| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0088/З |
| Дугаар | 128/ШШ2025/0197 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0197
2025 03 17 128/ШШ2025/0197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Таван хан энержи ХХК /РД:6267238/
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагч: БХБЯ/20240101045 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам,
Гуравдагч этгээд: Алтайн үндэс констракшн ХХК /РД:5440068/ хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойсүрэн, Г.Сарангоо, Ч.Мөнхзаяа, Ж.Орхонбаяр, Г.Гантөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Нэг. Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас БХБЯ/20240101045 дугаартай, XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулалтыг зарлаж тус газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар БХБЯ/20240101045 дугаар тендерийн үнэлгээний хороо байгуулсан.
1.2. Уг тендерийн сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд болох Алтайн үндэс констракшн ХХК оролцож материалаа хүргүүлсэн.
1.3. Уг тендер шалгаруулалтын үр дүнд гуравдагч этгээд Алтайн үндэс констракшн ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд бусад оролцогчийг шаардлага хангаагүй гэж үзэж Тендерийн үнэлгээний хорооноос татгалзаж шийдвэрлэсэн.
1.4. Тус тендер шалгаруулалтад оролцогч нэхэмжлэгч Таван хан энержи ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
1.5. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/9578 дугаартай албан бичгээр Таван хан энержи ХХК болон Алтайн үндэс констракшн ХХК-уудын ижил төстэй ажлыг хянан үзэж захиалагчийн санал үндэслэлтэй байна гэж үзэж тендер шалгаруулалтыг хуульд заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэх хариуг өгчээ.
1.7.Мөн нэхэмжлэгчээс Сангийн яаманд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тендерийн баталгаагаа чөлөөлүүлэхээр хүсэлт гаргахад Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу хүргүүлсэн байна.
1.8. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Таван хан энержи ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон.
Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Алтайн үндэсний констракшн ХХК-ийг дээрх тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, манай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шалгаруулахаас татгалзсан талаар мэдэгдсэн.
Бидний хувьд тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/9578 дугаартай гомдол хянасан тухайн албан бичгээр манай компанийн гаргасан гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж, тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсэн.
Гэвч тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК нь дараах байдлаар зөрчил гаргасан. Үүнд:
1.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 1-д Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. Ерөнхий инженер, Дулааны инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, Цахилгааны инженер, Холбоо дохиолол, мэдээллийн инженер тус бүр 3 жилээс доошгүй хугацаанд мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх гэж, төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана гэж заасан.
Худалдан авах ажиллагааны цахим систем дэх Алтайн үндэс констракшн ХХК-ийн ерөнхий инженер, дулааны инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, халаалт агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер, холбоо дохиолол, мэдээллийн инженерт тус тус санал болгосон ажилчдын их дээд сургууль төгссөн тухай дээд боловсролын дипломын мэдээлэл, тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл хэдий ч уг баримтууд нь санал болгосон ажилчдыг мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг нотлохгүй.
Санал болгосон ажилчдын дээд боловсрол эзэмшсэн буюу диплом авч, сургууль төгссөн гэх цаг хугацаанаас нь шууд тооцож мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг тогтоох боломжгүйн зэрэгцээ сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн мэргэжлээрээ 3 жил ажилласан хэмээн дүгнэх боломжгүй атал өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 1-д заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр, тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн Сангийн яамны хариу тус тус хууль бус болно.
Манай компанийн хувьд худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж буй тендер шалгаруулалтуудад байнга оролцдог Монгол Улсын хуулийн этгээд. Өмнө нь зарлагдаж байсан тендер шалгаруулалтуудад ч дээрхтэй адил шаардлага тавигдаж байсан бөгөөд ажилчдын ажилласан жилийн туршлагыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг E Mongolia-аас татаж, сканнердаж ирүүлээгүй гэх шалтгаанаар тендерт шалгаруулаагүй, шалгаруулахаас татгалзсан удаатай. Монгол Улсын хэмжээнд явагдаж буй тендер шалгаруулалтууд нэг зарчмаар явагдах учиртай хэдий ч хариуцагч нь дээрх байдлаар шаардлага хангаагүй хуулийн этгээдийн тендерийг шалгаруулсанд гомдолтой байна.
Түүнчлэн тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК-ийн ажиллах хүний нөөцөд санал болгож буй ажилчдын заримын эзэмшсэн мэргэжил нь ТШЗ 19.1-ийн 1-д заасан инженерийн шаардлагад нийцэхгүй болно.
2.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: Шаардана. Барилга, хот байгуулалтын яамны: угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил; БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт; БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт; БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт; БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулгүй дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт; БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил. Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн, зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй гэж заасан.
Гэтэл тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК нь дээр шаардсан тусгай зөвшөөрлүүдээс БА-2.1, БА-3.3, БА-3.5 тусгай зөвшөөрлүүдийг аваагүй буюу тендерт оролцогчдод заавал шаардагдах тусгай зөвшөөрөл байдаггүй, бүрдэл дутуу баримт ирүүлсэн. Энэ байдлаар өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл дутуу хуулийн этгээдийг тендерт шалгаруулсан захиалагчийн шийдвэр хууль бус болно.
Энэхүү зөрчлийг шалгуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан хэдий ч Алтайн үндэс констракшн ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас олгосон БА-3.1, БА-4.3, Эрчим хүчний яамнаас олгосон ТЗ-2.2 гэсэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй тул тусгай зөвшөөрлийн шаардлага хангана гэх байдлаар хариу өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үнэхээр өөр бусад байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг оруулж буюу адилтгаж үзэх боломжтой бол энэ талаар тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд тусгах учиртай. Ямар байгууллагын зөвшөөрлийг эрх бүхий байгууллага гэж үзэх, тухайн байгууллагын ямар зөвшөөрлийг авсан нь тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлүүдийн аль зөвшөөрөлтэй нь хэрхэн орлуулж буюу адилтгаж үзэх боломжтой талаар нийт тендерт оролцогч, оролцохыг сонирхогч этгээдүүдэд ил тод байдлаар мэдээлэх ёстой. Ийнхүү мэдээлээгүй, тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд тусгаагүй нь худалдан авах ажиллагаанд оролцогчдод маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч гаргана гэж тендерийн баримтыг хэрхэн хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох харилцааг журамлан зохицуулсан.
Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дээр дурдсанаар шаардлага хангаагүй тендерийг шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, хууль бус үйл ажиллагаа явуулснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Манай компанийн хувьд Сангийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/9578 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг эс зөвшөөрч, дахин хянаж үзэхийг хүсэж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр хүсэлт гаргасан хэдий ч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/9970 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн тул хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс ийнхүү шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга/ Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Таван хан энержи ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Цэвэрлэх байгууламжийн барилга буюу Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон. Тендерийн Үнэлгээний хорооноос Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдэж нэхэмжлэгч Таван хан энержи ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, тендер шалгаруулалттай холбоотой хурлын тэмдэглэлийг үйлдэж тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.
Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулж, Таван хан энержи ХХК-ийг шалгаруулахаас татгалзсантай холбогдуулан холбогдох мэдэгдлүүдийг шат дараалсан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд биелүүлж Алтайн үндэс констракшн ХХК нь яамтай гэрээ байгуулсан байдаг. Алтайн үндэс констракшн ХХК нь 2 шаардлагыг хангаагүй байхад шалгаруулж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн. Улмаар нэхэмжлэгч Таван хан энержи ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэхээр хандсан.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд ажил гүйцэтгэх хүний нөөцөд ямар, ямар хүмүүс байхыг тухайлан дурдаж өгсөн. Тухайн этгээдүүдэд тавигдах шаардлага нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагуудыг тавьсан. Алтайн үндэс констракшн ХХК-ийн ирүүлсэн баримт бичгээс харахад тухайн хүний нөөцөд тавигдах шаардлагуудыг хангасан талаарх баримт бичигт мэргэжлээрээ 3 жил ажилласан уу, үгүй юу гэдгийг хангалттай хэмжээнд нотолж чадаагүй гэж харж байна.
Хариуцагчийн тайлбаруудаас үзвэл өгөгдлийн хүснэгтэд заасан дээд боловсрол эзэмшсэн дипломын хуулбарыг үндэслээд энэхүү шаардлагыг хангасан гэж үзсэн талаар дурдсан. Энэ нь хурлын тэмдэглэлээр хэрэгт авагдсан.
Мэргэжлийн диплом авсан буюу их дээд сургууль төгсөөд мэргэжил эзэмшсэн гэдэг нь тухайн цаг хугацаанаас хойш тухайн этгээдийг мэргэжлээрээ ажилласан болохыг нотолсон зүйл биш. Их дээд сургууль төгсөөд мэргэжлийн диплом аваад мэргэжил эзэмшсэн нь тухайн мэргэжлээр ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн дипломын хуулбарыг хараад шаардлага хангасан байна гэж үзэж байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Өгөгдлийн хүснэгтэд заасан 19.3-д заасан тусгай зөвшөөрлүүдийг шаардана гээд нэг бүрчлэн дэлгэрүүлж заасан. Тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК тухайн өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай зөвшөөрлүүдийн зарим зөвшөөрлүүдийг аваагүй буюу хангаагүй. Хангаагүй байхад нь шаардлагыг хангасан гэж үзээд шалгаруулж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна.
Гуравдагч этгээд болоод хариуцагчийн зүгээс тайлбартаа өөр бусад байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлж үзэх боломжтой гэдэг агуулгыг дурддаг. Үнэхээр ингэж дүйцүүлж үзэх боломжтой байсан бол тендерийн баримт бичигт яагаад энэ заалтыг, агуулгыг тусгаж өгөөгүй гэдэг асуудал яригдана. Тэгэхээр өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай зөвшөөрлүүдийн зарим хэсгийг хангаагүй нь тендерийн баримт бичгийг хангалттай хэмжээнд ирүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болсон.
Гэтэл худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо шалгаруулаад, Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд Худалдан авах ажиллагааны газраас эцсийн үр дүнд хүргэсэн мэдэгдлийг гаргаад яаманд хүргүүлж байгаа. Эдгээр үр дагаврыг үндэслээд яам болоод Алтайн үндэс констракшн ХХК-уудын хооронд гэрээ байгуулагдаж байгаа. Эдгээр үйлдлүүд нь нэхэмжлэгчийн эрх болоод хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Эдгээр агуулгаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон БХБЯ/20240101045 дугаар Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар БХБЯ/20240101045 дугаартай XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг нийт 6 удаа зохион байгуулсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус тендер зарлахад Таван хан энержи ХХК ганцаараа тендер ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу татгалзаж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин тендер зарлахад нэг ч оролцогч оролцоогүй бөгөөд дахин 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өдөр зарлахад Таван хан энержи ХХК, Мон фалү консалтинг ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ууд тендер ирүүлсэн бөгөөд хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу дахин татгалзаж, зургаа дахь удаагийн тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээхэд Таван хан энержи ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ууд тендер ирүүлсэн. Уг тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгууламж, Таван хан энержи ХХК ижил төстэй ажлын туршлагаар 2021 онд Монгол экспресс ХХК-ийн захиалгаар БГД ХҮТ-10 харьяа ТК1624-өөс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах анги хүртэлх 120м хос ф100мм дулааны шугамыг шинэчлэх ажил-36,270,609.0 (гучин зургаан сая хоёр зуун далан мянга зургаан зуун ес) төгрөг, мөн 39,682,351.0 (гучин есөн сая зургаан зуун наян хоёр мянга гурван зуун тавин нэг) төгрөгөөр 145м цэвэр усны шугам, 45м лотки, 45м ф100 дулааны шугам шинээр угсрах гэрээ, гэрээ дүгнэсэн акт, 2022 онд Энержи конвертер ХХК-ийн захиалгаар Бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх 4,330,048,774.0 (дөрвөн тэрбум гурван зуун гучин сая дөчин найман мянга долоон зуун далан дөрөв) төгрөгийн гэрээ, захиалагчийн 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа тодорхойлолт тус тус ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2 3-д заасан сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод талд нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт мөн хүчин чадал, барилгын талбайн хэмжээгээр тооцуулах ижил төстэй ажлын магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй тул татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, Алтайн үндэс констракшн ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэн хуулийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгож үр дүнг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн.
Тус тендер шалгаруулалтад оролцогч Таван хан энержи ХХК нь манай газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/9578 дугаартай албан бичгээр Таван хан энержи ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/4375 дугаар албан бичгээр Захиалагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд Алтайн үндэс констракшн ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурдагдсан асуудлууд дараах байдлаар няцаагдана:
-Тус тендерт оролцогч Таван хан энержи ХХК болон Алтайн үндэс констракшн ХХК-уудын тендерийг хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг 3 жилээс доошгүй гэж заасан бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-д техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг хэсэгт б) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу) Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ гэж заасны дагуу хүний нөөцийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг дээд боловсрол эзэмшсэн дипломын огноогоор тооцсон.
| № | Албан тушаал | Ажилтны тоо | Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага | Алтайн үндэс констракшн ХХК-ийн санал болгосон хүний нөөц дээд боловсрол эзэмшсэн огноо | Үндсэн ажилтан эсэх | Шаардлага хангаж байгаа эсэх |
| 1 | Ерөнхий инженер | 1 | 3 жилээс доошгүй | Б.Мөнхсүрэн 2020 онд бакалаврын зэрэг | Тийм | Тийм |
| 2 | Дулааны инженер | 1 | 3 жилээс доошгүй | Р.Оюундэлгэр 1991 онд бакалаврын зэрэг | Тийм | Тийм |
| 3 | Ус хангамж ариутгах татуургын инженер | 1 | 3 жилээс доошгүй | Ч.Амгаабазар 1971 онд бакалаврын зэрэг | Тийм | Тийм |
| 4 | Халаалт агаар сэлгэлтийн инженер | 1 | 3 жилээс доошгүй3 жилээс доошгүй | Д.Одгэрэл 2021 онд бакалаврын зэрэг | Тийм | Тийм |
| 5 | Цахилгааны инженер | 1 | 3 жилээс доошгүй | Б.Равдандорж 1987 онд бакалаврын зэрэг | Тийм | Тийм |
| 6 | Холбоо дохиолол, мэдээллийн инженер | 1 | 3 жилээс доошгүй | Б.Алтангэрэл 2001 онд бакалаврын зэрэг, 2002 онд магистрын зэрэг | Хөлсөөр ажиллах гэрээтэй | Тийм |
| 7 | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан | 1 | 1 жил | Н.Болор-Эрдэнэ 2022 онд Гэрчилгээ авсан. | Тийм | Тийм |
Тус тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.2 б)-д Тендерт оролцогчийн ажилтны ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтан буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна гэж заасан нь тухайн байгууллагад нийгмийн даатгал төлөгддөг үндсэн эсэхийг магадлах заалт юм.
-Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-д шаардсан БА-2.1 Цутгамал болон угсралт төмөр бетон, мод ба өрөгт бүтээсэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил тусгай зөвшөөрөл нь Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад тусгагдсан Бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл бөгөөд Алтайн үндэс констракшн ХХК-ийн цахим системд хүчинтэй байгаа БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээсэн болон иж бүрэн цутгамал бүтээсэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил тусгай зөвшөөрөл нь Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл байгаа нь тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийг давсан тусгай зөвшөөрөлтэй байна. Мөн адил тендерийн баримт бичигт гадна инженерийн шугам сүлжээний ажлын хувьд дунд төвөгшилтэй БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт тусгай зөвшөөрөл шаардсан бөгөөд Алтайн үндэс констракшн ХХК-ийн цахим системд хүчинтэй байгаа БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт тусгай зөвшөөрөл нь Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй байгаа нь тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийг давсан тусгай зөвшөөрөлтэй байна.
-Тендерийн баримт бичигт шаардсан БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажил нь 10 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын ажил бөгөөд Алтайн үндэс констракшн ХХК Эрчим хүчний яамны ТЗ-2.2: 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй байгаа нь тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байна.
Иймд дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Төрийн худалдан авах ажиллагааны газраас Зөвлөмж хүргүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/4375 тоот албан бичгээр БХБЯ/20240101045 дугаартай XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн Алтайн үндэс констракшн ХХК-тай 4,572,841,861 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн.
Энэхүү зөвлөмжийг дагуу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасны дагуу тус яам нь Алтайн үндэс констракшн ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр УТ240290160, 2024/158 дугаартай XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг байгуулсан болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Таван хан энержи ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
Гуравдагч этгээд Алтайн үндэс констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Алтайн үндэс констракшн ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон. Энэхүү тендерт бид тендерийн бичиг баримтад заасан зохих шалгуурын дагуу бүхий л шалгуурыг хангаж оролцсон.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4229 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай тоотыг ирүүлсний дагуу, хуулийн хугацаанд бид 41197000.00 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг гаргуулж, захиалагч байгууллага болох Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн УТ2402901620 2024/158 тоот гэрээг байгуулан ажиллаж байна.
Танай байгууллагад гаргасан Таван хан энержи ХХК-ийн гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.Худалдан авах ажиллагааны цахим систем дэх Алтайн үндэс констракшн ХХК-ийн Ерөнхий инженер, Дулааны инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, Цахилгааны инженер, Холбоо дохиолол, мэдээллийн инженер тус тус санал болгосон ажилчдын их дээд сургууль төгссөн тухай дээд боловсролын дипломын мэдээлэл, тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл байх хэдий ч уг баримтууд нь санал болгосон ажилчдыг мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг нотлохгүй гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тайлбар няцаалт: Манай байгууллагаас санал болгосон инженер, техникийн ажилтнууд нь компанийн үндсэн ажилтнууд байх бөгөөд тендерийн бичиг баримтад ажилласан жилийн туршлагыг нийгмийн даатгалын хуулбараар нотолно гэх заалт байхгүй. Манай байгууллагаас санал болгосон инженер техникийн ажилтнуудын их, дээд сургууль төгссөн боловсролын мэдээлэл, мэргэжлүүд нь Төрийн цахим мэдээлэл солилцох ХУР системд байршсаны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгаж үр дүн гарсан байдаг. Тухайн төсөл дээр хөлсөөр ажиллах гэрээг хүлээн зөвшөөрөх шаардлагын дагуу Холбоо дохиолол, мэдээллийн инженертэй гэрээ байгуулж оруулсан бөгөөд боловсролын мэдээлэл нь мөн ХУР системээс татаж шалгуулж, нотлогдсон байдаг. Дээрээс нь захиалагч байгууллага нь оролцогч байгууллагын ажилтнуудын нийгмийн даатгалын мэдээллийг нь мөн ХУР системээс шалгаад нотлох бүрэн боломжтой эрх бүхий этгээд юм.
2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т Тусгай зөвшөөрөл Барилга, хот байгуулалтын яамны БА-2.1, БА-3.3, БА-3.4, БА-3.5, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1 эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Гэтэл тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК нь дээр шаардсан тусгай зөвшөөрлүүдээс БА-2.1, БА-3.3, БА-3.5 тусгай зөвшөөрлүүдийг аваагүй буюу тендерт оролцогчдод заавал шаардагдах тусгай зөвшөөрөл байдаггүй, бүрдэл дутуу баримт ирүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тайлбар, няцаалт: Манай байгууллага нь Барилга, хот байгуулалтын яамны БУ12-108/23 дугаартай БА-2.2, БА-3.1, БА-4.3, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1 тус тус хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн заалтуудтай. Мөн Эрчим хүчний яамны ТЗ-1.1, ТЗ-2.2, ТЗ-3.3, ТЗ-4.2, ТЗ-5.2 тус тус заалтуудаар үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү тендерийн сонгон шалгаруулалтад байхгүй гэх заалтууд болох БА-2.1 нь манай байгууллагын БА-3.1 заалт нь дүйцэхээр буюу БА-2.1 заалтыг багтаасан дээд заалт /дунд төвөгшилтэй барилга байгууламж/ заалт болно.
БА-3.3 заалтын тухайд манай байгууллага нь БА-4.3 заалт буюу БА-3.3 заалтыг багтаасан БА-4.3 заалт бүрэн дүйцэх заалт болно. БА-4.3 нь өндөр төвөгшилтэй барилга байгууламжид олгодог заалт болно.
БА-3.5 заалтын тухайд эрх бүхий байгууллагаас олгосон Эрчим хүчний яамны ТЗ-2.2 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь БА-3.5 заалттай дүйцэхүйц хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл болно.
Нэмэлт тайлбар: БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажил нь 10 кВ цахилгаан дамжуулах шугамын ажил бөгөөд гэтэл Эрчим хүчний яамны ТЗ-2.2 заалт нь 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл тул бүрэн хангаж байна.
Иймд Таван хан энержи ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Таван хан энержи ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ УТ2402901620 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд тус тус холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх тус шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
4. Нэхэмжлэгчээс ... тус тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК-ийн ерөнхий инженер, дулааны инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, дулааны инженер, халаалт агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер, холбоо дохиолол, мэдээллийн инженерт тус тус санал болгосон ажилчдын их дээд сургууль төгссөн тухай дээд боловсролын дипломын мэдээлэл, тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл байх хэдий ч уг баримтууд нь санал болгосон ажилчдыг мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг нотлохгүй, ... ажиллах хүний нөөцөд санал болгож буй ажилчдын заримын эзэмшсэн мэргэжил нь ТШЗ 19.1-ийн 1-д заасан инженерийн шаардлагад нийцэхгүй, ... тендерт шалгарсан компани нь шаардсан тусгай зөвшөөрлүүдээс БА-2.1, БА-3.3., БА-3.5 тусгай зөвшөөрлүүдийг аваагүй буюу тендерт оролцогчдод заавал шаардагдах тусгай зөвшөөрөл байдаггүй, бүрдэл дутуу баримт ирүүлсэн, ... өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл дутуу хуулийн этгээдийг тендерт шалгаруулсан захиалагчийн шийдвэр хууль бус ... гэж,
Хариуцагч нараас ... тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг 3 жилээс доошгүй гэж заасан, 19.2-т техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг хэсэгт б) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан БСШУЯ-ны мэдээллийн сангаас шалгана, ... гэж заасны дагуу хүний нөөцийн мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг дээд боловсрол эзэмшсэн дипломын огноогоор тооцсон, 19.2 б)-д ... бусад ажилтан буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна гэж заасан нь тухайн байгууллагад нийгмийн даатгал төлөгддөг үндсэн ажилтан эсэхийг магадлах заалт, ТШЗ 19.3-д шаардсан БА-2.1, БА-3.1, БА-3.3 тусгай зөвшөөрлүүдийг тендерт шалгарсан Алтайн үндэс констракшн ХХК нь давсан тусгай зөвшөөрлүүдтэй байсан нь тендерийн баримт бичигт шаардсан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байна ... гэж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... манай байгууллагаас санал болгосон инженер, техникийн ажилтнууд нь компанийн үндсэн ажилтнууд байх бөгөөд тендерийн бичиг баримтад ажилласан жилийн туршлагыг нийгмийн даатгалын хуулбараар нотолно гэх заалт байхгүй, ... захиалагч байгууллага нь оролцогч байгууллагын ажилтнуудын нийгмийн даатгалын мэдээллийг Хур системээс шалгаад нотлох бүрэн эрхтэй этгээд, ... энэхүү тендерийн сонгон шалгаруулалтад байхгүй гэх заалтууд болох БА-2.1 нь манай БА-3.1 /дунд төвөгшилтэй барилга байгууламж/-д дүйцэхээр буюу багтаасан дээд заалт, БА-3.3 заалт нь манай БА-4.3 /өндөр төвөгшилтэй барилга байгууламж/-д бүрэн дүйцэх заалт, БА-3.5 заалт нь эрх бүхий байгууллагаас олгосон Эрчим хүчний яамны ТЗ-2.2, 0.4 -35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршлага тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь БА-3.5 заалттай дүйцэхүйц хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл болно ... гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Төрийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалт, 50.5 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 409 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ УТ2402901620 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна.
6. Тус Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсгийн 1-д XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн Таван хан энержи ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн тендерийг үнэлж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Алтайн үндэс констракшн ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
7. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Таван хан энержи ХХК-нд хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ... тус газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер дараах шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасны дагуу татгалзаж байна, ... дээрх тендер шалгаруулалтад Алтайн үндэс констракшн ХХК-нд 4,572,841.0 (дөрвөн тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун жаран нэг) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон болно, энэхүү шийдвэртэй холбоотой хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй талаар мэдэгджээ.
8. Дээрх тендер шалгаруулалтыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/21 албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03/9578 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр ... гомдолд дурдсан үндэслэлээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Алтайн үндэс констракшн ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг өгчээ.
9. Таван хан энержи ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/81 дугаар албан бичгээр Сангийн яаманд дахин хандан Төрийн худалдан авах ажиллагааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны Дугаар А-1/4228 мэдэгдлийг хүндэтгэн хүлээн авч байгаа тул тендерийн баталгааг чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.
10. Уг хүсэлтийн хариуд Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/9970 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг ... улсын орлого болгоно гэж зааснаар танай компанийн Хас банкны 184GT10241021098 дугаартай цахим тендерийн баталгааны 20,000,000 /хорин сая/ төгрөгийг улсын орлого болгох талаар захиалагчид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/9638 тоот албан бичгийг хүргүүлсэн тул тендерийн баталгааг чөлөөлөх тухай танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүргүүлсэн байна.
11. Хариуцагч Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ УТ2402901620 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БАБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулж, зөвлөмжөө захиалагчид хүргүүлэх, шалгарсан болон шалгараагүй компанийн мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлэх, Тендер шалгаруулалтын үр дүнг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж тендер шалгаруулалтын ажиллагааг хуульд нийцсэн байдлаар явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна гэж үзлээ.
12. Таван хан энержи ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ... Алтайн үндэс констракшн ХХК-ийн санал болгосон ажилчдын их дээд сургууль төгссөн тухай дээд боловсролын дипломын мэдээлэл, тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл байх хэдий ч уг баримтууд нь санал болгосон ажилчдыг мэргэжлээрээ 3 жил ажилласан гэдгийг нотлохгүй, ажиллах хүний нөөцөд санал болгож буй ажилчдын заримын эзэмшсэн мэргэжил нь ТШЗ 19.1-ийн 1-д заасан инженерийн шаардлагад нийцэхгүй ... гэх үндэслэлийн тухайд, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. Ерөнхий инженер, Дулааны инженер, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, Цахилгааны инженер, Холбоо дохиолол, мэдээллийн инженер тус бүр 3 жилээс доошгүй мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагатай байх гэж, 19.2-т техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг хэсэгт б) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Бусад ажилтан буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна гэж тус тус заасан.
13. Тус тендерт оролцогч Таван хан энержи болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн шүүхэд бичгээр болон CD хэлбэрээр ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл, Алтайн үндэс констракшн ХХК-аас Ерөнхий инженерт санал болгосон Б.Мөнхсүрэн нь 2020 онд Үндэсний техникийн их сургуулийг Барилгын инженер мэргэжлээр, Дулааны инженерт санал болгосон Р.Оюундэлгэр нь 1991 онд ШУТИС-ыг Дулааны инженер мэргэжлээр, Ус хангамж, ариутгах татуургын инженерт санал болгосон Ч.Амгаабазар нь 1971 онд МУИС-ыг Гидромеханик мэргэжлээр, Халаалт, агаар, сэлгэлтийн инженерт санал болгосон Д.Одгэрэл нь 2021 онд ШУТИС-ыг Сантехник, инженерийн байгууламж мэргэжлээр, Цахилгааны инженерт санал болгосон Б.Равдандорж нь 1987 онд ШУТИС-ыг Цахилгаан хангамж мэргэжлээр, Холбоо дохиолол, мэдээллийн инженерт санал болгосон Б.Алтангэрэл нь 2001 онд ШУТИС-ыг Цахилгаан, холбоо мэргэжлээр тус тус суралцаж төгссөн нь Дээд боловсролын дипломын мэдээллээр тогтоогдож байна.
14. Мөн Алтайн үндэс констракшн ХХК-аас санал болгосон мэргэжилтэн Б.Мөнхсүрэн, Р.Оюундэлгэр, Ч.Амгаабазар, Д.Одгэрэл, Б.Равдандорж, Б.Алтангэрэл нарын ажиллах хүчний анкет, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ХУР систем дэх 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл зэрэгт тус тус үндэслэн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ УТ2402901620 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
15. Тухайлбал, нэхэмжлэгчийн ... тендерт шалгарсан компани нь шаардсан тусгай зөвшөөрлүүдээс БА-2.1, БА-3.3., БА-3.5 тусгай зөвшөөрлүүдийг аваагүй буюу тендерт оролцогчдод заавал шаардагдах тусгай зөвшөөрөл байдаггүй, бүрдэл дутуу баримт ирүүлсэн, ... өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл дутуу хуулийн этгээдийг тендерт шалгаруулсан захиалагчийн шийдвэр хууль бус гэх үндэслэлийн тухайд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: Шаардана. Барилга, хот байгуулалтын яамны БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил; БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-6.2 Барилга, байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт; БА-6.3 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт; БА-7.1 Барилга, байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил. Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй гэж заасан байна.
16. Гуравдагч этгээд Алтайн үндэс констракшн ХХК нь Барилга хот, байгуулалтын яамнаас олгосон БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлт, тохижилтын ажил /дунд төвөгшилтэй барилга байгууламж/, БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт /өндөр төвөгшилтэй барилга байгууламж/, Эрчим хүчний яамнаас олгосон ТЗ-2.2 0.4 -35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршлага тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил; БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэж заасантай нийцсэн байна.
17. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... манай байгууллагаас санал болгосон инженер, техникийн ажилтнууд нь компанийн үндсэн ажилтнууд байх бөгөөд тендерийн бичиг баримтад ажилласан жилийн туршлагыг нийгмийн даатгалын хуулбараар нотолно гэх заалт байхгүй, ... энэхүү тендерийн сонгон шалгаруулалтад байхгүй гэх заалтууд болох БА-2.1 нь манай БА-3.1 /дунд төвөгшилтэй барилга байгууламж/-д дүйцэхээр буюу багтаасан дээд заалт, БА-3.3 заалт нь манай БА-4.3 /өндөр төвөгшилтэй барилга байгууламж/-д бүрэн дүйцэх заалт, БА-3.5 заалт нь эрх бүхий байгууллагаас олгосон Эрчим хүчний яамны ТЗ-2.2, 0.4 -35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршлага тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь БА-3.5 заалттай дүйцэхүйц хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл болно гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
18. Дээрх байдлаар гуравдагч этгээд Алтайн үндэс констракшн ХХК-ийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, хүний нөөц, мэргэжилтний хувьд ажлын туршлага, чадавхын шаардлагыг бүрэн хангаж байгаа болох нь хэрэгт цахимаар авагдсан тендерийн баримт бичгээр нотлогдож байна.
19. Ийнхүү тендерийн үйл ажиллагаа хуульд нийцэж явагдсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үлдэх шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын тус тус гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй бөгөөд дээрх төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер шалгаруулалтын ажиллагаа нь хуульд нийцсэн байдлаар явагдсан болох нь тогтоогдсон, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн тендер шалгаруулалтын ажиллагаанд үндэслэсэн байх тул шүүхээс эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
20. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Таван хан энержи ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, БХБЯ/20240101045 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд тус тус холбогдуулан гаргасан Алтайн үндэс констракшн ХХК /РД:5440068/ нарын хоорондын Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр Алтайн үндэс констракшн ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Алтайн үндэс констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР