Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 132

 

М.Нгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай

аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Л.Атарцэцэг

Х.Батсүрэн

Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, 16.5.6, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасныг тус тус баримтлан М.Нгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан М.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгон, М.Нг урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж, хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Г.Б, Э.Л нар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан тул хэргийг шударга шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

5. Магадлалд “Хэдийгээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сургуулийн захирал төсвийн шууд захирагч мөн боловч санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь захиралаас илүү нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой, иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь тогтоогдсон зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй байна" гэж дүгнэсэн нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчим /төсвийн тогтвортой байдлыг хангасан байх; төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх; санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх; ил тод байдлыг хангасан байх; хариуцлагатай байх/-уудыг үгүйсгэж байна.

6. Төсвийн хуулийн 4.1.38-д "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг" гэж зааснаар нэхэмжлэгч нь төсвийн хууль тогтоомжийг чанд мөрдөж, хэрэгжүүлж ажиллахаар байна. Нягтлан бодогч Х.Б нь төсвийн шууд захирагч гэж үзэхгүй.

7. М.Н нь Есөнбулаг сумын 3-р сургуулийн захиралаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;   16.5.7-д байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах; гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь  аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар илэрч 3,765,857 /гурван сая долоон зуун жаран таван мянга найман зуун тавин долоон/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэх, 25,542,965 /хорин таван сая таван зуун дөчин хоёр мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг багш, ажиллагсдад нөхөн олгохоор төлбөрийн актаар тогтоогдсон байна.

8. Мөн магадлалын Тогтоох хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /хуульд еөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Энэ хуулийн 19.1,19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 /Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна/ дахь хэсэгт заасныг тус тус баримтлан" гэсэн нь ойлгомжгүй, хэрэгт хамааралгүй хуулийн зүйл заалтыг баримтласан, илтэд хууль зөрчиж, нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн Бага, дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн асуудлыг бодитоор үнэлж дүгнээгүй. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.2 дахь хэсэгт сургуулийн Захирлын үүргийг хуульчилж өгсөн байна. Хуулийн 20.2.4 дэх заалтад сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу ҮР ашипгай зарцуулах, мэдээлэх; 20.2.5.сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах; үүрэгтэй байна.

9.1. Гэтэл энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлд /Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ/ гэж зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал төрийн байгууллагын шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, шүүхийн шийдвэрт эргэлзээ төрүүлсэнээр шүүгч нь ашиг сонирхолын зөрчилтэй, бусдын нөлөөнд автан Монгол Улсын хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

11. Иймд, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Нэхэмжлэгч М.Н нь төсвийн шууд захирагч /сургуулийн захирал/-ийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; 16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; 16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх; мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх гэсэн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, үүний улмаас 2015-2017 онуудад багш, ажилчдын амралтын мөнгийг илүү, дутуу бодож олгосон, илүү цагаар ажиллуулсан мэт баримт бүрдүүлж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14. Гэхдээ энэхүү маргааны хувьд санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь захирлаас илүүтэй нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой, иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь тогтоогдсон зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна. Хэрэв хариуцагч “нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, иймд Бага, дунд боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлд “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй” гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь оногдуулах байжээ.

15. Гэтэл хариуцагч маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэснийг үндэслэн нэхэмжлэгч М.Нг төрийн албанаас халсан нь хууль бус байна. Учир нь, 2017 онд илэрсэн санхүүгийн зөрчилд 2018 онд акт тавьсныг, мөн тухайн хяналт шалгалтаар 2015-2017 оны санхүүгийн жилд гарсан зөрчлүүдийг тогтоосныг “удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдал бүрдээгүй байхад түүнийг хэрэглэсэн нь буруу юм. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-9-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 4,10-д заасан “давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэг талыг барьсан, шударга бус шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй, бусдын нөлөөнд автсан” гэсэн утгатай гомдол нь хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлд хамаарахгүй. Уг асуудлаар хариуцагч зохих журмын дагуу шалгуулах эрх нь нээлттэй гэдгийг дурдаж байна.

17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ