| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0215/З |
| Дугаар | 128/ШШ2025/0139 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0139
2025 02 18 128/ШШ2025/0139
МОНГОЛ /УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: т ХХК /РД:/,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газар,
Гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хоорондын маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Н. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч т ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгож, ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч т ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг даалгах гэж ихэсгэж, тодруулсан.
2.3. Нэхэмжлэгч т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо орчмын гэр хорооллын цэвэр усны ф100/250мм-ийн 1466 метр шугамын барилга угсралтын ажил, № С-ДБ ******* дугаартай ажлыг хийхээр ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан байна.
2.4. Уг гэрээний дагуу гадна дулаан, цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн бөгөөд уг актад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1 дүгээр хэлхээний цэвэр усны 125 м, 2 дугаар хэлхээний 446 м цэвэр усан хангамжийн шугам гэж бичигджээ.
2.5. Улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр ...манай компани 446*3=1338 м цэвэр усан хангамжийн шугамыг Улсын комисст хүлээлгэн өгснийг тодорхойлж өгнө үү гэж Хот байгуулалт, хөгжлийн газарт хандахад, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр ... Архивын ыг үзэхэд гадна шугам сүлжээний ажлын төсөв, гүйцэтгэлийн ажлын зураг, гүйцэтгэлийн төсөв, санхүүжилтийн холбогдох байхгүй байгаа нь тус ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсон эсэх, үүсээд байгаа маргааны тоо хэмжээг нягталж харах боломжгүй байна. Иймд тус ажлын явцын талаах мэдээллийг захиалагчийн хяналт гүйцэтгэсэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм гэх хариуг өгсөн байна.
2.6. Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...Тухайн төсөл, арга хэмжээний угсралтын ажлыг ХХК-ийн боловсруулсан ТШ- дугаартай зураг төслийн дагуу хоёрдугаар хэлхээний цэвэр ус хангамж болгон хэрэгцээний халуун хүйтэн ус хангамжийн шугам сүлжээ буюу ф100 мм-ийн голчтой 83 метр, ф150 мм-ийн голчтой 514 метр, ф200 мм-ийн голчтой 695 метр, ф250 мм-ийн голчтой 46 метр шугам буюу нийт 3 хос 1338 метр шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн ... гэж, мөн Хот байгуулалт хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр ...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-ын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад хавсралтаар орсон инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураг, далд ажлын актаас харахад дулааны сувагт 5 хос шугамын угсралтын ажил хийгдсэн байна гэж тус тус дурдан нэхэмжлэгчид хүргүүлжээ.
2.7. Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/ дугаар шийдвэрээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
2.8. Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрыг, гуравдагч этгээдээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг тус тус татан оролцуулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Улсын комиссын актад ... Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1 дүгээр хэлхээний цэвэр усны 125 метр, 2 дугаар хэлхээний 446 метр цэвэр усан хангамжийн шугам гэдэгт ф100-ф250 мм голчтой, хэрэглээний халуун усны 446 метр хүйтэн усны 446 метр шугам, халуун эргэлтийн 446 метр шугам гэсэн 3 салангид шугам буюу 1338 метр урттай цэвэр усны шугамын ажил хийж гүйцэтгэсэн нь хэн ч харсан тодорхой байхаар бичигдсэн байх ёстой байтал ийнхүү 446 метр шугам гэж илэрхий алдаатай бичигдсэний улмаас нэхэмжлэгч компанийн хувьд бусдад төлбөр төлөх үр дагаварт хүргэж, түүнийгээ залруулж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болно.
Тодруулбал, үүний улмаас төслийн удирдагч ******* ХХК нь мэдэн будилж, шүүхэд худал мэдээлэл өгч, 254.239.965 төгрөгийн санхүүжилтийг давхардуулж авсан мэтээр гүтгэж, буруутган шүүхэд хандсан байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Улсын комиссын актад ф100-ф250 мм голчтой, 446 метр, 3 хос шугам багтаж байгааг тодорхой харагдахаар тусгах ёстой байсан ба гэтэл актад бичихдээ нийтэд нь зүгээр л 1 ширхэг 446 метр шугамын ажил хийсэн мэтээр тусгасан, гэтэл улсын төсвөөс №100-ф250 мм голчтой, 446 метр, 3 хос шугамын ажил хийж гүйцэтгэсэн нь үнэн байна гээд түүнд тохирсон санхүүжилтийг олгосон байгаагаас үзэхэд уг актын 1.1, 2.1 дэх заалтуудад утга агуулгын илэрхий алдаа гарсан гэж үзэх бүрэн боломжтой байна.
Гэтэл тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран оролцсон, төслийн удирдагч гэх ******* ХХК-аас мэдэн будилж, 446 метр шугамын ажил гүйцэтгэчхээд 1338 метр шугамын төлбөр авсан мэтээр шүүхэд худал мэдээлэл өгч 254.239.965 төгрөгийн санхүүжилтийг давхардуулж авсан тул буцаан олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэрийг гаргуулж, улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр баталж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот, Улсын комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж утга агуулгын илэрхий алдаатай тусгасны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирч байна.
Тэгэхээр нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү алдаатай захиргааны актын улмаас шударгаар хөдөлмөр эрхлэх эрх, хийсэн ажлаа шударгаар үнэлүүлэх эрх, хийсэн ажилдаа тохирсон цалин, хөлс авах эрх, шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд хандах эрхүүд маань зөрчигдөхийн зэрэгцээ уг алдаатай актын улмаас шүүхийн шийдвэрийн дагуу бусдад үндэслэлгүйгээр төлбөр төлөхөд хүрч байгаа компанийн хууль ёсны дагуу авсан ашиг орлогоо алдахад хүрч, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна.
Цаашлаад ийнхүү тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулснаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн хувьд хууль бусаар, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөхөөр болсон төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт зааснаар дээрх алдаатай гарсан захиргааны актад үндэслэж гарсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах нөхцөл боломж олдох тул шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд хандах эрхүүд маань сэргэх үр дагавартай болно.
Нэхэмжлэгч компанийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хандан дээрх улсын комиссын акт 446 метр цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурдсан нь тодорхой үр дагаврыг бий болгож байх тул түүнд өөрчлөлтийг оруулж, 1338 метр цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тусгаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Хууль зүйн хувьд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байх ба мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасныг зөрчиж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, зохицуулал, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогч этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй гэж тус тус зөвтгөж өгөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байгаа болно.
Түүнчлэн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж заасны дагуу 2 дугаар хэлхээний 446 метр гэсний оронд ф100мм-ф250мм голчтой, 446 метр, 3 хос гэж улсын комиссын дүгнэлт тусгаж, ашиглалтад хүлээж авах ёстой байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шугамын нийт уртаар буюу 446 метр гээд трассын уртаар тавьсан нь зөв гэдэг байр суурийг хариуцагч нараас илэрхийлдэг. Хариуцагч болоод гуравдагч этгээд захиалагч байгууллагатай байгуулсан гэрээнд 446 метр шугам биш 1338 метр урттай шугам гүйцэтгэнэ гээд заасан. Гэрээний дагуу ажлыг хийгээд комисс хүлээж авахад трассын буюу 446 метр болгоод багасгаад хүлээж авч байгаа нь үндэслэлгүй юм. Тэгээд 446 гээд тоо бичигдсэн нь тийм илэрхий алдаа гэж үзэхээргүй байна гэж хариуцагч тайлбарлаад байгаа юм. Энэ нь бодит хийсэн ажилтай тохирохгүй байгаа учраас илэрхий алдаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 446-г салаа утгагүй гэх боловч бодитоор хийсэн ажлыг багасгаад бичсэн нөхцөл байдал үүсгэсэн харагдахаар захиргааны акт байгаа нь илэрхий алдаа гэж үзэж байгаа. Захиргааны хуульд зааснаар бодитоор ямар ажил хийсэн тэр л цаасан дээр буух ёстой гэдгийг хуульд тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр хуулийг зөрчөөд бодит байдлаар хийсэн ажлыг багасгаад тусгасан нь хуульд нийцэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлтэй. 2016 онд өөрсдөө комиссын бүрэлдэхүүнд ороод хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэх талаар өмнө нь тайлбар гаргасан. Тухайн үед хэдий ингэж бичигдсэн боловч 1338 м.кв-аараа ажлын хөлсөө аваад, хүлээж аваад ашиглаад одоо хүртэл явж байгаа учраас маргах үндэслэлгүй байсан. Сүүлд шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх үндэслэл болсон нотлох баримтаар үнэлэгдээд байгаа учраас илэрхий алдааг засах шаардлагатай гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын зүгээс улсын комисс ажиллах асуудлыг хариуцдаг болсон гэдэг үүднээс хариуцахаар татагдсан. Тухайн үед нэхэмжлэгч компани хандахад захиалагчийн хүсэлт шаардлагатай гэдэг агуулгаар хариу өгсөн байна. Захиалагч буюу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар засъя, хамтарч ажиллая гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Түүний дагуу ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр гараагүй гэдгээ тайлбарлаж байна. Тэгэхээр хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэх байр суурийг үгүйсгэж байна. Тэгэхээр энэ хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс хандсан байна энэний дагуу шийдвэрлээгүй байгаа учраас зөвтгөж оруулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
Гурав. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна инженерийн хангамжийн шугамын угсралтын ажлыг ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу т ХХК хийж гүйцэтгэсэн байдаг. Хөрөнгө оруулалтын газрын т ХХК-д хүргүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр 3 хос шугам тавьсан тус бүрдээ нийт 1338 метр урт сүлжээний угсралтын ажил хийгдсэн талаар тодорхой хариуг хүргүүлсэн байдаг. Хуучин нэрээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад хавсралтаар орсон инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураг далд ажлын актаас харахад дулааны 5 хос шугамын угсралтын ажил хийгдсэн байдаг. Улсын комиссын 2016 оны тоот актад 2 дугаар хэлхээний 446 метр усан хангамжийн шугам гэж заасан болохоор нийт тавигдсан шугамын нийт уртын хэмжээ мөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэхээр нийт шугамын уртыг захиргааны акт дээр тавьсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3.2. Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад 1 шугамын уртаар 446 метр гэж бичсэнийг 3 хос 1338 метр гэж засаж өгөхийг хүссэн агуулга бүхий албан бичгийг тус газарт ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзээд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах гэх захиалагчийн чиг үүргийн дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ээс тус байгууллагад хүсэлтийг ирүүлэх талаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.
Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар комиссын бүрэлдэхүүнд захиалагч болон гүйцэтгэгч нар хамаардаг бөгөөд маргаан бүхий актаас үзэхэд ХХК нь 1 шугамын уртаар 446 метр гэж бичсэнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу комиссын актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоовол гарсан цагаасаа эхлэн хүчингүй байх эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл нь хууль бус татгалзал, эс үйлдэхүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар:
4.1. Гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо орчмын гэр хорооллын цэвэр усны ф100/250мм-ийн 1466 метр шугамын барилга угсралтын ажил, № С-ДБ-Б ******* дугаартай ажлыг ******* ХХК болон т ХХК хоорондын түншлэлээр хийж гүйцэтгэхээр 763.131.079 /долоон зуун сая нэг зуун гучин нэгэн мянга далан ес/-ийн төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан.
Тухайн төсөл арга хэмжээний угсралтын ажлыг өргөө ХХК-ийн боловсруулсан ТШ- дугаартай зураг төслийн дагуу нэгдүгээр хэлхээний 125 метр шугам, хоёрдугаар хэлхээний цэвэр усны шугам /У1/ ф250 мм-ийн голчтой 46 метр, ф200 мм-ийн голчтой 400 метр бүгд 446 метр, хэрэгцээний халуун усны өгөх шугам буюу /Д3/ ф200 мм-ийн голчтой 295 метр, ф150 мм-ийн ф151 метр бүгд 446 метр, хэрэгцээний халуун усны буцах шугам буюу /Д4/ 446*3 хос 1338 метр цэвэр усан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн тул 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн № дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу талбайд угсарсан шугам сүлжээний санхүүжилтийг захиалагч байгууллагын зүгээс хянан баталгаажуулсан болно гэжээ.
4.1. Гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэц инженерийн байгууламжийг т болон ******* холдинг ХХК-д хамтран түншлэлээр тухайн ажлыг хийсэн. Захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын зүгээс захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажилласан. Тухайн төсөл арга хэмжээний санхүүжилтийг тухай бүрд нь олгож байсан гэв.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
5.1. Иргэдийн төлөөлөгч Б. дүгнэлтдээ: Миний бодлоор дулааны шугамыг 446 метр урттай 3 хос шугам гэж залруулах саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч т ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ холбогдуулан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх гаргасан.
3. Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч т ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгож, ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотойгоор хамтран хариуцагчаар Нийслэлийн Хяналт, шалгалтын газрыг тус тус татан оролцуулсан.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын тайлбартай холбоотойгоор тухайн хүсэлтээсээ татгалзсан болно.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо орчмын гэр хорооллын цэвэр усны ф100/250мм-ийн 1466 метр шугамын барилга угсралтын ажил, № С-ДБ ******* дугаартай ажлыг хийхээр ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан байна.
8. Улмаар дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар актын 1.1-д Барилга байгууламжийн нэр, байршил, хүчин чадал гээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам гэж, 2.1-д Энэхүү Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн зураг гэж тус тус бичигдсэн үйл баримт тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгчийн гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
9.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно, 3.1.6-д цэвэр ус дамжуулах шугам гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж тус тус заасан.
9.2. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн цэвэр усан хангамж, гадна дулааны шугамын гүйцэтгэлийн зураг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2023 оны ******* дугаар албан бичиг, фото зураг, Техникийн зөвлөлийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тэмдэглэл, мөн талуудаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас нэхэмжлэгч компани нь цэвэр ус хангамжийн 1 бүр нь 446 метрийн хэмжээтэй 3 хос шугамыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
9.3. Гэтэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актын 1.1, 2.1 дэх заалтуудад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1 дүгээр хэлхээний цэвэр усны 125м, 2 дугаар хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам гэж зөвхөн нэг шугамын хэмжээгээр бичигдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт байна.
9.4. Дээр дурдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан цэвэр ус дамжуулах шугам гэдэгт тухайн цэвэр усны нэг шугамыг ойлгох бөгөөд хийж гүйцэтгэсэн шугам тус бүрийн хэмжээг актад дурдаж, бичээгүй нь илт хууль бус болох нь тогтоогдож байх бөгөөд, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчигджээ.
9.5. Иймд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 м цэвэр усан хангамжийн шугам гэж тусгасныг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.6. Түүнчлэн, шүүх хуралдаанд талуудын зүгээс нэхэмжлэгч компанийг 1 бүр 446 метрийн хэмжээтэй 3 хос цэвэр усны хангамжийн шугам-ыг хийж гүйцэтгэсэн үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ихэсгэж, тодруулсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актын 1.1, 2.1 дэх заалтуудад ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг даалгах шаардлагын тухайд:
10.1. Монгол Улсын Ерөнхий сайдын 32 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай ******* дугаар захирамжаар 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт шилжсэн.
10.2. Дээрх байдлаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч т ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусган залруулах хүсэлтийг Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын даргад гаргажээ.
10.3. Дээрх албан бичгийн хариуд Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Хариу албан бичгээр ... Тухайн ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас нийт 3 хос 1338м шугам сүлжээний угсралтыг хянан баталгаажуулсан тухай хариуг танай байгууллагад өгсөн байна. Иймд Барилгын тухай хуулийн 37.1.16. барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах гэж заасан захиалагчийн чиг үүргийн дагуу тухайн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын холбогдох баримт бичгийн бүрдлийг хангуулж хавсарган захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байгууллагаас хүсэлтийг ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэж,
мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо ын орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр тус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, нэгдүгээр хэлхээний цэвэр усны шугам 125 м, хоёрдугаар хэлхээнд 446 метр тус тус угсрагдаж, нийт 3 хос 1338 метр цэвэр ус болон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай актыг баталгаажуулсан байна. Гэвч тухайн актад шугам сүлжээний тоо хэмжээг зөрүүтэй тусгасан, тоо хэмжээг бодитоор тогтоолгох асуудал байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилуулж, шинжилгээний байгууллагаар тогтоолгон шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж татгалзсан хариу өгсөн байна.
10.4. Мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Хамтран ажиллах тухай албан бичигт ... Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо ын орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, нэгдүгээр хэлхээний цэвэр усны шугам 125 метр, хоёрдугаар хэлхээнд 446 метр тус тус угсрагдаж, нийт 3 хос 1338 метр цэвэр ус болон хэрэгцээний халуун усны шугамын ажил гүйцэтгэсэн боловч барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай актад тоо хэмжээг зөрүүтэйгээр тусган баталгаажуулсан байна. Иймд дээрх комиссын актад хэрэгцээний халуун усны шугамын тоо хэмжээг хийгдсэн 892 метр дүнгээр өөрчлөлт оруулах гүйцэтгэгч компанийн ирүүлсэн хүсэлтийг судалж шийдвэрлэн хамтарч ажиллана уу гэж дурдан Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт хүргүүлжээ.
10.5. Ийнхүү нэхэмжлэгч т ХХК болон гуравдагч этгээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн Хяналт шалгалтын газарт хандан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусган залруулах агуулгаар хүсэлт, хамтран ажиллах бичгийг тус тус хүргүүлсэн боловч тухайн асуудлыг шийдвэрлээгүй байна.
10.6. Шүүхээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот, комиссын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тус актын 1.1, 2.1 дэх заалтуудад ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэхээр байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.ын гаргасан миний бодлоор дулааны шугамыг 446 метр урттай 3 хос шугам гэж залруулах саналтай байна гэх дүгнэлт нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээр дэмжигдэж байгаа болохыг тэмдэглэж байна.
12. Иймд дээрх үндэслэлээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актын актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг хууль бус болохыг тогтоож, ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгаж шийдвэрлэлээ.
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актын 1.1, 2.1 дэх заалтуудад 2 дугаар хэлхээний 446 метр гэж тусгасныг хууль бус болохыг тогтоож, ф100мм-250мм голчтой, 446 метр, 3 хос гэж зөвтгөж тусгахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, шүүхийн шийдвэр биелсэнд тооцохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН