| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/06397/И |
| Дугаар | 191/ШШ2025/01250 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01250
2025 02 11 191/ШШ2025/01250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 0 тоотод оршин суух Х овогт Д-н Ц /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Б овогт Ц-ийн М /РД:0000000/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,486,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би Ц.М-тай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр KAISHAN IGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаар гэрчилгээтэй өрөм, компрессор тус бүр нэг ширхгийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу ******* нь үлдэгдэл төлбөр болох 42,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 3.3-т заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өрөм, компрессорыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа.
Гэрээний 3.4-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-иар алданги төлнө гэж заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 42,000,000 төгрөгөөс 0.1 хувийн алданги тооцоход 3,486,000 төгрөг болж байна.
Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулсан, хуурч мэхлэх дүр үзүүлсэн зүйл байхгүй. Хариуцагчийн хувьд бидний төхөөрөмж зарж борлуулах зарын дагуу өөрийн хүсэл сонирхлоор худалдан авах хүсэлт тавин удаа дараа ирж, үзэж шалгаж, бүтэн нэг сар гаруй хугацаанд бидэнтэй холбоотой байж, ярилцан зөвлөгөө авч төхөөрөмжтэй танилцан шалгаж худалдан авахаар болсон. Худалдан авалт хийх өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төхөөрөмжийг хариуцан ажиллах өрмийн мастер гэх залуугийн хамтаар ирж ажиллуулан шалгаж үзээд эцсийн байдлаар хүлээлцсэн баримт бичиг үйлдээд хүлээн авч, өөрсдийн машиндаа ачин авч явсан.
Нэхэмжлэгчийн хувьд тухайн өрөм, компрессорыг бусдаас худалдан авсан бөгөөд өрөм, компрессор нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй байсан, энэ тухай ч ******* мэдээд худалдан авсан.
Хариуцагч нь тус өрөм, компрессорыг орон нутаг руу ажил хийж гүйцэтгэхээр авч явсан бөгөөд ажлаа гүйцэтгэж байх явцдаа өрөм, компрессор ажлаа хэвийн хийж байгаа тухайгаа бидэнд хэлж, төхөөрөмжийн талаар зарим зөвлөгөөг асууж байсан. Гэхдээ ямар нэгэн ажиллах боломжгүй зөрчил, ноцтой эвдрэл гэмтэл гарсан тухай огт хэлж байгаагүй. Гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөх өдөр бид холбогдоход хариуцагч тал ажлаа дуусаад хотод орж ирсэн байгаа гүйцэтгэлийн мөнгө удахгүй орж ирнэ, тэгээд үлдэгдлээ өгнө гэсэн чат бичсэн байдаг. Гэсэн хэдий ч өдий 6 сар болоход өгөөгүй тул арга буюу шүүхэд хандсан. Өнгөрсөн хугацаанд хариуцагч холбогдох болгонд үлдэгдэл төлбөрөө өгнөө гэдэг хариу өгч байсан.
Иймд хариуцагч Ц.М-аас худалдан авсан өрөм, компрессорын үлдэгдэл төлбөр 42,000,000 төгрөг, алданги 3,486,000 төгрөг, нийт 45,486,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.М-г хууран мэхэлж, ашиг хонжоо олох зорилготойгоор дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хэвийн бус ажиллагаатай "Тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессор"-ыг гэрээгээр халхавчилж, хууль бусаар худалдан борлуулж, Ц.М-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироосон.
Тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессор нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын дугаар гэрчилгээ авдаг бөгөөд нэхэмжлэгч Д.Ц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээгүй, мөн гаалиар орж ирсэн мэдээлэлгүй техникийг худалдсан байна. Худалдах, худалдан авах гэрээг нотариатч Ц.А-р гэрчлүүлэх үед нотариатч Ц.А нь гэрчилгээ байхгүй байхад баталдаггүй юм гэж хэлээд гэрээг баталсан байдаг. Хариуцагч ******* нь тухайн худалдан авсан техникт нилээд засвар үйлчилгээ хийж зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа.
Иймд нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2024.07.19-ний өдрийн 0653 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /хөдлөх эд хөрөнгө/, Өрмийн машин, компрессор хүлээлцэх акт, Б ХХК-ийн 2025.01.17-ны өдрийн 25/03 дугаар тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл нийт 30ш, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл нийт 19ш зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Д.Б, ******* нарын мессежээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төвийн 2025.01.29-ний өдрийн 285 дугаар лавлагаа, Гаалийн ерөнхий газрын 2025.02.10-ны өдрийн 01-1.2/633 дугаар албан бичиг зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,486,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нь худалдан авсан тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорын үнийн үлдэгдэл 42,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул хугацаа хэтрүүлсний алданги төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээгүй, эвдрэл гэмтэлтэй байсныг мэдсээр байж хууран мэхэлж, ашиг хонжоо олох зорилгоор дүр үзүүлэн зарсан гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Д.Ц нь Ц.М-тай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №0653 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, KAISHAN LGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаартай өрөм, компрессорыг 70,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авагч ******* нь 28,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр болох 42,000,000 төгрөгийг 2024.08.15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5 хуудас/
Талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг худалдан авахаар, үнийг 70,0 сая төгрөг байхаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, гэрээний агуулга болон хэлбэр хуульд нийцсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, талууд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн гадаад илэрхийллийг бий олгох зорилгыг агуулсан, аливаа үр дагаварыг бий болгохыг зориогүй, дүр үзүүлэн хийсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.
5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Худалдан авагч ******* нь 2024.07.09-ны өдөр 28,000,000 төгрөгийг төлж, KAISHAN LGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаартай өрөм, компрессорыг хүлээн авсан талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 28-29 хуудас/
6. Харин зохигч тухайн эд хөрөнгө эвдрэл гэмтэлтэй буюу биет байдлын доголдолтой эсэх, улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээгүй нь эрхийн зөрчилтэй гэж үзэх эсэх талаар маргасан.
6.1. Нэхэмжлэгч Д.Ц нь KAISHAN LGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаартай өрөм, компрессорыг 2022 онд Б ХХК нь Ю ХХК-иас авч, Д.Ц-д шилжүүлэн өгсөн баримтуудыг шүүхэд гаргасан бөгөөд ийнхүү бусдаас шилжүүлэн авах үед улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээгүй байсан, тухайн техникүүд уурхайд ажилладаг учраас замын хөдөлгөөнд оролцдоггүй тул тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр зах зээлд худалдан борлуулдаг гэх тайлбарыг гаргаж байна. /хавтаст хэргийн 24-27 хуудас/
Хариуцагч ******* нь тухайн техникүүдийг худалдан авах үедээ улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээгүйг мэдэж байсан, мөн энэ талаар нотариатч хэлж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд өрөм, компрессорыг тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул эрхийн зөрчилтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
6.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд түүний шүүхэд нотлох баримтаар гаргасан Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны шилжүүлгийн баримтууд нь KAISHAN LGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаартай өрөм, компрессорын эвдрэл, гэмтлийг нотлоход хамааралгүй байна. /хавтаст хэргийн 64-107 хуудас/
Иймд KAISHAN LGCY-15/13 загвар KG920B U4X70024, TS2233072-2021 дугаартай өрөм, компрессорыг эвдрэл гэмтэлтэй буюу биет байдлын доголдолтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ц.М-с үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, хариуцагч төлбөрийг удахгүй төлнө гэж хүлээн зөвшөөрч байсан болох нь утасны мессэжид үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 55-61 хуудас/
8. Алдангийн тухайд,
Талууд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2-д үлдэгдэл төлбөр болох 42,000,000 төгрөгийг Хаан банкны тоот Д.Ц-н дансаар 2024.08.15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж төлбөр төлөх хугацааг тогтоожээ.
Мөн гэрээний 3.4-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж тохиролцсноор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг байгуулжээ.
Хариуцагч ******* нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа үнийн үлдэгдлийг төлөөгүй тул нэхэмжлэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс хойш үлдэгдэл төлбөр болох 42,000,000 төгрөгөөс хоног тутам 0.1%-ийн алданги тооцон шаардах эрхтэй байна.
Алдангийг тооцоолбол: гүйцэтгээгүй үүрэг 42,000,000 төгрөгийн 0,1% алданги 42,000 төгрөг, 2024.08.15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.11.06-ны өдрийг хүртэл 83 хоног, 83 х 42,000 = 3,486,000 төгрөг байна.
9. Дээрхи үндэслэлээр хариуцагч Ц.М-аас өрөм, компрессорын үнийн үлдэгдэл 42,000,000 төгрөг, алданги 3,486,000 төгрөг нийт 45,486,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 385,380 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.М-с 45,486,000 /дөчин таван сая дөрвөн зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Д.Ц-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-с 385,380 /гурван зуун наян таван мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж Д.Цэрэндашид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА