Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 95

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.Г,

хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагва овогт Эрхэмжаргалын Э.Год холбогдох эрүүгийн 1710009150044 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Э.Г /

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна талд таксины мөнгө илүү авсан гэх шалтгаанаар хохирогч Б.Бтай маргалдан улмаар духанд шарх, баруун сарвуу 3,4,5 дугаар хуруунд зулгаралт, баруун алга, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Гоос:  “...2017 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө баарны үүдэнд найзуудтайгаа машинд сууж байхад хохирогч гар өргөхөөр би таксинд явсан. Хүрэх ёстой газарт нь хүргэж өгөөд 5000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд  500 төгрөг өгсөн. 500 төгрөг байна гэж хэлэхэд маргаан үүссэн. Хохирогч цагдаа дуудахаар нь би цагдаагийн машины урдаас явахаар төв зам руу гарч ирэхэд хохирогч араас цохиж боогоод байсан. Цагдаагийн хэлтэс дээр очиж биедээ үзлэг хийлгэхэд надаас 3 ширхэг 10.000 төгрөг гарч ирсэн. Өөрт байсан бүх зүйлээ байцаагчид шалгуулсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Баас: “...2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө найз охиныхоо төрсөн өдөрт очихоод гэртээ харих гэтэл манай найз охин зам дагуу дөхөөд бууна гэхээр найз охинтойгоо хамт такси бариад явсан. Би өөрийн биедээ 90.000 төгрөгтэй явж байсан. 20.000 төгрөгийг гаргаж ирээд, харж байгаад өгсөн. Гэтэл 500-г өгсөн байна, мөнгөө нэмж өг гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа дуудлаа гэж хэлэхэд цагдаа дууд дууд гээд байсан. Цагдаа дуудсаны дараа хөдлөөд явахад нь би айсан. Би машиных нь арааг салгах гэхэд нь намайг 2 удаа цохисон. 1.000.000 төрөгөөр лазерийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 Хохирогч Б.Бы: “...2017 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Гадаад хэргийн яамын урд талын “Ривер саунд” баарнаас найз Золоогийн хамт такси бариад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 14 дүгээр байранд Золоог буулгаад би 1 такситайгаа өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 69 дүгээр байрны гадаа 1 очсон чинь таксины жолооч 5000 төгрөг гарсан гэхээр нь би 20,000 төгрөгийн дэвсгэрт өгсөн чинь таксины жолооч 500 төгрөг өглөө мөнгө нэмж өг гэсэн тэгэхээр нь би үгүй би яг 20.000 төгрөг өгсөн гээд маргалдсан. Яагаад гэвэл би 20,000 төгрөг өгснөө сайн мэдэж байгаа учир би 20,000 төгрөг өгсөн гэсэн чинь жолооч намайг нэмж 5000 төгрөг өг гээд байхаар нь би за тэгвэл цагдаа дуудъя гэсэн чинь таксины жолооч тэг гэхээр нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн чинь таксины жолооч шууд хөдлөөд би ажлаа хиймээр байна, буувал буу, буухгүй бол явлаа” гэхээр нь “үгүй, чи зогс цагдаа иртэл байж бай” гээд жолоочтой зууралдаад арааг нь N дээр нь тавьсан чинь таксины жолооч машин явж байхад эргэж хараад намайг боогоод нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед цагдаагаас залгаад надаас хаягийг асуухаар нь хэлж өгсөн чинь Баянзүрх дүүрэг рүү дуудлага чинь шилжчихсэн байна. Дахиад дуудлага өгөөд Хан-Уул дүүрэг гэдгээ сайн хэл гэхээр нь би утсаараа нөхрөө дуудаад дараагаар нь дахиад цагдаад дуудпага өгсөн. Тэгсэн таксины жолооч явсаар байгаад “Оргил” сувиллын баруун талд байрлах “Ази фарм” эмийн сангийн хажууд явж байгаад зогссон. Би цагдаа ирж байна, эндээ байж бай гэж хэлсэн. Таксины жолооч зогсохоос өмнө надад 15.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би 15.000 төгрөгийг бариад цагдаа иртэл байж бай гээд зууралдаж байхад таксины жолооч миний гарнаас 15.000 төгрөгийг булааж авсан. Тэгэхдээ миний гарыг маажсан. Тэгснээ таксины жолооч намайг буу гэхээр нь үгүй мөнгөө авна тэгсэн ч цагдаа дуудсан гэж хэлсэн чинь намайг таксины жолооч чи буцаагаад 15.000 төгрөг авсан гээд дайраад байсан. Тэр мөнгө нь надад байхгүй таксины жолооч булаагаад буцаагаад авсан. Тэгээд нөхөр надтай утсаар яриад байрны гадаа гараад ирсэн байна гэхээр нь хөдлөөд “Ази Фарм” эмийн сангийн энд байна гэсэн. Тэгсэн хажуу талаар цагдаагийн машины явсан араас нь такситайгаа явж байсан чинь манай нөхөр ирж байхаар нь зогсоод манай нөхрийг авчих гэсэн чинь таксины жолооч үгүй гээд цагдаагийн машины араас явж очсон. ...Таксины жолооч миний зүүн хацарлуу 2 удаа гараараа цохисон, тух хэсгийг хумсаараа маажсан бас баруун гарыг маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

Шүүгдэгч Э.Гын гэрчээр өгсөн: “...Гэрт нь хүргэж өгөөд таксины мөнгөнөөс болж хэрэлдсэн. Хэрэлдээд араас толгой руу цохиж авахаар нь би эргэж хараад түлхээд ноцолдсон. ...Би учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №14177 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед найз болох Наранбаатартай Гадаад хэргийн яамны урд талд байрлах “Ривер саундс” диско баарны цаад талд тааралдсан юм. Тэгээд би найзтайгаа юм яриад зогсож байтал баарнаас хоёр хүүхэн гарч ирээд миний автомашинд суучихаар нь яах гэж байгаа юм гэж асуутал “Зайсан хүргээд өгчих” гэхээр нь халтууранд явсан юм. Тэр хоёр эмэгтэйгийн нэг нь 120 мянгатын “Жетро” нэртэй хүнсний дэлгүүрийн ард байрлах байрны гадаа буугаад үлдсэн. Харин нөгөө эмэгтэй нь болохоор Улаанбаатар сувилалын хойно байрлах нэг байр зааж өгөхөөр нь тэр байрны гадаа нь ирээд 5000 төгрөг болсон гэж хэлтэл гэнэт нөгөө эгч чинь над руу уурлаад “Би чамд 20.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Юу яриад байгаа юм гээд намайг хэл амаар доромжилж, миний хүзүүний араас татаж чангааж, гараараа нүүр лүү минь алгадаад байхаар нь учраа олохгүй юм байна гэж бодтол, нөгөө эгч би цагдаа дуудлаа гэхээр нь тэг гээд цагдаад дуудлага өгч, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна талд таксины мөнгө илүү авсан гэх шалтгаанаар хохирогч Б.Бтай маргалдан улмаар духанд шарх, баруун сарвуу 3,4,5 дугаар хуруунд зулгаралт, баруун алга, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,   хохирогч Б.Бы мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №14177 дугаартай дүгнэлт

  1. Б.Бы биед духанд шарх, баруун сарвууны 3,4,5-р хуруунд зулгаралт, баруун алга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй.
  4. Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Энэ хэргийн шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Э.Гыг хохирогч Б.Бы биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Э.Гыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Э.Гоос хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардалтай холбоотой баримтаа өгөөгүй байна. Иймд Б.Быг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.