| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0114/З |
| Дугаар | 128/ШШ2025/0225 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0225
2025 03 31 128/ШШ2025/0225
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*******, нэхэмжлэгч Р.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******, Г.******* нарыг оролцуулан Р.*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу 1 удаагийн төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчийн хариу тайлбар, зөвлөлийн шийдвэрээр мэдэгдлийг захиргааны акт биш гэж үзсэн. Өмнөх хуралд газраа хашаалаагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Би газрын захирамж гарангуут ногоон шонгоор хашиж төмөр утсаар холбоод газрын албаны шаардлагын дагуу хашаалсан. Мөн үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг баримтуудаа өгөх гээд амжсангүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, тус газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай захиргааны актууд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаанд амаар илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, тус газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар Хариу хүргүүлэх тухай захиргааны актууд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Э.Мөнхзавъяад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР