| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0072/З |
| Дугаар | 128/ШШ2025/0205 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0205
2025 03 21 128/ШШ2025/0205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******, Т.******* нарын хоорондын өндөр насны тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглээгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглэхийг даалгаж, тэтгэврийн хохирол 6,158,555 /зургаан сая нэг зуун тавин найман мянга таван зуун тавин тав/ төгрөгийг гаргуулах гэж тодорхойлжээ.
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,009,212 /нэг сая есөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгөөр тогтоожээ.
1.2. Ийнхүү тогтоохдоо 2014-2020 оны хоорондох дундаж цалин 2,028,571 /хоёр сая хорин найман мянга таван зуун далан нэг/ төгрөгийн цалинг сонгож түүний ажилласан 18 жил 8 сар, 3 хүүхдийн 4 жил 6 сар гээд нийт 23 жил 2 сараар бодож тооцсон байна.
1.3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрт өөрчлөлт орж нэхэмжлэгчид оногдох тэтгэврийг 1,276,652 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг болгож өөрчилсөн.
1.4. Нэхэмжлэгч Д.*******гийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэтгэврээ 5 жилийн дундаж цалингаар өөрчлөн тогтоолгох хүсэлтэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр ... таны тэтгэврийг сард 1373100 (2760000*49.75%=1373100) төгрөг, Засгийн газрын 2023 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолын дагуу авч байсан тэтгэврийг 10 хувь (1373100*5%)-аар нэмэгдүүлж сард 1,510,410 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2024 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 120 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,610,410 төгрөгийн тэтгэврийг олгож байгаа нь зөв ... гэх хариуг өгсөн байна.
1.5. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүний хүсэлтийн дагуу 7 жилийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөн тооцохдоо Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэглээгүй, ... нэг сард авах тэтгэврийг 410537 төгрөгөөр багасган намайг хохироож байх тул тэтгэврийг зөвтгөн тооцон олгож байхыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
1.6. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Тогмид овогтой ******* миний бие 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хуулийн дагуу тэтгэврээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөн тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан билээ. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь миний хүсэлтийг хүлээн авч 7 жилийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөн тооцохдоо Засгийн Газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын заалт 2-оор 5 жилийн дундаж цалин итгэлцүүрийн өөрчлөлтөөр 215112000:60=3585200.00 төгрөг болох байтал 2760000.00 төгрөгөөр тооцож нэг сард авбал зохих тэтгэврийг 410537 төгрөгөөр багасган намайг хохироож байна.
Иймд Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэглээгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэглэхийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, 2024 оны 1-12 дугаар сарын хоорондох хугацааны /12 сарын/ тэтгэврийн зөрүү 4.926.440.00 /дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийн хохирлыг гарган шийдвэрлэж өгнө үү. Тус нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/*******71 шүүгчийн захирамжаар захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл байна үзсэн болно гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Т.******* нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэршил одоо газар болсон/-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, ирүүлсэн материал, лавлагааг үндэслэн ажилласан хугацаа 18 жил 8 сар, 3 хүүхдийн 4 жил 6 сарыг нэгтгэн 2014 оноос 2020 оны хоорондох цалинг сонгож дундаж цалин болох 2.028.571 төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэвэр 1.009.212 төгрөгөөр тооцогдож 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн байна.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр өөрчлөн тогтооход дундаж цалин болох 2.205.000 төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэвэр 1.276.652 төгрөг болж өөрчлөн тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоо жилийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн 5 жилийн дундаж цалингаар нэг удаа өөрчлөн бодно гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2016 оноос 2020 оны 5 жилийн дундаж цалингаар тэтгэврийг өөрчлөн тогтоож дундаж цалин 2.760.000 төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэвэр болох 1.510.410 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн.
Иргэн Т.******* нь 5 жилийн дундаж цалингаар өөрчлөн тооцохдоо Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний ******* дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэглээгүй ... байна гэж дурдсанд тайлбарлахад: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрээгүй байна, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна гэж заасан заалтын дагуу иргэн Т.*******гийн сонгосон дараалсан 5 жилийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна.
Иймд тухайн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Т.******* нь анх Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-т хандан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасны дагуу нэхэмжлэгчийн баримт, лавлагааг үндэслэн ажилласан хугацааг 18 жил 8 сар, 3 хүүхдийн 4 жил 6 сарыг нэгтгэн тооцож, 2014-2020 оны хоорондох хугацааны цалинг сонгож дундаж цалин 2,028,571 /хоёр сая хорин найман мянга таван зуун далан нэг/ төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэврийг 1,009,212 /нэг сая есөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгөөр тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгожээ.
2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр нэхэмжлэгчийн дундаж цалин болох 2,205,000 /хоёр сая хоёр зуун таван мянга/ төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэвэр 1,276,652 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг болж өөрчлөн тогтоосон байна.
3. Нэхэмжлэгч Д.*******гаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-т хүсэлт гаргасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн 5 жилийн дундаж цалингаар нэг удаа өөрчлөн бодно гэж заасны дагуу 2016-2020 оны 5 жилийн дундаж цалингаар тэтгэврийг өөрчлөн тогтоож, нэхэмжлэгчийн дундаж цалин 2,760,000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгөөс 23 жил 2 сард оногдох тэтгэвэр болох 1,510,410 /нэг сая таван зуун арван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож, 2024 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 120 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,610,410 /нэг сая зургаан зуун арван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн тэтгэвэр олгож байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.
4. Нэхэмжлэгчээс ... Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь миний хүсэлтийг хүлээн авч 7 жилийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөн тооцохдоо Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглээгүй, 5 жилийн дундаж цалин итгэлцүүрийн өөрчлөлтөөр 3,585,200 /гурван сая таван зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөг болох байтал 2,760,000 /хоёр сая долоон зуун жар/ төгрөгөөр тооцож, нэг сард авбал зохих тэтгэврийг 410,537 /дөрвөн зуун арван мянга таван зуун гучин долоо/ төгрөгөөр багасган хохироож байна гэж ...,
хариуцагчаас ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Нийгмийн даатгалын шитгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн сонгосон дараалсан 5 жилийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоосон байна ... гэж тайлбарлан маргажээ.
5. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай гэж,
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шитгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шитгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна гэж,
7. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна гэж тус тус заасан.
8. Дээрх хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Д.*******гийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийн дагуу хариуцагч захиргааны байгууллагаас түүний сонгосон 2016-2020 оны 5 жилийн дундаж цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоосон нь үндэслэлтэй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
9. Тухайлбал, нэхэмжлэгч Д.*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацаанд Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 63 дугаар тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түүний тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэн сард 1,160,593 /нэг сая нэг зуун жаран мянга таван зуун ерэн гурав/ төгрөг олгож байгаад, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолын дагуу 2014-2020 оны цалинг шинэчлэгдсэн итгэлцүүрээр өсгөсөн дүнгээс тэтгэврийг бодоход 1,096,987 /нэг сая ерэн зургаан мянга есөн зуун наян долоо/ төгрөг болж байгаа нь 2023 оны 06 дугаар сард авч тэтгэвэр болох 1,160,593 /нэг сая нэг зуун жаран мянга таван ерэн гурав/ төгрөгт хүрэхгүй байсан тул 2023 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолын дагуу авч байсан тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн, сард 1,276,652 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг олгож байсан.
10. Улмаар нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өөрийн сонгосон 5 жилийн цалингаар тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтэд үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас 2016-2020 оны 5 жилийн дундаж цалингаар нэхэмжлэгчийн тэтгэврийг өөрчлөн сард 1,373,100 /нэг сая гурван зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөг, Засгийн газрын 2023 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолын дагуу тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн сард 1,510,410 /нэг сая таван зуун арван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2024 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 120 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,610,410 /нэг сая зургаан зуун арван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн тэтгэвэр олгож байгаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.
11. Иймд нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглээгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглэхийг даалгаж, тэтгэврийн хохирол 6,158,555 /зургаан сая нэг зуун тавин найман мянга таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус баримтлан Д.*******гийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглээгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын 2-р заалтыг хэрэглэхийг даалгаж, тэтгэврийн хохирол 6,158,555 /зургаан сая нэг зуун тавин найман мянга таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР