Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0057

 

2018 оны 01 сарын 18 өдөр   

  Дугаар 221/МА2018/0057

Улаанбаатар хот

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                           захиргааны хэргийн тухай                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн. Тухайлбал, маргаан бүхий газрын зураг гэх хаанахын ямар газар нь мэдэгдэхгүй фото зургийг тухайн газрын зураг гэж үзсэн. Мөн тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн лавлагаагаар маргаан бүхий газар нь Улсын тусгай хамгаалалттай газар буюу Тосон хулстайн байгалийн нөөц газартай бүтэн давхцалтай гэдэг нь батлагдаж байхад шүүх үүнийг үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж шийдвэрээ гаргасан нь хууль тогтоомжийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т “хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээж” болно гэсэн заалтыг ашиглаж “А” ХХК-ийг тус газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж болно гэж дүгнэсэн байна. Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд явуулж болох үйл ажиллагааг байгалийн нөөц газрынхтай андуурч буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхэлж болно” гэсэн ганцхан зөвшөөрөл байдаг.

Иймд нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хууль тогтоомжийг илтэд буруу хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Бэрх-Уул” ХХК-ийн эзэмшиж байсан Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Тохой булаг нэртэй 218.81 гектар талбай бүхий MV000167 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр “А” ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.

“А” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24/16 дугаар албан бичгээр хариуцагч байгууллагад хандсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06а/2927 дугаар албан бичгээр “...тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай бүрэн давхцалтай” гэх үндэслэлээр Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгчээс “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Бэрх-Уул” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үед гаргасан овоолгын алтны нөөцийг тодорхойлон, алтны үүсмэл ордыг ашиглаж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах зорилготойгоор тус ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан ба Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Менежментийн төлөвлөгөөг батлуулж чадахгүй байгаагаас болж тухайн зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна” гэж, хариуцагч “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн дээрх үнэлгээ болон төлөвлөгөөг батлах боломжгүй” хэмээн тус тус тайлбарлан маргажээ.

Ашигт малтмалын ашиглалтын MV000167 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болох нь Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан үйл ажиллагаа явуулахыг хориглосон газарт хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, 19 дүгээр зүйлд “Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх ашигт малтмалын талбай байрлах газрыг дархан цаазат газарт хамааруулж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн “...шүүх дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд явуулж болох үйл ажиллагааг байгалийн нөөц газрынхтай андуурч хууль буруу хэрэглэсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт”-ыг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөлд хавсаргана гэж заасан бөгөөд нөхөн сэргээлт хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй байхад анхан шатны шүүх ““Бэрх Уул” ХХК нь 1997-2014 оны хооронд MV-000167 дугаартай тусгай зөвшөөрлийг ашиглаж, нөөц дууссан тул тус газарт нөхөн сэргээлт хийлгэхээр нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-д шилжүүлсэн” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн ба “Бэрх Уул” ХХК тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 222 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь менежментийн төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүртэл ашигт малтмалыг ашиглаж дууссан тохиолдолд тухайн газрыг нөхөн сэргээх үүрэгтэй байхад нөхөн сэргээлтийг үүсмэл ордыг ашиглаж, түүнээс ашиг олон нөхөн сэргээлт хийх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарах газрыг Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт хамааруулж тусгай хамгаалалтад авсан бөгөөд ““Бэрх Уул” ХХК-ийн үйл ажиллагааг хориглоогүй байснаас үзэхэд тогтоолыг анхнаасаа хэрэгжүүлж ажиллаагүй” гэх шүүхийн дүгнэлт хууль дээдлэх зарчимд нийцээгүй байхын зэрэгцээ өмнө нь холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй нь өнөөдөр зөвшөөрөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч байгууллага байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь буруутгах үндэслэлд хамаарахгүй юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар ““байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох”-ыг ойлгоно.

Үүнээс үзвэл нэгэнт байгалийн нөөц газарт ашигт малтмал олборлохыг хуулиар хориглосон, нэхэмжлэгч компани үүсмэл орд ашиглан байгалийг нөхөн сэргээх нэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөг батлуулах хуульд заасан нөхцөл болзлыг хангаагүй гэж үзнэ.  

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д ““үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг”, 4.1.28-д ““үүсмэл орд ашиглах” гэж олборлолт, боловсруулалт баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг”, 26 дугаар зүйлийн 26.11-д “Энэ хуулийн 26.10-д гэрээ, үүсмэл ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгоно” гэсэн заалтууд нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдэж,  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдсөн ба уг хуулийн зохицуулалт үйлчилж эхлээгүй байхад буюу 2014 онд “А” ХХК нь үүсмэл орд ашиглах зорилгоор тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV-000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасныг    баримтлан   “А” ХХК-ийн   Байгаль   орчин,   аялал   жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА