| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0087/З |
| Дугаар | 128/ШШ2025/0174 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0174
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М*******
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ж******* нарын хоорондын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Г.М*******, гэрч Э.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.М*******ийг Авлигатай тэмцэх газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар тушаалаар Мөрдөн шалгах хэлтсийн Гүйцэтгэх албаны 1 дүгээр тасагт ажилтнаар томилж, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар чөлөөлж, ахлах ажилтнаар дэвшүүлэн томилж, комиссар зэрэг дэв олгожээ.
2.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Б.М*******ийг тус төвийн Захиргааны хэлтсийн даргаар томилж,
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын даргаар томилж,
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
2.3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/436 дугаар тушаалаар Б.М*******ийг тус газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст Дотоод хяналтын улсын ахлах байцаагчаар томилж,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/404 дугаар тушаалаар Б.М*******ийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргаар дэвшин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж,
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар Б.М*******ийг Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын ажил үүрэгт түр томилжээ.
2.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/149 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын нэгдсэн газрын даргаар Б.М*******ийг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд томилж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/258 дугаар тушаалаар Б.М*******ийг үүрэгт ажлаас чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн байна.
2.5.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар Б.М*******ийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар шилжүүлэн авч ажиллуулан, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргээс чөлөөлж, Салбарын хяналтын газрын даргаар төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгуулах хүртэл хугацаанд түр томилсон байна.
2.6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Б.М*******ийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Салбарын хяналтын газрын даргаар жинхлэн томилсон байна.
2.7. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар “Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8. дах хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор өгсөн дүгнэлт, зөвлөмжийг тус тус үндэслэн Салбарын хяналтын газрын дарга Баатаржавын М*******ийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2.8. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2732 дугаар албан бичгээр “... Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.” гэсэн хариуг өгсөн байна.
2.9. Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/0644 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг үүсгэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: … Миний бие нь Авлигатай тэмцэх газарт ахлах комиссар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, мониторингийн хэлтэст улсын ахлах байцаагчаар жинхлэн томилогдож ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тус газрын Хяналт шалгалтын нэгдсэн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар шилжүүлэн томилогдож, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/01 тушаалаар тус яамны Салбарын хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, улмаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 тоот тушаалаар жинхлэн томилогдож, ажиллаж байхад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалаар чөлөөлөгдсөн.
Дээрх Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-д заасан журмыг баримтлан Төрийн албаны зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан ба хариуг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2732 тоот албан бичгээр хүлээн аваад, эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Аждаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэж буй үндэслэлүүд:
1.2022 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга намайг тухайн үеийн ТЗ-13 зэрэглэлийн албан тушаалаас тус газрын Хяналт шалгалтын нэгдсэн газрын даргын /ТЗ -11/ албан тушаал руу бууруулан томилохдоо жинхлэн томилох байтал томилолгүй миний эрх зүйн байдлыг дордуулан Төрийн албаны зөвлөлийн 241 дугаар тогтоолыг зөрчиж томилсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зөвтгөж ажиллаж байсан албан тушаалд жинхлэн томилсон. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 33 дугаар зүйлийн 33/2, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтын зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 241 дүгээр тогтоолыг зөрчсөн агуулгатайгаар 2024 оны 476 тогтоолыг гаргасан байхад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга харгалзан үзээгүй.
2. Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг тогтоолын 7 дахь заалтад: “Томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчдад холбогдох асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай.” гэж заасан байхад намайг шууд чөлөөлж, миний оронд гаднаас огт хуульд заасан шаардлага, шалгуур хангахгүй хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсонд гомдолтой байна. Хэрэв намайг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэж үзэж байгаа бол эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр буюу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 476 дугаар тогтоолын 7-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох хүртэл албан үүргээ гүйцэтгүүлэх боломжоор хангаж, улмаар зарлагдсан шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх боломжтой байсан. Гэтэл энэхүү тогтоолыг үндэслэн төрийн албан хаагчийг ажлаас шууд чөлөөлсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулан хохироосон үйлдэл болсон.
3. Энэхүү тушаалын үндэслэл болгож буй хууль зүйн үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн аль хэсэг болох нь ойлгомжгүй бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг шууд зөрчсөн гэж үзнэ.
4 . 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг тухайн өдрөө мэдэгдэж сонсгох ажиллагаа явуулсан. Энэ үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 д ,гаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг зөрчсөн.
Миний бие тус яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын шаардлага, шалгуурыг бүрэн хангасан, төрийн албанд 18 жил, дээрх албан тушаалд 2 жил гаруй ажилласан төрийн албан хаагч билээ.
Иймд хууль зөрчиж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд халдсан Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.
3.2. Нэхэмжлэгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 12 дугаар сард миний бие төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн. Тангаргийн хуудас нотлох баримтаар авагдсан. Салбар зөвлөл миний мэдээллийг цааш дамжуулаагүй нь надаас шалтгаалах асуудал биш. Авлигатай тэмцэх газар анх байгуулагдахдаа төрийн захиргааны /ТЗ/ байсан. Явцын дунд мөрдөн шалгах хэлтийг төрийн тусгай /ТТ/ албан тушаал болгож, бусад нь төрийн захиргааны /ТЗ/ албан тушаалаар үлдсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зөрчил арилгуулахаар хугацаа тогтоосон. Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа халагдсан. Төрийн албаны зөвлөлөөс зөрчилтэй 12 албан хаагчдад хугацаа тогтоосон байтал зөвхөн надад хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлсөн. Төрийн байгууллага ажлаа хийхгүй байгааг гайхаж байна” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэгт зааснаар төрийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг буюу төрийн албан хаагчийг томилж, чөлөөлөх эрхийг заасан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс Э.М*******ийг гэрчээр асуухад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэсэн байна.
Хариуцагч байгууллага Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг биелүүлсэн гэх утгатай тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд ялгаж, салгах хэрэгтэй асуудал. Учир нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхөд ямар асуудал үүсгэсэн, сахилгын хариуцлага юм уу, ажлаа буруу хийгээд буруу, зөрүү тушаал, шийдвэр гаргасан юм уу, ажлын алдаатай нөхцөл байдал үүссэн юм уу, архи, дарс уугаад сахилгын зөрчил гаргасан юм уу, ажлаа таслаад алга болсон юм уу, гэх мэт шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Төрийн албанаас чөлөөлнө гэдэг бол төрийн албан хаагчид оногдуулж буй хариуцлагын хамгийн хүнд шийтгэл. Шууд ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа холбогдох этгээдийн үгийг сонсох ёстой. Гэтэл нэхэмжлэгч ямар шалтгаанаар чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Үндэслэл болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоолд томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчдад холбогдох асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай гэж заасан.
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолын 8 дахь заалтад ...зөвлөмж, тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн албаны зөвлөлийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх салбар зөвлөлд үүрэг... болгосон. Уг үүргийг хүлээсэн томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан С.Ж******* ойлгохдоо ажлаас нь чөлөөлөх ёстой гэж ойлгосон. Төрийн байгууллага нэгдсэн бүртгэлээ яаж хөтөлсөн, нэхэмжлэгчийн ямар ажил, үүрэг гүйцэтгэж явсныг хаана, яаж бүртгэх юм, хаанаа бүртгэгдээгүй юм, эдгээр нь Б.М*******ийн буруу биш.
Тусгай шалгалтаа өгөөгүй гэж гэрч, хариуцагч нараас тайлбарлаж байна. Тэгвэл шаардлага хангасан этгээдүүдийн хооронд тусгай шалгалтыг яагаад зарлахгүй байгаа юм бэ? Тусгай шалгалтаа зарлаад, шалгалтад оролцогчид өрсөлдөөд, Б.М******* үнэхээр шаардлагыг хангахгүй шалгалтдаа унасан бол нэг өөр асуудал. Төрийн албаны зөвлөлөөс холбогдох этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үүрэг өгөөд байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, Г.М******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Б.М*******ийг дараах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаарх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах ” гэж хуульд заасан;
2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр “Зөвлөмж хүргүүлэх тухай” зөвлөмжөөр Төрийн албаны Зөвлөлийн даргын 2023 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучин нэрээр/, харьяа агентлагт хүний нөөцийн аудит хийх удирдамж”-ийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд хийж гүйцэтгэн Хүний нөөцийн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, салбарын хууль тогтоомжид заасан чиг үүргийг оновчтой хуваарилах, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд чадахуйн зарчмын хэрэгжилтийг хангах, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хэрэгжүүлэхийг тус яаманд даалгасан.
Дээрх зөвлөмжийн 5-д Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд ханган ажиллаж хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхад яам, харьяа байгууллагын хэмжээнд анхаарч ажиллах. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчин томилсон хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэх арга хэмжээг авах; гэж заасан.
Дээрх зөвлөмжийн хавсралтын 6-д нэхэмжлэгч Б.М*******ийг томилсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09 ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь (Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.) хэсгийг хэрэгжүүлэх, сул орон тоог нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилгоог хийх гэсэн дүгнэлт гарсан.
З. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 476 дугаар тогтоолын 4-т “Төрийн албаны хууль тогтоомж зөрчин төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэж заасан.
Дээрх тогтоолын хавсралтад “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэр албан тушаал, шийдвэрийн жагсаалт”-ын 2-д Б.М******* Салбарын хяналтын газрын дарга /түр/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр тушаал нь Гөрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, мөн хуулийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, мөн хуулийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэжлийн шалгалтыг авна. гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Иймд хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалтад зааснаар яамны төрийн нарийн бичгийн дарга нь ...хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах... эрхтэй.
Нэхэмжлэгчээс дээд шатны захиргааны байгууллагад хандаж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2732 дугаар гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичигт: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил арилгах хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр хуульчилсан.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасантай холбогдуулан төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан тушаалд томилох албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулж, томилох хуулийн зохицуулалттай атал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 тушаалаар Б.М*******ийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр хууль, тогтоомж зөрчиж томилсон байна. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж гомдлын хариуг өгсөн байдаг. Тэгэхээр Б/52 дугаар тушаал нь ямар нэгэн хууль, тогтоомж зөрчөөгүй, үндэслэл бүхий учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Учир нь маргаан бүхий актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэх шаардлагыг маргаан бүхий акт хангаагүй, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан заалтыг зөрчин маргаан бүхий актыг гаргасан болох нь доорх үндэслэлээр тогтоогдлоо.
4.3.Тодруулбал, маргаан бүхий Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр[1] “...Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчин томилсон хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэх арга хэмжээ авах...” гээд хавсралтын 6-д “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” хэсгийг хэрэгжүүлээгүй шийдвэрийг хуульд нийцүүлэн Сул орон тоог нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилгоог хийх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга зөвлөсөн байна[2].
4.4.Харин 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолын 4-т “Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нэр бүхий 12 иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай”[3] гээд хавсралтын 2-т “Б.М******* Салбарын хяналтын газрын даргын түр албан тушаалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн зүйлийн 25.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.3 “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”[4] гэснийг тус тус зөрчсөн хэмээн дурдаад ...томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчдад холбогдох асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгожээ.
4.5.Энэ талаар нэхэмжлэгчээс “... Төрийн албаны зөвлөлөөс зөрчилтэй 12 албан хаагчдад хугацаа тогтоосон байтал зөвхөн надад хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлсөн...гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...бид Төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийж, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш болохыг тогтоосон...” тайлбарласан болно.
4.6.Төрийн албаны тухай хуулийн гол зорилт нь төрийн албаны удирдах албан тушаалтныг тухайн албан хаагчийн мэдлэг, мэргэжлийн түвшинг харгалзан ахин дэвшүүлэх зарчмыг хэрэгжүүлэх замаар томилох бөгөөд тухайн удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг хангаагүй этгээдийг шилжүүлэн томилох нэрийдлээр шууд томилохгүй байх зохицуулалтыг хэрэглэдэг.
4.7.Гэтэл нэхэмжлэгч Б.М******* нь 2011 онд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Гүйцэтгэх албаны 1 дүгээр тасагт ажилтнаар томилогдон, Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөж[5], улмаар төрийн албанд тасралтгүй, 13 жил ажиллахдаа төрийн захиргааны удирдах албан тушаалыг хашиж, хожим маргаан бүхий акт гаргахаас өмнө хариуцагч болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар түүнийг Салбарын хяналтын газрын даргаар жинхлэн томилогдсон[6] болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.8.2002 оны Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1.”төрийн улс төрийн алба”, 3.3.2 “төрийн захиргааны алба”, 3.3.3 “төрийн тусгай алба”, 3.3.4 “төрийн үйлчилгээний алба”, 3.4 ”Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” гэж, харин 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Төрийн албыг доор дурдсанаар ангилна”, 6.1.1 “төрийн улс төрийн алба”, 6.1.2 “төрийн захиргааны алба”, 6.1.3 “төрийн тусгай алба”, 6.1.4 “төрийн үйлчилгээний алба”, 6.2 “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.М******* анх 2011 онд Төрийн албанд дээрх хуульд заасан төрийн тусгай албан хаагчаар ажиллах нөхцөл шаардлагыг хангасан учраас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Гүйцэтгэх албаны 1 дүгээр тасагт ажилтнаар томилогдон ажилласан байх тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үгүйсгэх нь өрөөсгөл юм.
4.9.Үүнийг ч Монгол Улсын шадар сайдын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар “ажилд түр томилох тухай” тушаал[7], Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 05/2470 дугаар албан бичгээр нийтийн албан тушаалтан болохын хувьд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлын зөрчил үүсэхгүй гэх дүгнэлтээс харж болохоор байна.
4.10.Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 10 дугаар сарын 31-ний өдрийн 476 дугаар тогтоолоор өгсөн дүгнэлт, зөвлөмжид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын даргын албанд жинхлэгдсэн тушаалын талаар огт дурдаагүй байхад хариуцагч маргаан бүхий актаараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй.
4.11.Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн баримт хувийн хэрэгт байхгүй, энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй хэмээн түүнийг буруутгаж, энэ тухай баримтыг түүний өмнө ажиллаж байсан Авлигатай тэмцэх газраас тодруулж авах эрх байхгүй хэмээн тайлбарлах байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1 “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй.
4.12.Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 ”Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд…” болох нэхэмжлэгч Б.М*******д сонсох ажиллагааг хуульд заасан агуулгын хувьд хэрэгжүүлэлгүй хэлбэрийн төдий явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, сонсох ажиллагааны зарчимд үл нийцнэ.
4.13.Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг “…2012 оны 12 дугаар сард миний бие төрийн албаны шалгалт өгч тангараг өргөсөн. Тангаргийн хуудас нотлох баримтаар авагдсан. Салбар зөвлөл миний мэдээллийг цааш дамжуулаагүй нь надаас шалтгаалах асуудал биш. Авлигатай тэмцэх газар анх байгуулагдахдаа төрийн захиргааны /ТЗ/ байсан. Явцын дунд “мөрдөн шалгах хэлтэс”-ийг төрийн тусгай /ТТ/ албан тушаал болгож байгаа юм бусад нь төрийн захиргааны /ТЗ/ албан тушаалаар үлдсэн… зарим юмыг ярьж болохгүй …” тайлбарласан бөгөөд үүнтэй холбогдуулж хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д “төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол” сонсох ажиллагаа хийхгүй байж болох эсэхийг Авлигатай тэмцэх газарт хандан тодруулсны эцэст захиргааны шийдвэр гаргах нь зүйд нийцэх байжээ.
4.14.Иймд дээрх үндэслэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4.15.Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн шаардлагыг хангаж, маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосон тул түүний тодорхойлсон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
4.16.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоход
| Огноо | Фонт хоног | Ажилласан хоног | ҮЦ | Бодогдсон цалин | Зэргийн нэмэгдэл | ТАХ хугацааны нэмэгдэл | Олговол зохих |
| 28% | 15% | ||||||
| 2024.11 | 20 | 13 | 2,218,000 | 1,441,700 | 403,676 | 216,255 | 2,061,631 |
| 2024.12 | 22 | 22 | 2,218,000 | 2,218,000 | 621,040 | 332,700 | 3,171,740 |
| 2025.01 | 22 | 22 | 2,218,000 | 2,218,000 | 621,040 | 332,700 | 3,171,740 |
| 2025.02 | 20 | 18 | 2,218,000 | 1,996,200 | 558,936 | 299,430 | 2,854,566 |
|
| 84 | 75 | 8872000 | 7,873,900 | 2,204,692 | 1,181,085 | 11,259,677 |
Б.М*******ийн нэг сарын үндсэн цалин 2,218,000 төгрөг, зэргийн нэмэгдэл 28%, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15% тогтоож, ажилгүй байсан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 75 ажлын хоногийн цалин хөлстэй тэнцэх 7,873,900 төгрөг, зэргийн нэмэгдэл 2,204,692 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 1,181,085 төгрөг, нийт 11,259,677 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцож нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М*******ийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 11,259,677 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгуулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР