Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар багийн ... гэх газар нутаглах, *******ын *******ийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажилласан. 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Миний бие тус нэгдэлд бог мал хариулж байсан. Иймд намайг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нэгдлийн гишүүнчлэлийн үнэмлэх, Батлан хамгаалах яамны төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн мал жинлэлтийн бүртгэл, Хонгор бригадын зардлын лимитээс хэмнэсэн шагналын тооцоо, хөлс, Хонгор бригадын бог малын сууриудын сүү бэлтгэлийн гэрээний тооцоо, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, Ц.*******д 1987 онд олгосон Баярын бичиг, Хонгор бригадын сууриудаас цагаан идээ тушаасан 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо, Хонгор бригадын хуц, ухны хөлс, шагнал олгох гэрээний биелэлт 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Ц.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн мал жинлэлтийн 1986 оны бүртгэл (Ц.******* хонь 5, жин 133 гэх), Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн мал жинлэлтийн 1987 оны бүртгэл (Ц.******* хонь 5, жин 41 гэх), Хонгор бригадын зардлын лимитээс хэмнэсэн шагналын тооцоо, хөлс (Ц.*******д 349 төгрөг гэх), Хонгор бригадын бог малын сууриудын сүү бэлтгэлийн 1992 оны гэрээний тооцоо (Ц.******* 710 литр суу дутаасан гэх), 1987 оны олгосон Баярын бичиг (Ц.******* малд нүдтэй Тэргүүний залуу гэх), Хонгор бригадын хуц, ухны хөлс, шагнал олгох гэрээний биелэлт 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр (Ц.*******ийн нэр бичигдсэн) (хх 7-10, 38-40х),  

5. Гэрч *******ын: Ц.******* 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор багт Боргил гэж айлын малчнаар очсон. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Манай үеийнхэн 2 жилийн цэргийн алба хааж байсан. Цэргийн албанаасаа ирээд Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад дахин малчнаар ажилласан. Эх орны төлөө нэгдэл 1991 онд тарж, Эх орны төлөө хувьцаат компани болсон. Ц.******* 1992 оныг дуустал ажиллаад түүнээс хойш хувийн малаа малласан. Одоо ч Баяндэлгэр сумандаа мал маллаж байгаа. ******* бид хоёр нэг нутгийн хөрш айлууд байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-16х), 

6. Гэрч *******ын: Ц.******* 1985 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр гарч байсан. Аав нь ******* гэж их малтай дарга хүн байсан. Тэгээд хүү *******ийг малчин болгоно гээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад малчин болгож байсан. Эм хонин суурь хариулж байсан. Бид ойрхон нутагладаг, саахалт айл байсан учраас сайн мэднэ. Ц.******* 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 онд халагдаж ирсэн. Цэргийн албанаас ирээд дахин нэгдлийн малчнаар ажилласан. Эхнэр нь багийн малын эмч хүн байсан. Эх орны төлөө нэгдэл 1992 онд тарж, хувьцаагаа тараасан. Ц.******* тэр болтол нэгдлийн мал малласан. Ах, дүү нар олонтой, тэр хэрээрээ мал ихтэй айл байсан. Ц.******* одоо ч мал маллаж амьдардаг. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-17х). 

7. Иймд Ц.*******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Харин нэхэмжлэгчийн 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх боломжгүй байна. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Ц.******* нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА