Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2025/00076

 

 

         2025         04           07                                        157/ШШ2025/00076

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, Хбанкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг Говийн 5-501 тоотод оршин суух, Б овогт М-ийн Г-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 501,514.11 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хбанк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Г-ээс зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 440,000 төгрөг, зээлийн хүү 53,051.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,462.47 төгрөг, нийт 501,514.11 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

             

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан тайлбартаа: “...М.Г нь 501,514.11 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хбанк” ХХК нь хариуцагч М.Г-т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 501,514.11 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 501,514.11 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын тайлбараар нотлогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 501,514.11 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч “Хбанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,695 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч М.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 7,847.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,847.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хбанк” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г-т  холбогдох 501,514.11 /таван зуун нэг мянга таван зуун арван дөрвөн төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,695 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 7,847.5 төгрөгийг, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 7,847.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хбанк” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ