Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/55

 

 

                                       *******д холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

       

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2022/00/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, Хөтөл “ ” ХК-ийн , ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг тоотод оршин суух /РД:ПБ8311/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр г зүй бус үгээр доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын районд орших “ Шохой” ХК-ийн Чулуунцрын үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших ХААН банкны Хөтөл тооцооны төв, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвд орших Мобиком корпорацын салбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сайхан сумын эмнэлэг зэргээс өөр газарт зорчих эрхийг 03 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ялтан *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 03 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг тоолохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 5 сарын 10 -ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч бид үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

Зорчих эрхийг нь хязгаарлахдаа н үйлдвэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг , тоотод оршин гэрээс ХААН банкны тооцооны төв, Мобиком корпорацын салбар, Сайхан сумын эмнэлэг зэргээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын хугацаатай оногдуулсныг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.******* нь “-Шохой” ХК-ийн үйлдвэрт ажилладаг, тус компанийн цех нэгжүүд, хангамжийн складууд, компанийн захиргаа нь раойныг бүхэлд нь эзэлж тархай байдлаар байршсан байдаг ба засварчид хангамжаас сэлбэг материалаа татахаас эхлүүлээд компанийн захиргааны байранд сургалтанд хамрагдах, ажилчдын цайны газарт хооллох, эмнэлэг орох, ажилд гарах ажлаас буухдаа компанийн захиргааны зүүн корпуст байрлах ажилчдын халуун усанд орох хувцасаа солих зэрэг боломжгүй байдалд хүргэж байна.

2.Түүнчлэн түүний аав ээж нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг Жимсчдын хороололд амьдардаг аав нь тархинд цус харвалтын улмаас хэвтэрийн байдалтай бусдын асаргаанд байгаа өндөр настай ээж нь ганцаараа асарч өргөж бие засуулж дэвсгэрийг нь засах, усанд оруулахаас эхлүүлээд асаргаа сувилгааг хийх боломжгүй байдаг тул ******* нь өглөө оройдоо очиж туслахаас гадна гэр орны болон мал ахуйнх нь ажлыг хийдэг тул Жимсчдийн хороолол орохгүй байх боломжгүй байна.

3.Мөн аавыгаа эмчилгээ, сувилгаанд авч явах боломжгүй байдалд хүрээд байна.

4.Мөн 3 сарын хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу ч очих боломжгүйгээр хязгаарлалт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба өөрийн хууль зөрчсөн үйлдэлдээ зохих дүгнэлтийг хийсэн, дахин ийм зөрчил гаргахгүй, хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж гэр бүлийн хүнээсээ уучлалт гуйсан одоо амьдрал нь хэвийн байгаа байгаа болно. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих хязгаарлалт тогтоож болох хэдий шүүхээс *******д түүний зорчиж болох газруудыг хэтэрхий нарийвчлалтай тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ч хүндрэлтэй байдал үүсэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор  *******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас яллагдагч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 171.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийг дээрх зүйл ангид зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр г зүй бус үгээр доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч гийн өгсөн “...******* өмсөж явсан гутлаа тайлаад миний толгой руу хэд хэд цохиод мөн нуруу хэсэг рүү бас гараа зангидаж байгаад цохиод байсан юм, тэгээд намайг гэрээс зайл гээд хөөгөөд гэрт өмсөж байсан нимгэн хувцастай маань түлхээд гэрээс гаргачихсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 51-53/,

насанд хүрээгүй гэрч Э.Чинхүслэнгийн “...оройн 22 цагийн үед аав гаднаас согтуу орж ирээд савхин курткээрээ ээжийг цохиод байсан юм. Тухайн үед ээж зурагт хараад бараг унтах гээд байж байсан бөгөөд ээж “болиоч яагаад цохиод байгаа юм бэ” гэхэд өмсөж явсан гутлаа тайлаад гартаа барьж байгаад ээжийн толгой, нуруу руу цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 256 тоот дүгнэлт /хх-ийн 20-21/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 24-28/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29-30/, гэр бүл болсон талаарх гэрчилгээний хуулбар /хх-ийн 48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргаангүй байгаа боловч “...Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба өөрийн хууль зөрчсөн үйлдэлдээ зохих дүгнэлтийг хийсэн, дахин ийм зөрчил гаргахгүй, хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж гэр бүлийн хүнээсээ уучлалт гуйсан одоо амьдрал нь хэвийн байгаа болно. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих хязгаарлалт тогтоож болох хэдий ч шүүхээс *******д түүний зорчиж болох газруудыг хэтэрхий нарийвчлалтай тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ч хүндрэлтэй байдал үүсэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, нийгмийн хор аюул, хор уршиг, хувийн байдалд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокуророос 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авалгүй 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, ял шийтгэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ....” гэж заасны дагуу хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

*******ин анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн зорчих эрхийг хязгаарлах маршрут тогтоохдоо “..Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын районд орших “ Шохой” ХК-ийн Чулуунцрын үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших ХААН банкны Хөтөл тооцооны төв, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвд орших Мобиком корпорацын салбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, тоотод оршин суух гэрээсээ Сайхан сумын эмнэлэг зэргээс өөр газарт зорчих эрхийг 03 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэж” гэж заасан нь учир дутагдалтай, ажил төрөл эрхэлдэг хүний хувьд ганцхан цех нэгжээс өөр газар явахгүй байх боломж хомс, түүнчлэн гомдолд дурьдагдсан аав ээжийгээ очиж асрах нөхцөл бололцоог алдагдуулсан зэргийг харгалзан түүний зорчих эрхийг хязгаарлах маршрутыг Сайхан сумын нутаг дэвсгэрээс гэж өөрчлөн тогтоохоор тогтов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавих үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр ойлгомжтой биелүүлэхэд саадгүй байх хуулийн шаардлагатай тул шүүгдэгч *******д оногдуулсан 03 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих байгууллагыг шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зааж өөрчлөлт оруулахаар тогтов.  

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 106-108 дугаар талд авагдсан 42 тоот Улсын яллагчийн санал нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байгааг анхаарч цаашид ийм төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхыг хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурорт анхааруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******д шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсанаар улсын яллагчийн зүгээс 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох санал оруулсан байхад түүний өөрийн саналд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох санал гаргаснаар авагдсан, шүүхээс 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн байхад түүний саналд шүүхээс 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан мэтээр тусгагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг 03 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ