2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00165

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 14 191/ШШ2025/00165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б /РД:00000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ын Б /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо 0 тоотод байрлах, Н ХХК /РД:000000/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, 0 тоотод оршин суух Б овогт Д-ы Г /РД:00000000/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Д-гийн А /РД:00000000/

00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.Т, гуравдагч этгээд  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Миний бие нь "Н" ХХК-тай 2017.11.22-ны өдөр 17/11/22-301 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр "Н ХХК нь 90,000,000.0 төгрөгийн үнэ бүхий, Б-ын Б-ийн нэр дээр бүртгэлтэй, 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover машин 0 улаан өнгөтэй, 0 аралын дугаар автомашиныг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд Н ХХК-ийн эзэмшилдээ шилжүүлэх, үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, Б.Б нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелэгдсэн тохиолдолд гэрээний 4.2.1 зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр хөрөнгийн өмчлөх өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх, 4.2.2 холбогдох баримт бичгийг хамт өгөх үүрэгтэй байсан.

Зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадаагүйгээс Н ХХК нь шүүхэд хандаж, 83,792,062.0 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн тул шүүгчийн 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 13,792,062 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, 70,000,000 төгрөг гаргуулахаар багасгасныг хариуцагч 5 сарын хугацаанд төлөхөөр зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Ийнхүү Н ХХК нь шүүхэд маргаан шийдвэрлүүлэхдээ зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар барьцааны эрх дуусгавар болж мөн хуулийн 160.3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар намайг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамааран 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дугаартай захирамжид заасан эвлэрлийн дагуу автомашиныг барьцаанаас чөлөөлж өмчлөх өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй болж шүүгчийн захирамжийг биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй байсан.

Н ХХК нь Б.Б-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Б-ийн нэр дээр байсан автомашиныг фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авахдаа Б.Б-тэй гэрээ байгуулаагүй, түүнээс зөвшөөрөл аваагүй. Н ХХК, Б.Б нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээгээр Б.Б-н автомашиныг өмчлөлдөө шилжүүлэх боломжгүй тул уг гэрээ нь хууль зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Энэ асуудал шүүх дээр хөндөгдөж гарч ирснээр Н ХХК нь фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзах үндэслэл болсон байдаг.

2023 оны хавар гэнэт манай машиныг цагдаа зогсоож эрэн сурвалжлагдаж байгаа гэж саатуулах болсон. Н ХХК нь манай машины дугаарыг өөр этгээдийн нэр дээр бүртгүүлж, манай машин өөр дугаараар бүртгэгдсэн болохыг мэдлээ. Энэ өдрийг хүртэл бид машинаа ашигласан хэвээр байсан боловч үүнээс хойш бид машинаа граждаа зогсоож өөртөө байгаа машинаа өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж бидний хууль ёсны эрх зөрчигдөөд байна.

Миний бие нь энэ оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжид заасан 70,000,000.0 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар бүрэн төлж дуусгасан. Үүнд:

1. 2022.01.01-ний өдөр 326,116 төгрөг,

2. 2022.01.20-ны өдөр 30,000,000 төгрөг,

3. 2022.3.04-ний өдөр 5,000,000 төгрөг,

4. 2023.01.31-ний өдөр 604,562 төгрөг,

5. 2023.01.31-ний өдөр 5,446,141 төгрөг

6. 2023.02.28-ны өдөр 4,000,000 төгрөг

7. 2023.03.27-ны өдөр 996,900 төгрөг

8. 2023.10.27-ны өдөр 4,053,700 төгрөг

9. 2023.10.31-ний өдөр 23,807,820 төгрөг. Нийт 74,235,239 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд Б-ын Б-ийн нэр дээр бүртгэлтэй, 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover машин 0 улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг Н ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Н ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Иргэн Б.Б /УК00000000/-гийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00-00 ... улсын дугаартай, Landrover Rangerover машин, улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд дараах хариу тайлбарыг хүргэж байна.

1. "Н" ХХК болон Б.Б нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 17/11/22-301 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргээр зээлдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2021/0 дугаар захирамжид заасан төлбөр болох 70,000,000 /Далан сая/ төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу 5 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр төлж барагдуулсан.

2. 00-00 ... улсын дугаар нь Автотээврийн Үндэсний төвийн бүртгэлд 0 арлын дугаартай Landrover Rangerover маркийн тээврийн хэрэгсэлд бус, Ј аралын дугаартай TOYOTA Land Cruiser 3956 CC маркийн тээврийн хэрэгсэлд бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага эхнээсээ тодорхойгүй байсан, Автотээврийн үндэсний төвд 00-00 ... улсын дугаартай, Landrover Rangerover машин, улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаад байгаа нь ямар үндэслэлтэйг ойлгохгүй байна.

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлуулсан боловч тээврийн хэрэгсэл олдоогүй тул 00-00 ... улсын дугаарыг авахаас өөр арга байгаагүй. Б.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн бөгөөд 00-00 ... улсын дугаараа 25,0 сая төгрөгт тооцоод явах уу гэсэн чинь тооцоод явъя гэчихээд өөрөө дахиад алга болчихсон. Ингэж алга болсны үндсэн дээр бид 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авч болох боломжтой хуулийн гарц гаргалгаа юу байна вэ гэхээд энэ улсын дугаарыг өөр этгээдэд худалдан борлуулж, олж аваагүй төлбөрөө гаргуулах нөхцөл байдал үүссэн.

2021.06.07-ны өдөр гарсан захирамжаар 5 сарын дотор төлбөрөө төлсөн тохиолдолд 70,0 сая төгрөг болно гэсэн юм. Нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгийг хасах болсон үндэслэл нь 5 сарын дотор 70,0 сая төгрөгийг төлөх байсан учраас хассан. 2023 оны 10 сарын 31-ны өдөр төлбөрөө төлнө гэсэн бол эвлэрэх харилцаа үүсэхгүй байсан. Тэгэхээр бид тээврийн хэрэгслийн дугаарыг шүүхэд өгсөн баримтаар 10,0 сая төгрөгөөр худалдан борлуулсан юм байна. энэ 10,0 сая төгрөгийг эвлэрэхээр хассан 13,0 сая төгрөгтөө суутгаж авсан.

00-00 ... улсын дугаар Ланд крузер 200 маркийн автомашинд тавигдсан бөгөөд уг автомашин нь ХААН банкны нэр дээр бүртгэлтэй байгаа. ХААН банктай зээлийн гэрээ, фидуцийн гэрээг манай компанийн хувьцаа эзэмшигч Д.Г байгуулсан. Б.Б-гийн эзэмшилд байгаа 0 арлын дугаартай Landrover Rangerover маркийн тээврийн хэрэгсэл 00-00УБД улсын дугаартай байгаа. Үүнийг шилжүүлээд өгье гэхэд өөрөө үгүй гэсэн хэр нь ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь тодорхой бус байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.24-ний өдрийн 184/ШШ2021/0 дугаар захирамж, 2017.11.22-ны өдрийн 17/11/22-301 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2021.12.08-ны өдрийн 22270083 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023.10.31-ний өдрийн 23-11/967 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн 0 аралын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, "Н" ХХК-ийн 2017.11.22-ны өдрийн 17/11-17 дугаартай албан бичиг, 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн 0 аралын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2021.04.08-ны өдрийн 250 дугаартай лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга нийт 2ш, Голомт банкны кассын орлогын ордер, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга нийт 5ш, Голомт банкны цахим гүйлгээний баримт, Landrover Ranjereover маркийн 0 арлын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас: Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.01.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.26-ны өдрийн 2-132/17933 дугаартай албан бичиг, "Н" ХХК-ийн 2022.01.20-ны өдрийн 078/01 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар: Автотээврийн үндэсний төвийн 2024.03.25-ны өдрийн 108 дугаартай албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2024.04.23-ны өдрийн 159 дугаартай албан бичиг, 00-00 ...улсын дугаартай, Хаан банкны 2024.10.14-ний өдрийн 29/11063 дугаартай албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.11.01-ний өдрийн 2-4в/7148 дугаартай албан бичиг, 2023.02.14-ний өдрийн ХХАГ23/02-01 дугаар Худалдан, худалдан авах гэрээ зэргийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн, уг үүргээ биелүүлээгүй, автомашины улсын дугаарыг солих эрхгүй тул 00-00 ... улсын дугаар бүхий автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Б нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, фидуцийн зүйл болох автомашиныг эрэн сурвалжлаад олоогүй тул арга буюу автомашины улсын дугаарыг авсан, улсын дугаарыг худалдсан үнийг эвлэрэхдээ татгалзсан төлбөртөө суутгасан. Landrover Ranjereover маркийн автомашин нь 00-00 УБД улсын дугаартай байгаа тул шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Н ХХК нь Б.Б-тай 2017.11.22-ны өдөр Зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.49%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. /хавтаст хэргийн 11-12 хуудас/

Зээлдэгч Б.Б нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас Н ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/0 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Н ХХК нь 13,792,062 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Б.Б 70,0 сая төгрөгийг 5 сарын хугацаанд төлөхөөр зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хавтаст хэргийн 4-6 хуудас/

 

4.2. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б нь төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 12-р сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг гаргуулах ажиллагаа хийгдсэн.

Төлбөр төлөгч Б.Б нь 2022 оноос 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 70,0 сая төгрөгийг төлж барагдуулснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.31-ний өдрийн 23-11/967 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хавтаст хэргийн 13-14, 19-27 хуудас/

 

4.3. Н ХХК нь Б.Б-тай байгуулсан 2017.11.22-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 аралтай автомашины улсын дугаарыг ХААН банк ХХК-ийн нэр дээрх Ланд крузер 200 маркийн автомашин руу шилжүүлэн, дугаарыг нь сольжээ. /хавтаст хэргийн 15-18, 71-75 хуудас/

 

3. Талууд фидуцийн гэрээний зүйл болох Landrover Ranjereover маркийн автомашиныг буцаан шилжүүлэхэд маргаагүй боловч, 00-00 ... улсын дугаарыг өөр автомашинд шилжүүлсэн болон уг дугаартай нь буцаан шилжүүлэх үүрэгтэй эсэх талаар маргаж байна.

 

Фидуцийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол уг гэрээ дуусгавар болох, эсхүл үүрэг биелэгдээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болохоор заасан.

 

3.1. Нэхэмжлэгч Б.Б нь зээлийн төлбөрийг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах маргааныг шүүхээр шийдвэрлэх үед 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн автомашиныг Б.Б-с олгосон итгэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн эсэх талаар маргасан боловч фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн Н ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн байдлыг тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н ХХК фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хүлээн зөвшөөрснөөр фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан, ийнхүү татгалзснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болж, буцаан шилжүүлэх үүрэг үүссэн гэх тайлбар дээрхи хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дүгээр захирамжаар фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоогоогүй бөгөөд Н ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан нь фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дүгээр захирамжаар Б.Б нь 70,000,000 төгрөгийг Н ХХК-д төлөхөөр зохигч эвлэрсэн, Б.Б нь 2022 оноос 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 70,000,000 төгрөгийг Н ХХК-д төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч Н ХХК нь фидуцийн зүйлийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

4. Зохигчийн маргааны зүйл болох 00-00 ...улсын дугаарыг өөр автомашинд шилжүүлсэн болон уг дугаартай нь автомашиныг буцаан шилжүүлэх үүрэгтэй эсэх талаар,

 

4.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г, Д.А нар нь хариуцагч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд гуравдагч этгээд Д.А нь ХААН банк ХХК-тай 2018.10.08-ны өдөр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, өөрийн өмчлөлийн Ланд крузер 200 маркийн автомашиныг ХААН банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 139-140, 167-172 хуудас/

 

Хариуцагч Н ХХК-ийн 2023.02.16-ны өдрийн 01/81 дугаар албан бичгээр Автотээврийн үндэсний төвд хандсан хүсэлтээр Landrover Ranjereover маркийн улаан өнгийн 00-00 ... улсын дугаартай автомашины 0000 УНД улсын дугаарыг ХААН банк ХХК-ийн нэр дээрх /гуравдагч этгээд Д.А-ын өмчлөлийн/ Ланд крузер 200 маркийн автомашинд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 101-115 хуудас/

 

Хариуцагч Н ХХК нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих болсон үндэслэлээ Б.Б нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, фидуцийн зүйл болох автомашиныг эрэн сурвалжлаад олоогүй тул арга буюу автомашины улсын дугаарыг авсан, улсын дугаарыг худалдсан үнийг эвлэрэхдээ татгалзсан төлбөртөө суутгасан гэж тайлбарласан.

 

4.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.07-ны өдрийн 184/ШШ2021/0 дүгээр захирамжаар Н ХХК болон Б.Б нарын зээлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тул Н ХХК нь Б.Б-аас 70,000,000 төгрөг гаргуулах төлбөрийн үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардах эрхтэй, харин эвлэрлийн гэрээ байгуулахдаа татгалзсан 13,792,062 төгрөгийг шаардах эрхгүй юм.

 

4.3. Автотээврийн тухай хууль болон Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд зааснаар иргэн, хуулийн этгээд нь тээврийн хэрэгсэл өмчилж авснаар автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх бөгөөд ийнхүү бүртгүүлснээр автотээврийн хэрэгсэлд улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдох бөгөөд улсын дугаарыг өмчлөгчийн хүсэлтээр сольж, өөрчлөхөөр зохицуулсан.

 

4.3.а. Хариуцагч Н ХХК нь зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын өмчлөлийн Landrover Ranjereover маркийн улаан өнгийн 00-00 ... улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлдөө түр шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу Б.Б, Б.Б нарын өмчлөлийн Landrover Ranjereover маркийн улаан өнгийн автомашины 00-00 ... улсын дугаарыг солих эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч Н ХХК-иас 00-00 ... улсын дугаарыг Landrover Ranjereover маркийн улаан өнгийн автомашинд буцаан тавихыг шаардах эрхтэй.

 

4.3.б. 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн №:ХХАГ23/02-01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-гээр Н ХХК нь 00-00 ... улсын дугаарыг Д.Г-д 10,000,000 төгрөгөөр худалдсан /хавтаст хэргийн 219-220 хуудас/ боловч уг дугаар нь Д.А-ын өмчлөлийн фидуцийн гэрээний дагуу ХААН банк ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа Ланд крузер 200 маркийн автомашинд тавигдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Гуравдагч этгээд Д.Г, Д.А нар нь хариуцагч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн №:ХХАГ23/02-01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дахь хэсэгт заасан гэрээний үндсэн нөхцөлд маргаан бүхий үйл баримтыг тодорхой бичсэн, Б.Болортуяагийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан Landrover Ranjereover маркийн улаан өнгийн автомашины 00-00 ... улсын дугаарыг сольж байгаа болохыг гуравдагч этгээд нар мэдэж байсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-т ...Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасны дагуу гуравдагч этгээд Д.Г, Д.А нар нь 00-00 ... улсын дугаарыг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.4 Иймд Landrover Ranjereover маркийн улаан өнгийн автомашины 00-00 ... улсын дугаарыг ХААН банк ХХК-ийн нэр дээрх /гуравдагч этгээд Д.А-ын өмчлөлийн/ Ланд крузер 200 маркийн автомашинд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

4.5. Б.Б нь хариуцагчийн эвлэрлийн гэрээ байгуулахдаа татгалзсан 13,792,062 төгрөгийг төлөх үүрэггүй тул хариуцагч Н ХХК-ийн 0001 УНД улсын дугаарыг худалдсан, фидуцийн зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн Landrover Ranjereover маркийн улаан өнгийн автомашины 00-00 ... улсын дугаарыг хувьцаа эзэмшигч Д.А-н 0000 УБД улсын дугаартай Ландкрузер-200 маркийн тээврийн хэрэгслийн дугаартай сольсон зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч Н ХХК-д фидуцийн зүйл болох 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 аралын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Landrover Ranjereover маркийн улаан өнгийн, 0 аралын дугаартай автомашины 00-00 ... улсын дугаарыг сольж, ХААН банк ХХК-ийн нэр дээрх /гуравдагч этгээд Д.А-ын өмчлөлийн/ Ланд крузер 200 маркийн автомашинд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгохыг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч Н ХХК-д 00-00 ... улсын дугаартай, Landrover Ranjereover маркийн улаан өнгөтэй, 0 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг Б.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХХК-иас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА