Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0201

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ХХК ,

Хариуцагч: Монополын эсрэг газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гомдлын шаардлага: Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт явуулж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/***, 01-07-106/*** дугаар дүгнэлтүүдээр УХХК-ийн худалдан борлуулж буй дизелийн түлш нь заавал мөрдөх стандартын шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон гэж үзээд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан байна.

3. Процессын түүх:

3.1. Нэхэмжлэгч УХХК нь шийтгэлийн хуудсыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдсэнээр шүүхэд гомдлоо 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий компаниудаас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/***, 01-07-106/*** дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0000 дүгээр магадлалаар дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч УХХК гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Ж.С нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дах заалтыг үндэслэн манай компанид 9,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

4.2. Тухайн хяналт шалгалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид 61-71, 73-77, 89-101, 107-110, 112, 117, 123, 124, 129-133 дугаар бүхий 42 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн СШ21/55-СШ21/211-СШ21/210 дугаартай сорилтын үр дүнгийн тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн, газрын тосны төв лабораторид 210740- 210742, 210744- 210755, 210757- 210760, 210762- 210763, 210776, 210778, 210790, 210816- 210824, 518384- 518386, 518388, 518398, 518399, 210757 дугаар бүхий нийт 42 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хүлээн авч шинжлэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн GT046-GT080, GT0868 GM087, GT090-GT093, GT095 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг тус тус гаргаж баталгаажуулсан.

4.3. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/*** дугаар дүгнэлтийг үйлдсэн. Дүгнэлт гаргуулахаар нийт ирүүлсэн нийт дээжний шинжилгээний дүнгүүдэд хүхрийн агууламж, зэс хавтгайн туршилт, кинематик зууралдлага, булингартах температур, шүүгдэх чанарын дээд температур, иодын тоо, усанд уусах хүчлийн шүлтийн хэмжээ, өнгө ба гадна төрх, ус зэрэг нийт 9 үзүүлэлтүүд Дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017, дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг хангаж байна.

4.4. Шинжилгээний сорилтын СШ21/154, СШ21/170, СШ21/206, GT067 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4- 44.5 буюу 43.2 тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017, дизелийн түлш техникийн шаардлага стандартын шаардлагыг хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/141, GT058, GT086, GT087, GT091, GT095 дугаар бүхий үр дүнгээр 156, СШ21/67, СШ21/71, СШ21/77, СШ21/93, СШ21/103 дугаартай үр дүнгээр 150С дахь хувийн жин 844.6-869.2 кг/м3 буюу дунджаар 854.8 кг/м3 тодорхойлогдсон. СШ21/153, СШ21/169, СШ21/1205 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.3- 829.4 кг/м3 буюу дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь дизелийн түлш MNS6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна.

4.5. Шинжилгээний сорилгын СШ21/129, СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр цетаны индекс 9.8- 10.6 буюу дунджаар 10.2 тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/111, СШ21/117, СШ21/127, СШ21/139, СШ21/157, дугаар бүхий үр дүнгээр бохирдол механик хольцын хэмжээ 26-30мг/кг буюу 27.2 мг/кг тодорхойлогдсон нь дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээний сорилтын СШ21/117 дугаар бүхий үр дүнгээр битүү тигельд тодорхойлсон дөл үүсгэх температур 42.10С тодорхойлогдсон нь дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг, СШ21/129, СШ21/179 дугаар бүхий үр дүнгээр 45.5- 46.60С буюу дунджаар 46.050С тодорхойлогдсон нь дизелийн түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна.

4.6. Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт тайлан гаргасан. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Дизелийн түлш Евро, техникийн шаардлага MNS0216:2017 стандарт, хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS2017:2014:2017 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд евро-3 ангиллын шатахуунаас евро-5 ангиллын шатахууны техникийн нөхцөлийг баталсан.

4.7. Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш техникийн шаардлага MNS6861:2020, дизель түлш евро техникийн шаардлага MNS0216:2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын хуульд заасны дагуу улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.С нь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд дизелийн түлш MNS6861:2020 стандарт, Дизелийн түлш евро, техникийн шаардлага MNS0216:2017 стандартыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.С 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

            5. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч/хуучаар/-аас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол, мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн.

5.2. Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн. Хамтарсан ажлын хэсэг түүвэрлэгдсэн шатахуун түгээх станц, агуулахаас дээж авсан. Дээжийг тухайн өдөрт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.

5.3. Хамтарсан ажлын хэсэг түүвэрлэгдсэн шатахуун түгээх станц, агуулахаар дээж авсан. Дээжийг тухайн өдөрт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус хүлээлгэж өгсөн. Лабораторийн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын/хуучнаар/ Дүгнэлт гаргуулах тухай 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/***, 01-07-106/*** дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилт шинжилгээний үр дүнгийн тайлан СШ21/153, СШ21/154, СШ21/169, СШ21/170, СШ21/205, СШ21/206 дугаартай сорилтын үр дүн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT067 дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар УХХК-ийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь дизелийн түлш техникийн шаардлага MNS0216:2017 Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон. Иймд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амт нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэх заалтыг зөрчсөн.

5.4. Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсаар УХХК-ийг заавал мөрдөх стандартын шаардлага хангаагүй дизелийн түлш худалдан борлуулсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, лабораторийн сорилтын дүнгээр тогтоогдсон гэж үзээд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

3. Нэхэмжлэгч УХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргасан бөгөөд лабораторийн сорилтын дүнгүүд өөр хоорондоо зөрүүтэй, бүрэн бус байхад ашиггүй хувилбарыг сонгож зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүйн улмаас лабораторийн сорилтын дүн, улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах боломж олгоогүй, хянан шалгах хугацааг баримтлаагүйгээс маргаан хагалах дээжид дахин шинжилгээ хийлгэх боломжгүй болгосон, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

4. Хариуцагчаас шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ ...лабораторийн сорилтын дүнг шалгах шаардлагагүй, тус сорилтын дүнг үндэслэж гарсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр стандартын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш худалдан борлуулсан нь тогтоогдсон учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн, 2 шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан болохыг тогтоосон, УХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, дээж авах ажиллагааны стандарт зөрчигдөөгүй, газрын тосны хатуу бүтээгдэхүүний дээжийг полиэтилэн буюу хуванцар саванд авч болно, дээж хадгалах 45 хоногийн хугацаа дууссан учраас устгасан... гэж тайлбарласан.

5. Талуудын тайлбараас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэх үндэслэл бүрдсэн эсэх үйл баримтын маргаан үүсээд байна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас дараах үйл баримт тогтоогдов.

6.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /хуучнаар/ даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгээс У-ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторит тус тус дээжийг хүргүүлэн шинжилгээ хийлгэсэн байна.

6.2. Ингэхдээ шатахуун түгээх станцаар борлуулж буй АИ-92 автобензиний дээжийг 210806, дизелийн түлшний дээжийг 210754, агуулахад хадгалагдаж буй АИ-92 автобензиний дээжийг 210832, дизелийн түлшний дээжийг 210790, вагоноор оруулж ирсэн дизелийн түлшний дээжийг 518386 гэж кодлосон, лаборториудад хийсэн шинжилгээний дүнгээр автобензиний дээж стандартад заасан шаардлагыг хангасан, УХХК нь энгийн дизелийн түлш худалдан борлуулж байсан, энэ үйл баримтын талаар маргаангүй.

6.3 Харин дизелийн түлшид дээжид хийсэн шинжилгээний үр дүнгээр байвал зохих үзүүлэлтүүдээс дизелийн түлшний цетан тоо, 20С дахь хувийн жин стандартад нийцээгүй гэсэн үр дүн гарсан боловч хоёр лаборторийн тайланд бичигдсэн шинжилгээний дүнгүүд дараах байдлаар зөрүүтэй, тухайбал Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторит энгийн дизелийн түлшид шинжилгээ хийж, хариуг гаргахдаа Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага MNS0216:2017 стандартад нийцсэн эсэх талаар сорилтын тайланг үйлдсний улмаас УХХК-ийн энгийн дизелийн түлш нь евро стандартад заасан цетаны тоонд хүрээгүй гэсэн үр дүнг үзүүлсэн, мөн Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д Өвлийн дизель түлш нь 20С дахь хувийн жин, кг/м, 840-өөс ихгүй байх шаардлагыг тогтоосон, У-ХХК-аас авсан дизелийн түлшний тухайд, 20С дахь хувийн жин 826.70.1, 807.10.1, 823.00.1 гэсэн хариу гарсан байхад стандартад[1][1] нийцээгүй гэж буруутгасан.

6.4. Түүнчлэн дээр дурдсанчлан нэг адил дээжид шинжилгээ хийж, сорилтын тайланг үйлдэхдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос шинжилгээний дүнг Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS6861:2020 стандартад, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос Дизелийн түлш, Евро. Техникийн шаардлага MNS0216:2017 стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргасан буюу өөр өөр стандартаар дизелийн түлшний чанарыг шинжилсэн зөрчил гаргасан, үүнээс шалтгаалан цетаны тоон үзүүлэлтүүд хоорондоо зөрсөн байхаас гадна нэг адил дээжид шинжилгээ хийсэн атлаа шинжилгээний үр дүнгүүд өөр хоорондоо зөрүүтэйн улмаас аль сорилтын тайланг нь үнэн, зөв гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

6.5. Лабораторийн сорилтын үр дүнгийн тайлангаас стандартад нийцээгүй гэж дүгнэсэн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулав.

Стандартын шаардлага хангаагүй гэж үзсэн үзүүлэлт

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан

Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын үр дүнгийн тайлан

Байвал зохих стандартын шаардлага

ДИЗЕЛИЙН ТҮЛШ

Шатахуун түгээх станцаас авсан дээж,

код 210754

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/169

СШ21/170

GT078

 

1.

Цетаны тоо, багагүй

43.00.1

 

>45

MNS6861:2020

 

47.2

47 /өвөл/

MNS0216:2017

2.

Нягт 200С-д, кг/м3-аас ихгүй,

826.70.1

200С-д шинжилгээ хийгээгүй

Өвлийн дизелийн түлш 840, ихгүй

MNS6861:2020

Агуулахаас авсан дээж, код 210790

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/153

СШ21/154

GT067

 

1.

Цетан тоо

42.80.1

 

45

MNS6861:2020

 

44

47 /өвөл/

MNS0216:2017

2.

Нягт 200С-д, кг/м3

807.10.1

200С-д шинжилгээ хийгээгүй

Өвлийн дизелийн түлш 840, ихгүй

MNS6861:2020

Вагонаас авсан дээж, код 518386

Сорилтын тайлангийн дугаар

СШ21/205

СШ21/206

GT092

 

1.

Цетан тоо

44.30.1

 

45

MNS6861:2020

 

46.5

47 /өвөл/

MNS0216:2017

2.

Нягт 200С-д, кг/м3

823.00.1

200С-д шинжилгээ хийгээгүй

Өвлийн дизелийн түлш 840, ихгүй

MNS6861:2020

 6.6. Дээрх байдлаар лабораториудын зөрүүтэй, буруу гаргасан шинжилгээний сорилтын тайланг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авах үед маргаан хагалах 3 дахь дээж хадгалагдаж байсан, гэтэл 3 дахь дээжийг 45 хоног хадгалах хугацаа дууссан үндэслэлээр устгасан, дахин шинжилгээ хийх боломжгүй болгосон.

6.7. Улмаар тус сорилтын үр дүнгийн тайлангуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснээр улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/*** дугаар дүгнэлтийг гаргасан, хариуцагчаас тайлбарлахдаа ...улсын байцаагчаас мэргэжлийн дүгнэлт гаргасан учраас лабораторийн тайланг шалгах шаардлагагүй гэх боловч тус дүгнэлтүүдээс үзэхэд, лабораторийн шинжилгээгээр У-ХХК-ийн худалдан борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс ямар үзүүлэлтүүд нь стандартад нийцээгүй талаар сорилтын үр дүнгийн тайланд хэрхэн тусгасан болохыг тайлбарлаж бичсэн /уншиж өгсөн/ болохоос сорилтын тайлангаас тусдаа үр дагаврыг үүсгэсэн шинжтэй мэргэжлийн дүгнэлтийг хийгээгүй байна.

6.8. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус зөрчлийг тогтооход ач холбогдолтой үйл баримтыг шинээр тогтоогоогүй, хамгийн гол нь тусгай мэдлэг шаардагдах асуудлаар дүгнэлт гаргаагүй, тус дүгнэлт гарсан эсэхээс үл хамаарч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас сорилтын үр дүнгийн тайланд бичигдсэн шинжилгээний үр дүнг унших, сорилтын үр дүнгийн тайланг зөрүүтэй байгааг мэдэх бүрэн боломжтой байжээ.

 6.9. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч нь Төрийн хяналт, шалтгалтын тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

6.10. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, У-ХХК-ийн худалдан борлуулж буй дизелийн түлшний чанарын талаар шинжилгээ хийсэн хоёр лабораторийн сорилтын үр дүнгийн тайлангууд зөрүүтэй, өөр, өөр стандартын дагуу шинжилгээний үр дүнг гаргасан байгааг хариуцагчаас нягтлан шалгаж, харьцуулан дүгнээгүй, стандартад заасан шаардлагыг хангасан байхад нийцээгүй гэж дүгнэсэн, мөн эдгээр тайланд үндэслэж бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хөдөлбөргүй нотлох баримт гэж үзээд зөрчлийг шалган тогтоохгүйгээр шийдвэр гаргасан, зөрчлийн холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан үйл баримтууд тогтоогдоод байна.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ..., уг зүйлийн 4-т эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1.-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.

8. Гэтэл дээр дурдсанчлан хоёр лабораторийн шинжилгээний үр дүнгийн тайлангууд бүрэн бус, зөрүүтэй байхад хариуцагчаас уг зөрүүг арилгах ажиллагаа явуулалгүйгээр тус алдаатай дүгнэлтийг үндэслэн бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасныг зөрчсөн нь мэргэжлийн хяналтын ахлах улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдохгүй, ил тодорхой зөрчил гэж үзэх боломжгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

9. Тодруулбал, улсын байцаагч зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах, зөрчлийн холбогдогчийг оролцуулах байтал энэхүү үүргээ биелүүлээгүй, зөрчлийг нотолж чадаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасанд нийцэхгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй алдаа гаргасан, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлжээгүй байна.

10. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй гэж, 4.11 дүгээр зүйлийн 5-д Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно гэж, мөн зүйлийн 6-д Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:, 16.1.6-д барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах; гэж тус тус зааснаар хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж, холбогдогчийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бол лабораторийн зөрүүтэй дүгнэлтүүдийн талаар холбогдогчоос прокурорт гомдол гаргаснаар маргаан хагалах 3 дахь дээжид дахин шинжилгээ хийлгэх, гаалийн лаборторийн дүгнэлттэй харьцуулах зэргээр өөр бусад байдлаар зөрчил үйлдэгдсэн эсэхийг бүрэн тогтоох боломжтой байсан, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

11. Ийнхүү хариуцагчаас зохих журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйн улмаас маргаан хагалах 3 дахь дээжид шинжилгээ хийх боломжгүй болсон, хоёр лабораторийн шинжилгээний үр дүн зөрүүтэй, нэг сорилтын тайланд стандартад нийцээгүй гэж үзсэн үзүүлэлт нөгөө сорилтын тайланд нийцсэн байдлаар үр гарсан энэ тохиолдолд аль сорилтын тайланг үндэслэж зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооход эргэлзээ үүссэн, уг зөрчлийг нотлоход мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт ач холбогдолгүй тул УХХК-ийг стандартын шаардлагад нийцэхгүй дизелийн түлшийг худалдан борлуулсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй.

12. Учир нь, нэг адил дээжид хийсэн лабораторийн шинжилгээний дүн зөрүүтэй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилон зөрүүг арилгах, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох боломжгүй болсон тул маргааны үйл баримт, холбогдогч зөрчил гаргасан гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн үндэслэлээр эрх зүйн суурь зарчим болох in dubio pro reo зарчмын[2][2] хүрээнд УХХК-д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

13. Шүүхээс зөрчилд холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох явцад шударга ёсны зарчмыг хангах, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд in dubio pro reo зарчим нь чиглэдэг учраас тухайн этгээдийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.[3][3]

14. Иймд УХХК-ийг стандартын шаардлага хангахгүй дизелийн түлш худалдан борлуулсан зөрчил гаргасныг нотолж байгаа үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдоогүй тул түүнийг зөрчил гаргаагүйд тооцож, түүнд торгох шийтгэл оногдуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, гомдол гаргагчийн эрхийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У-ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНГЭРЭЛ