Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

 

                                    Д.Чимэддорж С.Гантөмөр нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай       

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Боржигон овогт Даваанямын Чимэддорж, Боржигон овогт Сэлэнгээгийн Гантөмөр нарт холбогдох эрүүгийн 2131003160031 дугаартай, 175/2022/0094/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Даваанямын Чимэддорж, Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 15-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:МА74020135/;

Боржигон овогт Сэлэнгээгийн Гантөмөр, Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 49 насТай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ны Баянгол уурхайд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 5-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:МА73121413/;

Шүүгдэгч Д.Чимэддорж нь 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд иргэн С.Гантөмөрийг эхнэр Баярмаатай хардаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,

Шүүгдэгч С.Гантөмөр нь 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд Д.Чимэддоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.Чимэддорж, С.Гантөмөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Сэлэнгээгийн Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Сэлэнгээгийн Гантөмөрийг цагаатгаж,

Шүүгдэгч Боржигон овогт Даваанямын Чимэддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чимэддоржид 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Чимэддоржид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлж,

Шүүгдэгч Д.Чимэддорж, С.Гантөмөр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор А.Энхтуяа 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэд, хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тодорхой тусгана.” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг хангаж чадаагүй байна.

Тухайлбал: Тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт “...гэсэн мэдүүлгээр түлхүүр харанхуйд олоход ямар нэгэн машины гэрэл, эсхүл тод гэрэл шаардлагатай байсан нь тодорхой байна. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хардалтын улмаас үүссэн ба гэр бүлийн гадуурх харилцааг нотолсон нотолгоо байхгүй мөртлөө Чимэддоржийн гаргаж байгаа хууль бус үйлдэл нь буруу юм....Шүүгдэгч Чимэддорж нь шүүгдэгч С.Гантөмөрөөс 750.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлоо төлүүлэхгүй гэж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь учир шалтгаантай болохыг дурьдах нь зүйтэй.” гэх мэтээр дурдаж шүүгдэгч С.Гантөмөр-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “аргагүй хамгаалалт” гэсэн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхиж С.Гантөмөрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие иенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй талаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. \Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаартай тогтоол\.

Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Д.Чимэддорж нь өөрийн эхнзр Т.Баярмааг шүүгдэгч С.Гантөмөртэй хардаж хувийн таарамжгүй харьцаатай байдаг болох нь хэрэгт цугларсан баримтуудаас болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг.

Шүүхээс энэ талаар хардалтын улмаас гэмт хэрэг үүдэн гарсан гэж дүгнэсэн хэдий ч гэр бүлийн гадуурх харилцааг нотолсон нотолгоо байхгүй мөртлөө Д.Чимэддоржийн гаргасан хууль бус үйлдэл нь буруу юм, хохирлоо нэхэмжлэхээсээ татгалзаж байгаа нь учир шалтгаантай болохыг дурдах нь зүйтэй гэж хэт нэг талыг баримталж дүгнэлт гаргахдаа нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг яг ямар учир шалтгаантай гэж дүгнэж байгаагаа тодорхой дурдаагүй нь ойлгомжгүй байна.

Гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй хардалт нь үнэн бодитой эсэхийг зайлшгүй тогтоох шаардлага байхгүй бөгөөд энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь эрх бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Чимэддорж нь хохирлоо нэхэмжлэхгүй учир нь би гэр бүлээ бодож байна гэж мэдүүлсэн байгааг анхаарч үзэлгүй өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Шүүгдэгч Д.Чимэддоржийн зүгээс бусдын ал/.ь биед аюултай аргаар буюу хутга барин довтолсон үйлдэл шүүгдэгч Д.Чимэддорж болон гэрч Баярмаа, Сүнжидмаа нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар тогтоогдоогүй байхад бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийн зөвхөн С.Гантөмөрийн мэдүүлэгт үндэслэн “аргагүй хамгаалалт” гэж дүгнэж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, яллах талын нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутай эсэх талаар дүгнэхдээ “Яллагдагч С.Гантөмөр нь ..... гудамжинд Д.Чимэддоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Сайханбаяр гэм буруутай болох нь нотлогдсон” гэж дүгнэсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу С.Сайханбаяр гэх хүн тухайн үйл явдал болох үед огт байгаагүйг анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байдаг. С.Гантөмөрийн хувьд аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэдгээр цагаатгасан. Гэхдээ би хуульчийнхаа хувьд түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1, 4.2 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. С.Гантөмөрийн хурууг хазаад, шөрмөсийг тастсан  байдалтай байна. Д.Чимэддорж гэр бүлийнхээ талаар яриад өмгөөлөгч, прокурор түүнд субъектив байдлаар хандаж байж магадгүй, би сайн мэдэхгүй байна. Д.Чимэддоржийн эхнэр Баярмаа нь тухайн үед Д.Чимэддоржийг хутгатай байсан гэж мэдүүлдэг. Шүүх бүрэлдэхүүн үүнд дүгнэлт хийж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийг цагаатгасан нь зүйтэй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр Д.Чимэддорж С.Гантөмөр нарт холбогдох 2131003160031 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Д.Чимэддорж нь 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд иргэн С.Гантөмөрийг эхнэр Баярмаатай хардаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч С.Гантөмөрийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...намайг машинаас бууж ирэхэд “чи хүний амьдралд битгий гай болоорой” гэж хэлээд нүүрэн тус газар цохиод өшиглөсөн. Тэгэхээр нь би заамдаад авсан. Миний хувцсыг ураад машин руу гүйж Д.Чимэддорж хутга авчирсан. Би хойшоо ухраад савхин курткаа тайлаад гараа ороогоод хутгыг булаацалдан нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Хутгалуулахгүй гэж өөрийгөө хамгаалсан. Би өөрийнхөө амь насыг хамгаалсан. Тэгээд хутга булаах гэж ноцолдоход миний гарыг хазсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42-44, 210-220-р ху/,

гэрч О.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Тэгээд Гантөмөр машинаа эргүүлж байтал цаад талаас Баярмаагийн нөхөр болох Чимэддорж гэдэг залуу Портер маркийн машинтайгаа зам хөндөлсөж зогсоод эхнэр Баярмаа руу чангаар ...чи хаагуур яваад байгаа юм бэ... гээд ёс бус үг хэлж эхэлсэн... Чимэддорж нь гараараа Гантөмөрийн нүүр лүү цохиод эхлэхэд Гантөмөр урдаас нь тосож цамцнаас нь барьж авсан.Тэр үед би Баярмаагийн хамт гарч зугтаагаад гэр лүүгээ явсан бөгөөд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р ху/,

гэрч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ....Манай нөхөр Чимэддорж нь над руу “ чи ингэж явдаг юм уу” гэж хэлсэн манай нөхөр Чимэддорж Гантөмөрийн нүүр лүү цохиод авсан. Тэгээд Гантөмөр, Чимэддорж хоёр шууд цамц, хувцаснаас зууралдаад заамдалцаж эхэлсэн. Тэр үед би Чимэддорж, Гантөмөр нарт зодолдохоо болихыг гуйхад тоохгүй ноцолдоод байхаар нь Сүнжидмаа бид хоёр айгаад цааш яваад гэртээ харьсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-57-р ху/,  Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №393 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-р ху/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №31 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-84-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан хариуцлага оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийн үндэслэлээ ...Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №625 дугаартай тогтоолд ...Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй...гэж заасан. Т.Гантөмөр нь шүүгдэгч Д.Чимэддоржийн эхнэртэй гэр бүлийн; дотно харьцаатай байсан явдал нь түүний эсрэг санаатай өдөөн хатгалт хийсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ байдлаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан гэж үзэж байна. Хувь хүний нууцын тухай хууль болон гэр бүлийн харьцааны асуудал хөндөгдөж байгаа тул хэрэгт энэ талаар мэдүүлэг авагдаагүй юм. ...Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт... С.Сайханбаяр... гэм буруутай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй  байна...гэж тайлбарлажээ.

С.Гантөмөр нь  шүүгдэгч Д.Чимэддоржийн хууль бус  үйлдлээс өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор  гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  анхан шатны шүүх аргагүй хамгаалалт гэж үзэж түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн

1... Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...,

2...Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

3....Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтанд тооцохгүй... гэж аргагүй хамгаалалтын тухай ойлголт, түүний  шинж, хийх нөхцлийг нарийвчлан тодорхойлжээ.

Эрүүгийн эрх зүйн онолоор аргагүй хамгаалалт хийх зайлшгүй нөхцөл нь тухайн  халдлага нийгэмд аюултай байх, халдлага бодитой эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон байх, довтолгоон төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахаар, бодитой заналхийлсэн байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тухайн нөхцөлд С.Гантөмөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага эхэлсэн, уг халдлага нь нийгэмд аюултай, түүний  амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахаар, бодитой заналхийлсэн шинжийг агуулсан  довтолгоо болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар С.Гантөмөр нь шүүгдэгчийн эхнэртэй гэр бүлийн дотно харилцаатай байсан, энэ нь санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт ...С.Сайханбаяр гэм буруутай... гэж бичигдсэн нь үгийн буюу техникийн шинжтэй алдаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байна.

Харин анхан шатны шүүх цаашид энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байх, аливаа гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэм буруутайд тооцсон болон цагаатгаж байгаа нөхцөлд энэ талаараа үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийн 2022/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 2022/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ,                                          

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ