Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00733

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00733

 

 

 

Ц.Н-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00638 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Н-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/00288 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Н-гийн өмчлөлийн Ү-2205013406 улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлж, 74 842 500 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна. НШШГГ- ийнхүү шинжээч томилох үнэлгээ хийлгэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчин төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Ц.Н-гаас үнийн санал аваагүй байна. Иргэний хуулийн дээрх заалтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар талуудаас үнийн санал авч үнийн санал зөрсөн тохиолдолд шинжээч томилох үүрэгтэй. Гэтэл үнийн санал авахгүйгээр шинжээч томилсон нь хууль бус ажиллагаа болсон юм. Иймд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байр 51 тоотод хаягтай орон сууцыг 74 842 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 288 дугаар захирамжаар Ц.Н-гаас 69 012 880 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 51 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2205013406 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.Н-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх 144/01, 17251256/2, 17251256/03, 17251256, 17251256/07 тоот мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгчийн зүгээс төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ц.Н-, хамтран өмчлөгч З.Золбоогийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу 144/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17251255/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ц.Н- болон хамтран өмчлөгч З.Золбоо нараас битүүмжлэн хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албан бичгээр ирүүлэх, хэрэв тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдэхэд үл хөдлөх хөрөнгийн үнийг өмчлөгч нар 120 000 000 төгрөгөөр үнэлсэнг төлбөр авагч Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнийг тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 51 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2205013406 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход 2020 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 74 842 500 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээний тайланг танилцуулж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4-144/38969 тоот үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Н-, өмчлөгч З.Золбоо нарт мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байрны 51 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013406 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Сартуул овогт Ц.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Орон сууцыг шинжээч томилон үнэлүүлэхдээ төлбөр төлөгч Ц.Н-гаас үнийн санал аваагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхийн өмнө үнийн санал авсан гэх баримтыг Ц.Н- үйлдээгүй хэмээн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. Шинжээч томилуулах нь ач холбогдолтой байхад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байрны 51 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/00288 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ц.Н-гаас 68 762 000 төгрөгийг нэхэмжлэгч Газаркапитал партнерс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013406 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байрны 51 тоотод байршилтай, 30 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч НШШГГ- нь шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23ы өдрийн 102/Ш32017/07259 дугаартай шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 21/, уг захирамжийн дагуу бичигдсэн 2017 оны 5 дугаар сарын 23ы өдрийн 728 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх-ийн 20/, 2017 оны 10 дугаар сарын 31ий өдрийн 17251256 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн 4, 5, 24 /

 

Төлбөр төлөгч Ц.Н- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Төлбөр төлөгч болон З.Золбоогийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байрны 51 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013406 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 26ы өдрийн 144/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 17251255/08 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан. /хх-ийн 28, 37, 50/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч Ц.Н-, хамтран өмчлөгч З.Золбоо нар 120 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан бол төлбөр авагч Газаркапитал партнерс ББСБ ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. /хх-ийн 54-56/

Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 110/Ш тоот дүгнэлтээр орон сууцыг 74 842 500 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 52 389 750 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, уг дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 6, 59-84 /

Төлбөр төлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 02ы өдөр мэдэгдлийг хүргүүлснийг Ц.Н- нь 2020 оны 11 дүгээр сарын 03ы өдөр хүлээж авснаа гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 84 /

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилэгдсэн эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа өмчлөгч нараас үнийн саналыг асууж тэмдэглэл үйлдсэн байхаас гадна орон сууцны өмчлөгч Ц.Н- бичгээр тусгайлан санал гаргасан болох нь хэрэгт авагдсан байна. /хх-ийн54/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гийн гарын үсэг зурсан гэх баримтад шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ