Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/00543

 

2025 04 10 307/ШШ2025/00543

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 307/2025/00123/И

    Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, ************ тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *********** тоотод оршин суух, ******* овогт******* *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн *******-******* ХХК-ийн улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

*******-******* ХХК-ийн тэмдгийн үнэ 599,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч Н.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Хүүхэннэргүй нь хариуцагч Н.*******д холбогдуулан, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...Дархан захад дэлгүүр түрээслэхээр хайж яваад тус захад үйл ажиллагаа явуулдаг *******-******* ХХК-ийн Сансар нэртэй хүнсний дэлгүүрийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар Н.*******тай тохиролцсон. Нийт 25,000,000 төгрөгийг Н.*******д төлсөн бөгөөд Н.******* үлдэгдэл бараагаа зарж дуусгаад дэлгүүрээ хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл 5,000,000 төгрөгийг авъя гэснийг зөвшөөрөөд дэлгүүрээ хүлээлгэж өгөхийг хүлээж байсан. Сүүлд холбоо барихад Н.******* нь дэлгүүрээ зараагүй, компаниа зарсан гээд дэлгүүрээ өгөхгүй, бидний мөнгийг өгөхгүй байсан тул цагдаад хандсан. Үүний дагуу шүүхээс Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Хууран мэхэлж хийсэн хэлцлийн дагуу хийгдсэн бүртгэл хүчингүй болсон гэж ойлгож байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Татварын газраас тус компанид холбогдуулан акт тавьсан бөгөөд би гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул хариуцлага хүлээх болоод байна. Бид гэрээ хийхдээ энэ талаар огт мэдээгүй, гэрээ хийхээс өмнөх хугацааны акт гарч ирсэн. Иймд Компанийн хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Шүүхэд энэ шаардлагыг гаргаснаас хойш хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж 599,800 төгрөг гаргуулъя гэсэн. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь сая өөрөө ч мөн тайлбарлаж байна. Тухайн үед компанийн тэмдгийг өгсөн ч та нар буцаагаад авсан гэж байна. Нөгөө талаар нэхэмжилж байгаа үнийн дүнг тогтоосон нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч тал үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Ямар байдлаар хүлээн зөвшөөрч байгаа вэ гэхээр Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах гэсэн шаардлагыг зөвшөөрч байгаа. Өмнө нь компанийг шилжүүлж авах боломж байсан ч тамганы асуудлаас болоод эвлэрч чадаагүй. Тийм учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Улсын бүртгэлд даалгахыг зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагчаас үндсэн нэхэмжлэгчид тухайн компанийн тамга тэмдэг байгаа. Компанийг буцааж өгч байгаа бол хуулийн этгээдийн тэмдгийг буцааж өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой өгсөн авснаа буцаах үүрэг үүсэж байгаа. Үүнтэй холбоотой бид тэмдгийг шууд захиалчихъя гэхээр хууль эрх зүйд тийм боломж байхгүй. Зарлуулж, хүчингүй болгуулж, торгууль төлж байж гаргуулах шаардлагатай болж байгаа юм. Тийм учраас үүнийг үндсэн нэхэмжлэгчээс гаргуулъя гэж байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор 2022 оны 12 сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, *******-******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор 99190807 дугаараас илгээсэн захиа, Өдрийн мэдээ ХХК-ийн Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 43 тоот тушаалын хавсралт, тамга, тэмдгийн зураг зэрэг баримтыг ирүүлсэн. /бүгд нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Н.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний үр дагавар буюу гэрээний дагуу шилжүүлсэн *******-******* ХХК-ийн улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгож улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тус гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн болохыг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Н.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус тул өгсөн авсан зүйлээ буцаах үндэслэлээр компанийн тамга, тэмдэг байхгүй гэж байгаа тул түүнийг дахин авахад гарах зардал болох 599,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэх тайлбар гаргасан болно.

4. Хэрэгт авагдсан 2022 оны 12 сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр *******-******* ХХК, өөрийн хөрөнгийн хэмжээ нь 10,444,400 төгрөг, 10444,4 ширхэг хувьцааг нэг бүрийг 1000 төгрөгөөр тооцож, нийт 10,444,400 төгрөгөөр худалдахаар тохирсон, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр, мөн компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хамт шилжихээр тохирчээ.

Талуудын тайлбараар бодит байдал дээр компанийн эрх болон компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн эрхийн хамт худалдахаар, гэрээний нийт үнийг 30,000,000 төгрөгөөр амаар тохирч гэрээний дагуу *******-******* ХХК-ийн захирлаар нэхэмжлэгч О.Хүүхэннэргүй бүртгэгдэж, улсын бүртгэлт 2023 оны 01 сарын 04-ний өдөр өөрчлөлт орсон, гэрээний үнэд 25,000,000 төгрөгийг О.Хүүхэннэргүй хариуцагч Н.*******д төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор дээр дурдсан гэрээ байгуулагдсан боловч эд хөрөнгийн эрхийг шилжүүлэлгүйгээр 2023 оны 11 сарын 08-ны өдөр Д.Гансүхэд 21,657,500 төгрөгөөр худалдан борлуулж, залилан 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Хариуцагч Н.******* нь 2024 оны 09 сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******т буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

5. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т: Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т: Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 57.2-т: Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Хариуцагч нь хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа боловч хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн *******-******* ХХК нь нэхэмжлэгч О.******* нэр дээр бүртгэгдсэн бүртгэл хүчинтэй байх тул энэхүү бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шаардлагын тухайд хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д: Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх үүрэгтэй байхаар заажээ.

Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулснаар хангагдах учиртай.

Иймд дээрх хуульд зааснаар 2023 оны 01 сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч О.Хүүхэннэргүйг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийг хүчингүй болгож, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

6. Хариуцагч Н.******* нь компанийн тэмдгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тэмдэг дахин авахад гарах зардал болох 599,800 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр Компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа компанийн тэмдгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, түүнээс хойш зээл авах, үйл ажиллагаанд компанийн тэмдэг хэрэгтэй байсан тул 2023 оны 02 дугаар сард тэмдгээ буцаан авсан, ...2023 оны 05 сард Г.*******т өгсөн. Түүнээс хойш аваагүй гэж тайлбарладаг болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...тэмдэг хэрэгтэй байна гэхээр нь Н.*******д өгсөн, түүнээс хойш аваагүй. Бид ямар ч үйл ажиллагаа огт явуулаагүй, тэмдгийг хэрэглээгүй... гэж тайлбарлаж байна.

Талуудын тайлбараас үзэхэд компанийн тэмдгийг нэхэмжлэгч тал авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талаас компанийн тэмдэг дахин авахад гарах зардал болох 599,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

8. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,461 төгрөг, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 322,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.4-т тус тус заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, *******-******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч О.Хүүхэннэргүйг бүртгэсэн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 588,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус зааснаар *******-******* ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,461 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 322,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Хүүхэннэргүйд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ОЮУНЦЭЦЭГ