Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Нямханд,

Хохирогч Ц.Ц,

Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, компютерийн оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Ц.Ц

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03 цагийн үед Баянгол дүүрэг 8 дугаар хороо 25 дугаар байрны 1/1/907 тоотод өөрийн эхнэр Ц.Цг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хамт олонтой шинэ жил тэмдэглэсэн. Ц.Ц тараад ажлын газрын Базарын гэрт очиж нэг шил архи уугаад гэртээ ирээд эхнэртээгээ маргалдаж байгаад хүүхдээ унагаасан. Тэгээд үүнээс болж хэрүүл эхэлсэн. Өмнө нь ингэж маргаж байгаагүй бөгөөд цаашид ийм асуудал болохгүй” гэв.

 

Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 03-нд нөхөр согтуу ирсэн. Тэгээд маргаж байхдаа хүүхэд орноос унасан. Тэгээд хүүхэд унгаалаа гээд намайг цохьсон. Тэгээд явдлаас хойш манай нөхөр архи уугаагүй асуудал гаргаагүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Ц мэдүүлэхдээ:  “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Хөгжил хотхонд байх гэртээ унтаж байтал нөхөр ДЦ.Ц согтуу орж ирэхэд нь яагаад архи уусан” гэж асуухад шууд надруу ирээд гар мушгихаар нь би өшиглөсөн чинь цаашаа унахдаа хүүхэдтэй хамт унасан юм. Тэгээд чи миний хүүхдийг унагаалаа гээд миний нүүрлүү 3-4 удаа цохисон, мөн багалзуурдаж толгой руу 2-3 удаа цохиж хана мөргүүлсэн, би унтсан хойгуур нь эгч рүүгээ ярьсан чинь эгч удалгүй цагдаа ирээд бид 2-ыг авч явсан урд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй, ажлаас боллоо гэж дараа нь хэлсэн” гэжээ. /хх 11 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1092 дугаартай дүгнэлт: 1. Ц.Ц биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 15 хуу/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24-26/

Эд зүйлийн үнэлгээ /хх 72/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 03 цагийн үед Баянгол дүүрэг 8 дугаар хороо 25 дугаар байрны 1/1/907 тоотод өөрийн эхнэр Ц.Цг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Ц /хх 11 хуу/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1092 дугаартай дүгнэлт /хх 15 хуу/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24-26/, эд зүйлийн үнэлгээ /хх 72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь хүсэлтээр тогтоосон болно.

 

            Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Цийн урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ