Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00121

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн ...-р гудамжны ... тоотод оршин суух, *******ий *******, 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал Мөнххаан сумын Гаймшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад бичиг баримтаа гээгдүүлсэн тул энэ ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн. Миний бие 8-р ангиа төгсөөд мал маллаж, хонь болон үхэр хариулж байсан. 1988 оны 10 дугаар сард цэрэгт татагдсан. Тэр хүртлээ мал маллаж байгаад цэрэгт явсан. Иймд Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/13 дугаартай цалингийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08/150 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/13 дугаартай Ц.******* нэртэй 1986-1988 онуудын цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх 6),  

5. Гэрч *******ын: Ц.******* 1985 онд 8 дугаар анги төгсөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд аавынхаа хамт үхэр маллаж эхэлсэн. Тэгээд 1988 онд цэргийн албанд татагдсан. Бид нэг нутагт ойрхон мал маллаж байсан учраас Ц.******* сургуульд сурч байх үеэс нь эхлэн сайн мэднэ. гэх мэдүүлэг, (хх-19х) 

6. Гэрч *******ын: Ц.******* 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжийн хамт Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Баянцагаан бригадад эцэг, эхийн хамт хонин суур хариулж байсан. Сүүлд 1987 оны дунд үеэс үхэр суурь авч бие даан малласан. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд явсан. Би Баянцагаан бригадын тоо бүртгэгч байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-20х) 

7. Иймд Ц.******* Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Харин нэхэмжлэгч Ц.******* 1985 оны 07 дугаар сараас 1986 оны 03 дугаар сарыг хүртэл, 1988 оны 05 дугаар сараас 1988 оны 09 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ий ******* Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Ц.******* нь 1985 оны 05 дугаар сараас 1986 оны 03 дугаар сарыг хүртэл, 1988 оны 04 дүгээр сараас 1988 оны 09 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА