| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02904/И |
| Дугаар | 191/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00162
2025 01 14 191/ШШ2025/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 хаягт байрлах, Х ХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, өөрийн байранд байрлах *******т холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Х нь******* Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Б-аас 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708, 4-225/3709 дугаартай мэдэгдлүүдийг хүлээн аваад ******* болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид зэрэг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулах арга хэмжээг ахлах шийдвэр гүйцэтгэгч шууд гүйцэтгэсэн байсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өөрт нь гомдол гаргах боломжгүй байсан тул түүний удирдлагад, нөгөө талдаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр байсан тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нэгэн зэрэг гомдол гаргаж байсан билээ.
Улмаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн огноотой 4/226 дугаартай бичгээр хариу ирүүлснийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариу өгөхгүй байж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 9-01/1308 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсгүүдэд заасан урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0 дүгээр захирамжид хариуцагч Т ХХК, Х ХХК-д машин тоног төхөөрөмж болон нийт 5,843,438.4 мянган төгрөгийн өртөг бүхий 143 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, нийт 3,456,880.0 мянган төгрөгийн өртөг бүхий 109 ширхэг тавилга, эд хогшил, нийт 1,041,707.0 мянган төгрөгийн өртөг бүхий 2,829 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 257,220.2 мянган төгрөгийн өртөг бүхий 341 ширхэг бараа материал, нийт 6,696,880.4 мянган төгрөгийн өртөг бүхий 1244 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь аливаа хэлбэрээр ашиглахгүй, эзэмшихгүй, бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, эрхийг шилжүүлэхгүй, барьцаалахгүй, баталгаа болон батлан даалт гаргахгүй, түрээслэхгүй, аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлд хангуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж арга хэмжээ авахыг *******т даалгаж шийдвэрлэсэн.
Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Б нь 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3709 дугаартай мэдэгдлээр дээрх шүүгчийн захирамжийг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Харин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаартай мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэгч хуулийн ямар заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч ямар шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой дурдаагүй, мөн шүүгчийн захирамжид хөрөнгөд нэвтрэх эсхүл битүүмжлэх зэрэг тухайлсан үйлдэл хийх талаар заагаагүй байтал "2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуул" гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй шаардлага тавьжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулиар нэрлэн тодорхойлсон ажиллагаануудаар дамжин хэрэгждэг боловч шийдвэр гүйцэтгэгч энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 4, 7, 8 зэрэг аль бүлэгт заасан ямар ажиллагаа явуулах гэж байгаа нь тодорхойгүй, хуулийн аль ч хэсэгт "11 цагт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа"-г томьёолоогүй, ийм үндэслэлээр бусдын эзэмшлийн хөрөнгө, газарт нэвтрэх шаардлага тавих боломжгүй юм.
Дээр дурдсанчлан шийдвэр гүйцэтгэгч ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй энэ байдал нь тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.4-т заасан хуульд нийцээгүй, хориглосон үйл ажиллагаа төдийгүй, тухайн ажиллагаанд оролцож, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд өөрийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хуулийн аль зүйл, заалтын дагуу гомдол гаргах, тухайн гомдол хэрхэн шийдвэрлэгдэх зэрэг хуулийн үндэслэлийг тодорхойгүй болгож байгаагаараа тухайн ажиллагаанд оролцож буй этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөж байна. Тухайлбал мэдэгдлийг яагаад шийдвэр гүйцэтгэгч бус ахлах шийдвэр гүйцэтгэгч үйлдсэн, уг мэдэгдэл нь хуулийн 44.2.5 дахь хэсэгт заасан мэдэгдэл мөн эсэх, мөн бол 44.3 дахь хэсэгт заасан гомдлыг хэнд гаргах, эсхүл шууд 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эсэх зэрэг тодорхойгүй байдал үүсгэж байна.
Мөн дээрх захирамжид нэхэмжлэлд заасан үл хөдлөх хөрөнгүүд, тэдгээрийн дотор байршиж байгаа хөдлөх хөрөнгүүд буюу нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа, дээр дурдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан хөрөнгүүдэд үзлэг хийх тухай заалт тусгагдсан. Шүүхээс нэгэнт захирамжаараа тодорхой үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, шүүх өөрөө үзлэг хийхээр заасан байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага урьдчилан эсхүл давхардуулан үзлэг" хийх нь агуулгын хувьд шаардлагагүй, оновчгүй юм.
Ийнхүү, дээрх үндэслэлүүдээр ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Б-аас 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаартай мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчсөн, агуулга тодорхойгүй, үндэслэлгүй шаардлага тавьсан байх тул хүчингүй болох үндэслэлтэй байна.
Иймд, Н-ын Сүхбаатар дүүргийн Н.Б-ийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* хариу тайлбар, татгалзалдаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21499 дүгээр захирамжаар хариуцагч "Т ХХК "Х" ХХК-д машин тоног төхөөрөмж болон нийт 5,843,438.4 мянган төгрөгийн өртөг бүхий 143 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, нийт 3,456,880.0 мянган төгрөгийн өртөг бүхий 109 ширхэг тавилга, эд хогшил, нийт 1,041,707.0 мянган төгрөгийн өртөг бүхий 2,829 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж нийт 257, 220.2 мянган төгрөгийн өртөг бүхий 341 ширхэг бараа, материал. жагсаалтаар нийт 6,696,880.4 мянган төгрөгийн өртөг бүхий 1244 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь аливаа хэлбэрээр ашиглахгүй, эзэмшихгүй, бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, эрхийг шилжүүлэхгүй, барьцаалахгүй, баталгаа болон батлан даалт гаргахгүй, түрээслэхгүй, аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлд хангуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж арга хэмжээ авахыг даалгаж захирамжилсан.
Дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4-225/1242, 4-225/1243 тоот албан бичгээр мэдэгдлийг хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболдод гардуулан өгсөн.
Нэхэмжлэгч "Т" ХХК-иас тус газарт хандан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нар шүүгчийн захирамжийг зөрчиж, дээрх эд хөрөнгүүдийг захиран зарцуулж, ашигласан нь нотлогдож байгаа гэх талаар удаа дараа амаар мөн хуулийн дагуу шалгаж, битүүмжилж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, "Т" ХХК-ийн хашаанд байрлах "Х" ХК-ийн агуулахад очин захирамжид дурдсан хөдлөх хөрөнгүүдэд бүртгэл хийхээр очиход шүүгчийн захирамж биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, агуулахад нэвтрүүлээгүй байна.
Хариуцагч Х-д 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4- 225/3708 дугаар мэдэгдлээр 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөдлөх хөрөнгүүдийг бүртгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байх, 4-225/3709 тоот албан бичгээр дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч мэдэгдлийг биелүүлээгүй тул 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн хэрэг үүсгэх тухай санал хүргүүлэхэд зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хуулийн дагуу бөгөөд нэхэмжлэгч Х-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Шийдвэр гүйцэтгэх албаны 2024.04.29-ний өдрийн 9-1/1308 дугаартай албан бичиг, Х ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХК-ийн 2024.02.20-ны өдрийн 5/1990 дугаартай албан бичиг,******* 2024.03.04-ний өдрийн 4/226 дугаартай хариу мэдэгдэх хуудас,******* 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаартай албан бичиг,******* 2024.02.13-ны өдрийн 4-225/3709 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.19-ний өдрийн 181/ШЗ2023/0 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.04-ний өдрийн 0 дугаар шийтгэвэр, Х ХК-ийн 2024.02.20-ны өдрийн 5/1990 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/0 дүгээр захирамж, Т ХХК-ийн 2024.02.02-ны өдрийн Х/02 дугаартай албан бичиг, 2024.02.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн 2 тэмдэглэл, 2024.02.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаартай албан бичиг,******* 2024.02.13-ны өдрийн 4-225/3709 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024.02.20-ны өдрийн 5/1990 дугаартай албан бичиг,******* 2024.03.04-ний өдрийн 4/226 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 225 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А-ийн 2024.02.06-ны өдрийн******* Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Э-д гаргасан хүсэлт,******* 2024.01.15-ны өдрийн 4-225/1243 дугаартай албан бичиг,******* 2024.01.15-ны өдрийн 4-225/1242 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч *******т холбогдуулан******* 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х ХК нь 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай гомдлоо 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид зэрэг гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4/226 дугаар албан бичгээр хариу ирүүлснийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 9-1/1308 дугаар албан бичгээр хариу ирүүлснийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсгүүдэд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрхи мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэгчийг ямар ажиллагаа явуулах талаар тодорхой заагаагүй, шүүгчийн захирамжид хөрөнгөд нэвтэрч үзлэг хийх эсхүл битүүмжлэх зэрэг тухайлсан үйлдэл хийх талаар заагаагүй байтал "2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуул" гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй шаардлага тавьсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Хэрэгт авагдсан баримтаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0 дүгээр захирамжаар хариуцагч Т ХХК, Х ХК-д машин тоног төхөөрөмж болон нийт 5,843,438.4 мянган төгрөгийн өртөг бүхий 143 нэр төрлийн тээврийн хэрэгсэл, нийт 3,456,880.0 мянган төгрөгийн өртөг бүхий 109 ширхэг тавилга, эд хогшил, нийт 1,041,707.0 мянган төгрөгийн өртөг бүхий 2,829 ширхэг компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, 257,220.2 мянган төгрөгийн өртөг бүхий 341 ширхэг бараа материал, нийт 6,696,880.4 мянган төгрөгийн өртөг бүхий 1244 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь аливаа хэлбэрээр ашиглахгүй, эзэмшихгүй, бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, эрхийг шилжүүлэхгүй, барьцаалахгүй, баталгаа болон батлан даалт гаргахгүй, түрээслэхгүй, аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлд хангуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж арга хэмжээ авахыг *******т даалгажээ. /хавтаст хэргийн 16-22, 49-55 хуудас/
1.2. ******* нь дээрхи захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Х ХК, Т ХХК нарт 2024.01.15-ны өдрийн 4-225/1242, 4-225/1243 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ. /хавтаст хэргийн 69-70 хуудас/
1.3. 2024.02.02-ны өдөр Т ХХК нь ...хариуцагч Х нь Т ХХК-ийн хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулж, ашигласан нь нотлогдож байгаа тул хариуцагч Х ХК-ийн ашигласан хөрөнгүүдийг хуулийн дагуу шалгаж, битүүмжилж өгнө үү гэх хүсэлтийг *******т гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024.02.06, 2024.02.07-ны өдрүүдэд шүүгчийн захирамжид дурдсан эд хөрөнгө байрлах Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Т ХХК-ийн хашаанд ирэхэд, хариуцагч Х ХК-тай гэрээтэй харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа гэх хүмүүс Х ХК-ийн зөвшөөрөлгүйгээр оруулахгүй гэх шаардлагыг тавьж, нэвтрүүлээгүй, хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК нь шийдвэр гүйцэтгэгчийг эд хөрөнгө байгаа газарт нэвтрүүлэх арга хэмжээ аваагүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 56-62 хуудас/
1.4. Иймээс ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаар Мэдэгдэл-ээр хариуцагч Х ХК-д ...Шүүгчийн захирамжийг биелүүлж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ажиллагаа явуулахыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4-225/1242 тоот албан бичиг болон 2024.02.05-ны өдөр мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байх тул дээрхи шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг 2024.02.23-ны өдрийн 11 цагт явуулах тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж оролцуулахыг мэдэгдье. Мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулъя гэжээ. /хавтаст хэргийн 13, 63 хуудас/
2. Хариуцагч Х ХК нь дээрхи 4-225/3708 дугаар Мэдэгдэл-ийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч ямар ажиллагаа явуулах гэж байгаагаа тодорхой дурдаагүй, шүүгчийн захирамжид хөрөнгөд нэвтрэх эсхүл битүүмжлэх зэрэг тухайлсан үйлдэл хийх талаар заагаагүй байтал "2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуул" гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй шаардлага тавьсан нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлаж байна.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ гэж заасны дагуу ******* нь шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан ажиллагаануудаар гүйцэтгэхээр зохицуулсан.
******* нь шүүгчийн 21499 дугаар захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Х ХК, Т ХХК нарт мэдэгдсэн боловч, Т ХХК нь хариуцагч Х ХК-ийг хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулж, ашиглан захирамжийг зөрсөн гэж шалгуулах хүсэлт гаргасны дагуу ******* нь маргаан бүхий хөдлөх эд хөрөнгүүд байгаа газарт нэвтэрч, шалгах буюу үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэхээр ажилласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.6.-д нийцсэн байна.
Тодруулбал, ******* нь шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг бодитоор гүйцэтгэх бөгөөд тухайн захирамжид заасан арга хэмжээг бодитойгоор гүйцэтгэхэд хөдлөх эд хөрөнгүүд байгаа газарт нэвтэрч, үзлэгээр тухайн хөдлөх эд хөрөнгүүд байгаа эсэх, хариуцагч нар захирамжийг зөрчсөн эсэхийг шалгах нь захирамжийн хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой байсан болох нь дээрхи үйл баримтаар тогтоогдож байна.
2.2. 4-225/3708 дугаар Мэдэгдэл-д Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21499 дүгээр захирамжийг биелүүлж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ажиллагаа явуулахыг тодорхойлсон байх тул Х ХК-ийн шийдвэр гүйцэтгэгч ямар ажиллагаа явуулах гэж байгаагаа тодорхой дурдаагүй, гэх гомдол үндэслэлгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд талууд байлцах эрхтэй гэж заасны дагуу дээрхи мэдэгдэлд "2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж оролцуулахыг мэдэгдсэн нь хуульд нийцжээ.
2.3.******* 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4-225/3708 дугаар Мэдэгдэл нь нэхэмжлэгч Х ХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд******* Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0 дүгээр захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэхээр явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7.-д Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна гэж заасан шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна.
3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х ХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан гаргасан******* 2024.02.13-ны өдрийн 4-225/3708 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА