2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/00229

 

 

 

 

 

 

 


 2025     01         16                             191/ШШ2025/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Д овогт Б-ийн Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-1, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 0 тоотод оршин суух, С овогт Б-ын М /РД:000000000/ нарт холбогдох,

2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн 11,500,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Б ХХК-тай байгуулсан 2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, хариуцагч Б ХХК болон гүйцэтгэх захирал Б.М нараас гэрээний дагуу төлсөн төлбөрийн 11,500,000 төгрөгийг, алданги 14,000,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б би Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-тай уулзаж, ярилцаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, 2022 оны 11-р сарын 18-ны өдөр Б ХХК-ийн Хас банкны 0 тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй 2023 оны 1-р сард танилцаад, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 6-р сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус Б.М-ын Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд шилжүүлж, нийт 23,000,000 төгрөгийг Б ХХК болон Б.М-д шилжүүлсэн.

Гэрээгээр өөрийн гэр бүлийн үнэт өв болох оньсон бөгжний концепц, бүтээгдэхүүн үйлчилгээг судалгаа шинжилгээнд үндэслэн орчин цагийн хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах ажил, үйлчилгээг шинэчлэн боловсруулахаар тохиролцсон. Эдгээр нь,

Брэнд концепц:

         Нөхцөл байдлын шинжилгээ

         Зорилтот хэрэглэгч

         Брэндийн бусдаас ялгарах онцлог, давуу тал

         Брэндийн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнэ, ашиг тус

         Брэндийн байршил

         Брэндийн үндсэн мессеж

Брэндинг ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт

         Брэндийн нэр

         Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нэр төрөл, иж бүрдэл

         Бүтээгдэхүүний загварын нэр

         Сав баглаа боодлын дизайн, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний хайрцаг, уут 1-3 бүтээгдэхүүн

         Чимэглэлийн иллустрейнш

         Концепц шинэчлэхтэй холбоотой шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг гэрээт ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд нийт 28,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Миний зүгээс оньслох ухаан, оньсон бөгжний талаарх мэдээлэл, холбогдох ном, гарын авлага зэргийг өгсний зэрэгцээ МУСГЗ, шилдэг зохион бүтээгч 3.Т-н нэрэмжит Оюун ухааны олон улсын музей-н үйл ажиллагааг гүйцэтгэгч компанийн удирдлага, ажилтнуудад танилцуулан өөрийн хадам аав, музейн үүсгэн байгуулагч 3.Т гуайтай уулзуулан оньслох ухааны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн.

Гэвч гүйцэтгэгч нь өөрсдийн боловсруулсан ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэхээр байсан ч "o" брэндийн барааны тэмдэг, брэндийн номын концепц гэх 9 хуудас (power point PPT) танилцуулгыг л надад э-мэйлээр ирүүлсэн. Эдгээр ажлыг нь миний бие 11,500,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ тухайгаа гүйцэтгэгч компанийн удирдлагуудад танилцуулсан.

Дээрх төлөвлөгөөнд дурдсан хугацаанд ажлууд хийгдээгүй, ажлын гүйцэтгэл шаардахад удахгүй гэсээр цаг хугацаа авдаг, мөн нэмэлт хугацаа өгсөн ч ажлын үр дүн огт гараагүй тул миний бие 2022 оны 11-р сарын 15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 23,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын дүн 11,500,000 төгрөгийг хасаж үлдэх төлбөр болох 11,500,000 төгрөгийг, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар алдангид 14,000,000 төгрөгийг, нийт 25,500,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б ХХК хариу тайлбар татгалзалдаа: Иргэн Б.Б болон Б ХХК нарын хооронд 2022 оны 11-р сарын 15-ны өдрийн 1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гүйцэтгэх ажлыг 2022.11.15-ны өдрөөс 2023.01.05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ. (Гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа эхэлнэ) гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т Гэрээт ажлын нийт үнийн дүн 28,000,000 төгрөг байна гээд 5 дугаар зүйлийн 5.2-т Захиалагч нь гэрээт ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 50% болох 14,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор гүйцэтгэгчийн Хасбанкны ...тоот төгрөгийн дансанд шилжүүлэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг дараах хуваарийн дагуу хийнэ, 2022.12.15-ны өдөр 8,400,000 төгрөг, 2023.01.05-ны өдөр 5,600,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйл заалтыг зөрчсөн. Учир нь: нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 5.1-т заасан урьдчилгаа төлбөрийг 2022.11.18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023.01.26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023.06.19-ны өдөр 9,000,000 төгрөг төлсөн нь гэрээний 5.1, 5.2, 2.1, 1.2.5 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба хариуцагч нь дээр дурдсан нөхцөл байдлын улмаас гэрээгээр тохирсон хугацаанд маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй буюу хугацаа алдсан гэж үзэх үндэслэлгүй байсан тул гэрээт ажлыг тохирсон хугацаанд хийгээгүй, ажлын гүйцэтгэл шаардахад удахгүй гэсээр цаг хугацаа авдаг, мөн нэмэлт хугацаа өгсөн ч ажлын үр дүн огт гараагүй гэх үндэслэлээр гэрээгээ цуцалсан гэх шаардлага үндэслэлгүй байна. Гэхдээ хариуцагч тал гэрээг цуцалж гэрээний дагуу шилжүүлсэн 23,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын үр дүн 11,500,000 төгрөгийг хасаж үлдэх төлбөр болох 11,500,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алданги 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй тул алданги 14,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2007/275 дугаар Зохиогчийн эрхийн гэрчилгээ, Оюуны өмчийн газрын 0 дугаар Бараа тэмдгийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулга нийт-3ш, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, 2022.11.15-ны өдрийн 1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн, хариуцагч талаас: Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б ХХК, Б.М нарт холбогдуулан 2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн 11,500,000 төгрөгийг, алданги 14,000,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн 11,500,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, 2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцлах, алданги 14,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б ХХК-ийг гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан, компанийн гүйцэтгэх захирал Б.М нь өөрийнхөө хувь хүний дансаар ажлын хөлс болох төлбөрийн зарим хэсгийг авсан тул өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэх үндэслэлээр тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б ХХК-тай гэрээг байгуулсан тул төлбөрийг компани хариуцахаас, иргэн ******* хариуцах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй үүргээ зөрчсөний улмаас хугацаа хэтэрсэн, хугацаа хэтэрсэнд хариуцагч гэм буруугүй тул алданги төлөх үүрэг үүсээгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Б.Б нь Б ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, гүйцэтгэгч Б ХХК нь захиалагчийн гэр бүлийн үнэт өв болох оньсон бөгжний концепц, брендинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил, үйлчилгээг судалгаа шинжилгээнд үндэслэн орчин цагийн хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхээр, захиалагч Б.Б нь ажлын хөлс 28,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 13-14 хуудас/

 

4.2. Б.Б нь 2022 оны 11-р сарын 18-ны өдөр Б ХХК-ийн Хас банкны 0 тоот дансанд 4,000,000 төгрөгийг, Б.М-ын Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023 оны 6-р сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлжээ. /хавтаст хэргийн 9-12 хуудас/

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Учир нь талууд тодорхой ажлын үр дүн нийлүүлэхээр тохиролцсон буюу гэрээгээр тохиролцсон ажлын эцэст О бренд зах зээлд танигдсан байх үр дүн гэрээний зүйл болсон байна.

 

6. Талууд гэрээний дагуу ажлын хөлс 23,000,000 төгрөг төлсөн болон гүйцэтгэсэн ажлын хөлс 11,500,000 төгрөг, гэрээ цуцлагдсан талаар маргаагүй ба харин гэрээний хугацаа хэтрүүлсэнд хариуцагч гэм буруутай эсэх, алданги төлөх үндэслэлтэй эсэх, хариуцагч Б.М төлбөрийг хариуцах үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2.1-д Гүйцэтгэгч Захиалагчийн ажлыг 2022 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ. /гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа эхэлнэ/ гэж талууд ажил гүйцэтгэх хугацааг тогтоожээ.

Уг заалтын нэмэлт нөхцөл болох гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа эхэлнэ гэж зааснаар Б.Б нь 2023.01.26-ны өдөр урьдчилгаа төлбөрийг төлснөөр Б ХХК нь гэрээний 1.1.2-д заасан календарьчилсан төлөвлөгөө гаргаж, захиалагчид илгээсэн байх бөгөөд уг календарьчилсан төлөвлөгөөнд 2023.01.23-ны өдрөөс 2023.04.08 хүртэл тодорхой ажлуудыг гүйцэтгэхээр байна.

 

Гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний дагуу О барааны тэмдэг, брендийн номын концепцийг гүйцэтгэснээр захиалагч Б.Баярцэцэг нь хуваарийн дагуу ажлын хөлс болох 9,000,000 төгрөгийг 2023 оны 6-р сарын 19-ний өдөр шилжүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б ХХК-ийг гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б ХХК нь 11,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, бусад ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, захиалагчийн шаардлагыг /нэмэлт хугацаа тогтоосон/ биелүүлж тохиролцсон ажлаа бүрэн гүйцэтгээгүй үндсэн үүргийн ноцтой зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх нь гэрээний нэг талын үүргээ ноцтой зөрчсөний улмаас нөгөө талд үүсдэг шаардлага гаргах эрх тул шүүх нэхэмжлэлээр талуудын хороонд байгуулагдсан гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн 2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь гэрээний дагуу ажлын хөлс нийт 23,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ 11,500,000 төгрөг тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчаас 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгох хуульзүйн үндэслэлтэй байна.

 

8. Алдангийн тухайд,

8.1. Нэхэмжлэгч Б.Б нь алданги 14,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Гүйцэтгэгч нь гэрээний 2.1-д заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй тул 2023.01.05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар гэрээний 6.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох боломжгүй бол гэрээт ажлын нийт үнийн дүн 28,000,000 төгрөгөөс тооцохоор тохиролцсоны дагуу хоног тутам 0,5%-ийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан 50 хувиар 14,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гээд, мөн зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар талууд Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 6.7-д Гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага гэрээний нөхцлийг бүрэн хангасан ажлыг Гэрээний 2.1-д заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй, Гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө гэж алдангийг тохиролцжээ.

 

Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2.1-д Гүйцэтгэгч Захиалагчийн ажлыг 2022 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ. /гэрээний урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа эхэлнэ/ гэж талууд ажил гүйцэтгэх хугацааг тогтоосон. Мөн гэрээний 5.1-д Гэрээт ажлын нийт үнийн дүн 28,000,000 төгрөг байна гээд Захиалагч нь гэрээт ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 50% болох 14,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногийн дотор гүйцэтгэгчийн Хасбанкны ...тоот төгрөгийн дансанд шилжүүлэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг дараах хуваарийн дагуу хийнэ, 2022.12.15-ны өдөр 8,400,000 төгрөг, 2023.01.05-ны өдөр 5,600,000 төгрөг гэжээ.

 

8.2. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасан хугацааг хэтрүүлснээр алданги төлөх үүрэг үүссэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч уг хугацааг хэтрүүлсэнд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч буруутай тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар гэрээний 2.1, 5.1 дэх заалтын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлавал, урьдчилгаа төлбөр 14,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа ажлыг гүйцэтгэхээр байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь урьдчилгаа төлбөрийг 2022.11.18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023.01.26-ны өдөр 10,000,000 төгрөгөөр төлснөөр гэрээний 2.1-д заасан хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар захиалагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу гэрээний 2.1-д заасан хугацаа хэтэрсэнд хариуцагч Б ХХК гэм буруугүй тул уг хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8.3. Мөн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 6.7-д ...Гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол алданги тооцохоор заасан байх бөгөөд Гэрээний 2.1-д заасан хугацаанаас хойш, ажлыг гүйцэтгэх тусгайлсан хугацаа талууд тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний уг нөхцлөөр алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Талууд календарьчилсан төлөвлөгөө-ний дагуу ажлыг гүйцэтгэхээр гэрээний хугацааг тодорхойлсон 2 дугаар зүйлд тусгайлан заагаагүй, захиалагч нь хуваарийн дагуу ажлын хөлс болох 9,000,000 төгрөгийг 2023 оны 6-р сарын 19-ний өдөр шилжүүлсэн нь ажлын гүйцэтгэл үргэлжилж байсныг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гэрээ цуцлах шаардлага гаргасан нь хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэж өгөх хугацааг тогтоож өгсөн гэж үзэх нөхцлийг үгүйсгэж байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн ... гэж заасны дагуу Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 6.7-д заасан гэрээний 2.1-д заасан хугацаа хэтэрсэн-д хариуцагч Б ХХК гэм буруугүй, мөн Гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн алданги 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Хариуцагч Б.М төлбөрийг хариуцах үндэслэлтэй эсэх талаар,

Б.Б нь Б ХХК-тай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1115 дугаар Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.1-д заасан ажлын хөлсийг Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ын Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023 оны 6-р сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлжээ. /хавтаст хэргийн 9-11 хуудас/

 

Б ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг компанийн хувьцаа эзэмшигч, захирал ******* өөрийн хувь дансаар хүлээн авсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигч Б.М-ын хөрөнгө, Б ХХК-ийн хөрөнгөөс зааглагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч ******* үгүйсгээгүй, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч ******* нь төлбөрийг хамтран хариуцахаар байх тул хариуцагч Б ХХК, ******* нараас 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгох үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК, Б.М нараас 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Б.Б-т олгож, нэхэмжлэлээс 2022.11.15-ны өдрийн Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цуцалж, алданги 14,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК, ******* нараас 198,950 /зуун ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Б.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ОЮУНТУЯА