| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0065/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/68 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 1838000260065 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Д-,
Шүүгдэгч А.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод Д.Л-гийн гар руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод Д.Л-гийн гар руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Д.Л-гийн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед намайг 10 дугаар багийн 21-19 тоотод байх гэртээ унтаж байтал манай найз Ганхуяг нөхөр А.Д-гийн хамт манайд ирсэн. Тэр 2 манайд ирэхдээ халамцуу ирсэн. Мөн 1 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи авч ирсэн. Эхнэр Ганхуяг нь нөхрөөсөө илүү согтсон бололтой байсан. Бид 3 нөгөө архийг нь хувааж уусан. Тэр 2 намайг манайд очъё гэхээр нь цуг явсан. Замдаа Дорсүрэн ХААН банкны төв АТМ-ээс 30.000 төгрөг өөрийнхөө данснаас надаар авахуулаад Гэрэлтэй цонхоос 2 шил архи, ундаа аваад ... тоотод А.Д-гийн гэрт очсон. Бид нар таксигаар явсан. Бид нарыг тэднийд очиход шөнийн 01 цаг болж байсан. Бид нар авч очсон Ерөөл нэртэй 0.5 литрийн болон 0.75 литрийн архиа гурвуулаа хувааж уусан. Тэдний гэрт өөр хүн байгаагүй. Шөнө дунд 03 цагийн үед нөгөө архиа ууж дуусч байтал А.Д- нь эхнэртэйгээ хэрүүл, маргаан хийж, зодолдоод байсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ортол А.Д- миний зүүн гарын сарвуу хэсэг рүү нэг удаа өшиглөж үснээс зулгааж, түлхэж унагаасан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Гэрч Я.Г.ийн: “...Шөнө 03 цагийн үед би нөхөр А.Д-тэй архинаас болж маргасн. Манй нөхөр миний нуруу руу архиа боль гээд цохиход Д.Л- болиоч гээд дундуур орж ирсэн энэ үед А.Д- намайг өшиглөх гэж байгаад Д.Л-гийн зүүн гар луу нь өшиглөж таарсан. Түүнээс биш манай нөхөр Д.Л-д агсам тавьж, зодож цохисон зүйл байхгүй. Тэгээд Д.Л- цагдаа дуудаж, цагдаа нар манай нөхрийг эрүүлжүүлэх байранд хонуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Гэрч Э.Н.ийн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны орой намайг Мөрөн сумын 10 дугаар багийн 21-19 тоот гэртээ шугамнаасаа буугаад ирээд хоолоо идчихээд унтаж амрах гэж байхад манай ээжийн найз Ганхуяг, нөхөр А.Д-гийн хамт манайд ирсэн. Манай ээж тэр хоёрын хамт архи уусан. Тэгээд дараа нь тэр гурав А.Д-гийнд очно гээд явсан. Маргааш нь манай ээж надад хэлэхдээ тэр хоёрыг зодолдоод байхаар нь салгах гэж байгаад гарлуугаа А.Д-д өшиглүүлсэн талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч А.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838000260065 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ