Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Т.Оргил-Очир,

Шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Ё.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Б холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны хайгуулын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

1983 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхээс ялыг тэнсэж хянан харгалзсан,

1984 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 220 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар уг ялыг эдэлж байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 14 хоногийн хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулан чөлөөлөгдсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Хуулиар хориотой мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ё.Б

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ё.Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоотод /хуучнаар/ Зөвлөлт Холбоот улсын Тулагийн болон Климовскийн зэвсгийн үйлдвэрт гол төмрийн сумны байр 7.62х39мм калибрын хэмжээтэй буунд зориулж үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 12 ширхэг сумыг 2010 оноос 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03:00 цаг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ ажилчидтайгаа юм үзэж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд фэйсбүүкээ нээх гээд таньдаг дүү Ё.Б дуудсан. Тэгтэл Ё.Б код хэрэгтэй гэхээр нь Ё.Б асуухад утасны дугаар тэмдэглүүлчихсэн гэхээр нь хүрээд ир гээд үзээд байж байтал Ё.Б орж ирсэн. Тэгээд утсаа өгөөд имайл гэдгийг үзээд өг гэж байтал хаалга нүдсэн ба хэн бэ гэхэд танай руу орсон залуу манай найз охиныг аваад орчихлоо гэхээр нь юу хуцаад байгаа юм бэ гэхэд Ё.Б 7-8 залуучууд байсан гэсэн. Тэгтэл Ё.Б гал тогооноос хутга бариад гараад ирсэн. Тэгтэл Ё.Б би таныг дуудсан байцаагч байна гэхээр нь таягаа тулж очоод хаалгаа тайлахад гараад ир гэхээр нь гарахад Ё.Б хоёр наадуул чинь цагдаа мөн юм уу гэхээр нь мөн гээд боль гэж хэлсэн. Тэгээд гэрт 12 хүн үзлэг нэгжлэг өглөө болтол хийсэн. Тэгсэн чинь шөнө 3 цагийн үед нэг мөрдөн байцаагч энд нэг юм байна гээд гутлын шүүгээ рүү заасан. Тэгээд би юу юм бол гэхэд хэдэн ширхэг байлдааны сум байна гэсэн. Өглөө машинд ороод үзлэг хийсэн. Тэр юун сум болохыг мэдэхгүй байна. Би ан хийж үзээгүй. Ангийн буу ч байхгүй. Ер нь тэр сум манай гэрт яагаад байсаныг би мэдэхгүй байна” гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч Ё.Б мэдүүлэхдээ: “..албан ёсны эхнэр Ё.Б гэж хүн байсан, уг хүнтэй амьдарч байхдаа гарсан Ё.Б гээд хүү нь байдаг. Одоо тэр хүү нь Солонгост ажиллахаар явсан. Ё.Б нь Батцэнгэлтэй суухаасаа өмнө 3 хүүхэдтэй байсан, тэдний нэг нь Ё.Б гээд хүүхэн байгаа юм. Өөр бусад зүйлийг нь тэр болгон асуугаад байдаггүй, нэгэнт өнгөрсөн цаг хугацааг надад тодруулаад байх шаардлагагүй. ... Тэр сумнууд манайхыг сансар хорооллоос энэ байранд нүүж ирэхэд л 2010 онд ирсэн. Тэрнээс хойш байж л байдаг. Би хэрэгтэй юм байх гэж бодоод л хаядаггүй байсан...”/1 хав 93-94 хуу/

-Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /1 хав 1 хуу/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3669 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ажиллагаатай байна. Нийт 13 ширхэг сумнуудаас 3,6,9,10,11,12 дугаартай 6 ширхэг сумыг дээж болгон авч туршилтын буудлага хийхэд буудлага үйлдэж байгаа.

2. Шинжилгээнд ирүүлсэн: -1,2,3,4,5,6,7,8 гэж дугаарласан сумнууд нь 1988 онд хуучнаар ЗХУ-н Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн, -9 гэж дугаарласан сум нь ОХУ-н Vostok зэвсгийн үйлдвэрт ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, -10 гэж дугаарласан сум нь 1979 онд хуучнаар ЗХУ-н Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн,  -11 гэж дугаарласан сум нь 1971 онд хуучнаар ЗХУ-ын Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, -12 гэж дугаарласан сум нь 1978 онд хуучнаар ЗХУ-н Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, -13 гэж дугаарласан сум нь 1987 онд хуучнаар ЗХУ-ын Климовскийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6,7,8,10,11,12,13 гэж дугаарласан сумнууд нь гол төмрийн сумны байр 7,62х39мм калибрын хэмжээтэй буунд зориулагдсан, 9 гэж дугаарласан сум нь гол төмрийн сумны байр 5,6х15Rмм калибрын хэмжээтэй буунд зориулагдсан байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5,6,7,8,10,11,12,13 гэж дугаарласан сумнууд нь ган зүрхэвч бүхий байлдааны зориулалттай, 9 гэж дугаарласан сум нь ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийн сумнууд байна гэжээ. /1хав 127 хуу/

 

-Гэрэл зураг /1хав 128-130 хуу/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 дугаартай дүгнэлт /1хав 138-140 хуу/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 205 хуу/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хав 206/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 207 хуу/

-1999 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /2 хав 120-121/

-2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /2 хав 122-123/

-2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол /2 хав 124-128/

-Шүүгдэгч Ё.Б өвчний түүх /2 хав 137-151/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /2 хав 173-174/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ё.Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоотод /хуучнаар/ Зөвлөлт Холбоот улсын Тулагийн болон Климовскийн зэвсгийн үйлдвэрт гол төмрийн сумны байр 7.62х39мм калибрын хэмжээтэй буунд зориулж үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 12 ширхэг сумыг 2010 оноос 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03:00 цаг хүртэл хууль бусаар хадгалсан болох нь гэрч Ё.Б /1хав 93-94/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3669 дугаартай дүгнэлт /1хав 127/, гэрэл зураг /1хав 128-130/, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /1 хав 1/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 дугаартай дүгнэлт /1хав 138-140/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /2 хав 173-174/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ё.Батцэнгэл нь байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ё.Б бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.  

           

            Шүүхээс шүүгдэгч Ё.Б торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосон ба торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхаарууллаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б цагдан хоригдсон 27 хоног буюу 405,000 төгрөгийг торгох ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 4.995.000 төгрөгөөр тогтоов.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 539-88 гэсэн бичиглэлтэй, хар ногоон өнгийн сум 6 ширхэг, 711-87 гэсэн бичиглэлтэй 1 ширхэг сумыг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэв.   

 

            Шүүгдэгч Ё.Бийн иргэний бичиг баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдлаа. 

                       

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ё.Б нь байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б нь торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бийн цагдан хоригдсон 27 хоног буюу 405,000 төгрөгийг торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 4.995.000 төгрөгөөр тогтоосугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 539-88 гэсэн бичиглэлтэй, хар ногоон өнгийн сум 6 ширхэг, 711-87 гэсэн бичиглэлтэй 1 ширхэг сумийг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

            6. Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

            8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ