Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0135

 

2025 02 17 128/ШШ2025/0135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК, РД:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. нарын хоорондын  ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн 7 дох жилийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан зохих бичиг баримтын бүрдүүлбэрийг хангах явцад Байгаль орчны төлөвлөгөө батлуулах тухай манай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* албан хүсэлтээр хүргүүлсэн тайланг сумын Байгаль хамгаалагч, Засаг даргын зүгээс батлах талаар мэдэгдэл өгсөнгүй, иймд уг асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах болсон тул эрх бүхий байгууллагаас манай гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

1.2. Уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар ... сунгаж шийдвэрлэхээр хуульчилсан ба ковидын нөхцөл байдал, хөл хорионы үед манай газрын зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг бүртгэж байсан. Танай компани өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн сумын ******* ******* нэртэй 366.9 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт матмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

1.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан Өмнөговь аймгийн сумын Засаг дарга нь ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд баталж өгөөгүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө сунгах өргөдлийг гаргаж чадаагүй, Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдуулан 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахыг даалгах нэхэмжлэлийг тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжуудаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд манай сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэн 3 жилийн хугацаатайгаар сунгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг, өргөдлийн хамт гаргажээ.

1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бана. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдлыг гаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариу хүргүүлсэн байна.

1.5. ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасныг 2 удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сунгах өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах гэж сүүлийн байдлаар тодруулсан.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Өмнөговь аймгийн сумын Засаг дарга нь ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38.3-т заасан хугацаанд баталж өгөөгүйгээс болж уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө сунгах өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар гаргаж чадаагүй.

ХХК нь 2 удаа дараалан Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдуулан 2 удаа 2023 оны 05 дугаар сард байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлж ажилласан талаарх тодорхойлолт болон 7 дугаар маягтыг гаргаж өгөх болон 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахыг даалгах нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08-р сарын 28-ны өдрийг 120/ШШ2023/ дугаартай захирамжаар тахлуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэдийгээр эвлэрсэн ч Засаг дарга 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүй тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг тэрээр зөвшөөрсөн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн 120/ШЗ2024/ дугаартай захирамж гарсан.

Нэхэмжлэгч нь эдгээр шүүхийн захирамжууд хуулийн хүчин төгөлдөр болсон даруй Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт болон сунгах өргөдлийг хянаж үзээд тус хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоо албан бичгээр ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53.1-т зааснаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн тул танай сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахаас татгалзсан нь энэ зүйлд заасан бичгээр гаргасан захиргааны актад хамаарна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53.1.3-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заасан бөгөөд мөн хуулийн 56.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.5-д заасныг баримтлан ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухай захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгуулж хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авах тухай гомдлыг тус компанийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XВ- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээж авахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн сумын нутагт орших ******* ******* нэртэй 366.90 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг ХХК-нд анх олгосон байна.

Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай ******* дүгээр шийдвэрээр ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж хавсралтад бичиж тэмдэглэсэн байна.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан.

Хуулийн дээрх шаардлагын дагуу ХХК нь өөрийн эзэмшиж буй ашиг малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа хангаж ажиллахаа мэдэгдэж ХХК нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэтэл ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн байна. Иймд кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хууль бус гэж үндэслэлгүй байна.

ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Кадастрын хэлтсийн даргад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг хянан үзээд мөн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдлыг гаргаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн байна.

Тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаар албан бичгээр гомдол гаргасныг хянан үзээд мөн даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул ... хянан үзэх боломжгүй гэж хариу хүргүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч  ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг анх 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасныг 2 удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгож, ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан, өргөдлийг хугацаа хэтрүүлж гаргасан шалтгаан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан шалтгаанаар хуульд заасан хугацаанд гаргаагүйг тогтоосон шүүхийн захирамжуудыг шүүхэд гаргасан, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлт, сунгах өргөдлийг хянаж үзээд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр ... 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн тул сунгах өргөдлийг хүлээж авахаас хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ХХК нь Өмнөговь аймгийн сум, ******* ******* нэртэй газар орших 366.90 гектар талбай бүхий ашигт малтмалын XV- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

5. Маргааны үйл баримтын тухайд:

5.1. ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан зохих бичиг баримтын бүрдүүлбэрийг хангах явцад Байгаль орчны төлөвлөгөө батлуулах тухай манай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* албан хүсэлтээр хүргүүлсэн тайланг сумын Байгаль хамгаалагч, Засаг даргын зүгээс батлах талаар мэдэгдэл өгсөнгүй, иймд уг асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах болсон тул эрх бүхий байгууллагаас манай гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

5.2. Уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ... Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар ... сунгаж шийдвэрлэхээр хуульчилсан ба ковидын нөхцөл байдал, хөл хорионы үед манай газрын зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг бүртгэж байсан. Танай компани өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн сумын ******* ******* нэртэй 366.9 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт матмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

5.3. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад хандан Өмнөговь аймгийн сумын Засаг дарга нь ХХК-ийн эзэмшлийн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд баталж өгөөгүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дотор буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө сунгах өргөдлийг гаргаж чадаагүй, Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдуулан 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахыг даалгах нэхэмжлэлийг тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай захирамж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай захирамжуудаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд манай сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэн 3 жилийн хугацаатайгаар сунгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг, өргөдлийн хамт гаргажээ.

5.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдлыг гаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариу хүргүүлсэн байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах-аар зохицуулж, хавсаргах баримтуудыг хуулийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан.

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаар тодорхойлолтод нэхэмжлэгчийг Жилийн төлөвлөгөөг 2022 онд хянуулсан, 2023, 2024 онд ирүүлээгүй, Жилийн тайлан хянуулсан байдлыг 2022 онд хянуулсан, 2022, 2023 онд ирүүлээгүй, Геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажсан эсэх 2021 онд баталгаажуулсан, 2022, 2023 онд баталгаажуулаагүй гэж тус тус дурдсан.

8. Нэхэмжлэгчээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх тухайд:

8.1.Нэхэмжлэгчийн хайгуулын XV-020286 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх агуулгаар хандаж байсан,

8.2. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичигт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар ... сунгаж шийдвэрлэхээр хуульчилсан ба ковидын нөхцөл байдал, хөл хорионы үед манай газрын зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг бүртгэж байсан. Танай компани өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XB- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт матмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэж,

8.3. Нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн сумын Засаг даргад холбогдуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос 1 жилийн дараа гаргасан нэхэмжлэл,

8.4. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаар, мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

9. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаа буюу 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бичгээр гаргаж, өргөдлийн бүрдэл дутуу бүрдүүлсэн тайлбар, баримтыг хавсралтаар ирүүлсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой байжээ.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж, 11.2-т Төрийн захиргааны байгууллагын ..., кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ гэж тус тус зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийг ... нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байх тул сунгуулах өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай хариу өгсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

11. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч компани нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, захиргааны байгууллагад хүргүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын системд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн байх тул XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй.

12. Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй ... мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж шийдвэрлэсэн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзнэ.

13. Дээрх үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад гаргах өргөдлийн бүрдлийг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот албан бичгийг хүчингүй болгож, ХХК-ийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР