Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00690

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00690

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00175 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХМТГ-т холбогдох, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ц.Э-ыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Э- нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 90 дүгээр тушаалаар тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар түр томилогдсон. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар тушаалаар дээрх албан тушаалд жинхэлж томилогдсон. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чинбатын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дүгээр шийдвэрээр ажлаас буруу халсныг тогтоож, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагч Б/02 тоот тушаалаар Ц.Э-ыг ажилд томилсон гэж маргасан ба шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул дахин 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Б/02 тоот тушаалаар Ц.Э-ыг ажилд томилсон гэж маргасан ба 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00629 дүгээр шийдвэрээр хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэвээр гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны олговрыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 410 тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тушаал нь дээрх тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өмнөх шүүхийн шийдвэрүүдээр хууль зүйн үр дагавар нь үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг тухай бүр ханган шийдвэрлэж байсан. Энэхүү тогтоолыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахад ...дээрх тушаалын талаар мэтгэлцээгүй, шүүх тухайн тушаалын хүчинтэй эсэх, түүний хууль зүйн үр дагаврын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй... гэсэн хариу өгсөн. Улсын дээд шүүхийн 410 дугаар тогтоолд хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бол, мөн ажилтан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүхэд гаргах эрхтэй гэж заасан. Дээрх 2017 оны 01 дүгээр зүйлийн 17-ны өдрийн Б/02 тушаалыг хүчингүй болгох үндэслэл нь хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо цомхтгогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг ажил олгогч ноцтой зөрчсөн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дүгээр шийдвэрээр ажлаас буруу халсныг тогтоож, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр ёсоор нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд эгүүлэн тогтоох үүргийг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т заасны дагуу биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллагын 2016 оны 9 дүгээр зүйлийн 02-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай Б/08 тоот тушаалаар орон тоо /11/ өөрчлөгдөөгүй боловч хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо цомхтгогдсон ба энэ талаар хариуцагч маргадаггүй.  

2017 оны 01 дүгээр зүйлийн 17-ны өдрийн Б/02 тоот тушаал нь хэрэгжих бодит боломжгүй буюу батлагдсан орон тоо, цалингийн сан байхгүй байхад хэлбэрийн төдий тушаал гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь 11 орон тоотой ажиллаж байгаа ба 12 дахь хүн болгож авч байгаа талаар шүүхэд тайлбар өгсөн. Хариуцагч байгууллага 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01124 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэл болгон хуулийн зөвлөхийн ажилд томилсон Б/16 тоот тушаал гаргаснаар анх ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг сая биелүүлсэн.  Б/02 тоот тушаал нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргаагүй буюу нөхөн гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д тус тус заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 01 дүгээр зүйлийн 17-ны өдрийн Ц.Э-ыг ажилд томилох тухай Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.Э- нь тус газрын харьяа бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу тус газарт бүтцийн өөрчлөлт хийж, удирдлага солигдон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд Ц.Э-ын гүйцэтгэж байсан албан тушаалыг шаардлагагүй гэж үзэн орон тоог нь хасаж, түүнийг ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчоос Ц.Э-ад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон ажил хүлээлгэн өгсөн сүүлийн хугацаагаар тооцон 7 хоногийн ажлын хөлс нийт 988 221,14 төгрөгийг олгосон. Ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмжээ хүртэл авсан Ц.Э- нь удалгүй ажил олгогч буруутай шийдвэр гаргасан гэж шүүхийн байгууллагад ажилдаа эгүүлэн тогтоолгохоор хандсан. Шүүхээс ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдэл өгөх процесс ажиллагаа зөрчсөн байна гэсэн үндэслэлээр иргэнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нь нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 4 219 401 төгрөгийг дээрх албан бичигт заасан хуваарийн дагуу бүрэн олгож барагдуулсан. Түүнчлэн иргэнийг ажилд эгүүлэн авах тухай газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаал гаргаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч тушаал гарснаас хойш ирж ажиллаагүй, албан үүргээ гүйцэтгээгүй байдаг. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай хэргийг шийдвэрлэх шүүх хурлын өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр л энэ тушаал гарсныг анх удаагаа одоо л мэдлээ гэж тайлбарлаж байсан. Мөн өөрийн ажиллаж байсан ажлын байр цомхтгогдсон учраас ажил олгогчийн зүгээс надтай тохиролцож ажил, албан тушаалд томилох ёстой байсан мэтээр тайлбарладаг. Гэтэл Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажилтнууд нь бүгд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэргэжилтэн гэсэн нэрийн дор хариуцсан чиглэлийн ажил үүргээ гүйцэтгэдэг бөгөөд албан тушаалын цалин нь ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаагаас үл шалтгаалан ижил хэмжээтэй байдаг. Тухайн үед тус санд хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний хэрэгцээ, шаардлага байгаагүй, цомхтгосон ажлын байрыг ахин бий болгоогүй учир ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшил, ур чадварт тохирсон ажил үүргийг гүйцэтгүүлэхээр урьд авч байсан цалин хөлсийг ноцтой бууруулахгүйгээр мэргэжилтнээр ажилд авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ийнхүү ажилд томилогдсон талаараа нэхэмжлэгч тушаал гарах үед мэдээгүй байлаа гэж үзэхэд анхан шатны шүүх хурал болсон өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Мэдсэн мөртлөө гүйцэтгэх ажил үүргийг, цалингийн хэмжээг тодорхой болгох тохиролцоо болох Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар ажил олгогчтой уулздаггүй. Ингэж уулзахгүй байгаа нь ажил олгогчийн зүгээс ажилтантай тохиролцож ажил үүргийг гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлс олгох үүргийг хэрэгжих боломжгүй байдалд хүргэж байгаа юм. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд томилж ажиллах боломжоор хангаж 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал тушаалын биелэлтээ хангуулахаар хүлээн ажилласан ч нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүй. Энэ нь тус газрын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил тул Ц.Э-ыг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Ц.Э-тай 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ талаар нэхэмжлэгчийн 2017 онд гаргаад буцаан татан авсан нэхэмжлэлд өгсөн хариуцагчийн тайлбарт хавсаргаж өгсөн байдаг. Мөн Улсын дээд шүүхээс Б/02 тоот тушаалыг хүчин төгөлдөр гэж үзсэн, ажил олгогч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/01124 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнээд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулсан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч ХХМТГ-т холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын Б/02 тоот Ц.Э-ыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүй. ХХМТГ- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тушаалаа хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гардуулаагүй бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй. Захиргааны байгууллага болохын хувьд ажилтанд өнөөдрийг хүртэл хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, тушаалын эх хувийг гардуулан өгч танилцуулаагүй тул хүчин төгөлдөр болоогүй байгаа үйл баримтад анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Хариуцагч байгууллагад холбогдох ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01124 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй үр дагавартай холбоотой маргаан нь 2017 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн байдаг. Улсын дээд шүүхийн 410 дугаар тогтоолоор "Ажил олгогчийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгосон баримт байхгүй тул ажил олгогч шийдвэрийг биелүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бол, мөн ажилтан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүхэд гаргах эрхтэй" гэж дүгнэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү тогтоолыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахад хариу албан бичгээр "...дээрх тушаалын талаар мэтгэлцээгүй, шүүх тухайн тушаалын хүчинтэй эсэх, түүний хууль зүйн үр дагаврын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй " гэсэн хариу өгсөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолох байтал хариуцагч байгууллагаас шүүхэд хаяглан хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн тушаалыг харсан гэх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш" гэж заасан эрх зөрчигдсөн өдрийг буруу тоолж дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагч байгууллагын Б/02 тушаал нь Улсын дээд шүүхийн 410 дугаар тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өмнөх шүүхийн шийдвэрүүдээр хууль зүйн үр дагавар нь үгүйсгэгдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгч тус тушаалыг хүчингүй болгуулах талаар маргаан үүсгэх шаардлагагүй нөхцөл байдалд байсныг шүүхээс анхаарч үзээгүй, энэ талаарх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч Б/02 тоот тушаал нь эрх зүйн үр дагаваргүй буюу шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаал гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгчээс ХХМТГ-т хандан "Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн томилохыг хүссэн" 2017 оны 4 дүгээр сарын 14, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөл, түүнд хариуцагчаас өгч байсан хариу албан бичгүүдэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч ХХМТГ-т холбогдуулан тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ц.Э-ыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э-ыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 073 921 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 19-21/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1079 дүгээр магадлалаар хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 145 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн ба уг шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 23-25, 36-38/

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00410 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00629 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1079 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, ...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны олговор болон ээлжийн амралтын олговор 21 749 345 төгрөг гаргуулах тухай... тухай Ц.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 52-57/

 

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоор ...Ц.Э-ыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/01124 дугаартай шийдвэрийг хариуцагч 2017 оны Б/02 тоот тушаал гаргаж биелүүлсэн нь тогтоогдсон тул 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны олговрыг гаргуулах үндэслэлгүй... гэж дүгнэжээ.

 

Түүнчлэн, дээрх тогтоолд Ажил олгогчийн 2017 оны Б/02 дугаар тушаал гарсныг Ц.Э- мэдсэн боловч үүнтэй холбоотой маргаан үүсгээгүй буюу тушаал хүчингүй болоогүй байна гэж дүгнэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгт хариуцагч талаас гаргасан ...шүүхийн шийдвэрийн дагуу ...тус газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б/02 тоот тушаал гарч, Ц.Э-ыг бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албанд мэргэжилтнээр томилсон... Ц.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үеэр өөрийг нь ажилд эгүүлэн авсан гэдгийг мэдсэн, уг тушаалтай танилцуулсан... гэсэн тайлбар, татгалзлыг үндэслэлтэй гэж Улсын дээд шүүх үзсэн тул уг үйл баримтыг өмнө шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтад үндэслэн мөн хуулийн 129.1 дэх хэсэгт заасан ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Улсын дээд шүүх хариуцагчийн 2017 оны Б/02 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг бус харин хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх маргааныг шийдвэрлэсэн тул ...нэхэмжлэгч тус тушаалыг хүчингүй болгуулах талаар маргаан үүсгэх шаардлагагүй нөхцөл байдалд байсныг шүүхээс анхаарч үзээгүй, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариу өгсөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолох байсан... гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Тухайн хэрэгт хариуцагч талаас гаргасан тайлбарт дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ ихэсгэх эрхтэй бөгөөд энэ эрх нь хуулиар тогтоосон журам, хугацааны дотор хэрэгжих тул ...Улсын дээд шүүхийн 410 дугаар тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өмнөх шүүхийн шийдвэрүүдээр хууль зүйн үр дагавар нь үгүйсгэгдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй... гэсэн тайлбар, гомдол мөн үндэслэл муутай байна.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт, 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт тус тус зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор шаардахтай холбоотой нарийвчилсан харилцааг тухайн хуулийн хүрээнд зохицуулагдах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан зохицуулалт энэхүү харилцаанд үйлчлэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаал нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй байхаас гадна нэхэмжлэгч нь тушаалд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсэгт нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн эсэх үйл баримтыг Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн 2017, 2018 онд гаргаж байсан өргөдөл, тэдгээрт хариуцагчаас өгч байсан хариу албан бичгүүдийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Ц.Э-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарч байхад шүүх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлүүлж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу боловч нэхэмжлэл хангагдаагүй учир уг заалтыг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад мөн хуульд зааснаар чөлөөлөгдөх тул төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00175 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОЛОО

Н.БАТЗОРИГ