2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01902

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13

 

 

 

 

 

192/ШШ2025/01902

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1********** давхарт байрлах, *********** ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****************** тоотод оршин суух хаягтай, Дорги овогт *************ийн ************ /РД:********/-д холбогдох,

 

Хэлцлээс татгалзсаны хохиролд 87,002,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *********, хариуцагч Б.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 561 дүгээр шийдвэрээр Б.************ ажилтныг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах гомдол гаргасны дагуу шүүхээс магадлал гарсан.

Тухайн үед 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Б.************ нь ажлаас чөлөөлөгдөхдөө өөрийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлтийг тавьсан. Тухайн үед талуудын хооронд хэлцэл байгуулагдсан байдаг. Энэ талаар 2024 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 561 дугаартай шүүхийн шийдвэр болон 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1782 дугаар магадлалд талуудын хооронд хуульд заасан хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэсэн байдаг.

Хэлцлээр ажиллаагүй байсан хугацааны цалинг бүтнээр олгож, илүү цагийг олгоно гэж, энэ талаар гомдол санал гаргахгүй гэж тохиролцож гарын үсэг зурж өргөдлөө бичсэн байдаг. Энэ талаарх баримтууд нь өмнөх хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хүчин төгөлдөр тогтоогдсон иргэний эрх зүйн харилцаа үүссэн баримтын талаар талууд маргах эрхгүй. Үүнийг үндэслэн ажил олгогчтой байгуулсан хэлцлийн хүрээнд ажилтныг халсан. Түүний дараа 3 ажилтныг ажилд авч ажиллуулсан, энэ 3 ажилтанд олгосон цалин хөлсийг хариуцагч Б.************ тухайн үед хийсэн хэлцлийг зөрчиж гомдол гаргахгүй гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол. Нийт нийлбэр дүнгээр 87,250,019 төгрөг болсон.

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн ******** хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлсийг 3,200,000 төгрөгөөр тохиролцож, ажилласан хугацааны цалин 21,576,189 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 22,550,674 төгрөг, аяллын цаг 2,988,096 төгрөг, шагнал урамшуулалд 3,320,065 төгрөг, хоолны нэмэгдэл 161,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 5,242,484 төгрөг, Нийт 55,837,508 төгрөгийг олгосон.

Үүний дараагаар иргэн ******** 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулаад цалин хөлсийг 4,258,000 төгрөг байхаар тохиролцож. Ажилсан хугацааны үндсэн цалин 5,869,047 төгрөг. Илүү цагны нэмэгдэл 7,513,393 төгрөг. Ажлын цаг 809,524 төгрөг, хоолны нэмэгдэл 40,000 төгрөг. Ээлжийн амралтын цалин 1,220,927 төгрөг буюу нийт 15,204,891 төгрөгийг ******** олгосон.

Иргэн ******* 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцож үндсэн цалин 6,678,571 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 10,169,644 төгрөг. Ажлын цагийг 1,110,905 төгрөг, хоолны нэмэгдэл 50,000 төгрөг. Нийт 17,910,120 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Б.************ хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс *********** ХХК-д 87,250,019 төгрөгийн хохирол учирсан тул энэхүү хохирлыг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Би 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр *********** ХХК-д анх ажилд орсон. 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр *********** ХХК нь намайг ажлаас үндэслэлгүй халсан. Дээд шүүхийн шийдвэрээр намайг үндэслэлгүйгээр халсан гэсэн шийдвэр гарсан. Энэ шүүх хуралдаан дээр мөн хэлцлийн талаар ярьж байсан. Ямар ч хэлцэл байгаагүй. Намайг ажлаас үндэслэлгүй халчхаад чи өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэж бичээд өг тэгвэл мөнгө өгье гэдэг зүйл яригдсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. 3 шатны шүүх шийдвэр гаргасан, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон. Шүүх дээр ямар ч хэлцэл хийсэн тухай баримт байхгүй, ямар ч тохиролцоо болоогүй.

Намайг ажлаас халсны дараа цалин, албан тушаалын нэршил нэмэгдсэн. Ажлаа зогсоохгүйн тулд 3 хүн авч ажиллуулсны төлөө надаас энэ 3 хүний цалинг нэхээд байгааг би ойлгохгүй байна. Энэ бол надад хамаагүй зүйл. Би өөрөө уурхай дээр ХАБЭА-ын хэлтэс ахалдаг байсан. Бүх ажил албан бичгээр явагддаг, энэ мөнгөн дүнгийн шилжүүлгийг гадаадын хөрөнгө оруулалттай том компани ямар ч бичиг баримтгүйгээр шилжүүлэхгүй. Гүйцэтгэх захирлын тушаал, санхүүгийн менежер гэсэн шат дараалалтай, гарын үсэгтэй компаниас хөрөнгө гардаг байх.

Яриад байгаа асуудлаар санал тавьсан, надад 11,480,831 төгрөг ч гэж хэлээгүй. 3 сарын цалинг, ээлжийн амралтын олговрыг чинь бүтнээр нь шийдээд олгоё гэсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй болохоор шүүхэд хандсан. Анхан, давах, дээд шүүхийн тогтоол, шийдвэр гарсан болохоор энэ асуудал нэгэнт шийдэгдсэн намайг эргүүлж ажилд авах ёстой гэдэг ойлголттой байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр тохиролцчихоод яагаад шүүхэд хандаад байгаа бэ гэдэг асуудлыг ярьж байсан, шүүхээс дүгнэлт хийгээд шийдчихсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд.

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтууд Улсын тэмдэгтийн хураамж 592,963 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, итгэмжлэлийн орчуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Н.********ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ******** ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, П.********ыг ажилд томилох тухай тушаал, ******** цалин хөлс олгосон тухай тодорхойлолт, гүйлгээ, цагийн бүртгэл, П.********т цалин хөлс олгосон тухай тодорхойлолт, гүйлгээ, цагийн бүртгэл, Н.********ад цалин хөлс олгосон тухай тодорхойлолт, гүйлгээ, цагийн бүртгэл, шүүхийн шийдвэрийн дагуу олгосон олговор, банкны дансны хуулга, задаргаа, итгэмжлэл, орчуулга.

 

3.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтууд Тайлбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *********** ГХОХХК-иас хариуцагч Б.************д холбогдуулан гаргасан хэлцлээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 87,002,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Хариуцагч ажлаас чөлөөлөгдөхдөө энэ талаар маргаан үүсгэхгүй гэсэн нөхцлөөр аман хэлцэл байгуулсан, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, татгалзсанаас байгууллагад хохирол учирсан тул хохирлыг шаардаж байгаа гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...Хэлцэл байгуулагдаагүй, тохиролцоо байхгүй, харин тавьсан саналыг эс зөвшөөрч ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд хандсан, тухайн ажлын байранд авсан ажилчдын цалин хөлсийг надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэж маргажээ.

 

3. Хариуцагч Б.************гээс нэхэмжлэгч *********** ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах агуулга бүхий үндсэн нэхэмжлэлийг, *********** ХХК-иас Б.************д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжиж зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон мөнгийг буцаан гаргуулах агуулга бүхий сөрөг шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч үндсэн нэхэмжлэлийг, мөн сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад сөрөг шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Харин нэг талаас хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгох талаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан, уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэлцлээсээ татгалзсанаас учирсан хохирлыг шаардана гэдэг, нөгөө талаас хэлцэл байгуулагдаагүй, хохирол учруулаагүй, хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцдэг.

 

4.1. Талуудын дээрх тайлбараас үзэхэд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үед аман хэлцэл байгуулсан, байгуулаагүй гэх үйл баримт маргааны зүйл болж байна.

 

4.2. Нэхэмжлэгч талаас ...талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан болох нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байгаа, хуульд заасны дагуу дахин нотлох шаардлагагүй, Шийдвэрийн 16 дугаар талын 12 дугаар хэсэгт харилцан зөвшилцлийн дагуу 11,048,831 төгрөг шилжүүлсэн гэж шүүхээс дүгнэсэн тул хэлцэл байгуулагдсан нь тогтоогдоно гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж байна гэдэг.

 

4.2.1. 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 561 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.************гийн нэхэмжлэлтэй *********** ГХОХХК-д холбогдох хөдөлмөрийн гэрээний үүрэгт холбогдох үндсэн болон сөрөг шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

*********** ГХОХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжиж, зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 11,048,831 төгрөгийг гаргуулах гэх сөрөг шаардлага гаргасныг шүүх хянаад

...12.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажлаагүй байж үндэслэлгүй хөрөнгөжсөн, харилцан зөвшилцлийн дагуу 11,048,831 төгрөгийг шилжүүлэн авсан боловч шүүхэд хандан маргаж байгаа тул... олгосон мөнгийг буцаан гаргуулна, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 8,268,831 төгрөг болгож багасгасан.

12.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай ямарваа нэг тохиролцоо хийгээгүй, зөвшилцөөгүй... үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж маргасан гэсэн шаардлага, татгалзлын талаар дурдаад

...12.4. Хэрэгт авагдсан цалингийн тооцоолол, урамшуулал олгосон баримт, гэрч ********ийн мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа ажлаагүй байж цалин, сахилгын шийтгэлтэй байж урамшуулал авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, ...буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

4.2.2. Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 782 дугаартай магадлалдаа ...шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа цалин хөлс авсан, сахилгын шийтгэлтэй атлаа урамшуулал авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж ...шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хариуцагчийн шаардах эрхийг зөв дүгнэсэн... гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан байна.

 

4.3. Дээр дурдсан 2 шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрээр талуудын хооронд хэлцэл, зөвшилцөл байгуулагдсан үйл баримтыг нотлогдоогүй гэж үзнэ. Энэ талаарх хариуцагч талын татгалзсан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар шүүхэд гаргаж өгөх үүрэгт буюу шаардлагад нийцсэн байна.

 

Тодруулбал шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээний харилцаа буюу ажил олгогч, ажилтан 2-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний эрх, үүрэг, хариуцлага, гэрээ цуцлах, дуусгавар болгох асуудлыг дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанчлан үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан тул буцаан шаардах эрхтэй гэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ...*********** ГХОХХК-иас цалин урамшуулал нэмж өгье, Б.************ нь ажлаас чөлөөлөгдсөн талаар шүүхэд маргаан үүсгэхгүй гэх агуулга бүхий хэлцэл байгуулагдсан гэх үйл баримтыг нотлохгүй бөгөөд харин ч талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэх хуулийн зохицуулалт, зарчимд тухайн шийдэл хамаарч байна.

 

4.4. Энэ талаарх үйл баримт, маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 49.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нотлогдсон үйл баримт болно.

 

4.5. Иймээс нэхэмжлэгч тал нь хэлцэл байгуулсан гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэх хэргийн оролцогчид хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хуульд заасан эрх, үүргийг шүүхээс танилцуулсан, хэрэгжүүлэхэд нь ямар нэг хязгаарлалт тавиагүй болохыг тэмдэглэж байна.

 

5. Нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *********** ГХОХХК, хариуцагч Б.************ нарын хооронд нэг талаас ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар маргаан үүсгэхгүй, нөгөө талаас ажлаагүй ч цалин, урамшуулал нэмж олгоё гэх тохиролцоо, хэлцэл бий болсон, аман гэрээ байгуулагдсан үйл баримт нотлогдоогүй тул гэрээний үүрэг хэрэгжүүлээгүй, гэрээнээс татгалзсан асуудлаас учрах үр дагавар, хохирлын асуудал үүсэх боломжгүй болно.

 

5.1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас ажлас халагдсан, чөлөөлөгдсөн асуудлаар маргаан үүсгэхгүй гэх аман хэлцэл байгуулагдсан гэх хэдий ч хариуцагч талын маргаан үүсгэж, улмаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг шүүх тогтоож байгаа нь хэлцэл байгуулагдаагүйг, тэдний тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүйг харуулж байгаа гэх тайлбар, татгалзлыг баримтаар үгүйсгээгүй, гэрээний тал гэх Б.************гийн хүсэл зоригийг нотолж чадаагүй тул хэлцэл байгуулагдсанд тооцох боломжгүй байна.

 

5.2. Талуудын хооронд хэлцэл байгуулагдсан бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх байсан. Гэтэл тэдний хооронд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар шүүхэд хандахгүй, маргаан үүсгэхгүй гэх тохиролцоо, хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгч гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс, эсхүл гэрээнээс татгалзснаас учирсан хохирол гэж бий болохгүй.

 

5.3. Иймээс хариуцагч Б.************д холбогдуулан гаргасан хэлцлээс татгалзсаны улмаас компанид учирсан хохирол буюу түүний албан тушаалд авч ажиллуулсан ажилтан Н.********, ***********, П.******** нарын цалин хөлс, шагнал урамшуулалд зарцуулсан 87,002,519 төгрөгийг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй, тухайн шаардлагыг түүнээс шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

6. Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж нэхэмжлэгч *********** ГХОХХК-иас хариуцагч Б.************д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 592,963 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.************д холбогдуулан гаргасан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, татгалзсанаас учирсан хохиролд 87,002,519 төгрөг гаргуулах тухай *********** ГХОХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 592,963 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

              

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.АМИН-ЭРДЭНЭ