2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01831

 

 

 

 

 

 

 

  2025      03        06                              191/ШШ2025/01831

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, М овогт С-н М /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод байрлах, И ХХК /РД:000000/-д холбогдох,

И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.01-ний өдрийн Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, кайзен уралдааны шагнал Япон улс руу аялах эрхийн бичиг-ийн үнэ 4,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэг миний бие "*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/140 дүгээр тушаалыг 2024 оны 10 сарын 29-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан бөгөөд тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаар тэмдэглэлээр маргаан таслах арга хэмжээг дуусгавар болгосныг гардан аваад эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие "*******" ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ЕА24/28 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан Төсөл инженерингийн газар Цахилгааны инженер албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд би ажиллах хугацаандаа ямар нэгэн мэргэжлийн доголдол гаргаагүй, сахилгын сануулга шийтгэл авч байгаагүй, хувь хүний зүгээс алдаа гаргаагүй бөгөөд байгууллагаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулсан КАЙЗЕН УРАЛДААН-д багаараа оролцон 1-р байранд шалгарч багаараа Япон улс руу аялах эрхээр шагнуулсан.

Гэтэл "*******" ХХК 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухай надад хэлж, намайг ямар ч хүсэлт өгөөгүй байхад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" Б/140 тоот тушаалаар намайг Төсөл инженерингийн газар, Цахилгааны инженерийн ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Миний бие ямар ч хүсэлт өгөөгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн байдлаар надаас тайлбар мэдээлэл огт авалгүй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

Би байгууллагын шаардсанаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн ба тус өдрийн уулзалтаар хүний нөөцийн захирал Ж Япон улс руу аялалд явуулах боломжгүй" хэмээн татгалзсан. Мөн 2024 оны 10 сарын 23-ны өдөр хүний нөөцийн менежер Т 0000 дугаараас "1.000.000 төгрөг өгөх боломжтой, авахгүй гэвэл өгөхгүй байж болно" гэсэн мессеж ирүүлсэн. Би ямар шалтгаанаар ажлаас халагдсанаа ойлгоогүй, яагаад өмнө өгсөн аяллын эрхээ өгөхгүй байгааг мэдээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандсан боловч хариуцагч тал болох "*******" ХХК-тай эвлэрч чадаагүй.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан "*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан "*******" ХХК-ийн Төсөл инженерингийн газрын Цахилгааны инженер албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, кайзен уралдааны шагнал "Япон улс руу аялах эрхийн бичиг"-ийн үнэ 4,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "И" ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Тус шүүхэд С.М-ийн нэхэмжлэлтэй, "*******" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 тоот тушаалын дагуу 3 сарын туршилтын хугацаатайгаар Цахилгааны хяналтын инженер буюу цахилгааны инженерийн албан тушаалд ажиллуулахаар тохиролцсон. Үндсэн цалинг компанийн цалингийн G3L4 зэрэглэлийн дагуу 3,200,000 төгрөг байхаар тусгасан байдаг бөгөөд С.М-ийн ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар: Улмаар С.М-ийн туршилтын хугацаа дуусгавар болж, шууд удирдлагын зүгээс цаашид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд ажилтны зүгээс уг хугацаанд удаа дараа ажлаас гарах талаараа илэрхийлж байсан байдаг.

Иймд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/140 тоот тушаалаар С.М-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Талуудын хооронд үүссэн тус хөдөлмөрийн харилцааны хувьд хугацаатай Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн харилцаанд тооцогдоно. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар уг харилцааг цаашид үргэлжлүүлэхгүй, сунгахгүй байх хүсэл зоригийг ажил олгогч тушаал, шийдвэр, ажил хүлээлцэх байдлаар илэрхийлсэн тул дээрх хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл туршилтын хугацаагаар ажилд авсан тохиолдолд уг хугацаа дууссанаар аливаа хэлбэрээр сунгах, шинэчлэх үйлдэл хийгдээгүй бол шууд дуусгавар болдог.

Ажил олгогчийн зүгээс дээр дурдсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа буюу сунгах үйлдэл хийгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу цаашид сунгахгүй үндэслэл бүрдсэнийг илтгэдэг.

КРІ буюу нэмэгдлийн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д ажилтны нэмэгдэл цалинг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоохоор заасан бөгөөд компанид ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам мөрдөгддөг. Уг журмын дагуу туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтанд нэмэгдэл цалин болох КРІ олгогддоггүй. Ажилтан жинхлэгдээгүйгээс гадна хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд мөн аливаа нэмэгдлийг олгохгүй талаар хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг.

Кайзен уралдааны шагнал: Тус уралдааны хувьд компанийн зохион байгуулсан нээлттэй нийт ажилчдын дунд зохиогдсон уралдаан байсан бөгөөд холбогдох дүрэм, журмын дагуу С.М-т шагнал олгогдоогүй байдаг. Уг уралдаан болон уралдааны шагнал нь Хөдөлмөрийн тухай хууль, түүнд заасан ажил гүйцэтгэсний төлөөх цалин хөлсөнд хамаарах харилцаанд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл шагнал олгох эсэх асуудал нь хөдөлмөрийн маргаанаас тусдаа буюу Иргэний хууль болон уралдааны дүрэм, журмаар зохицуулагдах тусдаа харилцаа бөгөөд энэ нь ажил гүйцэтгэсний төлөөх бус уралдаанд оролцож, даалгавар биелүүлж, амжилттай оролцсоны төлөө өгөх эсэх шагнал билээ.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас С.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.М-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.01-ний өдрийн Б/140 дугаар тушаал, 2024.06.25-ны өдрийн ЕА24/28 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2024.06.25-ны өдрийн ЕР24/28 дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2024.06.25-ны өдрийн ЕS24/26 дугаар Нууц хадгалах гэрээ, гэрэл зураг- 7 ширхэг, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.12.02-ны өдрийн 105 дугаар тэмдэглэл/шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно, хариуцагч талаас "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.12.04-ний өдрийн А/22 дугаар тушаал, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.31-ний өдрийн А-21/59 дугаар тушаал, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.25-ны өдрийн Б/82 дугаар тушаал, С.М-н 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн хүснэгт, С.М-н тойрох хуудас, 2024.10.30-ны өдрийн дансны хуулга, Кайзен бүтээлч санал санаачлагийн уралдааны удирдамж, Кайзен уралдааны төсөв, Кайзен уралдааны танилцуулга, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.21-ний өдрийн Б/60 дугаар тушаал, Барилга инженерингийн албаны захирал ажлын байрны тодорхойлолт, "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024.01.19-ний өдрийн 24/01 дүгээр шийдвэр, "*******" ХХК-ийн цалингийн сүлжээ, туршилтын ажилтны үнэлгээний хуудас, Цахилгаан хяналтын инженер ажлын байрны тодорхойлолт, Мөнх жавхлант өргөө ХХК-ийн 2025.02.17-ны өдрийн 2/19 дугаартай албан бичиг, "*******" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар М.Ж-ын .... хаягнаас М С хаягтай харилцсан холбогдох ажлын чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч И ХХК-д холбогдуулан И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.01-ний өдрийн Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, кайзен уралдааны шагнал Япон улс руу аялах эрхийн бичиг-ийн үнэ 4,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, Кайзен уралдаанд багаараа 1-р байранд шалгарч, Япон улс руу аялах эрхээр шагнуулсан боловч явуулаагүй гэх үндэслэлээр тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулсан бөгөөд туршилтын хугацаа дуусч хөдөлмөрийн харилцааг үргэлжүүлэхгүй гэж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь ажлаасаа гарах, цаашид ажиллахгүй талаар хүний нөөцийн газрын захирал М.Ж-д ажлын дотоод чатаар илэрхийлж байсан, Компанийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгохгүй байхаар зохицуулсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тул Япон улс руу аялуулах боломжгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч С.М нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.01-ний өдрийн Б/140 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо ******* ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан ба тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №105 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2024.12.06-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 8, 25-27 хуудас, 2 хуудсны ар тал/

 

4.2. С.М нь ******* ХХК-д цахилгааны инженерээр ажиллахаар 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №ЕА24/28 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ зэргийг байгуулжээ. /хавтаст хэргийн 9-16 хуудас/

Мөн И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №Б/82 дугаар тушаалаар С.М-ийг Төсөл инженерингийн газарт Цахилгааны хяналтын инженер албан тушаалд 2024.06.25-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулжээ. /хавтаст хэргийн 53 хуудас/

 

4.3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Төсөл инженерингийн газар, Цахилгааны инженер албан тушаалтай С.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024.09.30-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хавтаст хэргийн 8 хуудас/

 

5. Талууд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан эсэх, эсхүл туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар маргаж байна.

5.1. Нэхэмжлэгч С.М нь хөдөлмөрийн гэрээ туршилтын 3 сарын хугацаагаар байгуулагдсанд маргаагүй бөгөөд 2024.09.25-ны өдөр хийсэн ажлын тайланг нь хэлэлцүүлсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд 2024.09.30-ны өдөр шууд удирдлага болох С.А нь жинхлэхгүй гэх шийдвэрийг гаргасан гэж Туршилтын ажилтны үнэлгээний хуудас гэх баримтыг шүүхэд гаргаж байна. /хавтаст хэргийн 96 хуудас/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.А нь 2024.05.21-ний өдөр Төсөл инженерингийн газарт, барилга инженерингийн албаны захирлаар томилогдсон байх бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд шууд харъяалах албан тушаалд Цахилгааны инженер албан тушаал хамаарахаар байна.

Туршилтын ажилтны үнэлгээний хуудас гэх баримтаас үзэхэд Шууд удирдлага нь туршилтын хугацааны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, дасан зохицох хөтөлбөрийн биелэлт: /ажлын төлөвлөгөөг хавсаргаж болно/, Ажилтны хариуцлага, зан байдлын үнэлгээ гэсэн үзүүлэлтээр санал гаргахаар байх боловч С.А нь саналаа юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэхийг үнэлээгүй байх тул түүний саналыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Мөн И ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам-д туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны ажлын гүйцэтгэлд үнэлэлт өгөх талаар заагаагүй, компанийн Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам нь гүйцэтгэлд тохирсон үр дүнгийн урамшуулал олгохтой холбоотой байх тул туршилтын хугацааны ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд хамааралгүй байна. /хавтаст хэргийн 40-52 хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан бөгөөд ******* ХХК нь ажилтан С.М-ийг ажлын байранд тавигдах ямар шаардлагыг хангахгүй байгаа талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3.-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-д туршилтын хугацаагаар ажиллуулах тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 50.5.Хөдөлмөрийн гэрээний хугацаа-г хуанлийн жил, сар, өдрөөр тодорхойлохоор заасан. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журам болон хугацаа тоолж дуусах зохицуулалтын дагуу С.Мөнхцэцэгийг туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон байх тул хариуцагч И ХХК-ийн С.М-тэй байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №ЕА24/28 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1-д заасны дагуу 2024.09.26-ны өдрөөс хугацаагүйгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүйгээс гадна И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаалд туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар заагаагүй тул уг үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Шүүхэд хариуцагч талаас ирүүлсэн Цахилгааны хяналтын инженер ажлын байрны тодорхойлолт-ыг нэхэмжлэгч С.М танилцаагүй, мэдэхгүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан С.А-ын ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад Ажлын байрны тодорхойлолтын баталгаажуулалт хэсэг нь байхгүй байна. Иймээс уг ажлын байрны тодорхойлолтыг С.М-ийн ажлын байрны тодорхойлолт гэж үзээгүй болон М ХХК-иас 2025.02.17-ны өдөр Л ХХК-д хүргүүлсэн хүсэлтийг талуудын маргаанд хамааралгүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй байна. /хавтаст хэргийн 124-126 хуудас/

 

5.2. №Б/140 дугаар тушаалаар ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцсоноор Хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар заажээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч С.М-ийг компанид хандан ажлаас гарах, цаашид хамтран ажиллахгүй талаар удаа дараа илэрхийлсэн болох нь Захиргаа хүний нөөцийн газрын захирал М.Ж-ын ажлын чатаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн хүсэлтээр уг ажлын чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр... 2024.09.05-ны өдөр ажилтан С.М нь Ж захирлаа нэг юм лавлах гээд туршилтын хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх бол хүсэлтээ бичээд сар хүлээдэгээрээ хүлээх үү эсхүл туршилт болохоор хамаагүй байдаг уу гэж тодруулсан байх бөгөөд ийнхүү тодруулах болсон үндэслэл нь ажилтан хоорондын зөрчилдөөнтэй холбоотой нь дараагийн харилцсан мессэжээс харагдаж байна. /хавтаст хэргийн 97-100, 113-123 хуудас/

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцлах гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг тул дээрхи С.М-ийн ажлын чатаар тодруулсан асуултыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч ******* ХХК нь ажилтан С.М-ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг үндэслэн харилцан тохиролцсоноор Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар С.М-ийг урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн Төсөл инженерингийн газарт, Цахилгааны инженер албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

6.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу С.М-ийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй буюу ажлаас халсан 2024.10.01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч И ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.М-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн хүснэгт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажиллаж байх үеийн бүтэн ажилласан 7, 8, 9 сарын цалин /3,200,000 + 3,194,909 + 3,976,789/-гаар дундаж цалин хөлсийг тодорхойлоход сард 3,457,232 төгрөг байна. /хавтаст хэргийн 5-7, 54 хуудас/

Ажилгүй байсан буюу ажлаас халагдсан 2024.10.01-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 сар 3 хоногоор тооцоход 9,280,286 төгрөг /1 сар 3,457,232 төгрөг, 1 өдөр 160,801 төгрөг /3,457,232 : 21,5 хоног = 160,801 төгрөг/, 3,457,232 х 5 сар = 17,286,160 төгрөг, 160,801 х 3 хоног = 482,403 төгрөг, 17,286,160 + 482,403 = 17,768,563 төгрөг/ болж байх тул 17,768,563 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэлийн Кайзен уралдааны шагнал Япон улс руу аялах эрхийн бичиг-ийн үнэ 4,990,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

7.1. ******* ХХК нь нийт ажилтнуудын хүрээнд Кайзен бүтээлч санал санаачлагын уралдааныг 2024.06.24-ний өдрөөс 2024.09.06-ны өдрийг хүртэл хугацаанд багийн системээр зохион байгуулахаар зарлаж, 1 багт 9-10 ажилтантай 6 багт хувааж, шагналын хувьд, 1-р байр Япон улсад аялах эрх, 2-р байр Дотоодын амралтад амрах эрх, 3-р байр багаараа хоолонд орох эрх... байхаар заажээ. /хавтаст хэргийн 57-58 хуудас/

 

7.2. Энэхүү уралдаанд нэхэмжлэгч С.М-ийн оролцсон баг 1-р байранд шалгарч, багаараа Япон улсад аялах эрхээр шагнагдсан, багийн гишүүд нь 2024 оны 10 сард Япон улсад аялсан талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 17-24, 60-76 хуудас/

 

7.3. Хариуцагч ******* ХХК нь С.М-ийг ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр Япон улсад аялуулаагүй байх бөгөөд Компанийн Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам-аар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгохгүй байхаар зохицуулсан тул шагналын мөнгийг шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

7.3.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3.Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно гэж, мөн зүйлийн 64.5.Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу С.М нь туршилтаар ажиллах хугацаандаа компанийн ажилчдын нэгэн адил, мөн багийн гишүүдийнхээ нэгэн адил цалин хөлс, шагнал урамшуулалаа авах эрхтэй юм.

******* ХХК-ийн С.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2, 6.1-д ажилтанд үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, урамшууллыг олгохоор зааснаас гадна хөнгөлөлт, хангамжийг эдлүүлэхээр тохиролцжээ.

 

7.3.б. ******* ХХК-ийн Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам нь гүйцэтгэлд тохирсон үр дүнгийн урамшууллыг сар улирлаар олгохтой холбоотой харилцааг зохицуулсан тул уг журам нь компаниас тусгайлан нийт ажилтнуудын хүрээнд зарласан Кайзен бүтээлч санал санаачлагын уралдаанд хамааралгүй юм.

 

7.3.в. ******* ХХК-ийн Кайзен бүтээлч санал санаачлагын уралдааны удирдамж-д туршилтаар ажиллаж байгаа ажилтнуудыг оролцуулахгүй байхаар заагаагүй тул нэхэмжлэгч С.М нь уралдаанд оролцох, шагнал урамшуулалыг авах эрхтэй байна.

 

Иймд хариуцагчийн Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам-аар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгохгүй байхаар зохицуулсан тул шагналын мөнгийг шаардах эрхгүй гэх тайлбар нь хууль болон Хөдөлмөрийн гэрээ, Кейзен уралдааны удирдамжид нийцээгүй байна.

 

7.4. Нэхэмжлэгч С.М-ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний улмаас уралдааны шагнал болох Япон улсад аялах эрхийг нь эдлүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.Мщ нь Япон улсад аялах эрхийн бичиг-ийн үнэ 4,990,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас 1 хүний Япон улсад аялах зардалд 4,990,000 төгрөгийг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. /хавтаст хэргийн 20, 56 хуудас/

 

 8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 17,768,563 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож, 246,793 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулах, мөн нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгийн кайзен уралдааны 4,990,000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 94,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар С.М-г И ХХК-ийн Төсөл инженерингийн газарт, Цахилгааны инженерийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч И ХХК-иас 17,768,563 /арван долоон сая долоон зуун жаран найман мянга таван зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж С.М-т олгож, С.М-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг И ХХК-д даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК-иас 4,990,000 /дөрвөн сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж С.М-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар И ХХК-иас 316,993 /гурван зуун арван зургаан мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч С.М-ийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 94,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 94,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнгөнцэцэгт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА