжилсэн. Ингээд 2 дахь гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 52,788,655 төгрөг, алданги 42,426,132 төгрөг, нийтдээ 95,214,787 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, биелэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч З.*********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа: ...Манайхаас үндсэн төлбөрөө бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэгч нь өөрөө дураараа хүүгээ тооцож аваад барьцаан дээрээ хасалт хийгээд 72,000,000 төгрөг болгож, түүн дээрээ алдангиа нэмээд 97,000,000 төгрөг болгоод байна. Би болохоор үүнийг салгаж яриад байгаа. Би бол 93 сая гаруй төгрөгөө төлсөн. Түүний алданги 42,000,000 төгрөг байгаа. Үүний 50 хувиар тохиролцъё гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрөө эцсийн хэрэглэгч болж байгаа болохоор татвар тайлан дээрээ асуудалтай байна. Нийтдээ 300-д сая төгрөг төлсөн. Энэ гэрээний үндсэн мөнгөө бүгдийг өгчихсөн болохоор 95 сая төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 634024, 70,214 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 сарын 11-ны өдрийн 90,364,500 төгрөгийн зарлагын баримт, 2023 оны 6 сарын 09-ний өдрийн арматур төмөр зээлээр худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 4 сарын 20-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 4 сарын 20-ний өдрийн 212,190,000 төгрөгийн зарлагын баримт, Хаан банкны дансны хуулга,

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт ******** олгосон итгэмжлэл, *********** олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 150 сая төгрөг шилжүүлсэн ХХБ-ны дансны хуулга, 3 ш нэхэмжлэх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГазрын тодорхойлолт, дансны хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.***********аас хариуцагч З.*********д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 95,214,787 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгт 79,182,982.5 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэх хэсгийг хангаж, үлдэх хэсгийг буюу 16,310,804 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ...худалдах худалдан авах гэрээний үүргээ буюу арматурын үнийг төлөлгүй жил гаран болсон гэрээнд заасны дагуу алдангийг, үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулна, эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилснийг хариуцагч тал нь эс зөвшөөрч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд

3.1. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184,185 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Д.*********** нь 35 тонн арматур төмөр нийлүүлэхээр, хариуцагч З.********* худалдан авсан төмрийн төлбөрийг 2023 оны 7 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон, мөн уг гэрээний үүргийг гүйцэтгээгүй бол барьцаалагч Б.********* нь өөрийн өмчлөлийн ****************тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, ************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон, тэд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зуран худалдах, худалдан авах болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

3.2. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх ба нэхэмжлэгч буюу худалдагч 2023 оны 6 сарын 11-ны өдөр 90,364,500 төгрөгийн төмөр нийлүүлсэн, хариуцагч буюу худалдан авагч хүлээн авсан, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин уг төмрийн үнэ, төлбөрийг худалдан авагч төлөөгүй гэж нэхэмжлэгч талаас, 150,000,000 төгрөг шилжүүлсэн, төлбөрийг бүрэн төлсөн гэж хариуцагч талаас тайлбар гарган маргадаг

 

3.3. Дээрх маргаан буюу 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргийн хувьд нэхэмжлэгч талаас шаардлага үндэслэлээ ...өмнө байгуулагдсан гэрээний төлбөрийг ч, энэ гэрээний төлбөрийг ч төлөлгүй жил болсны дараа 150 сая төгрөг шилжүүлсэн, өөртэй нь ярилцаад өмнөх гэрээний төлбөрт, алдангид тооцож суутгаад үлдэх үнийг энэ гэрээний үндсэн төлбөрөөс хасч тооцсон байгаа гэж, хариуцагч талаас ...өмнөх гэрээний маргаан энд үүсээгүй, тэр талаар нотлох баримт гарган мэтгэлцэхгүй, шүүх шийдэхгүй, бид зөвхөн энэ гэрээний хүрээнд мэтгэлцэж 150 сая төгрөг төлсөн баримтаа гаргаж өгч гэрээний үүрэг дуусгавар болсон гэж мэтгэлцэж байгаа гэж тус тус тайлбарладаг.

 

Энэхүү талуудын тайлбар болон үүнээ нотлох баримтуудаас үзэхэд:

 

3.3.1. Нэхэмжлэгч талаас гаргасан 2023 оны 4 сарын 20-ны өдрийн арматур төмөр худалдах худалдан авах гэрээний дагуу Д.*********** нь 212,190,000 төгрөгийн үнэ бүхий төмрийг******** ХХК, ********* нийлүүлсэн, төлбөрийг 2023 оны 6 сарын 05-ны дотор төлж барагдуулна, хугацаа хэтрүүлсэн тал алданги төлнө гэж тохиролцсон байх ба энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

 

3.3.2. **********, ********* гэх данснаас Д.***********ын Хаан банкны 5046069973 тоот данс руу арматурын үнэ төлбөр гэж 2024 оны 6 сарын 06-нд 150 сая төгрөг ******* арматур, азжаргал зориг гэх утгатай, 6 сарын 7-нд 25 сая төгрөг******* *******, ******** Д******** гэх утгатай, 6 сарын 9-нд 20 сая төгрөг ****** арматур, ******** *******гэх утгатай, 6 сарын 10-нд 8 сая төгрөг 99019283 **********в ******* гэх утгатай нийтдээ 203,000,000 төгрөг шилжиж орж ирснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, хариуцагч тал баталдаг. Мөн 98,000,000 төгрөгийг өмнөх гэрээний төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй.

 

3.3.3. Хариуцагч З.*********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********нь 2024 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...********* гэрээгээр тохиролцсон мөнгөө бүрэн төлж барагдуулсан, төлбөрийг нагац эгч **********би төлөхөөр тохирсон, өмнө арматур худалдаж авсан дахин авах болоод барьцаа хэрэгтэй болсон тул миний өмнөөс өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж гэрээ байгуулсан. Тухайн үед нь төлбөрөө төлж чадаагүй байж байгаад 2024 оны 6 сарын 6-ны өдөр манай компанийн нягтлан ******** ******н данснаас ***********ын данс руу үндсэн төлбөр хүүгийн хамт 150 сая төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн байдаг.

 

Дээрх үйл баримт, бичмэл нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч талын ...өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байсан тул 203 сая төгрөгөөс эхний гэрээний төлөх төлбөр, алдангийг суутган тооцсон. Үлдэх зөрүүг 2 дахь гэрээний үүргээс хасч тооцоод арматур төмрийн төлбөрийн үлдэгдэл 52,788,655 төгрөг болсон тул энэ төлбөрийг алдангийн хамт шаардаж байгаа гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

Харин хариуцагч тал ...2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн, 2024 оны 6 сарын 6-ны өдөр 150,0 төгрөг шилжүүлж 90,364,500 төгрөгийн төмрийн төлбөрийг, хүү алдангийн хамт төлж барагдуулсан гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нотолж чадаагүй, 150 сая төгрөгийн гүйлгээ нь аль гэрээний төлбөр төлж байгаа нь тодорхой бус, **********ын компанийн нягтлан бодогчоос шилжүүлсэн, энэ шилжүүлгийн талаар нэхэмжлэгч ***********, хариуцагч ********* нараас харилцан тохиролцсон үйл баримт үгүй байх ба шүүхээс хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, сөрөг шаардлага гаргах, хүсэлт гаргах гэх мэт эрх, үүргийг хязгаарлаагүй болно.

 

3.4. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан төлбөр төлөгч нарын ашиг сонирхол нэг гэсэн тайлбарт хамаарах бөгөөд 2 дахь гэрээний төлбөрийг төлсөн гэх үйл баримтаа хариуцагч тал нотлоогүй тул нэхэмжлэгч талын шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасанчлан бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар гэж үзлээ.

 

3.5. Энэ хүрээнд нэхэмжлэгч буюу худалдагч Д.*********** нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу арматур төмрийг хариуцагч буюу худалдан авагчид нийлүүлсэн тул гүйцэтгээгүй үүрэг болох арматурын үнийг болон гэрээнд заасны дагуу алдангийг шаардах эрхтэй.

 

Дээр дурдсанчлан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүрэг болох арматур төмрийн үлдэгдэл төлбөр 52,788,655 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх шаардлагын хүрээнд алданги 26,394,327.5 төгрөгийг хариуцагч З.*********д хариуцуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчээс ...2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний үүргийн дагуу 90,364,500 төгрөгийг 2023 оны 7 сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан, жилийн дараа 2024 оны 6 сараас төлж байгааг тооцож гүйцэтгээгүй үүрэг 90,364,500 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 313 хоногт тооцоход алданги 42,426,132 төгрөг болсныг шаардаж байгаа гэдэг. Гэрээ болон хуульд ...төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр заасан бөгөөд үйл баримт, дансны хуулгаар үүрэг гүйцэтгэгч 2024 оны 6 сарын 10-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүрэг гүйцэтгээгүй болох нь тогтоогдох ба энэ өдрөөс хойшхи үлдэгдэл төлбөрт алданги тооцох нь хуулийн үндэслэлтэйг тэмдэглэж байна.

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан гэрээний хэлбэрийн шаардлага, нөхцөлд нийцсэн тул барьцаагаар хангуулах нь барьцаалагчийн эрх, барьцаалуулагч нь үүнийг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн үйл баримт тодорхой, баримтаар тогтоогдож байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч З.*********д мөн хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 184, 185 дугаартай гэрээний үүрэгт хариуцагч З.*********гаас 79,182,982.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.***********ад олгож, уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг эрх бүхий байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,031,804.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*********гаас 79,182,982.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.***********ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,031,804.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.********* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн ****************тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, ************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 704,238 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.*********гаас улсын тэмдэгтийн хураамжид 553,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.***********ад олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ