Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********************************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *********************** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Баянхонгор аймгийн Баянговь суманд ************************-ний өдөр төрсөн. Одоо ***** настай, ***************** амьдардаг. 1979 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын дунд сургуульд элсэн суралцаж, 1987 онд 8 дугаар анги төгсөж, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Ленинч нэгдлийн 2 дугаар бригадад илгээлтээр малчин болж, мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Хилийн цэргийн удирдах газрын 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ****тоот тушаалаар 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Хилийн цэргийн *****дугаар ангид цэргийн алба хаагаад мен даргын ****тоот тушаалаар 1995 оны 6 дугаар 20-ны өдөр халагдсан. 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Баянговь сумдаа мал маллан амьдарч байна. Миний бие энэ насаараа мал маллан амьдарч байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөмж өгч 1987-1993 онуудын хооронд Баянговь сумын Ленинч нэгдлийн 2 дугаар хэсэгт хоньчноор ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул хүсэлт гаргаж байна.

Иймд 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ***дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн *****дугаартай лавлагаа, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *************ийн ХААТР-1 маягт, гэрч **************гийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч *****************ийн 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: *************** нь 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1987-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ****дугаартай архивын лавлагаа, зарим хүмүүсийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай тушаал, түүний хавсралт, малчин гишүүдийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай тушаал, түүний хавсралт, малчин гишүүдийн амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, малчин гишүүдийн амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай тушаал, түүний хавсралт, малчин гишүүдийн амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *****дугаартай тушаал, түүний хавсралт, хүсэлт гаргагч ****************ийн 1989-1990, 1991-1992 онуудад авч байсан цалин хөлсийг сар бүрээр нь олгосон байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч ******************ийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Баянговь сумын Ленинч нэгдэл нь нээж, тамга дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он зэргээр нь *****************ийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой, түүний ажиллаж байх үед авч байсан цалин хөлсийг нь сар бүрээр нь олгож, нягтлан бодогчийн тэмдэг дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Мөн хүсэлт гаргагч ***************ийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын ****дугаар бүртгэлд: овог, нэр-*********************, ажилладаг байгууллага-Ленинч нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянговь гэж тэмдэглэжээ.

6. Харин ******************ийн 1993 оноос 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иймд хүсэлт гаргагч ********************ийн 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оноос 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *************************ийн 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрөөс 1994 оны ****дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА