| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00428/И |
| Дугаар | 192/ШШ2025/02035 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02035
| 2025 03 18 | 192/ШШ2025/02035 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ тоот хаягт оршин суух, Онгор галзууд овогт ************ийн ************ /РД: ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух Боржигон овогт ************ийн ************ /РД:*******/-д холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.************, түүний өмгөөлөгч *********, хариуцагчийн өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.************ нэхэмжлэлдээ:
...Миний бие Б.************тэй анх 2019 оны 10 дугаар сард танилцсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Э ********* төрүүлсэн. Б.************гийн эмээгийнд хамтдаа амьдрах болсон. Намайг найз нөхөдтэй минь байнга хардаж маргалдсан хэвээр хааяа гар хүрч зоддог байсан. Удаах охиноо тээж төрөхөд 2 сар дутуу байхад намайг дарамталж хэрүүл хийж хүчтэй түлхэж унагаасан. Үүнээс болж доошоо юм гарч хоёр дахь хүүхдээ хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин Э.********** төрсөн. Эмчид болон гэрийхэндээ зодуулсан талаараа хэлээгүй нуусан. Өөрийн аав, ээжийнхээ сэтгэлийг зовоохгүйг хичээж огт хэлэлгүй нууж сайн сайхан байгаа л гэж хэлдэг байсан.
2022 оны 08 дугаар сард бага охин ковид тусаад 103 түргэний машин ирэхэд л энэ айлаас Б.************гийн гараас 2 хүүхдээ аваад явах боломж олдсоныг мэдсэн. Хүүхдүүдтэйгээ Эх нялхасын эмнэлэгт хүргэгдэн ирээд өөрийн ээж болон Б.************гийн ээжид бүх үнэнээ хэлсэн. Б.************гийн ээж нь энийг овоо байгаад байгаа юмуу гэж бодсон чинь үгүй байж ээ гэж хэлсэн. Үүнээс хойш Б.************ надаас уучлалт гуйсаар байгаад Алтай хотхонд 3 сар байр түрээслэн амьдарсан. Дараа нь Жаргалан хотхонд хамаатныд нь 1 сар амьдарсан. Энэ олон байр сольж амьдрах хугацаанд мөн л дарамталсан хэвээр л байсан ба миний аав, ээж нар дуудаад чиний Америкт ажиллаад цуглуулсан мөнгөн дээр нь мөнгө нэмээд Коёо таун хотхонд байр авч өгнө гээд байр авсан ч 3 сар амьдарсан. Энд байхад намайг зодож эхэлсэн. Аав ээждээ хэлэх юм бол бүгдийг чинь ална гэж заналхийлдэг болсон. Ажлын эрэгтэй хүн болгонтой хардаж эхэлж толгой руу цохих, үсдэх, нүүр лүү алгадах цохих зэргээр зоддог болсон. Улмаар охиноо уйллаа гээд сүүний саваар нь цохьдог болсон. Дээрхи байдлуудыг маш их тэвчиж байсан ч эцэг эхээ, үр хүүхдээ бодоод хэлэхгүй маш их тэвчиж ирсэн.
Хөдөө амрахаар явж байгаад шаварт машин суусан гэдгээр далимдуулж -намайг, хүүхдүүдээ айлгаж дарамталж зодож эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сард
зугтааж аав, ээж дээрээ ирж дахин уулзаагүй. Намайг хүчирхийлж зоддог асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа болно.
Иймд охидыг минь эх Р.************ миний асрамжид үлдээж, эцэг Б.************гээс хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа:
...Тус шүүхэд нэхэмжлэгч Р.************ нь хариуцагч Б.************д холбогдуулан Хүүхдийн асрамжийг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.************ нь нэхэмжлэгч Р.************тай 2020 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр том охин Э.******* төрсөн, үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 02-ний өдөр бага охин Э.********** төрж 2 хүүхэдтэй болсон. Хариуцагч Б.************ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийг эх Р.************ын асрамжид үлдээж, хүүхдүүдээ асран тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тэтгэмж төлөхөөс татгалзах зүйлгүй болно. Харин хариуцагчийн зүгээс Унгар улсад ажиллаж амьдарч байгаа учраас Монгол Улсад ирэх хугацаандаа 7 хоногийн амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ уулзах боломжоор хангуулах хүсэлтэй байгаа болно гэв.
3. Талуудаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт
3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Гарден багачууд цэцэрлэгийн тодорхойлолт, Эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт.
3.2 Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Итгэмжлэл, хариу тайлбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.************аас хариуцагч Б.************д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Тэрээр шаардлагын үндэслэлээ ...гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамтран амьдрах боломжгүй болсон, хүүхдийн хувцас хэрэгсэл бусад зардал өссөн тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно, хүүхдүүдээ асрамжиндаа үлдээнэ гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор Р.************, Б.************ нарын хамтын амьдралын хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин ************гийн *******, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин ************гийн ********** нар төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь тогтоогдож байна.
4. Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэд хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрахгүйгээ илэрхийлсэн, хариуцагч Б.************ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж дээр маргахгүй, тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргадаг тул хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38, 40 дүгээр зүйлд заасантай нийцнэ.
5. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.************гээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
6. Хариуцагч талын ...эцэг хүний үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч талаас ямарваа нэг саад учруулахгүй байх, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзаж байх талаар шүүхийн шийдвэрт тусгах хүсэлтийг гаргасан хэдий ч талуудын хооронд энэ талаар маргаан үүсээгүй болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан зайлшгүй шийдвэрт тусгах шаардлагагүй, хэн аль нь хуулиар хүлээсэнн үүргээ хэрэгжүүлэх учиртай болохыг тэмдэглэж байна. Харин маргаан үүссэн тохиолдолд шүүхэд хандах эрх нээлттэй бөгөөд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.************ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ************гийн *******, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ************гийн ********** нарыг эх Р.************ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.*******, Э.********** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.************гээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.************гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.************д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ