| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00063/И |
| Дугаар | 315/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1989 оны 01 дүгээр сард Сүхбаатарын зам сонины хэвлэх үйлдвэрт бичээчээр ажилд орсон. 1991 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа авсан. Энэ үед Сүхбаатарын зам сонины хэвлэх үйлдвэр бүтцийн өөрчлөлтөд орж Сүхбаатарын зам сонины газар, Хэвлэх үйлдвэр гэсэн хоёр тусдаа байгууллага болсон. Би 1992 оны 05 дугаар сараас эхлэн Хэвлэх үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орж 1992 оныг дуустал ажиллаад буцаад жирэмсний амралтаа авсан. Иймд миний 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар зам сонины хэвлэх үйлдвэрт бичээч, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал Хэвлэх үйлдвэрт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11/57 дугаартай тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11/83 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатарын зам сонины хариуцлагатай эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай шийдвэр, Сүхбаатарын зам сонины хариуцлагатай эрхлэгч, үйлдвэрийн даргын 1990 он 07 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн хэвлэх үйлдвэрийн даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаартай, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай тушаалуудын хуулбар, Г.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.*******ын охин Г.Оюунгэрэл, хүү Г.Баянмөнх нарын төрсний гэрчилгээнүүд хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь Сүхбаатарын зам сонины үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бичээч, Хэвлэх үйлдвэрт 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Г.******* нь Сүхбаатарын зам сонины үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр, Сүхбаатар аймгийн Хэвлэх үйлдвэрт 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11/83 дугаартай *******, Г.******* нэртэй 1989-1992 онуудын цалигийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатарын зам сонины үйлдвэрийн 1989 оны 04 дугаартай Г.*******ыг ажилд томилсон тушаал, 1989 оны 88 дугаартай, 1990 оны 47 дугаартай ээлжийн амралт олгосон тушаалууд (хх-8-16х),
5. Гэрч *******ийн: Г.******* 1989 оны эхээр Сүхбаатар аймгийн Сүхбаатарын зам сонины хэвлэх үйлдвэрт бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон. Би аж ахуйн эрхлэгчээр 13 жил ажилласан. Г.******* бид хоёр нэг өрөөнд хамт суудаг байсан. 1992 онд хувьчлал болж Сүхбаатарын зам сонин, хэвлэх үйлдвэр, Хүлэг ХХК болсон. Би тэгээд ажлаасаа гарсан. Намайг ажлаасаа гарахад Г.******* ажлаа хийгээд үлдсэн. Тухайн үед Г.******* нялх хүүхэдтэй байсан. 1993 оны үед таарахад Сүхбаатар аймгийн Сүхбаатарын зам сонины хэвлэх үйлдвэрт үйлчлэгчийн ажил хийж байгаа гэж байсан. Хэдэн оныг дуустал ажилласныг бол мэдэхгүй байна. Намайг 1992 оны 04 дүгээр сард ажлаасаа гарахад бичээч, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаа хийгээд үлдсэн. Тиймээс дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. гэх мэдүүлэг (хх-29х),
6. Гэрч *******ын: Г.******* 1989 оны эхэн үеэс Сүхбаатар аймгийн Сүхбаатарын зам сонины үйлдвэрт бичиг хэрэг, бичээчээр ажилд орж байсан. Г.******* сонинд хэвлэх материалыг бичгийн машинаар цохидог, ирсэн, явуулсан бичгийг бүртгэж, хариу явуулдаг ажил хийдэг байсан. Энэ хугацааны дундуур жирэмсний амралт авч байсан. Гэхдээ би оронд нь өөр хүн аваагүй. Би тухайн үед Сүхбаатарын зам сонины үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Би 1992 оны 04 дүгээр сарын 15-нд ажлаасаа халагдаж байсан. Намайг ажлаас гарахад Г.******* бичээчийн ажлаа хийж байсан. Би Г.*******ын ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Намайг ажлаас гарснаас хойш хэдий хугацааг хүртэл ажилласныг бол мэдэхгүй. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-30х)
7. Иймд Г.*******ын Сүхбаатарын зам сонины үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр, Сүхбаатар аймгийн Хэвлэх үйлдвэрт 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1992 оны 11, 12 дугаар саруудад ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх боломжгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатарын зам сонины үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бичээчээр, Сүхбаатар аймгийн Хэвлэх үйлдвэрт 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.******* нь 1992 оны 11, 12 дугаар саруудад ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА