Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 124/ШШ2025/0009

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн Э, Увс аймгийн З сумын Ө багт оршин суух,

Хариуцагч: Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээдээр оролцсон: Д-ийн О, Увс аймгийн З сумын Ө багт оршин суух

Увс аймгийн З сумын Өгөөсөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, гуравдагч этгээд Д.О, иргэдийн Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

“Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолоор Д.О-ийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдөр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан  хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

            Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Миний бие Ш овогт Б-ийн Э нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан З сумын Ө багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцсэн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. Санал хураалтад 6 хүн нэр дэвшиж 161 сонгогч санал өгснөөс миний бие 49, нэр дэвшигч Д.О 30, нэр дэвшигч Т.Б 30 санал авсан дүн гарсан. Ингээд 6 нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй учир Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт зааснаар "хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дээр санал хурааж олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжлах" ёстой байсан билээ. Ингэхийн тулд эхний санал хураалтаар тэнцүү санал авсан Д.О, Т.Б хоёр дээр санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 2 дахь нэр дэвшигчийг тодорхой болгож энэ нэр дэвшигчийг эхний санал хураалтаар 49 санал авсан миний биетэй санал хураалтыг явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад томилуулахаар уламжлах байсан. Гэтэл 2 дахь санал хураалт явуулахдаа тэнцүү санал авсан Д.О, Т.Б хоёртой миний нэрийг саналын хуудаст хамт бичиж 3 нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Энэ нь миний бие хамгийн олон санал авсан нэг л нэр дэвшигчтэй санал хураалтад оролцож багийн Засаг даргаар сонгогдох, эс сонгогдох хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл болсон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Энэ тухай гомдол хүсэлтээ З сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга П.Б, сумын Засаг дарга М.Т, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Б нарт гаргасан бөгөөд тэдгээрээс дараагийн шатны байгууллага болох шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Энэхүү нэхэмжлэлд тухайн үеийн хуралдаан даргалагчаар сонгогдсон Нямаа овогтой Баатар хуралдааны 03 дугаар тогтоолд гарын үсэг зурж албажуулсан болно. Эхний санал хураалтын дүнг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц танилцуулаад "хэн ч олонхын санал аваагүй тул 49 санал авсан Б.Э, 30 санал авсан Д.О, 30 санал авсан Т.Б нарыг саналын хуудаст бичиж санал хураалт явуулна" гэж хэлэхэд нь миний бие горимын санал гаргаж "санал тэнцсэн хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулаарай, тэгээд эндээс хамгийн олон санал авсан хэн нэгэнтэй нь өрсөлдөх санал хураалтад оролцох хууль зүйн үндэслэлтэй" гэдгийг хэлсэн. Гэтэл миний энэ саналыг авч үзэхгүйгээр 3 нэр дэвшигч дээр санал хураалт явуулж буруу зохион байгуулсан бөгөөд хуралдаан даргалагч болон тооллогын комиссын үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ц, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Б, сумын Засаг дарга М.Т нар хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт "...баг хорооны Иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн тул Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Миний зүгээс хэргийн материалтай танилцахад Ц, О нар гэрчийн мэдүүлэгтээ 03 тоот тогтоолыг Багийн иргэдийн нийтийн хурлын оролцож байгаа хүмүүс олонх нь баталсан гэсэн байсан. Бодит байдал дээр тухайн тогтоолыг хуралд оролцсон иргэд батлаагүй. Би багийн иргэдийн нийтийн хурлын дэг болон Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан” гэв.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”…Нэхэмжлэгч Б.Э, Д.О миний бие хоёр хамгийн олон санал авсан нэр дэвшигч байсан тул санал хураалтыг дахин явуулж нийт 157 сонгогч санал өгснөөр миний бие 82 санал, нэхэмжлэгч Б.Э 73 хүний санал, хүчингүй хоёр санал гарсан.Энэ санал хураалтын дүнд сумын Засаг даргад миний нэрийг уламжлах 03 тоот тогтоол хууль зөрчөөгүй тул хүчинтэй гэж үзэж байна.2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд сумын хурлын дарга П.Б, сумын Засаг дарга М.Т нарыг хурлын шийдвэрт нөлөөлөөгүй гэж үзэж байна.Засаг даргын тамгын газрын дарга Б.Ц, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажилтан Д.О нарын санал гаргасан, үг хэлсэн үйлдэл нь хуулийн хүрээнд заавар зөвлөгөө өгсөн нь хуульд харшлаагүй гэж үзэж байна.2025 оны 01 дүгээр сарын 15-ны багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөх явцад иргэн Б.Э, н.Б бид гурав зөвшөөрсөний үндсэн дээр дахин санал хураалт явагдсан гэж ойлгож байгаа. Тухайн санал хураалтад Б.Э бид хоёр үлдэж, би ялсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.Тухайн үед гэрт багтах хэмжээгээр хүмүүс байсан. 03 дугаартай тогтоолыг батлах эсэх талаар хүмүүс гараа өргөх болоход маргаан үүсээд  орой болсон байсан учраас хуралдаан тарсан…” гэв.

            Хариуцагч Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч Б.Э-ыг эхний санал хураалтаар тэнцсэн Т.Б, Д.О нартай 2 дахь санал хураалтаар нэр дэвшүүлж буйг хууль зөрчөөгүй гэж үзэж байна.Тухайн хуралдааныг миний бие даргалаагүй болно.Шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас “ Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 6 хүн нэр дэвшиж миний бие 49, Т.Б 30, Д.О 30 санал авсан. Гэтэл 2 дахь санал хураалт явуулахдаа тэнцүү санал авсан Т.Б, Д.О нартай хамт миний нэрийг саналын хуудаст хамт бичиж санал хураалт явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн,миний бие хамгийн олон санал авсан нэг л нэр дэвшигчтэй санал хураалтад  оролцох байсан,энэ талаарх миний саналыг хэлэлцээгүй, хуралдааны тогтоолыг иргэд батлаагүй, тухайн үеийн хуралдаан даргалагч Н.Баатар хуралдааны тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан,иргэдийн хурлын хуралдааны үйл ажиллагаанд сумын Засагдаргын тамгын газрын дарга Б.Ц, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Б, сумын Засаг дарга М.Т нар хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлсэн нь хууль Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн “ тухай нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас “Тухайн багийн Засаг даргын сонгууль хууль журмын хүрээнд явагдсан” гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээдийн зүгээс “...Багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн хуралд сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нөлөөлөөгүй, Б.Ц, Д.О нар хуулийн хүрээнд зөвлөгөө өгсөн нь хуульд харшлаагүй, багийн Засаг даргын сонгууль хуулийн хүрээнд явагдсан...” тухай тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.

Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Цгийн гэрийн гадаа болж тухайн хуралдааны 03 дугаартай тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн 52,2 хувийн санал авсан Д.О-ийг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжлан шийдвэрлэжээ.

Тус хуралдаанаар Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хамтатган зохион байгуулсан байх ба багийн Засаг даргад 6 иргэн нэрээ дэвшүүлэн оролцжээ.

Нэр дэвшигчдээс Б.Э 49, Т.Б 30, Д.О 30 , Н.Балжинням 21, Н.Начинбаяр 20, Ц.Галсан 11 иргэний санал тус тус авсан, 2 дахь удаагийн санал хураалтыг Б.Э,  Т.Б, Д.О нарын дунд явуулж Б.Э 69, Д.О 46, Т.Б 44 иргэний санал авсан тул 3 дахь удаагийн санал хураалтыг Б.Э, Д.О нарын дунд явуулжээ.

Ингээд Б.Э 73 буюу 49,09 хувийн, Д.О 82 буюу 52,90 хувийн санал авч тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 03 дугаартай тогтоолоор Д.Оийг багийн Засаг даргад томилуулахаар шийдвэрлэсэн нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэл, Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 02, 03, 04 дугаартай тогтоолууд зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

Харин хамгийн олон санал авсан хүнийг, саналын тоо тэнцсэн дараагийн хоёр хүнтэй хамт буюу 3 хүний талаар санал хурааж шийдвэрлэсэнтэй нэхэмжлэгч маргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5 дахь хэсэгт “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:

56.5.1-д “...багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа болон хамтарч  энэ хуулийн 56.3, 56.4 -т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”

56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”

56.5.3-д “ хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”-ээр тус тус зохицуулсан.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх эсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж тодорхойлон, 32.8.2 дахь хэсэгт “хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” бүрэн эрхийг багийн иргэдийн Нийтийн хурал хэрэгжүүлэхээр заасан.

Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны хувьд багийн Засаг даргад 6 хүн нэр дэвшсэн, анхны санал хураалтаар хэн нь ч олонхын санал аваагүй тул хуульд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн байна.Гэвч хамгийн олон санал авсан хоёр биш гурван хүн гарсан тул санал хураалтыг хэрхэн явуулах талаар шийдвэрлэх шаардлага үүссэн, нэхэмжлэгч Б.Эаас “санал тэнцсэн хоёр хүний талаар санал хураалт явагдсаны дараа олон санал авсан хүнтэй намайг өрсөлдүүлэх ёстой” гэх санал гаргасан байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хуралдааны дэгийг батлаагүй, багийн Засаг даргын санал хураалтыг хэрхэн зохион байгуулах, өөрөөр хэлбэл нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал аваагүй, хамгийн олон санал авсан хоёр хүнийг тодруулах боломжгүй буюу нэр  дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаарх асуудлыг иргэдийн олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлээгүй нь шүүх хуралдаанд талуудын гаргасан “хуралдаанаар дэгийг батлаагүй” гэх тайлбар, Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлд дэгийг хэлэлцэж баталсан талаар тусгагдаагүй байдал, тооллогын комиссын дарга Г.О-ийн шүүхэд гэрчээр өгсөн “тооллогын комисс зөвлөлдөж Б.Э, Т.Б, Д.О нарын дунд дахин санал хураахаар шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг, Б.Цы шүүхэд гэрчээр өгсөн “ ...багийн Засаг даргын санал хураалтаар Б.Э 49, Т.Б, Д.О нар 30 хүний санал авсан. Тооллогын комисс Б.Э, Т.Б, Д.О нарын дунд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэр дэвшигч Б.Э эхлээд тэнцүү санал авсан Т.Б, Д.О нарын саналыг хагалж санал хураалт явуулахаар яадаг юм бэ гэж асуусан.Тооллогын комиссын шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Хуралдааны дэгийг баталж мөрдөх нь аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд баримтлах чухал зохицуулалтын шинжтэй бөгөөд, өөрөөр хэлбэл хуралдааны дэгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хэрхэн зохион байгуулах, нэр дэвшигч танилцуулгыг хэрхэн хийх, асуулт хариултыг хэрхэн зохион байгуулах, хэлэлцэх шаардлагатай асуудлын талаар тухай бүр санал хураалт явуулж олонхын саналаар шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулах учиртай.

Нэр дэвшсэн хүмүүсээс хоёр хүний санал тэнцсэн тул  нийт гурван нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулах шийдвэрийг хуралдаанаар буюу иргэдээр хэлэлцүүлж олонхын саналаар шийдвэрлээгүй, мөн нэр дэвшигч Б.Эын гаргасан “тэнцсэн хоёр хүний талаар эхлээд санал хураалт явуулах” тухай гаргасан саналыг хэлэлцүүлж шийдвэрлээгүй, маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг тооллогын комисст хуралдаанд оролцож буй иргэдээс олгоогүй байхад тооллогын комисс шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3, 32 дугаар зүйлийн 32.8.2 дахь хэсгүүдэд заасантай нийцээгүй тул эхний санал хураалтаар хамгийн олон санал авсан Б.Эын багийн Засаг даргад нэр дэвших эрхийг хөндсөн гэж дүгнэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж, 48.2 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батлаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс шүүх хуралдаанд “тухайн тогтоолыг батлах гэхэд маргаан үүсэж иргэд тарцгаасан “ гэх тайлбар, хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй зэргээр тогтоогджээ.

Мөн Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн олонхын санал авсан Ц.Аийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон байхад хуралдааныг даргалуулаагүй, хуралдааныг хуралдааны эхэнд томилогдсон хуралдаан даргалагч Н.Баатар даргалж, маргаан бүхий тогтоолд гарын үсэг зурсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж заасан ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.Б, сумын Засаг дарга М.Т, сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Ц нарыг хуралдааны шийдвэр, үйл ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй ба, нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, Б.Ц-ны хувьд төрийн захиргааны байгууллагыг төлөөлөн хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласан талаараа мэдүүлсэн, Б.Ц нь тухайн хурлын бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцсон талаарх үйл баримт хурлын тэмдэглэлд тусгагдаагүй  тул нэхэмжлэгч Б.Эын “П.Б, М.Т, Б.Ц нар хуралдааны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөл үзүүлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.

Маргаан бүхий акт буюу Ө багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулж явуулах үр дагавар үүсэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заахаар зохицуулсан зохицуулалтын хүрээнд Ө багийн иргэдийн Нийтийн Хуралд Ө багийн Засаг даргыг сонгох хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Ө багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн З сумын Ө багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай "Багийн засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай " тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн З сумын иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3. Багийн Засаг даргыг сонгох асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Увс аймгийн З сумын Ө багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгахаар тогтоосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ