Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 464

 

Ц.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч П.М, иргэний нэхэмжлэгч Г.П, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, иргэний нэхэмжлэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 409 дүгээр магадлалтай, Ц.Цд холбогдох 201626020488 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дууч Дамба овогт Ц.Ц нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ц.Цд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгаас 9.225.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Пд, 2.773.300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Эт, 2.763.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Бд, 1.536.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Хайрхан наран трейд” ХХК-д тус тус олгуулах, хохирогч П.М нь 1.900.000 төгрөгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Ц гаргасан гомдолдоо: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 9.225.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 133 дугаартай шийтгэх тогтоолыг миний бие эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл шалган шийдвэрлэх үеэс эхлэн хэт нэг талыг баримтлан, зөвхөн П.М нь буруутгагдаж, эд хөрөнгийн төлбөрт уначих вий гэсэн болгоомжлол, Ц.Ц л энэ бүхэнд буруутай гэх нотлох баримтаар тогтоогдоогүй таамаглалд тулгуурлан явагдсан гэж үзэхээр байна. Тухайлбал энэ хэргийг авто ослын буюу хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж огт үзээгүй, харин ч танхай, дээрмийн гэмт хэрэг гэж үзсээр ирсэн. Урьд нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг яллагдагчийн зүгээс эс зөвшөөрч танхайн хэрэгт гэм буруутай эсэхээ тогтоолгох гэхэд бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэх хэрэгт гэм буруутайг нь тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, шүүхээс буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудад заасан ажиллагааг огт хийдэггүй, иргэний нэхэмжлэгч Б.Б, Б.Э нарын эрхийг зөрчсөн, тэдгээрийг огт хайхардаггүй зэргээс энэ нь илт харагдана.

Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй. Учир нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1691 дугаартай дүгнэлтэд П.Мын биед үүссэн гэмтэл нь ямар ч хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, аваар ослын үед ч үүсэх боломжтой, ялгах салгах боломжгүй ... гэснээс гадна энэ дүгнэлтийг гаргах үндэслэл болсон эмнэлэгт анхны тусламж авсан эмнэлгийн лавлагаанд П.М нь эмнэлгийн тусламж авсан талаар тусгагдаагүй байна.

Шүүхээс Ц.Цд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй /гэхдээ шийтгэх тогтоол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж заасан/ гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.П, Б.Э, Б.Б нар болон “Хайрхан наран трейд” ХХК нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч биш юм.

Энэ хэргийн нотлох баримт цуглуулах ажиллагаа буюу хэргийн газрын үзлэг, зам тээврийн осолд үзлэг хийсэн зэрэг ажиллагааны тэмдэглэл хууль бусаар үйлдэгдсэн байхад тэдгээрт тулгуурлан гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгон хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хууль ноцтой зөрчсөн гэж үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, Б.Баттөр нарын өмгөөлөгч Ц.Туяа гаргасан саналдаа: “Б.Б, Б.Э нар нь эхнэр, нөхөр хоёр юм. Тэдний автомашинд нийт 6.536.300 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь Ц.Цгийн болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас гэм хор учрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Иргэн хүнд хохирол учраад 3 жил 10 сар болсон байна. Бид иргэний журмаар шүүхэд өгөхөөр эрүүгийн журмаар шалгаж байгаа гээд шийдвэрлэхгүй байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвдаян болон хохирогч П.Мэндсаруул нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч П.Мын биед хөнгөн гэмтэл учруулж, ухаан алдаж, муужирсны улмаас дараагийн гэм хор учирсан нь шалтгаант холбоотой ба энэ талаар шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон явсан П.Мын араас хоолойг нь боосны улмаас ухаан алдаж, машины жолоодлогыг алдан зогсоол дээр байсан Ниссан экстрал маркийн 53-15 УБО улсын дугаартай, Тоёота Аллион маркийн 07-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, мөн нийтийн эзэмшлийн шон зэргийг мөргөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн П.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалгасан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Цгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Ц нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” зочид буудлын урд талын автомашины зам дээр П.Мыг “Тоёота хайландер” загварын 92-53 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явахад нь түүний араас хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн прокуророос шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болон 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч Ц.Ц нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээгээгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь хохирогч П.Мын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хохирогч П.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1691 тоот дүгнэлт болон  шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байхгүй байх бөгөөд шүүх иргэний нэхэмжлэгч Г.П, Б.Э, Б.Б, Хайрхан наран трейд ХХК-д учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Цгаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалт болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 409 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Цгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН