Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01250

 

Х.Берикболын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэр,        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00011 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Берикболын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Алмасбек,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Алмасбекийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 07 дугаар сараас Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдон ажилласан. Гэтэл аймгийн Засаг дарга Х.Дармен нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А/786 дугаар захирамж гаргаж, намайг ажлаас халсан бөгөөд би уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Миний гомдлыг 3 шатны шүүх хэлэлцэж намайг ажилд эргүүлэн тогтоож, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/786 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Би шүүхийн шийдвэрийн дагуу урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилогдсон юм.Гэтэл Засаг дарга Х.Дармен нь ажилд томилогдоод 23 хоноогүй байхад буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А/49 дүгээр хууль бус захирамж гаргаж намайг сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.Иймд Х.Берикбол миний гаргасан гомдлын дагуу Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай А/49 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Берикбол нь анх 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэний нэрийг нэр дэвшүүлэх журамтай. Үүний дагуу Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаж сонгон шалгаруулалтаар Х.Алмасбек гэх иргэн шалгарсан. Аймгийн Боловсролын газар болон Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сард хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардсан тул Х.Берикболыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэнийг томилох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтуудаар зохицуулагдаж байгаа гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Шеруши овогт Хавдолдагийн Берикболын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Берикбол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00011 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Шеруши овогт Хавдолдагийн Берикболыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Берикбол нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Х.Берикболын давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Берикбол нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Алмасбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Миний бие Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж 1 дүгээр байр эзэлсэн, тухайн үед засаг даргад ажилд томилж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан бөгөөд Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулах журам, Аймгийн Боловсрол соёлын газар зэрэг эрх бүхий байгууллагын санал шийдвэр, төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд хууль ёсоор томилогдон ажиллаж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 00011 дугаартай магадлал нь илтэд хууль зөрчиж гарсан шийдвэр тул гомдолтой байна.Магадлалд Х.Берикболыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг бариагүй гэсэн ба Баян-Өлгий  аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5\624 дугаартай захирамжаар Х.Берикболыг ажилд эгүүлэн томилсон нь тогтоогдсон. Х.Берикбол нь тухайн үед намайг ажилд эгүүлэн тогтоогоогүй гэж аймгийн прокурорын газарт гомдол гаргасан боловч аймгийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5\109 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсан нь засаг даргын захирамж гарч Х.Берикболыг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэнийг баталж байна.Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж иш татаж үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан, тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн жолоо барих эрхийг хассан эрх бүхий байгууллагын шийдвэр гэх мэт огт хамааралгүй захиргааны хэргийн   шүүхийн шийдвэрийн үндэслэлийг иш татсан нь шүүхийн шийдвэр өөрөө хууль бус хууль зөрчсөн байна.Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 210 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212\МА2016\00011 дугаартай магадлалыг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Берикбол нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А\49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Өлгий сумын 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулахыг хүсчээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Х.Берикболыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А\786 дугаар захирамжаар Өлгий сумын 1 дүгээр дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн ба мөн өдрийн А\787 дугаар захирамжаар сургуулийн захирлаар Х.Алмасбекийг томилжээ. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 688 дугаар тогтоолоор Х.Берикболыг захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна. Харин ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заажээ.

Гэтэл аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б\624 дүгээр захирамжаар Х.Берикболыг урьд эрхэлж байсан ажилд нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс түр томилсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлбэр төдий биелүүлсэн шинжтэй байх ба ийнхүү шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ажилд эгүүлэн авах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Давж заалдах шатны шүүх уг үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б\12 дугаар захирамжаар Х.Берикболын оронд захирлаар томилогдсон байсан Х.Алмасбекийг ажлаас чөлөөлсөн боловч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А\49 дүгээр захирамжаар Х.Берикболыг захирлын ажлаас дахин чөлөөлж, мөн өдрийн А\50 дугаар захирамжаар Х.Алмасбекийг захирлаар томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэснээс гадна хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл, шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ажилд авах зэрэг эрх зүйн асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН