| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0066/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/69 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 17380042200067 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Г-,
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сум руу ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сум руу ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд би хот хоорондын зам дээр олон нийтийн цагдаа Жамсран, Батчулуун нарын хамтаар Эко-2017 хэсэгчилсэн арга хэмжээний үеэр постон дээр гарч байхад Серс машин мод ачсаар орж ирсэн. Бид нар дохиж зогсоогоод бичиг баримтыг нь шалгасан чинь машиныхаа бичиг баримтыг шалгуулаад мод бэлтгэх эрхийн бичиг нь байхгүй гээд шалгуулаагүй. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хурааж аваад журмын хашаанд тавиулъя гэхэд би журмын хашаанд орж чадахгүй гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
Гэрч Г.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 24 цаг өнгөрч байхад би ахлах дэслэгч Мөнгөнзагас, олон нийтийн цагдаа Батчулуун нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд хэсэгчилсэн арга хэмжээний үеэр хот руу гарах замын постон дээр эргүүлийн үүрэг гүйцэтгээд зогсож байтал ... улсын дугаартай Самсунг маркийн машин мод ачсаар орж ирэхэээр нь улаан модоор дохиж зогсоогоод жолоочийн бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад, би та нарт бичиг баримтаа үзүүлэхгүй, та нарт бичиг баримт өгч чадахгүй гээд бид нарын шаардлагыг биелүүлээгүй. Тэгэхээр нь модны гоожин, гарал үүслийн бичгээ шалгуулчих гэсэн чинь тийм бичиг баримт байхгүй авч амжсангүй гээд байсан. Машин дотор нь 2 хүн, 1 жоохон хүүхэд сууж явсан. Тэр жолоочийн нэрийг Б.Г- гэж байсан. Тэр жолооч хүнээ буулгая гэж хэлээд 13 дугаар хороонд байх гэртээ очоод хашааныхаа хаалгыг онгойлгоод машинаа зогсоохоор нь бид нар очоод журмын хашаанд оруулъя гэхэд шаардлага биелүүлээгүй. Бид нарын өөдөөс их том том юм яриад машины бичиг баримтаа ч үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Гэрч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой би ахлах дэслэгч Мөнгөнзагас, олон нийтийн цагдаа Жамсран нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд хот руу гарах замын постон дээр зогсож байтал ... улсын дугаартай Самсунг маркийн машин мод ачсаар ирсэн. Тэгэхээр нь зогсоож шалгахад модны гоожингүй, махны гарал үүслийн бичиггүй байсан. Бид нарт жолооч хэлэхдээ модны гарал үүслийн бичиг авч амжаагүй, журмын хашаанд орж шалгуулах шаардлага байхгүй гээд бичиг баримтаа ч өгч шалгуулалгүй шууд машинтайгаа яваад өгсөн. Араас нь очтол Мөрөн сумын 13 дугаар хороонд гэрийнхээ үүдэнд очоод хаалгаа онгойлгоод зогссон. Тэгэхээр нь журмын хашаа явъя гэхэд явж чадахгүй гээд тавьсан шаардлага биелүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Тариалан сумын байгаль орчны байцаагч Тэмүүл гэж хүнээс 6 метр куб цэвэрлэгээний мод бэлтгэх эрийн бичиг авч мод бэлтгэж ирсэн. Тэгээд гэртээ байж байтал манай сумын Б.Г- гэж залуу хүрч ирээд чамд мод бэлтгэх эрхийн бичиг байвал өгөөч манай ээж Мөрөнд түлээгүй болоод байна. Манай суманд мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг хүн алга байна гээд гуйгаад байхаар нь би хөгшин настай хүнийг яаж дааруулах вэ дээ гэж бодоод мод бэлтгэх эрхийн бичгээ өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженерийн 2018/07 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-41-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин энэ хэрэгт битүүмжилсэн 1.5 метр куб модыг улсын орлогод оруулж, ... улсын дугаартай Серс маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738004220067 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжилсэн 1.5 метр куб модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Серс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ