| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03185/И |
| Дугаар | 191/ШШ2025/01252 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01252
2025 02 11 191/ШШ2025/01252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, В ХХК /РД:000000/
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 0 тоотод оршин суух О-ы Г /РД:000000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 0-д байрлах, Н ХХК /РД:2075261/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,902,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч О.Г-ийн өмгөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В ХК болон О.Г нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: В ХХК-ын нэрийн өмнөөс иргэн ******* нь 51.240 тн түлшний үнэ болох нийт 185,262,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр Н ХХК-ийн Хаан банк дахь 0 дугаарын дансанд шилжүүлсэн юм. Улмаар хариуцагч Н ХХК нь төлбөрийг хүлээн авч, В ХХК-ийн нэр дээр НӨАТ-ын баримт олгосон бөгөөд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга заасан татвар төлөгчийн дугаар нь уг НӨАТ-ын баримтад тусгагдсан байдаг.
Дээрх байдлаар В ХХК нь түлш худалдан авах гэрээ байгуулах саналаа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2-т зааснаар бодитой, тодорхой илэрхийлснийг хариуцагч байгууллага хүлээн авсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НӨАТ-ын баримт бичигдсэнээр тодорхойлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсанд тооцох юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул байгуулагдсан хүчин төгөлдөр дээрх гэрээний дагуу харилцан үүргээ биелүүлэх, биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэтэл хариуцагч******* ХХК нь дээрх байдлаар байгуулагдсан гэрээний дагуу манай байгууллагын үнийг төлж үүргээ биелүүлсэн 51.240 тн түлшийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ.
Энэ талаар******* ХХК-ийн санхүүгийн болон борлуулалтын алба, холбогдох ажилтнуудаас тодруулахад гэрээний зүйл болох түлшийг хэзээ хэнд олгосон нь тодорхой бус байгаа болно. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан байхад хариуцагч******* ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэдгээ нотолж чадахгүй, одоо болтол манай байгууллагыг хохироосоор байна.
Хариуцагч******* ХХК нь дээрх байдлаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авагчийн өмчлөлд түлш шилжүүлэх үүргээ огт биелүүлээгүй атлаа өөр бусдад уг түлшийг олгосон тул биелүүлэх боломжгүй гэж байгаа болно.
Худалдагч******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар түлш худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түлшний үнэд шилжүүлсэн 181.902.000 /нэг зуун наян нэгэн сая есөн зуун хоёр мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч******* ХХК хариу тайлбар, татгалзалдаа: В ХХК, ******* нараас******* ХХК (РД:000000)-д холбогдуулан гаргасан 181,902,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Манай******* ХХК-ийн Хаан банкны 0 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11:05-14:03 цагийн хооронд В ХХК /РД: 000000/ гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 185,262,000 (нэг зуун наян таван сая хоёр зуун жаран хоёр мянга) төгрөг 0 тоот данснаас шилжин орж ирсэн байдаг. В ХХК-иас дизелийн түлш худалдан авах саналаа манай компанийн борлуулалтын менежер ажилтай Б.Д-гийн 00000000 дугаарын утсанд 00 дугаарын утаснаас В ХХК (РД: )-ийн нэр дээр дизелийн түлш авахаар мөнгө шилжүүлсэн тухай мэдэгдэж, дизелийн түлш хүлээн авах жолоочийн мэдээлэл (Ц Э ХИ, жолооны үнэмлэх ), шатахуун хүлээн авах автоцистернийн багтаамжийг /толгой-12800 литр, 12700 литр, чиргүүл-12760 литр, 12980 литр/ мессежээр илгээж, автоцистернийн улсын дугаарыг илгээж, гэрээний санал, гол нөхцөлийг илэрхийлсэн байдаг.
Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2 дах хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах саналаа бодитоор хангалттай илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд манай компани гэрээ байгуулах саналд дурдсаны дагуу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.23 цагт 0000УНЯ улсын дугаартай автоцистернд нийт 181,902,000 (нэг зуун наян нэг сая есөн зуун хоёр мянга) төгрөгийн үнэ бүхий 51,240 литр дизель түлшийг НИК ХХК-ийн Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас ачиж, хүлээлгэн өгсөн.
Эдгээр үйлдлүүд нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг, 196.1.1, 196.1.2 дах заалтуудын дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд тооцох, худалдагч захиалгын дагуу дизелийн түлш ("ДТ")-ийг нийлүүлж хүлээлгэн өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 248.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.", 243.1-д "...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд дээр дурдсан худалдан авагч талаас гаргасан гэрээний саналд дурдсанаар худалдан авагчийн мэдэгдсэн жолооч, автоцистернд хүлээлгэн өгсөн.
Иргэний хуулийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. Манай НИК ХХК нь В ХХК-д дизель түлшийг хүлээлгэн өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг тус компанид цахимаар илгээж, татварын нэгдсэн системд бүртгүүлж, тайлагнасан байдаг. Үүнийг нэхэмжлэгч В ХХК нь хүлээн авсан. Түүнчлэн В ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай компанид гаргасан хүсэлтэд Манай байгууллага 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр О.Г-ийн Хаан банкны 0 тоот данснаас танай байгууллагын Хаан банкны 0 тоот данс руу 185,262,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний үлдэгдэл 3,360,000 төгрөгийг буцаан О.Г-ийн Хаан банкны 0 тоот данс руу шилжүүлж бидний ажилд туслана уу гэсэн хүсэлт зэргээс худалдан авагч В ХХК нь дизелийн түлшийг хүлээн авсан нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 247.1-д "Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ", мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д "үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно гэж тус тус заасны дагуу******* ХХК нь хууль болон гэрээнд зааснаар дизелийн түлш нийлүүлэх үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нарын******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар түлш худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, түлшний үнэд шилжүүлсэн 181,902,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ийн Хаан банкны дансны 2022.06.24-ний өдрийн хуулга, 2022.06.28-ны өдрийн НӨАТ-ын баримт, В ХХК-ийн 2022.07.19-ний өдрийн 07/05 дугаар албан бичиг, В ХХК-ийн 2022.06.24-ний өдрийн 05 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024.04.30-ны өдрийн 396 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024.04.30-ны өдрийн 376 дугаар хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.07-ны өдрийн 0 дугаар захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас НИК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НИК ХХК-ийн дүрэм, 2022-06-28-ны өдрийн НӨАТ-ын Төлбөрийн баримт, П ХХК-ийн ерөнхий захирлын 2019.10.21-ний өдрийн 238 дугаар Борлуулалтын төлбөр төлөлтөд хяналт тавих тухай тушаал, хавсралт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар 0000 дугаарын утаснаас Б.Д-ийн 0000 дугаарын утас руу ирүүлсэн мессежид болон******* ХХК-ийн О т программын 2022.06.24-ний өдрийн шатахууны ачилтын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, П ХХК-ийн ерөнхий захирлын 2023.07.01-ний өдрийн 02 дугаар Журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам,******* -ийн Бүсийн менежер ажлын байрны тодорхойлолт, БЗД-ийн Татварын хэлтэсээс В ХХК-ийн 2022 оны 6, 7 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК, ******* нар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг худалдан авагчийн өмчлөлд түлш шилжүүлэх үүргээ огт биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: В ХХК (РД:)-ийн нэр дээр дизелийн түлш авахаар мөнгө шилжүүлж, дизелийн түлш хүлээн авах жолоочийн мэдээлэл, автоцистернийн улсын дугаар, багтаамжийг мессэжээр илгээж, гэрээ байгуулах саналаа бодитоор хангалттай илэрхийлсэн тул манай компани гэрээ байгуулах саналд дурдсаны дагуу түлшийг хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Г-ийн ХААН банкны 0 тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11:05-14:03 цагийн хооронд******* ХХК-ийн Хаан банкны 0 тоот дансанд В ХХК 5436125 гэсэн гүйлгээний утгатайгаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 185,262,000 төгрөгийг шилжүүлсэн,******* ХХК-ийн борлуулалтын менежер Б.Д-ийн 0 дугаарын утсанд 0 дугаарын утаснаас В ХХК (РД: )-ийн нэр дээр дизелийн түлш авах, мөнгө шилжүүлсэн, дизелийн түлш хүлээн авах жолоочийн мэдээлэл (Ц Э , жолооны үнэмлэх ), автоцистернийн багтаамжийг /толгой-12800 литр, 12700 литр, чиргүүл-12760 литр, 12980 литр/ мессежээр илгээсэн, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.23 цагт 55-30УНЯ улсын дугаартай автоцистернд нийт 181,902,000 төгрөгийн үнэ бүхий 51,240 литр дизель түлшийг НИК ХХК-ийн Толгойт дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас ачиж, хүлээлгэн өгсөн, НИК ХХК-иас В ХХК-д 181,902,000 төгрөгийн шатахуун худалдан авсан талаар НӨАТ баримтыг олгосон, В ХХК нь тухайн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тусгасан, В ХХК-ийн 2022.07.19-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Н ХХК-иас шилжүүлсэн мөнгө, хүлээлгэн өгсөн шатахууны зөрүү 3,360,000 төгрөгийг олгосон байна. /хавтаст хэргийн 6, 58-60, 82-91, 133-139142-155 хуудас/
5.******* ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай Б.Д-ийн 00 дугаарын утсанд 00 дугаарын утаснаас В ХХК-ийн нэр дээр дизелийн түлш авахаар мөнгө шилжүүлсэн болон дизелийн түлш хүлээн авах жолоочийн мэдээлэл, автоцистернийн улсын дугаар, багтаамжийг мессэжээр илгээснийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2 дах хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах саналаа бодитоор хангалттай илэрхийлсэн гэж үзэх бөгөөд******* ХХК нь гэрээ байгуулах саналд дурдсаны дагуу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.23 цагт 0000УНЯ улсын дугаартай автоцистернд нийт 181,902,000 төгрөгийн үнэ бүхий 51,240 литр дизель түлшийг хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дах заалтуудын дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулах боломжтой, иймээс тухайн гэрээг байгуулах талаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
В ХХК-ийн нэр дээр дизелийн түлш авах саналыг 90908559 дугаарын утаснаас гаргаж, мөнгийг шилжүүлж, түлшийг хүлээн авах мэдээллээ илгээсний дагуу******* ХХК нь түлшийг хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийнм 236.1.1.-т зааснаар талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
7. Нэхэмжлэгч В ХХК, ******* нар нь мөнгийг шилжүүлсэн хүнд түлшийг хүлээлгэн өгөөгүй тул хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирал болон иргэн ******* нар нь******* ХХК-иас түлш авах талаар өөрсдөө биечлэн хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний харилцаа үүсгээгүй. Тодруулбал, иргэн ******* нь 2022.06.24-ны өдөр урьдын танил дүү О-ийн санал болгосны дагуу 0000 дугаарын утастай эрэгтэй хүнтэй холбогдож, түүнээс түлш авахаар тохиролцож, түүний заавраар******* ХХК-ийн дансанд В ХХК-ийн нэрээр мөнгийг шилжүүлсэн болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024.04.30-ны өдрийн 396 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10-16 хуудас/
Мөнгө нь төлбөрийн хэрэгсэл тул мөнгийг шилжүүлсэн хүнд түлшийг хүлээлгэж өгөх ёстой гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж заасны дагуу 0 дугаарын утаснаас дизелийн түлш хүлээн авах жолоочийн мэдээлэл (Ц Э , жолооны үнэмлэх ), шатахуун хүлээн авах автоцистернийн багтаамжийг /толгой-12800 литр, 12700 литр, чиргүүл-12760 литр, 12980 литр/ мессежээр******* ХХК-ийн борлуулалтын менежерт илгээснийг түлшийг хүлээн авах нөхцлийг гэрээгээр тохиролцсон гэж үзэх бөгөөд хариуцагч******* ХХК нь уг нөхцлийн дагуу түлшийг хүлээлгэн өгч, НӨАТ баримтыг олгосон тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Хариуцагч НИК ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай Б.Д нь П ХХК-ийн ерөнхий захирлын 2019.10.21-ний өдрийн 238 дугаар Борлуулалтын төлбөр төлөлтөд хяналт тавих тухай тушаалын хавсралт Агуулахаас урьдчилгаа төлбөрт борлуулалт хийх үйл явц журмын дагуу худалдан авалтын бүртгэж, ачилтыг хийсэн байх бөгөөд бусадтай хуйвалдан нэхэмжлэгч В ХХК,******* нарт хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 68-70 хуудас/
9. Хариуцагч******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч В ХХК,******* нар нь гэрээнээс татгалзах эрхгүй тул******* ХХК-иас 181,902,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 1,067,460 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В ХХК, ******* нарын НИК ХХК-д холбогдуулан гаргасан 181,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В ХХК, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,067,460 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА