| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04476/И |
| Дугаар | 191/ШШ2025/00583 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/00583
| 2025 01 24 | 191/ШШ2025/00583 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,345,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь ******* ХХК-д холбогдуулан 6,345,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ж.******* би гадагшаа гарч ажиллах зорилгоор гадаад руу ажилд зуучлах үйлчилгээ фэйсбүүкээс хайж байгаад Юнайтед Экспресс гэх газрыг олж очиж уулзсан. Уулзахад Норвеги улсад сүлжээ дэлгүүрт ажилд зуучлан сарын цалин Монгол мөнгөөр 3,000,000 төгрөг бөгөөд нэг жил сайн ажиллаж чадвал гэр бүл, үр хүүхдүүдээ татах боломжтой гэсэн тул 2022 оны 10 сарын 28-ны өдөр ажилд зуучлах гэрээ байгуулсан. Ажилд зуучлах гэрээний хөлсөнд нийт 6,345,680 төгрөг өгөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 2,982,800 төгрөг тус компанийн Хаан банкны тоот дансанд төлсөн бөгөөд үлдэгдэл 3,362,880 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн төрсөн эгч Ж.Баярцэцэгийн Хас банкны данснаас тус компанийн дээрх дансанд шилжүүлсэн. Гэрээнд заасан ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны дотор зуучлан гаргаж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний үүргийн биелэлтийн талаар асууж лавлахад удахгүй болно, одоо удахгүй гэдэг байсан бөгөөд сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд Юнайтед Экспресс ХХК-иас 6,345,680 төгрөг гаргуулж өгнө үү.
1.2. Би нэг жил хүлээсэн. 2-3 удаа уулзсан, утсаа авдаггүй. Очихоор хүлээж байгаарай л гэдэг. Гэрээгээ 2023.04.28 хүртэл сунгасан. Би 2024.03 сард очиж уулзааж гэрээний хугацаа дуусчихлаа, дахиж хүлээж чадахгүй явмааргүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд 7 хоног болоход бичиг баримт нь ирчихнэ гэж менежер нь хэлсэн. Манай аав ээж хоёр 2024.04.07-нд очиж уулзсан. Тэрнээс хойш явахгүй гэдэг тайлбар өгсөн. Хариуцагч 2024 оны 03 сараас хойш надтай холбогдоогүй. Мөнгөнөөс гадна цаг хугацаа, ажил төрөл, сэтгэл санаа бүх зүйлээрээ хохирч байна. Утсаар ярьдаггүй, уулзах боломжтой эсэхийг асуудаггүй, холбогдож юу болж байгаа талаар хэлдэггүйд гомдолтой байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Тус компани нь 2022 оны 10-р сарын 28-ны өдөр иргэн Ж.*******тэй Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, үйлчилгээ үзүүлэхээр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор гэрээний хугацаа 2023 оны 10-р сарын 28-ны өдрийг хүртэл байгуулагдсан. Хэдийгээр гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон ч талуудын хэн аль нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах болон дуусгавар болгох санал гаргалгүйгээр байнгын холбоотой ажиллаж, гэрээнд заасан үйлчилгээг үргэлжлүүлэн явуулж, үйлчлүүлэгчид гэрээнд заасан болон өөр бусад мэдээ, мэдээллийг өгч байсан. Ингээд гэрээний хугацаа ялимгүй буюу 18 гаруй хоног хэтэрч, 2023 оны 11-р сарын 10-ны өдөр Норвегийн вант Улсад ажиллаж амьдрах урилга буюу Хөдөлмөрийн гэрээ, ажиллах хугацааны орон байрны баталгаа, батлан даалтын бичиг зэрэг баримтууд ирсэн тул энэ талаар 2023 оны 11-р сарын 17-ны өдөр Ж.*******т утсаар мэдэгдэж, улмаар 2023 оны 11-р сарын 24-ний өдөр ажлын гэрээ бүхий 6 хуудас баримтыг хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагчийн хувьд холбогдох бичиг баримтуудыг Ж.*******т танилцуулж, хүлээлгэн өгсний дараа визэнд ороход шаардлагатай баримт материал болон визний төлбөр хураамжаа урьдчилан төлөх талаар хэлж, зөвлөгөө өгөхөд тухайн үед за гэж байсан атлаа өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй юм. Манай компанийн хувьд ялимгүй хугацаа хэтрүүлсэн ч гэсэн Ж.*******тэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрөө тодорхойгүй байна. Тухайлбал талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэхүү гэрээг хэн аль нь татгалзсан, цуцалсан асуудал байхгүй байгаа. Мөн гэрээний үүрэг ялимгүй хугацааг хэтрүүлсэн ч биелэгдсэн байгаа. Энэ тохиолдолд яг ямар үндэслэлээр урилга буюу хөдөлмөрийн гэрээг ирүүлэхэд шаардагдсан болон тодорхой ажлын хөлсөнд зарцуулагдсан мөнгийг буцаан авахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол хуульд заасан шаардлага хангагдах ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзахыг хориглосон байдаг бөгөөд хуульд заасны дагуу нөгөө талдаа нэмэлт хугацаа тогтоож өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол гэрээний яг ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох нь тодорхой ойлгомжтой байх ёстойгоос гадна гэрээний үүрэг биелсэн болох нь ирүүлсэн урилгаас маш тодорхой харагдаж байгаа бөгөөд хариуцагчаас шалтгаалах гэрээний үүргийн зөрчил байхгүй байгаа, гагцхүү нэхэмжлэгчийн өөрийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор визэнд орох болон гадаад руу явах боломж зогссон байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Ж.*******ээс удаа дараа шаардаж байсан бөгөөд, 2024 оны 03-р сарын 07-ны өдөр гэхэд хүртэл Ж.*******ийг аав ээжийнх нь хамт ирэхэд урилга буюу холбогдох бичиг баримтыг нь үзүүлж танилцуулж, энэ талаар тайлбарлаж хэлэхэд Ж.*******ийн аав нь урилгыг газар гишгэн дэвсэлж, урж, визэнд оруулахгүйгээр шууд гадагшаа явуулж өг гэдэг хууль бус шаардлагыг тавьж, маргаан үүсгэж байсан юм. Иймд манай компанийн зүгээс визэнд ороход шаардлагатай баримтыг яаралтай бүрдүүлж өгөх талаар 2024.04.03, 2024.04.04, 2024.04.25, 2024.05.16-ны өдрүүдэд Ж.*******ийн хаяг руу удаа дараа мэйл явуулсан боловч ямар ч хариу өгөхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Европын ажлын урилга буюу ажиллахыг зөвшөөрсөн хөдөлмөрийн гэрээ баримтууд тодорхой хугацаатай, үнэ төлбөртэй байдаг бөгөөд манай компанийн зүгээс энэхүү зардалд 1000 ам. долларыг гэрээт байгууллага руу шилжүүлсэн байдаг бөгөөд энэхүү 2023 оны 11 сарын 15-ны өдөр ирүүлсэн урилгын визэнд орох хугацаа 2024 оны 05-р сард дууссан тул Ж.******* нь өөрөөс шалтгаалах зүйлийг биелүүлээгүй байдаг.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.6 болон 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар ажлын зөвшөөрөл, маягт урилга ирсэн тохиолдолд сонгосон улс дахь ажлын болон визний спонсор байгууллагуудын үйлчилгээ, Монгол дахь компанийн үйлчилгээний зардал, ажиллагааны өртөгт 1300 EUR-г үл маргах журмаар суутгахаар талууд харилцан тохиролцсон байдаг. Иймд манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны зардалд 1300 EUR-той тэнцэхүйц төгрөгийг суутган авч, 500-EUR-той тэнцэхүйц төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоход татгалзах зүйл байхгүй болно.
2.2. Гэрээнд зааснаар визэнд орох баримт материалуудыг бүрдүүлж өгөхийг Ж.*******ээс шардсан байдаг. Ж.*******ийн өөрийнх нь мэйл хаяг руу мэдэгдэл явуулж, утас руу нь удаа дараа мэдэгдэж байсан. 2023.11.24-ний өдөр урилга материалтай танилцаж хүлээж аваад визэнд орох ёстой гэдгээ мэдсэн. Гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа юм уу эсвэл явахаа больсон гэж байна уу, гэрээний хугацаа дууссан ч надад ийм хохирол үүссэн гэж байна уу, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/,
3.2. Юнайтед Экспресс ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх 3/
3.3. 2022.10.28-ны өдрийн Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх №13/CZ-22 дугаар гэрээ, түүний хавсралт-1 /хх 4-6/,
3.4. Ж.Баярцэцэгийн Хасбанкны дансны хуулга /хх 56/
3.5. Хасбанкны цахим төлбөрийн баримт /хх 57/
3.6. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 58/.
4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Итгэмжлэл /хх 14/,
4.2. Хариу тайлбар /хх 29, 124-125/,
4.3. Гэрээ №3473/112023 гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 86/
4.4. Ажиллах хугацааны орон байрны баталгаа гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 87/
4.5. EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 88-89/
4.6. Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар /хх 95/
4.7. Виз мэдүүлэгчийн хариуцлагын санамж бичиг /хх 96/
4.8. EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 97-102/
4.9. Гэрээ №3473/2023, Осло 28/02/2024 гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 103-104/
4.10. Осло 285/02/2024 Батлан даалтын бичиг гэх англи хэлнээс оруулсан баримт, англи хувийн хамт /хх 105-106/
4.11. Ажиллах хугацааны орон байрны баталгаа гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 107-108
4.12. Үйлчилгээний гэрээ гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 115-120/
4.13. Гэрээгээр ажиллахыг хүсэгчийн анкет /хх 121-122/
4.17. Ж.*******т баримт танилцуулсан баримт /хх 123/
4.18. 2022.10.28-ны өдрийн Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх №13/CZ-22 дугаар гэрээний хавсралт-1.
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гар утсанд байх 2024.03.07-ны өдрийн нэхэмжлэгчийн ар гэрийн уулзалтын бичлэг гэх видео бичлэгт болон хариуцагч компанийн хаягнаас нэхэмжлэгч Ж.*******ийн -д, байгууллагаас хариуцагч компанийн [email protected]n-д и-мэйлд хаягт ирсэн зурвас, 2024.11.13-ны өдрийн whats up бизнес аккаунтад үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 59-67, 135-161/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ийн 6,345,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Юнайтед Экспресс ХХК-тай 2022 оны 10-р сарын 28-ны өдөр Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, хариуцагч Юнайтед Экспресс ХХК нь нэхэмжлэгчийг Норвеги улсад сүлжээ дэлгүүрт ажилд зуучлахаар тохиролцсон. Зуучлалын гэрээний хөлсийг 6,345,680 төгрөгөөр тохиролцож төлсөн. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 6,345,680 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Утсаар ярьдаггүй, уулзах боломжтой эсэхийг асуудаггүй, холбогдож юу болж байгаа талаар хэлдэггүйд гомдолтой байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай компани 2023 оны 11-р сарын 10-ны өдөр Норвегийн вант Улсад ажиллаж амьдрах урилга буюу Хөдөлмөрийн гэрээ, ажиллах хугацааны орон байрны баталгаа, батлан даалтын бичиг зэрэг баримтууд ирсэн тул энэ талаар 2023 оны 11-р сарын 17-ны өдөр Ж.*******т утсаар мэдэгдэж, улмаар 2023 оны 11-р сарын 24-ний өдөр ажлын гэрээ бүхий 6 хуудас баримтыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй юм. Компанийн зүгээс энэхүү зардалд 1000 ам. долларыг гэрээт байгууллага руу шилжүүлсэн бөгөөд энэхүү 2023 оны 11 сарын 15-ны өдөр ирүүлсэн урилгын визэнд орох хугацаа 2024 оны 05-р сард дууссан тул Ж.******* нь өөрөөс шалтгаалах зүйлийг биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-р зүйлийн 4.6 болон 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар Монгол дахь компанийн үйлчилгээний зардал, ажиллагааны өртөгт 1300 EUR-г үл маргах журмаар суутгахаар талууд харилцан тохиролцсон байдаг. Иймд манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны зардалд 1300 EUR-той тэнцэхүйц төгрөгийг суутган авч, 500-EUR-той тэнцэхүйц төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоход татгалзах зүйл байхгүй болно гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Юнайтед Экспресс ХХК, Ж.******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Гадаад дахь түнш байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хөтөлбөрт оролцогчийн CV анхан шатны танилцуулгыг тус улс дахь ажил олгогч, эсхүл түүнтэй адилтгах хуулийн этгээдэд мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд CV-ийг боловсронгуй болгож ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх, ажлын байртай холбоотой мэдээллээр хангах /үүнд ажиллах цаг, цалин, амьдрах нөхцөл, даатгал ... зэрэг хамаарна/, шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн ярилцлагад бэлтгэх зааварчилгаа зөвлөгөө өгөх, визтэй холбоотой материал орчуулга, боловсруулалтын үйлчилгээ, ажил олгогчийн урилга авч өгөх, оршин суух зөвшөөрөл авч өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч нь 1800 еврогийн хөлс төлөх зэрэг талуудын эрх, үүргийг тус тус харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 5-6 тал/
Талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зуучлалын гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь 2022.10.28-ны өдөр 2,982,800 төгрөгийг бэлнээр, 2022.11.11-ний өдөр 3,362,880 төгрөгийг дансаар төлж, дээрх гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн байна. / хавтаст хэргийн 3, 56-57 дугаар тал/
Талууд Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба гэрээний хавсралт дугаар 1-р хугацааг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг удаа сунгасан байна. /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
Дээрх үйл баримтад талууд маргаагүй болно.
4.2. Хариуцагчийн гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болсон ч талуудын хэн аль нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах болон дуусгавар болгох санал гаргалгүйгээр байнгын холбоотой ажиллаж, гэрээнд заасан үйлчилгээг үргэлжлүүлэн явуулж, үйлчлүүлэгчид гэрээнд заасан болон өөр бусад мэдээ, мэдээллийг өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх тайлбар хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна.
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хугацаа нь дуусаагүй гэрээний хувьд байх ойлголт юм. Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон тул гэрээг цуцлах асуудал яригдахгүй.
Хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлсэн гэх тайлбараа нотлох үүднээс гэрээ №3473/112023 гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 86/, ажиллах хугацааны орон байрны баталгаа гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 87/, EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ гэх англи хэлнээс орчуулсан баримт /хх 88-89/, EEA/EFTA улсын иргэдэд зориулсан хөдөлмөрийн гэрчилгээ гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 97-102/, гэрээ №3473/2023, Осло 28/02/2024 гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 103-104/, Осло 285/02/2024 Батлан даалтын бичиг гэх англи хэлнээс оруулсан баримт, англи хувийн хамт /хх 105-106/, ажиллах хугацааны орон байрны баталгаа гэх англи хэлнээс орчуулсан баримт, англи хувийн хамт /хх 107-108/ шүүхэд гаргаж тус баримтыг гуравдагч этгээдээс whats up бизнес аккаунтаар ирсэн гэж, Үйлчилгээний гэрээ гэх англи хэлнээс орчуулсан гэрээ болон англи хувийг /хх 115-120/ шүүхэд гаргаж энэхүү гэрээг гуравдагч этгээд Алмина интернэйшнл байгууллагаас нь англи хэл дээр и-мэйлээр ирсэн гэж тус тус тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно.
Шүүхээс хариуцагчийн и-мэйл хаягт үзлэг хийхэд Алмина интернэйшнл байгууллагаас ирүүлсэн гэх гэрээ гэх файл алдаа зааж нээгдээгүй, бизнес аккаунтад үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж хуульчилсан.
Гэтэл хариуцагч байгууллага нь дээрх гадаад хэл дээрх баримтыг хөндлөнгийн этгээдээр бус өөрөө буюу ******* ХХК Баталгаат орчуулгын төв-р орчуулуулсан байх тул шүүх дээрх баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.
Мөн хариуцагч нь Ж.*******ийн Норвегийн вант Улсад ажиллаж амьдрах урилга буюу Хөдөлмөрийн гэрээ, ажиллах хугацааны орон байрны баталгаа, батлан даалтын бичиг зэрэг баримтууд ирсэн гэж тайлбарласан ч гадаад дахь түнш байгууллага болон ажил олгогчийн мэдээлэл тодорхойгүй, бодит байгууллага байгаа эсэх нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийг гадаад дахь түнш байгууллагаар дамжуулан нэхэмжлэгчийн танилцуулгыг Норвеги улс дахь ажил олгогчид хүргүүлэх, ажлын байртай холбоотой мэдээллээр хангах, ажил олгогчийн урилга, оршин суух зөвшөөрөл авч өгөх зэрэг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Ж.*******ийг ажилд зуучлах зардалд 1000 ам. долларыг гэрээт байгууллага руу шилжүүлж, зардал гаргасан гэж тайлбарлаж 2023.10.31-ний өдрийн буюу гэрээний хугацаа дууссаны дараа шилжүүлсэн Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар /хх 95/-г баримтаар гаргасан ч Ж.*******ийг ажилд зуучлахад зориулж шилжүүлсэн төлбөр гэж үзэх боломжгүй, төлбөрийг хүлээн авагч Гүрж улсын хаягтай Lavrova Alona гэх нь хэн болох нь тодорхойгүй, хувийн гуйвуулга гэх утгатайгаар шилжүүлсэн байна.
Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагч нь гэрээний 4-р зүйлийн 4.6 болон 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар Монгол дахь компанийн үйлчилгээний зардал, ажиллагааны өртөгт 1300 EUR-г үл маргах журмаар суутгахаар талууд харилцан тохиролцсон тул үүнтэй дүйцэхүйц төлбөрийг хариуцахгүй гэж маргасан.
Европын ажлын гэрээний хөтөлбөрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д Бүртгэл хийгдэж гэрээ байгуулснаар ажилд зуучлах үйл ажиллагаа эхэлсэнд тооцох бөгөөд үйлчлүүлэгчийн танилцуулга, СV бэлтгэх, хянах, сайжруулах, ажил олгогчид биечлэн танилцуулах, хариу мэдээлэл, харилцаа холбооны ажил, ярилцлагад бэлдэх, ярилцлагын цаг товлох зэрэг үйлчилгээ хийгдэнэ. Ажил олгогчид сонгогдох хугацаа 14 хоногоос 3 сарын хооронд байна. Ажиллах зөвшөөрөл бүхий виз гарах эсэхээс үл хамааран 1300 EUR нь дээрх үйлчилгээний үйл ажиллагааны зардалд шингэх бөгөөд үйлчилгээ дуусгавар болоход энэхүү өртөг урьдчилгаа төлбөрөөс суутгагдана. Үлдэгдэл төлбөр буцаан олгогдоно. Үлдэгдэл төлбөрийн дүн сонгосон улсаас шалтгаалан харилцан адилгүй байна гэжээ.
Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн танилцуулга, СV бэлтгэх, хянах, сайжруулах, ажил олгогчид биечлэн танилцуулах, хариу мэдээлэл, харилцаа холбооны ажил, ярилцлагад бэлдэх, ярилцлагын цаг товлох зэрэг үйлчилгээ хийгдсэнээр 1300 евро-г суутгахаар тохиролцон байх ба энэхүү нөхцөл хангагдаагүй буюу хариуцагч байгууллага үйлчилгээ үзүүлснээ нотлоогүй.
Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д заасан бүх үйлчилгээ хийгдэж ажлын зөвшөөрөл маягт, урилга ирж виз мэдүүлсэн боловч визийн ярилцлагад тэнцээгүй гэх нөхцөл бүрдээгүй байх тул хариуцагч байгууллага нь 1300 евротой тэнцэхүйц төлбөрийг суутган авах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116,481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Юнайтед Экспресс ХХК-иас 6,345,680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юнайтед Экспресс ХХК-иас 116,481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА