| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04337/И |
| Дугаар | 191/ШШ2025/01700 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01700
2025 02 25 191/ШШ2025/01700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоотод байрлах М ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35Г байр, 02 тоотод байрлах А ХХК /РД:000000/-д холбогдох,
Хамтран ажиллах хугацаанд учирсан хохирол 89,921,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: "М" ХХК болон "А" ХХК нар нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23/01-47 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид энэхүү гэрээгээр 45 минут хүртэл үргэлжлэх нийт 8 дугаар бүхий реалити нэвтрүүлэг бэлтгэж, Б телевизийн эфирээр долоо хоног бүрийн Бямба гарагийн оргил цаг 21:00 цагаар түгээхээр тохиолцсон.
Б телевизийн "I studio" буюу уран бүтээлийн алба нь Шинэ хаяг реалити нэвтрүүлгийг бэлтгэхээр 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний хооронд 19 хоногийн хугацаанд Шинэ хаяг реалити нэвтрүүлэгт ажилласан. Энэ хугацаанд нэвтрүүлгийн баг нэвтрүүлгийн үндсэн агуулга, нэвтрүүлгийн нийт 6 дугаарын даалгаврыг боловсруулах ажил, шүүгчийн судалгаа, сонголт, үндсэн промоны зохиол, нэвтрүүлгийн Тун удахгүй гэсэн тайлбартай промоны агуулга, нэвтрүүлгийн Үндсэн лого, social идэвхжүүлэлтийн контент, 8 дугаарын зохиол дээр тус тус ажиллаж бэлтгэсэн байсан. Мөн Шинэ хаяг нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн постерны хуулбарыг нөгөө талын хүсэлтээр 2 удаа ч графикийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.
Хариуцагчтай хамтран 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Action plan-/үйл ажиллагааны төлөвлөгөө/-т ажлуудыг хийж гүйцэтгэж албан ёсоор Б телевизийн байранд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлох, 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 удаагийн уулзалт, хурлыг зохион байгуулсан. Тэр болгонд манай телевизийн уран бүтээлийн баг ажиллаж, нэвтрүүлгийг бүтээх ажлыг гүйцэтгэсээр байсан. CD-нд хариуцагч тал болон нэхэмжлэгч нарын уулзалтын камерын бичлэгийг хавсаргасан.
Телевизийн байгууллага нь тухайн жил бүртээ үзэгч, олон нийтэд шинэлэг байдлаар сонирхолтой сэдвээр нэвтрүүлгүүдээ бэлтгэхийг зорьж, түүнтэй уялдуулан нэвтрүүлэг бүтээх зардлаа нөхөх, давхар ивээн тэтгэлгийн ажлуудыг төлөвлөн гүйцэтгэдэг. Гэвч хариуцагч А ХХК-ийн хариуцлагагүй байдлаас үүдэж, тус компаниас баригдаж буй барилгын ажил зогссон гэх шалтгаанаар хойшлуулах талаар албан ёсоор мэдэгдэлгүй бидэнд хамтран бүтээж буй нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах болсон тухайд телевизийг шууд хүлээн авсан мэтээр бидэнд 3 өрөө орон сууц захиалан бариулах саналыг тавьсан. Бид тухайн жилийн бүтээх нэвтрүүлгүүдийг нарийн төлөвлөж, гаргадаг учир энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай арга хэмжээг авч, Шинэ хаяг нэвтрүүлгийн араас хийгдэх байсан NBC Universal-ийн албан ёсны эрхтэйгээр M шоуг өөрийн улсын хувилбараар Гэрэл зургийн мастер нэвтрүүлгийг бэлтгэж, хийхээс өөр аргагүйд хүрсэн. Тус нэвтрүүлгийг бүтээхэд Англи Улсын зочин продюсерыг Монгол Улсад авчрахаар төлөвлөсөн хугацаа, олон улстай хамтрах төсөл маань хуваарьт зааснаас өөрчлөгдөж, онгоцны тийзийн захиалгыг өөрчлөх, манай байгууллагын ажилчдыг илүү цагаар ажиллах, уран бүтээлийн төлөвлөгөөг дахин боловсруулах зэрэг гэнэтийн ажлууд үүсэж эхэлсэн бөгөөд энэхүү нэвтрүүлгийн 10 дугаар нь 10-уулаа өөр объект дээр хийгдэх, цаашлаад нэвтрүүлгийн 10 дугаарын зохиол бүр дээр өөрчлөлт орж, үндсэн тайз барих тэдгээрийн бараа материалын худалдан авалт зэрэг яаралтай хийж гүйцэтгэх ажлууд үүссэн нь телевизийн үйл ажиллагааг хэвийн цагийн хуваарийг алдагдуулсан хүндрэлтэй нөхцөлийг үүсгэсэн.
Хариуцагч "А" ХХК нь хэрвээ 2024 он гараад тухайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийх хүсэл зориг байсан бол бидэнтэй холбогдоогүй, ийнхүү хариуцлагагүй байдалдаа өнөөдрийг хүртэл хариу арга хэмжээ авах талаар санаа тавиагүй, нэвтрүүлгээ үргэлжлүүлье гэсэн саналыг бидэнд албан ёсоор байгууллагыг төлөөлөх этгээдийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан ямар ч хариу одоог хүртэл ирээгүй байгаа юм.
Тус реалити нэвтрүүлгийг нийт 2 сарын хугацаанд Б телевизийн амралтын өдрийн оргил цагаар түгээхээр төлөвлөгдөж бид ажлаа гүйцэтгэж байсан.
Шинэ хаяг нэвтрүүлэгтэй холбогдон манай компаниас дараах зардал гарсан.
1. Нэвтрүүлгийн бэлтгэл ажилд нийт мөнгөн хэлбэрээр Б телевизээс 44,247,875 /Дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин долоон мянга найман зуун далан таван/ төгрөг зарцуулсан байна. /Бэлнээр гарсан зардлын задаргаа/
2. Промо хийж гүйцэтгэсэн зардал: 2,000,000 /Хоёр сая/ төгрөг, Ментор шүүгч сонгож, гэрээт ажлын төлбөр шилжүүлсэн: 4,250,000 / Дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Даалгавар боловсруулсан зардал: 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийн ажил гүйцэтгэлээр хийгдсэн гэж тооцоологдсон. Ингээд нийт гүйцэтгэсэн ажлын зардал 10,250,000 /Арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг.
Дээрх 44,247,875+10,250,000 = 54,497,875 /Тавин дөрвөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга найман зуун далан таван/ төгрөг. Үүн дээр бид энэ гүйцэтгэсэн ажлынхаа НӨАТ-ыг нэмж 59,947,662 /Тавин есөн сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг нь "А" ХХК-тай байгуулсан гэрээнээс учирсан хохирол юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар "Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу дээрх 59,947,662 /Тавин есөн сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийн нийт алдангийг бид өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргавал маш их хэмжээний хохирол үүссэн байгаа бөгөөд хууль заасан нөхцөл журмын дагуу алдангийг тооцон ийнхүү тооцоолсон. Учирсан хохирлын 59,947,662 /Тавин есөн сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийн алданги болох 50 хувь нь 29,973,831 /Хорин есөн сая есөн зуун далан гурван мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг болно. Ингээд 59,947,662+29,973,831= 89,921,493 /Наян есөн сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөг нь өөрийн компанид учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иргэний хуульд заагдсанаар Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь өөрөө ажлын үр дүн байна гэж заасан. Хариуцагчтай хамтран "Шинэ хаяг" нэвтрүүлгийг бүтээхэд шаардлагатай бүхий л явцад хамаарах, бүрэлдэхүүн хэсэг болох нэвтрүүлгийн үндсэн агуулга, 8 дугаарын зохиол, нэвтрүүлгийн нийт 6 дугаарын даалгаврыг боловсруулах ажил, шүүгчийн судалгаа, сонголт, үндсэн промоны зохиол, нэвтрүүлгийн "Тун удахгүй" гэсэн тайлбартай промоны агуулга, нэвтрүүлгийн Үндсэн лого, social идэвхжүүлэлтийн контент гээд манай уран бүтээлийн багийн бий болгож, эфирээр түгээх нэвтрүүлэг нь телевизийн баг хамт олны хичээл зүтгэлийг шингээсэн бүтээл болон хийгдэж байсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т "...гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу байгуулсан гэрээний гүйцэтгэлээр 8 дугаар нэвтрүүлэг бүтээгдэж, эфирээр түгээгдсэнээр 45 хүртэлх минут* 8 дугаар нэвтрүүлгийг бид 2023 оны батлагдсан үнийн тарифын хамгийн бага үнэлгээгээр 110,000 /Нэг зуун арван мянга/ төгрөгөөр тооцож, нийт 52,800,000 /Тавин хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн нэвтрүүлгийг түгээх байсан. Ийнхүү үнэлж нэвтрүүлэг хийснээр талуудын байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу буюу 260,730,000 /Хоёр зуун жаран мянга долоон зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг М ХХК-ийн нэр дээр бүртгэн шилжүүлж авах зайлшгүй орлого болох байсан. Иймд бид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар М ХХК-иас гарсан зардал болон телевизийн амралтын өдрийн оргил цагийн шинэ контент 2 сараар тасрах нөхцөл байдал үүссэн, оргил цагийн нэвтрүүлэг байхгүйгээс телевизийн рейтинг унах эрсдэл үүссэн, дараагийн нэвтрүүлгийн ивээн тэтгэлэг яаралтай олох, бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх гэсэн яаралтай нөхцөл байдлуудыг үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэж үзэж, А ХХК-ийн гэрээний үүрэг зөрчсөн тул бид гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, талуудын байгуулсан гэрээнээс татгалзаж байна.
Хариуцагчийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар "...ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын буюу М ХХК-ийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд оруулахыг Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 227 дугаар зүйлийн 227.1, гэрээний 8.1, 8.3, 9.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч "А ХХК-иас 89,921,493 /Наян есөн сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А ХХК хариу тайлбар татгалзалдаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй "А" ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Талууд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23/01-47 дугаартай ажил гүйцэтгэх Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Нэвтрүүлгийн бэлтгэл ажилд мөнгөн хэлбэрээр 44,247,875 төгрөг, студийн ажлын зардал 10.250,000 төгрөг, зардал 54,497,875 төгрөг, үүн дээр НӨАТ-10 хувь буюу 5,449,787 төгрөг, нийт 59,947,662 төгрөг, алданги 29,973,831 төгрөг, нийт 89,921,493 төгрөгийг Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, гэрээний 8.1, 9.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн тодорхойлсон байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай А" ХХК нь "I" төслийн гүйцэтгэгч компани бөгөөд Улаанбаатар хотын залуу гэр бүлүүдэд үйлчилгээтэй ойр байрлалд, энгийн бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг иргэдэд эергээр нөлөөлөх зорилгоор нэхэмжлэгч болох Б телевиз буюу "М" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр "Шинэ хаяг реалити шоуг долоо хоног бүрийн бямба гариг 21:00 цагаас 45 минут үргэлжлэх 8 дугаартай цуврал нэвтрүүлэг гаргахаар тохиролцож гэрээний нийт үнийн дүнг нэхэмжлэгчийг илгээсэн үнийн санал болох 278,070,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээний үнийн дүн болох 278,080,000 төгрөгийн дийлэнх хувь буюу 260,730,000 төгрөгийг 57.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг байр ашиглалтад орсноор нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг реалити шоу эфирээр цацагдахаас өмнө төлөхөөр тохиролцсон.
2023 оны 06 дугаар сараас реалити шоуны бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн боловч нэхэмжлэгч "М суваг" ХХК нь гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж зардал гаргах бүртээ биднээс бэлэн мөнгө нэхэх болсон.
Иргэний хуулийн 346-р зүйлийн 346.1-д "Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө", Гэрээний 3.2-д Энэхүү гэрээний Хавсралт №03-д заасан 260,730,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ашиглалтад ормогц телевизийн нэр дээр шилжүүлэх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхлэхээс өмнө компани нь телевизэд төлнө" гэж талууд тохирсон. Гэвч нэхэмжлэгч нь нэвтрүүлгийн ажлыг бүрэн гүйцэт дуусгаж компанид хүлээлгэж өгөөгүй атлаа урьдчилан төлбөр нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу телевиз гэрээт ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлсөө шаардах эрх үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: "М" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.30-ны өдрийн 23/01-47 дугаартай гэрээний хяналтын хуудас, 2023.05.08-ны өдрийн 23/01-47 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, "М" ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн А23/03-166 дугаартай албан бичиг, Шинэ хаяг нэвтрүүлэг бэлтгэхэд гарсан зардлын тайлан, "М" ХХК-ийн 2023.06.14-ний өдрийн 1090 дугаартай кассын орлогын ордер, 2023.06.14-ний өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2023.06.14-ний өдрийн НӨАТ-ын баримт-6 ширхэг, 2023.06.14-ний өдрийн зарлагын баримт-6 ширхэг, Г ХХК-ийн 2023.06.15-ны өдрийн 1092 дугаартай кассын орлогын ордер, 2023.06.15-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2023.06.15-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.06.15-ны өдрийн худалдан авалтын баримт, Г ХХК-ийн 2023.06.16-ны өдрийн 1094 дугаартай кассын орлогын ордер, 2023.06.16-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2023.06.19-ний өдрийн Ариг аня худалдан авалтын баримт, 2023.06.17-ны өдрийн НӨАТ-ын баримт-6 ширхэг, 2023.06.19-ний өдрийн НӨАТ-ын баримт-3 ширхэг, 2023.06.21-ний өдрийн НӨАТ-ын баримт-2 ширхэг, 2023.06.18-ны өдрийн НӨАТ-ын баримт- 2 ширхэг, 2023.06.26-ны өдрийн НӨАТ-ын баримт- 2 ширхэг, "М" ХХК-ийн 2023.06.16-ны өдрийн 1096 дугаартай кассын орлогын ордер, 2023.06.16-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2023.06.15-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.06.15-ны өдрийн зарлагын баримт, 2023.06.19-ний өдрийн зарлагын баримт, 2023.08.09-ний өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.06.16-ны өдрийн зарлагын баримт-3 ширхэг, 2023.06.19-ний өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.06.20-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.06.16-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2023.05.16-ны өдрийн шаардах хуудас, 2023.05.14-ний өдрийн шаардах хуудас, Голомт банкны 2023.07.06-ны өдрийн төлбөрийн баримт, 2023.07.18-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, 2024.04.26-ны өдрийн төлбөрийн баримт, Голомт банкны 2023.06.20-ны өдрийн төлбөрийн баримт, 2023.06.20-ны өдрийн зарлагын баримт, 2023.06.20-ны өдрийн нэхэмжлэх, 2023.06.29-ний өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, "М" ХХК-ийн 2023.06.20-ны өдрийн 1102 дугаартай кассын орлогын ордер, 2023.06.20-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Голомт банкны 2023.06.20-ны өдрийн төлбөрийн баримт, 2023/523 дугаар нэхэмжлэх, 2023.06.22-ны өдрийн НӨАТ-ын баримт-1 ширхэг, Голомт банкны 2023.06.23-ны өдрийн төлбөрийн баримт, 2023.08 дугаар сарын 23/04-167 дугаар гэрээний хяналтын хуудас, 2023.06.15-ны өдрийн 23/04-167 Уран бүтээлчтэй хийх гэрээ, Г ХХК-ийн 2023.07.07-ны өдрийн 19 дугаартай кассын орлогын ордер, 2023.07.07-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2023.07.07-ны өдрийн НӨАТ-ын баримт-2 ширхэг, Жолоочийн тооцооны хуудас, 2023.05.01-ний өдрөөс 2025.05.31-ний өдрийн цагийн дэлгэрэнгүй баланс, 2023.06.01-ний өдрөөс 2025.06.30-ны өдрийн цагийн дэлгэрэнгүй баланс, 2023.07.01-ний өдрөөс 2025.07.31-ний өдрийн цагийн дэлгэрэнгүй баланс, 2023.08.01-ний өдрөөс 2025.08.31-ний өдрийн цагийн дэлгэрэнгүй баланс, Ш нэвтрүүлгийн ажилчдын ажилласан хугацааг нотлох хүснэгт, Ш нэвтрүүлгийн ажилчдын цалингийн зардлын тооцоолол, "М" ХХК-ийн 2023.09.26-ны өдрийн А23/03-187 дугаартай албан бичиг, 2 ширхэг си ди, Шинэ хаяг гэр бүлийн реалити шоуны 1,2,3,4,5,6,8 дугаар дугааруудын танилцуулга болон зохиол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас: А" ХХК-ийн дүрэм, А" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар ... гэх и-мэйл хаягууд руу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 55 минутад илгээсэн и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ... и-мэйл хаягаас ... болон хаягууд руу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 21 минутад илгээсэн и-мэйл болон ... хаяг руу 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 18 цаг 17 минутад илгээсэн мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, "М" ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2 ширхэг си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан хамтран ажиллах хугацаанд учирсан хохирол 89,921,493 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: гэрээний дагуу Ш нэвтрүүлгийн тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч А ХХК-ийн баригдаж буй барилгын ажил зогссон гэх шалтгаанаар хамтран бүтээж буй нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах саналыг телевизийг шууд хүлээн авсан мэтээр албан бичгээр ирүүлж, телевизийн оргил цагийн нэвтрүүлгийн хуваарь, үйл ажиллагааг алдагдуулсан хүндрэлтэй нөхцлийг үүсгэсэн. Мөн 2024 он гараад ч тухайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийх хүсэл зориг илэрхийлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж байна гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2023 оны 06 дугаар сараас реалити шоуны бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан нөхцлийг зөрчиж зардал гаргах бүртээ биднээс бэлэн мөнгө нэхэх болсон, нэхэмжлэгч нь нэвтрүүлгийн ажлыг бүрэн гүйцэт дуусгаж компанид хүлээлгэж өгөөгүй, ажлын хөлсөө шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. М ХХК нь А ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №23/01-47 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Телевиз нь Мөрөөдлийн гэрээ бүтээе нэртэй үзэгчдэд хариуцлагатай амьдралын хэв маягийг уриалах, I төслийн Хөгжлийн төв шиг төвтэй байснаар залуу гэр бүлүүд Улаанбаатар хотод хэрхэн илүү аз жаргалтай, хэрхэн гэр бүлдээ илүү цагийг зарцуулж болохыг, хэрхэн илүү төлөвлөлттэй амьдарч болохыг нэвтрүүлэгт оролцогчдын оролцоотойгоор харуулах, нэвтрүүлгийн оролцогчдод өгөх даалгавараар дамжуулж гэр бүлүүдэд хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ, үйлчилгээний байгууллагуудыг Хөгжлийн төв-ийн ивээн тэтгэгчээр сонгон шалгаруулах зорилготой 8 дугаар реалити шоу нэвтрүүлэг бэлтгэж, эфирт нэвтрүүлэх /цаашид шоу нэвтрүүлэг гэх/-д Компанийн зүгээс санаачлагч, захиалагч байгууллагаар оролцох, мөн шоу нэвтрүүлгийг бэлтгэхтэй холбогдох бүх зардлыг Компани гаргахаар, Мөрөөдлийн гэрээ бүтээе шоу нэвтрүүлгийн дугаар тус бүр долоо хоног бүрийн Бямба гарагийн эфирт 21:00 цагт цацагдах 45 минут үргэлжлэх 8 цуврал нэвтрүүлэг, давталт 8-н дугаар нэвтрүүлэг байхаар, энэхүү нэвтрүүлгээр телевиз нь Компанийн өгсөн захиалга, төлөвлөгөөний дагуу Компанийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хийж, зорилгодоо нийцсэн, найруулга зүй чанарын шаардлага хангасан байхыг ойлгохоор, гэрээний нийт үнийн дүн 278,070,000 төгрөг байх, төлбөрийг Хавсралт№3-д заасан 260,730,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ашиглалтад ормогц телевизийн нэр дээр шилжүүлэх, үлдэгдэл 17,340,000 төгрөгийг телевизийн дансанд нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхлэхээс өмнө Компани нь телевизэд төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 8-12 хуудас/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Учир нь талууд Мөрөөдлийн гэрээ бүтээе нэртэй 8 дугаар бүхий шоу нэвтрүүлэг үр дүн нийлүүлэхээр тохиролцсон буюу гэрээгээр тохиролцсон ажлын эцэст Компанийн I төслийг олон нийтэд сурталчлан таниулсан байх нь гэрээний зүйл болсон байна.
4.2. Гэрээний 2.1, 2.2-д талууд гэрээний хугацаа-г 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс Нэвтрүүлгийн бүх дугаар эфирээр гарч дуусах өдөр буюу 2023 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл байхаар, Уг хугацаанд №1-т заасан ажил гүйцэтгэх зардалд тулгуурлан, Зураг авалтын хугацааг 2023.06.01-2023.06.30, гэрээт ажлын хугацаанд хийгдэх нийт 8 дугаар нэвтрүүлгийг бүрэн гүйцэтгэж телевизийн эфирээр нэвтрүүлэх хугацааг 2023.08.19-ний өдрөөс 2023.10.07-ны өдөр хүртэл байхаар тохиролцжээ.
5. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Ажил гүйцэтгэгч М ХХК буюу Б телевиз нь Ш нэвтрүүлгийн үндсэн агуулга, нэвтрүүлгийн нийт 6 дугаарын даалгаврыг боловсруулах ажил, шүүгчийн судалгаа, сонголт, үндсэн промоны зохиол, нэвтрүүлгийн Тун удахгүй гэсэн тайлбартай промоны агуулга, нэвтрүүлгийн Үндсэн лого, social идэвхжүүлэлтийн контент, 8 дугаарын зохиол дээр тус тус ажиллаж бэлтгэсэн, мөн Шинэ хаяг нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн постерны хуулбарыг нөгөө талын хүсэлтээр 2 удаа графикийн ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч А ХХК-тай хамтран 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Action plan-/үйл ажиллагааны төлөвлөгөө/-т ажлуудыг хийж, нэвтрүүлгийн агуулгыг тодорхойлохоор Боловсрол телевизийн байранд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 удаагийн уулзалт, хурлыг зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан Шинэ хаяг нэвтрүүлгийн 8 дугаарын зохиол, талуудын уулзалт, хурлын талаарх CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, нэвтрүүлгийн лого, нэвтрүүлгийн бүртгэл, сонгон шалгаруулалтын бүртгэлийн постер, шүүгчдийн талаарх санал, сонголт, хийсэн, уулзал зэргээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 23-80, 244-246, 2-р хавтаст хэргийн 1-34 хуудас/
5.2. Ийнхүү Ш реалити шоу нэвтрүүлгийг хийхээр бэлтгэж байхад захиалагч А ХХК нь 2023.08.15-ны өдөр Ш реалити шоу нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах тухай и-мэйлийг ажил гүйцэтгэгчид ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 16-17, 203-207 хуудас/
И-мэйлд: Оройн мэнд, манай компанид үүссэн асуудлыг хүндэтгэн үзэж Ш гэр бүл реалити нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах саналыг хүлээн авсанд баярлалаа. Нэвтрүүлгийн хүрээнд өнөөдрийг хүртэл Б телевизээс гарсан зардлын тухайд бид барьцаа болгон 57.94 мкв 3 өрөө орон сууцан дээр захиалан бариулах гэрээг танай талд хийж өгөх саналыг хүргүүлж байна гэжээ.
5.3. Захиалагч А ХХК-ийн энэхүү шийдвэр нь Б телевизийн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох Ш реалити /оргил цагийн/ нэвтрүүлгийг тасалдахад хүргэсэн тул ажил гүйцэтгэгч М ХХК буюу Б телевизээс 2023.08.22-ны өдрийн А/23/03166 дугаар Хариу өгөх тухай албан бичгээр байгууллагад тулгарч буй хүндрэлтэй нөхцөл байдлуудыг дурдаж, нэвтрүүлэг бэлтгэх зардалд бэлнээр төлөгдсөн 46,147,875 төгрөгийг бэлнээр төлөхийг шаардсан боловч захиалагч талаас хариу өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 21 хуудас/
Б телевиз нь Шинэ хаяг гэр бүл реалити нэвтрүүлгийн оронд араас нь хийгдэх байсан NBC Universal-ийн албан ёсны эрхтэйгээр M шоуг өөрийн улсын хувилбараар бэлтгэж, Гэрэл зургийн мастер нэвтрүүлгийг бэлтгэн хийж, төлөвлөгдөөгүй зардлыг гаргаж алдагдал хүлээсэн гэж тайлбарлаж байна.
6. Захиалагч А ХХК-ийн барилгын ажил зогссон тул Шинэ хаяг реалити шоу нэвтрүүлгийг хийх боломжгүй болсон талаар зохигч маргаагүй боловч А ХХК нь нэвтрүүлгийн хугацааг хойшлуулсан, нэхэмжлэгч гэрээний нөхцлийг зөрчиж зардал гаргах бүрт биднээс бэлэн мөнгө нэхэх болсон, гэрээний дагуу хөлс төлөх үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
6.1. Захиалагч А ХХК-ийн нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах хүсэлт нь Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Ш реалити шоу нэвтрүүлэг, гэрээнд заасан хугацаандаа хийгдэх боломжгүй болсон нөхцөлд байдалд хүргэсэн тул А ХХК-ийг гэрээний үүргийн зөрчилд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж үүрэг тусгаарлах зарчмыг тодорхойлсон. А ХХК нь гэрээ байгуулах үедээ барилгын үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөх боломжтой байсан бөгөөд барилгын ажил зогссон гэх нөхцөл нь ажил гүйцэтгэх гэрээний гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамааралгүй байна.
Мөн талуудыг нэвтрүүлгийн хугацааг хойшлуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал: Захиалагч А ХХК-ийн 2023.08.15-ны өдрийн Ш шоу нэвтрүүлгийн хугацааг хойшлуулах тухай и-мэйлийг ажил гүйцэтгэгч Боловсрол телевиз нь хүлээн аваад хариу албан бичигтээ үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлуудыг дурдаж, гэрээний хугацаанд нэвтрүүлэг бэлтгэхэд гарсан 46,147,875 төгрөгийг бэлнээр төлөхийг шаардсан байх тул саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6.2. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК буюу Б телевизийг гэрээний нөхцлийг зөрчиж зардал гаргах бүрт биднээс бэлэн мөнгө нэхэж байсан гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажил гүйцэтгэгч М ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу М ХХК буюу Б телевиз нь 2023.09.26-ны өдрийн А23/03-187 дугаар Мэдэгдэл албан бичгийг захиалагч А ХХК-д хүргүүлж, 2023.10.02-ны өдрийн дотор өөрсдийн байр суурийг албан ёсны болгон хариу ирүүлэн үүссэн асуудлыг харилцан зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг хүсэж, хэрэв дээрхи хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзахыг мэдэгджээ. /1-р хавтаст хэргийн 235 хуудас/
Захиалагч А ХХК нь дээр албан бичигт дурдсан хугацаанд хариу ирүүлээгүй тул МХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
8.1. Нэхэмжлэгч М ХХК нь Ш нэвтрүүлгийг бэлтгэхтэй холбогдуулан тайз худалдан авалтад 3,142,700 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авалтад 4,086,000 төгрөг, лед гэрэл худалдан авалтад 495,000 төгрөг, вип өрөөний зардал, ажилчдын хоол хүнсэнд 636,300 төгрөг, шатахууны зардал 48,175 төгрөг, студи түрээс 660,000 төгрөг, шоуны зөвлөхын төлбөрт 2,000,000 төгрөг, мөн ажлын гүйцэтгэлээр промо хийж гүйцэтгэсэн 2,000,000 төгрөг, Ментор шүүгч сонгосон 4,250,000 төгрөг, даалгавар боловсруулсан 4,000,000 төгрөг нийт 21,318,175 төгрөгийн зардлыг гаргасан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, НӨАТ-ын баримтууд, Зарлагын баримтууд, Кассын орлогын ордерууд, нэхэмжлэхүүд, төлбөрийн баримтууд, Шаардах хуудас, Банкны төлбөрийн баримтууд, Уран бүтээлчтэй хийх гэрээ, жолоочийн тооцооны хуудас зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 82-129,131-149 хуудас/
8.2. Нэхэмжлэгч М ХХК-ийн тавилга худалдан авсан гэх 6,199,700 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, борлуулагч худалдан авагчийн нэр адил бичигдсэн байх тул шоу нэвтэрүүлэгт зориулан тавилга худалдан авсан гэж үзэх боломжгүй байна. /хавтаст хэргийн 130 хуудас/
8.3. М ХХК нь нэр бүхийн ажилчдын 5-8 дугаар сард ажилласан цалин 29,980,000 төгрөгийг нэхэмжилсэн. /хавтаст хэргийн 150-156 хуудас/
Шүүх нэхэмжлэлээс ажлын гүйцэтгэлээр шаардсан ажлын хөлсийг гаргуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн тул дээрх нэр бүхий ажилчдын ажилласан гэх цагаар ажлын хөлсийг гаргуулах нь ажлын гүйцэтгэлээр шаардсан ажлын хөлстэй давхцах бөгөөд ажилласан хугацаа, үр дүнг зааглан байгууллагын зардлыг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн ажилчдын цалинд нэхэмжилсэн 29,980,000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 21,318,175 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдсон гэж үзэн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 36,179,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9. Алдангийн тухайд,
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөнтэй нь холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээсээ татгалзаж, гэрээний үүргийг дуусгавар болгосон тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрх үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн алданги 29,973,831 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 21,318,175 /хорин нэгэн сая гурван зуун арван найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 68,603,318 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,557 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 264,541 /хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА